Эрчим хүчний амьд домог

Sarangerel
2026-01-20 13:19:24

Д.Нанжаа гуай “Хичээл зүтгэлийн ард үргэлж амжилт, сайн үйлс бүхний ард амар амгалан оршдог” гэж хэлэх дуртай. Залуучууддаа хөдөлмөрч, уйгагүй шинийг эрэлхийлэгч байж өөрийн сонгосон мэргэжилдээ дурлаж, түүнийхээ оргилд хүрэхэд тэмүүлэх хэрэгтэй гэж эрхэмлэн захидаг.

Эгэлгүй даруу хэрнээ агуу хүмүүс энэ орчлонг дулаацуулдаг нь сайхан. 90 нас шүргэж буй хэрнээ хөнгөн шингэн, авхаалжтай, басхүү эгдүүтэй нэгэн буурайтай уулзах завшаан олдсон юм. Энэ хүн бол эрчим хүчний салбарт амьдралынхаа 60 гаруй жилийг зориулж яваа Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Нанжаа билээ. Түүнтэй уулзаж ярилцах хүсэлтээ илэрхийлэн утас цохиход маргааш өглөө нь ажил эхлэхтэй уралдан манай сэтгүүлийн редакцид гүйгээд ирэв. Улсдаа гавьяа байгуулсан өндөр настай хүн өөрөө хүрээд ирсэнд нь бага зэрэг санаа зовж байлаа. Улаан зангиатай цэвэрхэн хослол өмсөж, улаан хүрээтэй шил зүүсэн, наснаасаа ч залуу харагдах хөнгөн шингэн, цэмцгэр буурайтай бага нас, нутаг ус, эрчим хүчний салбарт ажилласан он жилүүдийнх нь талаар хөөрөлдөхөд таатай байлаа.

Өөхөн дэн ховор үед хичээл номд шамдсан бага нас

Эрчим хүчний амьд түүх болсон Д.Нанжаа гуай Завхан аймгийн Нөмрөг сумын Жаргалантын голын зусланд 1936 онд О.Дашзэвэгийн ууган хүү болон мэндэлжээ. Түүний төрж өссөн нутаг нь уул, толгод, даваа гүвээ, их, бага хөндийнүүд, нуур цөөрөм, гол горхи, булаг шанд олонтой, ой мод, төрөл бүрийн өвс, эмийн ургамал, цэцэг навч алагласан хүн, малын диваажин болсон сайхан нутаг.

Түүнийг бага байхад Дэлхийн II дайны дараах үе болоод ч тэр үү хүнс, бараа хомс тарчигхан байжээ. Тэр үеийн хүмүүс хүүхдүүдээ сургуульд сургах тун дургүй, аль болох амьдрал ахуйдаа нэмэр тус болгохыг хичээдэг цаг үе байв. Сурагч Д.Нанжааг аав нь сургуулиас гаргах гэж удаа дараа гэртээ авчирч байсан ч ангийн багш н. Сандагсүрэн “Онц сурдаг хүүхдийг сургуулиас гаргаж болохгүй” гэж тэмцсээр байж сургуульд нь авч үлджээ.

Тэрбээр “Би багадаа ном унших дуртай, гэрийн даалгаврыг, ялангуяа тооны хичээлийг хийх дуртай хүүхэд байлаа. Тухайн үед би сумын төвд хамаатан айлдаа суудаг байсан юм. Дайны үеийн ховор тарчгаас болж өөхөн дэнгээ удаан барьж ном унших боломж муутай. Айлын эзэгтэй Аюур эгч өөхөн дэнгийнхээ тосыг тэмдэглэж “энэ хүртэл л дэнгээ бариад унтаарай” гэж хязгаартай асаадаг байлаа. Би тавдугаар ангиасаа сургуулийн дотуур байранд орсон боловч тэнд өөхөн дэн ч байхгүй, орой болохоор хичээлээ хийх, ном унших боломжгүй болно. Амралтын өдрүүдэд гэртээ харьж аав, ээждээ тусална. Манайх сумын төвөөс 20 гаруй километрийн зайд байсан болохоор өвлийн цагт намайг сургуулиас авч, хүргэх нь аавын минь тэвчээрийг шалгадаг байсан даа.

