Ю.Даваажаргал: Өдрийн нэгээхэн хормыг өөртөө зориулаарай гэж эмэгтэйчүүддээ зөвлөе
Монгол эмэгтэйчүүд эх орондоо бус хилийн чанадад ч авьяас чадвараа гайхуулж, хувийн бизнес байгуулж байна. Үүний нэг жишээ болсон эмэгтэйг энэхүү дугаартаа онцолж байна. Түүнийг Юмжээгийн Даваажаргал гэдэг бөгөөд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад ажиллаж, амьдардаг. Тэрбээр тус улсад хувийн эмнэлгээ нээж, гаднын олон иргэдийг эмчлэн эдгээж эмч хүний үүргээ гүйцэтгэн монгол эмчийн нэрийг дэлхийд бахархалтайгаар цуурайтуулж байгаа юм.
Ю.Даваажаргал эх орондоо ч ажиллаж, ард иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд зогсож байсан нэгэн. Эмч хүний баяр баясал, амьдралын хатуу хөтүү, гурван улс дамнан амьдарч, хувийн эмнэлэг нээн ажиллаж байсан цаг мөч бүхэн нь түүнд туршлага хуримтлуулах, мэдлэгээ дээшлүүлэх сайхан боломж болж иржээ. Түүний эмч болох хүсэл мөрөөдөл ээжээс нь эхтэй. Багаасаа л ээжийгээ дагаж, эмч болно гэж мөрөөдөж, ээждээ чагнуурыг нь дөхүүлж өгч байсан бяцхан охин эмчийн мэргэжил эзэмшээд ээжтэйгээ хамтран хувийн эмнэлэг нээж байсан түүхтэй. “Би одоо элэг, цөсний үзлэг хийх бүртээ ээжийгээ санадаг” хэмээн Ю.Даваажаргал эмч нулимс унагасан юм.
-Та зах зээлийн шилжилтийн хүндхэн үед буюу 1997 онд уламжлалтын хувийн эмнэлэг байгуулсан. Эмнэлгээ ажиллуулж эхэлсэн түүхийн талаар ярина уу?
-Би ээжтэйгээ хамтраад 1997 онд БүтэдДаваанаа гэсэн нэрийн эхлэл үсгээр БҮДА нэртэй элэг, цөсний уламжлалтын анхны хувийн эмнэлэг байгуулсан. Ардчилсан хувьсгалын бужигнаан бүх салбарт өөрчлөлт гарч, хувийн бизнес эрхлэх үүд хаалгыг нээсэн энэ өөрчлөлт, шинэчлэлтийг би хажуухнаас буюу Хятад Улсаас харж мэдэрч байсан юм.
Би нийслэлийн 23-р дунд сургуулийг төгсөөд гадаадад сурах хуваарь авах боломжтой байсан ч дүү маань хөл муутай учраас дотоодын Анагаахын сургуульд элссэн. Хоёр жил сураад асрагчийн бэлтгэл ангийг төгсөж байх үед эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг оюутныг АУИС ийн нэр дээр Бээжингийн Эм, эмнэлгийн их сургуульд (Beijing University of Chinese Medicine) явуулахад би шалгарч явсан юм. 1989 оны есдүгээр сард БНХАУ-ын нийслэлд хөл тавьж, Бээжинд найман жил суралцсан. 1997 онд сургуулиа төгсөж ирээд Нэгдүгээр эмнэлгийн уламжлалтын тасагт их эмч, тасгийн орлогч, зүүний курсийн дадлагын багшаар ажилласан. Үдээс өмнө буюу 07.00-14.00 цаг хүртэл Нэгдүгээр эмнэлэгтээ, үдээс хойш 14.00-20.00 цагийн хооронд ээжтэйгээ хувийн эмнэлэгтээ ажиллана.
Ээж, охин хоёрын бор зүрхээрээ зүтгэсэн он жилүүдийг эргээд санахад сайхан байна. Ээж минь Нэгдүгээр эмнэлгийн Элэг цөсний тасгийн их эмч, клиникийн профессор, АУИС-ийн Элэг цөс, дотрын тэнхимийн багш, Амбулаторын дарга, хамгийн анхны дотрын хувийн эмнэлгийн үүсгэн байгуулагч хүн байлаа. Хүнийг яаж үзэж, эмчилж, сурсан мэдсэнээ амьдралд хэрхэн хэрэгжүүлэх талаар ээжээсээ олон зүйлийг суралцсан даа.
Хамгийн анх интегратив анагаах ухаан буюу Европын анагаах ухааныг уламжлалт анагаах ухаантай хослуулан хүнийг биеийг цогцоор нь үзэж эхэлсэн. Сэтгэл зүй, оюун ухаан, өвчний шалтгаан, амьдралын хэв маяг, хүний биеийн эд эрхтэний өөрчлөлтийг уламжлалт, Европын анагаах ухааны онолоор оношилж, Европ, уламжлалтын эмчилгээг хослуулан 30-аад жил ажиллажээ.
