Эрчим хүчний хамгаалалтын зурваст айл өрх амьдарсаар байна
Эрчим хүчний хамгаалалтын зурваст зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулах нь хүний амь нас, эрүүл мэнд болон улс орны эрчим хүчний найдвартай байдалд ноцтой аюул учруулдаг. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн мэдээллээр зурвас зөрчсөн тохиолдлууд жил бүр мянгаар тоологдож байна. Монгол Улсын хэмжээнд 6700 гаруй хамгаалалтын зурвасын зөрчил бүртгэгдсэн бөгөөд эдгээрийн ихэнх нь Улаанбаатар хотын төвлөрөл, барилгажилттай холбоотой.
Нийтлэг тохиолдож буй гэмтэл, эрсдэлүүдийн тоонд өндөр хүчдэлийн шугамд хэт ойртсоноос цахилгаанд цохиулах, хүндээр түлэгдэх, амь насаа алдах зэрэг ордог. Мөн зөвшөөрөлгүй газар шорооны, эсвэл барилгын ажлаас шалтгаалж цахилгааны кабелийг гэмтээх тохиолдол их бий. Түүнчлэн зурваст зөвшөөрөлгүй барьсан гэр, хашаа, байгууламж дээр шугам тасрах, богино холболт үүссэнээр гал гарах аюул цөөнгүй тохиолддог байна.
Цахилгааны шугамын дамжуулах найдвартай ажиллагааг хангах, болзошгүй осол эндэгдлээс сэргийлэх зорилгоор шугамын дагуу тогтоосон, барилга байгууламж барих, мод тарихыг хориглосон тодорхой хэмжээтэй газрыг хамгаалалтын зурвас гэдэг. Энэ нь аюулгүй байдлын бүс бөгөөд эрчим хүчний шугам сүлжээний тусгай дүрмээр хамгаалагддаг. Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа “ЦДҮС” ТӨХК-ийн 110/220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцуудын хамгаалалтын зурвасыг тогтоож баталгаажуулжээ.
Дэд станцууд, 35, 110, 220 кВ-ын ЦДАШ-ын Хамгаалалтын зурвас газарт 2024 онд нийт 1110 мэдэгдэх хуудас тараасан бол 2025 онд нийт 1411 айл өрх, аж ахуйн нэгж байгуулага үйл ажиллагаа явуулж, амьдран сууж байгаа талаар “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн ахлах инженер Я.Мөнхтөр хэллээ.

Зөрчил гарсан тохиолдолууд:
-Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 110 кВ-ын 105, 106 дугаар агаарын шугамын 29-30 тулгуурын хооронд “NCD” ХХК тохижилтын ажлаар мод бут сөөг тарьсан
–Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 110 кВ-ын 105, 106 дугаар агаарын шугамын тулгуур №30-32 хооронд “Алдар Ёкоминэ” бага сургууль, цэцэрлэгийн газрын автомашины зогсоол нь хамгаалалтын зурваст орсон.
–Шарын гол- Дархан чиглэлийн 17,2 км хатуу хучилттай автозамын барилга угсралтын ажил гүйцэтгэж байсан экскаваторын жолооч хөрс хуулах ажил гүйцэтгэж байгаад дамжуулагч утсанд хүрч, дамжуулагч утсыг гэмтээсэн.
-Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын харъяа тэсэлгээний үйлдвэрийн хашаан дотор Белаз маркийн машин 35кВ-ын Ачит цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур №17-18 хоорондох утасны доор зогсож, буулгах явцдаа 3-р фазын утсыг гэмтээж, 2-р фазын утсыг тасалсан. Үүний улмаас нийт 30270 айл өрх, 2193 аж ахуйн нэгж цахилгаан эрчим хүчээр хязгаарлагдсан.
Тиймээс “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-аас дараах зөвлөмжийг хүргэж байна.
-Эрчим хүчний хамгаалалтын зурвас тогтоосон зай хэмжээг /захын утаснаас 2 тийш тус бүр 5м/ баримтлах;
-Шугамын хамгаалалтын зурваст ашиглагч компанийн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулахгүй байх;
-Зайлшгүй шаардлагаар зурваст ажил гүйцэтгэх тохиолдолд ашиглагч байгууллагад заавал мэдэгдэж, хянагч томилуулан ажиллуулах;
-Шугамын дор автобус, машин механизмыг паркалж зогсоохгүй байх;
-Дамжуулах утас руу олс, утас шидэж, зүүгдэх, тоглоход амь насанд аюултай болохыг анхаарч, гэр бүл, ойр дотнын хүмүүст зөвлөж байх;
-Зөрчил гарвал онцгой, түргэн тусламж (105, 103), Төв компанийн диспетчер 70045123, салбарын диспетчер 70045179 Хяналтын ажилтнууд 99082824, 99089077 яаралтай мэдэгдэх хэрэгтэй.