Социализмын үед түүний сэдэж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн шинэ бүтээлийн оновчтой саналуудын үр ашиг тэр үеийн ханшаар 450 орчим сая төгрөгт хүрсэн тооцоо гарчээ

Манай нутгийн Баруун давааны өвлийн хүйтэн жавар хүмүүсийн хацрыг хөлдөөнө. Би ч аавынхаа ард сундлаад нуруунд нь нүүрээ наачихдаг байсан болохоор хацраа хөлдөөлгүй очно. Зуны амралтаараа аав ээждээ тусална. Хөдөөний амьдрал үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол зай завсаргүй үргэлжилнэ. Тугал татаж уях, үхрээ тогтоох, саасан сүүгээ арав орчим километрийн зайтай сүүн заводод аваачиж машиндуулаад буцаж гэртээ ирэх, ээзгий буцалгах, сүү хөөрүүлэх, унага татах, айраг бүлэх, хонио хариулах гээд зогсоо зайгүй хөдөлсөөр зуны сарууд дуусаж сургуульдаа явдаг байлаа.

Сургуульд сурснаар энэ их ажлаас түр ч болов амсхийж, дуртай номоо унших боломжтой болдог байлаа шүү дээ. Сумын төвд хийх зарим ажил мал маллагааны ажлын дэргэд юу ч биш санагддаг байсан” хэмээн бага нас, нутаг усныхаа талаар хуучилсан юм. Түүний аав, ээж маш хөдөлмөрч хүмүүс байсан учир Ардын засгаас өгсөн ажилд идэвхтэй оролцож удаа дараа шагнуулжээ. Тэрбээр ганц охин дүүтэй бөгөөд өнөөдрийг хүртэл аав, ээжийнхээ насалсан өндөр насыг наслан сайн сайхан амьдарч, хөдөлмөрлөсөөр явна.

Элч, гэрэл нэмсэн он жилүүдийн түүчээ

Одооны хүүхдүүдэд ярьвал бараг итгэхээргүй амьдралыг тэр үеийн хүүхдүүд туулсан байдаг. Тэр түүхийг Д.Нанжаа гуайн бага нас хэлээд өгнө. Аав, ээждээ тусалж борви, бохис хийлгүй ажиллахынхаа хажуугаар онц сурсан малчин ардын хүүхэд холын Москвад Эрчим хүчний сургуульд явсан гээд бод доо. Монгол Улсын хөгжлийн түүчээ болсон сэхээтнүүдийн хүүхэд нас ийм л замыг туулсан байдаг. Тэрбээр Москвад очоод эхэндээ багшийнхаа лекцийг ойлгохгүй хэсэг будилж.

Орос хэл бага шаарддаг шугам зургийн хичээлдээ онц дүн авч байсан нь жаахан ч гэсэн уужрах, зоригжих урам өгч байжээ. Тэр үед гэрээ маш ихээр санасан тухайгаа Д.Нанжаа гуай дурссан юм. Харин гуравдугаар дамжаандаа ороод орос хэлэндээ овоо дөртэй болж хичээлүүдээ гүнзгий судалж эхэлжээ. “Тухайн үед Москва бол хөгжлийн оргил хот байлаа. Намайг сурч байхад монголчууд тун цөөхөн. Өрөөндөө гурван орос оюутантай амьдардаг байсан. Оросын ард түмнээс би их зүйл сурсан даа” хэмээн өгүүлсэн юм.

