Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт зах зээлийг нэвтрүүлэх шаардлагатай
Эрчим хүчний салбар босоо тогтолцоотой учраас үйл ажиллагаа нь тэр бүр нээлттэй байдаггүй. Зарим мэдээлэл нь бүр нууцын зэрэглэлтэй байдаг. Энэ нь нэг талаараа тус салбарын талаар төрийн өндөрлөгүүдээс эхлээд иргэд мэдээлэл дутмаг байх шалтгаан болдог.
Харин өнгөрсөн жилүүдэд тохиолдолдож байгаа хүндрэл бэрхшээл, саатал гэмтэл нь эрчим хүчний салбарыг олны анхаарлын төвд авчирч, анхаарал хандуулахаас аргагүй сэдэв болгоод буй. Энэ салбарын уналт Монгол Улсын хөгжилд ч нөлөөлж буй гэхэд хилсдэхгүй байх. Тэгвэл эрчим хүчний салбарынхан олон нийтэд ил тод байж, мэдээллээ хүргэхэд анхаарна гэдгийг шинэ сайд нь хэлсэн.
Энэ долоо хоногийн турш тус салбарынхан цуглаж, асуудлаа ярилцаж, гарц шийдлээ хайж байгаа юм. Эдийн засаг, хөгжлийн яаманд болсон хэлэлцүүлэгт “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК–ийн Арилжаа зохицуулалтын албаны дарга Т.Бат-Уул “Цахилгааны зах зээлийн загварын өнөөгийн байдал” сэдвээр илтгэл тавьсан. Түүний илтгэлээс зарим зүйлийг тодотгон хүргэе.
Эрчим хүчний салбарт тулгарч буй асуудал, хүндрэлүүд:
- Цахилгаан эрчим хүчний тариф үйлдвэрлэж буй өртөгтөө хүрдэггүй.
- Заx зээлийн зарчмаар бодит үнэ тогтдоггүй.
- Үр ашигтай ажиллаx эдийн засгийн хөшүүрэггүй.
- Системд xийx шаардлагатай шинэчлэлд үнийн сигнал очдоггүй.
- Салбарт оновчгүй xөрөнгө оруулалт xийгддэг.
- Цахилгааны зах зээл дээр өрсөлдөөн явуулах орчин хязгаарлагдмал.
- Дулааны тариф хэт бага тул ДЦС-ууд цахилгаан үйлдвэрлэхийг илүүд үздэгээс сүлжээний халуун ус горимдоо хүрдэггүй.
Эдгээр асуудлыг шийдвэрлэх хүрээнд цахилгааны зах зээлийг үе шаттайгаар өрсөлдөөнт хэлбэрт шилжүүлэх шаардлагатайг тэрбээр онцоллоо. Богино хугацаанд өдрийн өмнөх болон туслах үйлчилгээний зах зээлийг нэвтрүүлэх, байршлаас хамаарсан үнэ тогтоох (LMP), хараат бус системийн оператор (ISO)-ын тогтолцоог бүрдүүлэх зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна.
Өрсөлдөөнт зах зээлийг нэвтрүүлэхийн тулд эх үүсвэрүүдийн дунд өрсөлдөөн зарлаж, зах зээлийн бодит өрсөлдөөнийг тодорхой хувиар нэвтрүүлэх шаардлагатай.
Харин дунд хугацаанд хэрэглэгч талыг хамарсан бодит цагийн зах зээлийг хөгжүүлэх, автоматжуулсан диспетчерийн зохицуулалт нэвтрүүлэх, сэргээгдэх эрчим хүчний таамаглалыг сайжруулах, хурдан тооцооны системийг нэвтрүүлэх шаардлагатай байна гэдгийг тэрбээр онцолсон юм.
Урт хугацаанд чадлын зах зээл болон нүүрстөрөгчийн зах зээлийг бодлогоор дэмжин хөгжүүлэх нь эрчим хүчний салбарын тогтвортой байдлыг хангах стратегийн чухал алхам болох ажээ.
Эрчим хүчний салбарт өрсөлдөөнт зах зээлийг нэвтрүүлэхийн тулд эх үүсвэрүүдийн дунд өрсөлдөөн зарлаж, зах зээлийн бодит өрсөлдөөнийг тодорхой хувиар нэвтрүүлэх шаардлагатай байна. Ингэснээр өрсөлдөөнийг зохион байгуулагч болон оролцогч талууд туршлагажиж, цаашдын шилжилтэд эерэг нөлөөтэй гэдгийг Т.Бат-Уул онцлов.
Өрсөлдөөн зарлах шалгуур үзүүлэлтүүд:
- Эдийн засгийн үр ашгийн коэффициент 0.7-оос багасах -(Хямд эсвэл үнэтэй эх үүсвэр ашиглаж байгааг илэрхийлэх коэффициент)
- Ашигт импортын нөөц чадал 50 МВ-аас багагүй байх -(Тухайн өдрийн импортын дээд чадал)
- Дээрх нөхцлүүдийг дор хаяж 4 цаг дарааллан хангаж байх -(Эх үүсвэрүүдийн тоноглол бэлтгэлд байх, бэлтгэлээс явуулах гэх мэт манёвр хийх нөхцлийг бүрдүүлэх)
Дээрх гурван нөхцлийг хангаж байвал өрсөлдөөн зарлах нөхцөл бүрэн хангагдсан гэж үзэх юм байна. 2025 онд нийт 3035 цагт буюу 453,982.80 мян.кВт.ц энерги дээр өрсөлдөөн зарлах боломжтой байсан бөгөөд энэ нь нийт хэрэглээний 4.47 хувьтай тэнцэж байна гэдгийг Арилжаа зохицуулалтын албаны дарга Т.Бат-Уул илтгэлдээ онцоллоо.
