Эрэгтэйчүүд vs Эмэгтэйчүүд
“Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүтэй байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлс” баримт бичгийн судалгааг Жендэрийн үндэсний хороо холбогдох байгууллагуудтай хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, шинжлэх ухааны арга аргачлалаар 2019 онд зохион байгуулж, явуулжээ. Тус суурь судалгааны тайлан саяхан бэлэн болж, анхаарал татахуйц маш олон тоо баримтыг олон нийтэд хүргэлээ.
Тухайлбал, Монгол хүний дундаж наслалт 2018 онд 70.2 болж, 1992 оноос 7.4 жилээр нэмэгдсэн хэдий ч эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн дундаж наслалтын зөрүү 9.7 жил болж 2.3 дахин нэмэгджээ. Энэ нь дэлхийн дунджаас хоёр дахин их үзүүлэлт юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2016 оны статистикаас (World Health Statistics) үзвэл эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү хамгийн өндөр улсуудаас Монгол Улс 12 дугаарт, Ази, Номхон далайн бүсдээ хоёрдугаарт жагсаж байв.
1992 оноос хойш эрэгтэйчүүдийн дундаж наслалт 66.1 болж 5.4 жилээр, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75.8 болж 10.9 жилээр нэмэгдсэн байна.
Манай орны хувьд төрөхөөс эхлэн 25-29 нас хүртэл хүн амын дунд эрэгтэйчүүд давамгайлдаг бол 30 наснаас эхлэн аажмаар буурсаар 70-аас дээш насанд 100 эмэгтэйд 62 эрэгтэй ногдож байна. Үндэсний статистикийн хорооны 2018 оны эмхэтгэлд дурдсанаар нас барсан 10 хүн тутмын зургаа нь эрэгтэй, дөрөв нь эмэгтэй байсан бөгөөд хөдөлмөрийн насны эрэгтэйчүүдийн нас баралтын хувь эмэгтэйчүүдэс 3.3 дахин их байжээ. Эрчүүд богино наслах хандлага нь зөвхөн манай улсад бус дэлхий дахинаа түгээмэл ажиглагддаг юм. Дэлхийн дунджаар авч үзвэл эмэгтэйчүүд эрчүүдээс 6-8 жилээр урт насалдаг аж. Үүнд эмэгтэйчүүдийн биологийн онцлог, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн зан байдал, хандлагын ялгаа ихээхэн нөлөөлдөг. Тухайлбал, эрчүүд ажил, мэргэжлийн онцлогоос шалтгаалж эрсдэлд илүү өртдөг, буруу зуршилд автамтгай, эмчид үзүүлэх нь бага байдгаас гадна амиа хорлох нь илүү байдаг.
Эх сурвалж: ДЭМБ
Харин монгол эрэгтэйчүүдийн нас баралтад нөлөөлж буй хамгийн том хүчин зүйл бол өвчлөлт. Монгол Улсын эрүүл мэндийн статистикийн 2018 оны тайлангаас харахад өвчнөөр нас барсан эрэгтэйчүүдийн тоо эмэгтэйчүүдээс 1.5 дахин их байна. Тэр дундаа халдварт бус өвчлөл болох зүрх судасны тогтолцооны өвчин, хавдар зонхилж буй. Амбулаторт бүртгүүлж, эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс 1.5 дахин бага бөгөөд бүртгэгдсэн өвчлөлийн хувьд эмэгтэйчүүд их байгаа боловч өвчлөлөөс шалтгаалсан нас баралтаар эрэгтэйчүүд илүү байгаа юм. Тухайлбал, 2018 онд бүртгэгдсэн шинэ, хуучин нийт хавдартай хүмүүсийн 63 хувь нь эмэгтэйчүүд байхад хавдраас шалтгаалсан нас баралтын 55 хувь нь эрэгтэйчүүдэд ногдож байжээ. Нас баралтад нөлөөлж буй бусад хүчин зүйлийн тоонд зам тээврийн осол, үйлдвэрийн осол, амиа хорлолт, бусдад хорлогдох болон бусад осол зэрэг багтаж буй.
Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо
Эрэгтэйчүүдийн нас баралтын шалтгааныг насны бүлгээр авч үзвэл 15-44 насанд спиртийн хордлого, амиа хорлолт, тээврийн осол, 45-аас дээш насанд халдварт бус өвчин зонхилж байна.
Ковид-19 халдварын улмаас нас барсан хүмүүсийн дийлэнх нь эрчүүд.
Global Health 50/50 байгууллага коронавирусийн халдвараар нас барж буй хүмүүсийн хүйсийн мэдээллийг цуглуулах төсөл эхлүүлсэн байна. Ковид-19 халдварын улмаас нас барагчдын дийлэнх нь эрчүүд байжээ. БНХАУ-д тус өвчний улмаас нас барагсдын 64 хувь, Италид 71 хувь нь эрчүүд байсан бол Испанид эмэгтэйчүүдээс хоёр дахин их эрэгтэй амиа алдсан аж. Үүний гол шалтгаан бол буруу зуршил, хайнга хандлагаас гадна дархлааны хариу урвалд үзүүлэх дааврын нөлөөтэй холбоотой гэж судлаачид дүгнэсэн байна. Судлаачдын тайлбарлаж буйгаар хүний дархлааны эс нь эстроген болон тестостерон дааварт харилцан адилгүй хариу үзүүлдэг аж. Тодруулбал, зарим вирусийн халдварын үед эмэгтэй хүний эд эс дархлааны уураг болох интерфероныг их хэмжээгээр ялгаруулж дархлааны системээ дэмжиж өгдөг байна.
Жендэрийн үндэсний хорооноос гаргасан тус тайланд “эрэгтэйчүүдийн дундаж наслалтыг нэмэгдүүлэх нэг гол үйл ажиллагаа нь тэдэнд эрүүл аж төрөх зөв дадлыг ухуулан таниулах, мэдээллийг хүртээмжтэй хүргэх, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, өвчний эрт үед эмнэлэгт үзүүлэх боломжийг бүрдүүлэх юм. Үүний тулд эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндийн байгууллагын хүртээмж, чанарыг сайжруулах шаардлагатай” гэж онцолсон байна.