2022 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртэв

Ийнхүү Москвад цахилгааны инженерээр, тэр дундаа реле хамгаалалт, автоматик гэх нарийн мэргэжлээр 5.5 жил суралцаж төгссөн шинэхэн ажилтан эх орондоо ирлээ. Орос хэлнээс гадна инженерийн мэдлэг, Оросын ард түмний соёлоос суралцаж, улс орноо, эрчим хүчний салбараа хөгжүүлэх нэн их хүсэл тэмүүлэлтэй боловсон хүчин ийн ажил дээр гарав. Тэрбээр төгсөхдөө стипендээ цуглуулан 200 гаруй мэргэжлийн номтой гэртээ ирсэн гэдэг. Түүний авчирсан номнууд нь ажлын гараан дээр мэдэхгүй, чадахгүйтай тулах үед багшийг нь орлож байв. Түүнийг төгсөж ирэхэд Монгол Улсад гарын арван хуруунд багтах цахилгааны инженер байсан бөгөөд ЗХУ ын мэргэжилтнүүдтэй хамтран ажилладаг, мэдлэг туршлагаас нь суралцдаг үе байжээ.

Шинэхэн боловсон хүчин Д.Нанжаа 1962 оны гуравдугаар сард Төв цахилгаан комбинатад (ТЦК) http://УБЦТС ТӨХК – UBEDNреле хамгаалалт, автоматикийн инженерээр томилогдсон байна. Энэ талаараа тэрбээр “Анх ажилд орсон ТЦК-д маань реле хамгаалалтаар надад зөвлөгөө өгчих ЗХУ-ын мэргэжилтэн болон монгол инженер байсангүй. Би сурсан мэдсэнээ хэрэгжүүлэх гэж залуу хүний оргилуун сэтгэлээр гүйж л явлаа. Тухайн үед ТЦК-ынхаа шугам, генератор, өндөр, нам хүчдэлийн цахилгаан хөдөлгүүрийн реле хамгаалалтын тавилын тооцоог байгаа өгөгдлүүдийг нь ашиглан хийж тавилыг өөрчлөх, өөрчлөн сайжруулах ажлыг эхлүүлж байлаа.

ТЦК-ын дэргэд монголчууд анх удаа өөрсдийн гараар барьсан 6/35 кВ-ын дэд станцын реле хамгаалалтын зураг төслийг хийх, газар дээр нь угсрах, шалгаж тохируулах ажлыг таван хүнтэй бүтээлч бригад зохион байгуулан ихэвчлэн ажлын бус цагаар хийж, товлосон хугацаанд нь дуусгаж анхныхаа шагналыг авч байлаа. Үүнээс хойш олон ч ажлыг хамт олныхоо хамтаар хийж шагналуудыг хүртэж явлаа даа” хэмээн дурсан ярьсан юм.

ЗХУ болон бусад социалист орнуудад төгсөж ирсэн, мөн Монгол Улсдаа төгссөн чадалтай инженерүүд энэ салбарыг босгосон юм шүү

Түүнийг төгсөж ирэх үед Улаанбаатар хотод Төв цахилгаан комбинат 24 мВт хүчин чадалтай ажиллаж байв. Мөн 6 кВт-ын агаарын шугамаар Улаанбаатар хотын хэрэглэгчдийг хангадаг байж. Налайхын уурхайг 35 кВт-ын модон тулгууртай агаарын шугам, 2х1800 кВА трансформатортой өсгөх дэд станц, Налайхад байсан 2х1800 трансформатар бүхий дэд станцаар тэжээдэг байлаа. Ихэнх аймгийн төв ЖЭС-60, ЖЭС-30 нэртэй 60кВт, 30кВт дизель генераторуудаар цахилгаан гаргаж авдаг байсан үе. Улс орон даяар гэрэл, цахилгаан хомс хэцүү үеийн талаар тэрбээр дурсахдаа “1963-1964 оноос эхлэн модон тулгууртай агаарын шугам барьдаг болсон. Дэд станцаа арай ядан л барьдаг байлаа. Дэд станцыг байгуулахад биечлэн оролцож байлаа. Аймгуудад яамны томилолтоор их явна.

Увс аймагт 1979 оны намар очлоо. Аймгийн төв нь цахилгаангүй байсан үе. Хуучин генераторуудтай, ээлжилж цахилгаанаа өгдөг байсан. 1980 оны дөрөвдүгээр сар болж байхад цас хайлаагүй, цахлай шувуу аймгийн төв дээгүүр эргэлдээд л. Энэ дүр зураг санаанаас буудаггүй юм. Бид хотоос тоног төхөөрөмжөө захиж авчраад 1980 оны намар 688 кВт-ын дөрвөн дизель генераторыг ашиглалтад оруулж байсан даа. Тэгээд Увс аймаг цахилгаанаар бүрэн хангагдсан. 1966 оны үерээр Улаанбаатар цахилгаангүй болсон. Төмөр замд ганц дизель байсан. Тэрийг нь гуйж байж ажиллуулаад II цахилгаан станцын жижиг зуухыг мод энэ тэр хийж байж арай хийж галлах тиймэрхүү л юм болж байлаа. Одоо бол сайхан болсон. Улам сайжруулаад явах боломжтой” хэмээн ярив.

Түүний ажилласан 60 гаруй жилд Монгол Улсын бүх аймаг, сумын төв цахилгааны өндөр хүчдэлд холбогдсон билээ. Энэ бүх түүх Д.Нанжаа гуайтай холбогдоно

Түүний эрчим хүчний салбарт зориулсан 60 гаруй жилийн хугацааг хөгжлийнх нь хувьд хуваан авч үзвэл 1960-1980 он хүртэл Төв цахилгаан комбинатын өргөтгөл, УБ хотод II дугаар цахилгаан станц, Дархан хотод цахилгаан станц, Улаанбаатар Дархан-Сүхбаатарыг холбосон 110 кВ-ын шугам, аймгийн төвүүдэд том чадлын дизель станцууд баригдаж эхэлсэн, Баян-Өлгий аймагт дулааны цахилгаан станц, Дорнодын цахилгаан станц ашиглалтад орсон түүхийг нэрлэж болно.

Харин 1980 1990 он хүртэл Улаанбаатарын Дулааны III, IV цахилгаан станц,Эрдэнэтийн цахилгаан станц, Дорнодын цахилгаан станцын өргөтгөл, Галуут нуур Дарханы хооронд 220 кВ-ын хоёр хэлхээт шугамыг ашиглалтанд оруулсан, Дархан-Эрдэнэтийн 220 кВ шугам, дэд станцыг барьж ашиглалтанд өгөх зэрэг том бүтээн байгуулалтууд явагдсан юм. Үндсэндээ Улаанбаатар болон олон аймаг, сумын төв цахилгааны найдвартай эх үүсвэртэй болж чадав. 1990 2020 оны хоорондох 30 жилд Улаанбаатар хотын дулааны III, IV цахилгаан станцын өргөтгөл, нарны болон салхины цахилгаан станцууд баригдсан, бүх аймаг, сум өндөр хүчдэлийн сүлжээнд холбогдож чадсан юм.

Дүгнэж хэлбэл, түүний ажилласан 60 гаруй жилд Монгол Улсын бүх аймаг, сумын төв цахилгааны өндөр хүчдэлд холбогдсон билээ. Энэ бүх түүх Д.Нанжаа гуайтай холбогдоно. Тэрбээр Говь-Алтай аймгийн Алтай-Бигэр, Хөвсгөл аймгийн Мөрөн-Алаг-Эрдэнэ-Хатгал, Сүхбаатар аймгийн Халзан Онгон-Дарьганга, Баян Өлгий аймгийн Цагааннуур Ногооннуур, Дундговь аймгийн Мандалговь, Улаанбаатар хотын Гачууртын зэрэг 30 гаруй дэд станц, трансформаторын өртөө байгуулахад идэвх санаачилгатай оролцжээ.

Гурван шинэ бүтээл, 50 гаруй оновчтой саналыг үйлдвэрлэлд нэвтрүүлжээ

Мөн Тосонцэнгэл, Богдын гол, Завханы Галуутай гол, Тайширын усан цахилгаан станц, III, IV дулааны цахилгаан станцын өргөтгөл, Эрдэнэт хотын Дулааны цахилгаан станц зэрэг 60 гаруй объектын зураг төслийг боловсруулахад зөвлөхөөр ажиллаж, алслагдсан аймгуудыг дизель цахилгаан үүсгүүрийн эрчим хүчээр хангах ажлыг гардан хэрэгжүүлсэн байна. Тоног төхөөрөмжийн суурилуулалт, тохируулгыг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэж, богино залгааны гүйдлийн тооцооны загвар төхөөрөмжийг хэрэглээнд нэвтрүүлэн эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан юм. Тодруулбал, гурван шинэ бүтээл, 50 гаруй оновчтой саналыг үйлдвэрлэлд нэвтрүүлжээ.

Социализмын үед түүний сэдэж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн шинэ бүтээл, оновчтой саналуудын үр ашиг тэр үеийн ханшаар 450 орчим сая төгрөг болсон гэсэн тооцоолол байдаг. Мөн тэтгэвэрт гарсныхаа дараа 2017 онд 6, 10, 15 кВ-ын төмөр бетон тулгууртай шугамын хүчдэлд шувуу цохиулж үхэхээс сэргийлэх хаалт зохион бүтээж, ашигтай загварын гэрчилгээ авч байв. Түүний гавьяаг төр засгаас өндрөөр үнэлж, олон арван шагнал урамшуулал олгож байжээ. Тухайлбал, таван жилийн гавшгайч цол тэмдгийг удаа дараа, Эрчим хүчний тэргүүний ажилтан, Алтан гадас одон хүртэж, 1992 онд Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол тэмдгээр шагнуулжээ. 2022 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм алдрын эзэн болсон юм. Гэсэн ч тэрбээр бардамнасангүй, даруу хэвээр, одоо хэр эрчим хүчнийхээ салбартаа зүтгэсээр явна.

“Релешик”-ийн бахархал

Эрчим хүчний салбарынхан реле хамгаалалтын мэргэжилтнүүдээ “Релешик” хэмээн цоллодог. Реле шикүүд буюу реле хамгаа лалтын инженерүүд эрчим хүчний толгой хүмүүс байдаг. Тэд л автоматаар цахилгааныг салгадаг, залгадаг. Д.Нанжаа гуай бол энэ салбарын цөөн амьд түүхийн нэг юм. I цахилгаан станц болон II цахилгаан станцыг хооронд нь холбох техникийн хэцүү асуудал гарч, тэр үеийн Аж үйлдвэрийн сайд П.Дамдин Д.Нанжаа гуайд үүрэг өгөөд холбуулж байж. “Сайд аа, энийг холбоод дараа нь асуудал гарвал хэн хариуцах вэ, та хариуцах уу” гэхэд “үгүй чи хариуцна” гэж тушаал буулгаж байсан талаар эрчим хүчний салбарынхан дунд хошин яриа явдаг юм билээ.

“Релешик” Д.Нанжаа гуай реле хамгаалалтыг тодорхойлохдоо “Өндөр хүчдэлийн шугам дээр утас хийсээд тохогдлоо гэж бодъё. Ингэхэд тэг бүхэл 10.1 секундийн дотор цахилгааныг тасалж амждаг юм шүү дээ. Тиймээс реле хамгаалалтад тавигдах шаардлага их өндөр. Хэрэв алдаа гарвал манай систем тэг зогсох аюултай. Реле хамгаалалтын анхны хэлбэр нь айлуудад байдаг гал хамгаалагч. Гал хамгаалагчаа зөв ажиллуулаагүйгээс гал түймэр гарч, байшин барилга шатаж, эд материалын хохирол учирдаг. Гол шалтгаан нь гал хамгаалагч, автоматикийг зөв сонгож аваагүйтэй холбоотой.

Тэтгэвэрт гарсныхаа дараа хүчдэлд шувуу цохиулж үхэхээс сэргийлэх хаалт зохион бүтээсэн нь үр ашгаа өгсөн байна

Саяхан Завхан аймгийн Баянтэс суманд сургуулийн барилга ийм шалтгаанаар шатсан” гэсэн юм. Тэрбээр үргэлжлүүлэн “Ми ний мэргэжил бол эрчим хүчний салбарын эд эсийн нэг шүү дээ. Энэ мэргэжил байхгүй бол энэ том салбар байхгүйтэй л адил. Олон мэргэжлийн нэгдэл энэ том салбарыг бий болгож байдаг. Миний эзэмшсэн реле хамгаалалт, цахилгаан автоматикийн мэргэжил бол бүх цахилгаан тоног төхөөрөмжийн бүтэц, ажиллагааны онцлогийг мэдэх шаардлагатай болгодог. Ийм учир реле хамгаалалт, автоматикийн инженерүүд өдөр тутам судлах, мэдэх зүйл ихтэй байдаг. Миний их сургуулийн багш, профессорын хэлж байсан үг сая санаанд орлоо.

Эрчим хүчний удирдах газар 1966 он. Хамт ажилладаг нөхдийн хамт, урдах эгнээний баруун талынх нь Д.Нанжаа.

Профессор багш маань реле хамгаалалт, автоматикийн инженерүүд эрчим хүчний салбартаа “самый грамотный народ” буюу “хамгийн боловсролтой хүмүүс” байх ёстой гэдэг байж билээ. Энэ мэргэжил бол алдаж болдоггүй, хэрэв алдвал цахилгаан тасрах, аваар болох эрсдэлтэй байдаг тул өнөөдрийг хүртэл авааргүй ажилласан он цаг хугацаа маань миний бахархал болж байна даа. Ер нь хүний бахархал хөдөлмөрч байж, хийсэн бүтээснээрээ дурсагдаж, хүндлэгдэж явахад оршдог юм болов уу гэж би боддог.

Эрчим хүчний салбарын бахархал бол өнөөдрийн Монгол Улсыг эрчим хүчээр хангаж байгаа хөгжлийн түвшин юм даа. Энэ хөгжлийн түвшинд хүрэхэд алдаатай, оноотой олон шатыг даван туулж ирлээ шүү дээ. Цаашдаа улам сайхан хөгжиж, улс орны болон хувь хүний бахархал болгоход зөв бодлого маш чухал” гэдгийг онцлон хэллээ.

Залуу инженерүүдийн үлгэр дуурайлал, сайн хамтрагч

Д.Нанжаа гуай гавьяаныхаа амралтад гарсан хэрнээ залуу хойч үедээ зөвлөн тусалж, эзэмшсэн мэргэжилдээ эргэж буцалтгүй дурлаж, хийсэн ажлаасаа урам авч өнөөдрийг хүртэл эрчим хүчний салбараас холдож чадаагүй л явна.

Тэрбээр “Хүн ер нь хөгшрөхөөрөө эх орноо болон хойч ирээдүй, залуучуудаа их боддог юм байна. Миний эх орны хөгжил өнөөгийн сайхан залуучуудын маань гарт байна шүү дээ. Манай салбарт маш өндөр оюуны чадалтай олон сайхан инженер ажилладаг байлаа. Тухайн үед ЗХУ болон бусад социалист орнуудад төгсөж ирсэн, мөн Монгол Улсдаа төгссөн чадалтай инженерүүд энэ салбарыг босгосон юм шүү. Өнөөдөр эргэн харахад надтай хамт ажилд орж байсан үеийн инженерүүд маань бараг байхгүй болж. Надаас хойш 1980-д онуудад ажилд орж байсан инженерүүд маань одоо тэтгэвэрт гарч байхад миний үеийн инженерүүд ховор дох нь аргагүй байх.

Би чинь үе үеийн инженерүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж өнөөдөр залуу сайхан инженерүүдтэйгээ хамтран ажиллаж байгаадаа туйлын их баяртай байдаг. Манай залуу инженерүүд ихийг сурч бүтээх эрмэлзэлтэй байдагт би их баярладаг. Харин өнөөдрийн Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлаас болж сайн чадалтай инженерүүд маань гадагш явж ажиллаж байгаад их санаа зовж, улсынхаа ирээдүй болсон залуучуудаа эх оронд нь сайхан амьдрах боломжтой болох цаг удахгүй ирнэ гэдэгт итгэж суудаг даа” хэмээв.

Төв цахилгаан комбинат 1963 он. Нарийн зохион байгуулалттай реле шалгах сургалт явуулж байгаа нь. Зүүн талаас хоёрдахь нь Д.Нанжаа.

Тэрбээр нэмээд “Энд хоёр зүйл хэлмээр санагдлаа. Нэгдүгээрт, компьютер, эмнэлгийн нарийн тоног төхөөрөмж зэрэг хагас дамжуулагч дээр бүтээгдсэн хэрэгслүүдийг гэмтээдэг дээд гармоникуудын үйлчлэлийг бууруулах талаар өндөр хөгжилтэй орнуудын туршлагыг судлах, судалгааны дагуу тодорхой ажлыг хийж эхэлмээр байна.

Хоёрдугаарт, байшин барилга, гэр хорооллуудын 0,4 кВ шугам сүлжээний реле хамгаалалтын энгийн хэлбэр болох гал хам гаалагч, автоматуудын шаард лагад 0,4 кВ шугам, ачааллыг нь тааруулах ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлснээр уг шугам сүл жээний техникийн байдал зохих хэмжээнд хүртэл сайжирч байшин, барилга, гэр шатах, хүний амь нас хохирох үзэгдэл арилах болно” гэж анхааруулав. Д.Нанжаа гуай 2004 онд 68 насандаа тэтгэвэртээ гарчээ.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлаас болж сайн чадалтай инженерүүд маань гадагш явж ажиллаж байгаад их санаа зовж, улсынхаа ирээдүй болсон залуучуудаа эх оронд нь сайхан амьдрах боломжтой болох цаг удахгүй ирнэ гэдэгт итгэж суудаг даа

“Эрт тэтгэвэртээ гарах боломж байсан. Намайг гаргадаггүй л байсан юм. Би дарга нарынхаа аяыг дагадаг байлаа. 24 цагаар ажиллахад юу ч биш хүнд хэцүү үе их байсан. Зах зээлийн үед хүнд даалгавартай ажиллаж явлаа. Тийм байсан болоод ч тэр үү гурван охин, тэдний маань үр хүүхдүүдээс миний мэргэжлийг өвлөсөн хүн байхгүй. Ажиллаж байхдаа шөнө дуудагдаад л явна. “Амар заяа үзүүлдэггүй ямар хэцүү ажил вэ” гээд л гэр бүл маань залхдаг байлаа шүү дээ. Хүүхдүүд бүр дургүй болчихсон.

Миний хань маш сайхан чийрэг биетэй хүн байсан. Аж үйлдвэрийн комбинат гэж байхад тэндхийн нягтлангууд их суудаг байлаа. Суусаар байгаад ажлаасаа болоод зүрх нь муудсан. Долоон жилийн өмнө өөд болсон доо” хэмээн санаа алдан ярих Д.Нанжаа баатар одоо Цахилгаан автобусны паркт цахилгаан хангамжийн зураг хийх чухал ажилтай явна.

60 гаруй жил эрчим хүчний салбарт энэхэн биеэ зориулж, олон арван ажлын ард гарч, түүхийн гэрч, салбарынхаа эрхэм хүндтэй баатар болтлоо зүтгэсэн түүний он жилүүд агуу хэрнээ бас л энгийн, чимээгүй. Жинхэнэ баатрууд бусдаас товойж, гялтайх дургүй байдаг ажээ. Харин тэд салбартаа, ойр орчимдоо гэрэл гэгээ болж, элч дулаанаа түгээсээр явдаг юм байна.