-Та хэзээ, яагаад Герман улсыг зорьсон бэ?
-Нэгдүгээр эмнэлэгт дөрвөн жил ажиллаад Герман улсыг зорьсон. Баруун Германы эмнэлгийн шүдний эмч нарт уламжлалт анагаах ухааны талаар хичээл заахаар анх очоод улмаар Дрезден хотыг тойрсон жижиг хотууд, Хятад эмнэлгийн төвд олон жил ажилласан. Мөн Карл Густав Карусын нэрэмжит Дрезден хотын Анагаах ухааны их сургуулийн клиник эмнэлгийн үзлэг оношилгооны төвд мөн нэлээд хэдэн жил ажиллажээ.
Хувийн эмнэлэг нээх эрх авахын тулд герман хэл сурах, зөвлөх эмчийн дор ассистент эмч, том клиникт дагалдан, туслах эмчээр мөн дотрын тасагт нийт 10-аад жил ажилласан. Улмаар шалгалт шүүлэг, олон зүйлийг даван туулсны эцэст хувийн эмнэлгээ нээж билээ.
-Таныг Интермэд эмнэлгийг байгуулахад гар бие оролцсон гэж сонссон. Интермэд эмнэлэгтэй холбогдсон түүхээсээ сонирхуулна уу?
-Германд хувийн эмнэлгээ нээж, маш амжилттай ажиллаж байсан. Энэ бол миний олон жилийн хүсэл мөрөөдөл, нөр их хөдөлмөрийн үр дүнд бий болгосон эмнэлэг. Тийм ч учраас маш их баяртай, урамтай, эрчтэй ажиллаж байлаа. Гэтэл ээж маань элэгний хавдартай болсон мэдээ ирсэн нь миний амьдралыг өөрчилсөн.
Дрезден дэх эмнэлгээ хаагаад ээжийгээ асрах, эх орондоо ажиллах зорилгоор гэртээ ирсэн. Тэр үед Интермэд эмнэлгийг байгуулах үйл явц өрнөж байсан бөгөөд Болормаа захирал намайг багтаа авсан юм. Интермэд эмнэлгийн тулгын чулууг тавилцсандаа их баяртай байдаг.
Эмнэлгийн барилгыг барьж байх үед бидний 20-иод эмч өөр газарт байрлаж эмнэлгийнхээ бодлого, үйл ажиллагаа, бүтцийг гарган ажилладаг байлаа.
Хэн аль тасагт ажиллах, юуг удирдан явуулах зэрэг эмчилгээний удирдамж заавар, дэс дарааллаа ярилцана. Төд удалгүй эмнэлгийн байшин баригдаж дуусч, бид шинэхэн эмнэлэгтээ ороод их эрчтэй ажиллаж эхэлсэн. Урьдчилсан сэргийлэх төвийн их эмчээс эхлээд заримдаа тасгийн эрхлэгч, менежерээр ч ажилласан.
-Та удалгүй эргээд Герман явж, Дрезденд бус Берлинд очсон. Германы нийслэл таны сонирхлыг их татаж байв уу?
-Интермэд эмнэлэгтээ 3-4 жил ажилласан. Ээжийн маань бие ч тогтворжсон. Берлинд олон монгол хүн ажиллаж, амьдардаг. Мөн монголчуудын сагс, гар бөмбөгийн “Цог” клуб байдаг юм. Би өмнө нь Дрезденээс Берлинд очиж, клубийнхантайгаа сагс, гар бөмбөг тоглох дуртай байлаа. Түүнчлэн Берлинээс Монгол руу шууд нислэгтэй байсан нь нөлөөлсөн. Мөн хүүхдүүдийнхээ монгол хэлийг сайжруулах, монгол зан заншил, өв соёлоос нь холдуулахгүй гэсэн хүчин зүйлсийг бодолцож ийм шийдвэр гаргасан.
Германы нийслэлд хувийн эмнэлгээ нээх мөрөөдөл надад байсан. Хувийн эмнэлгээ нээхийн тулд эхлээд улсын том эмнэлэгт их эмчээр ажилласан. 400 ортой эмнэлгийн нэг давхарт тэр чигтээ Хятад эмнэлгийн төв байрладаг юм. Европ дахь хамгийн том Хятад эмнэлгийн төв гэж хэлж болно. Тус төвд ажиллан хувийн эмнэлгээ нээх нөхцөлийг бүрдүүлж явтал Ковид-19 цар тахал гарснаар хэдэн жил хүлээхээс өөр аргагүй болсон доо. Ингээд 2024 оны нэгдүгээр сард хүүхдүүдтэйгээ ярилцаж шийдээд Берлиний төвд, байрлал сайтай газарт хувийн эмнэлгээ гурав дахь удаагаа нээгээд ажиллаж байна.
Одоо БҮДА эмнэлэг ажиллаж байгаа юу?
Ээж маань Нэгдүгээр эмнэлгээсээ гарч, Зүүн дөрвөн зам орчимд эмнэлгээ нүүлгээд олон жил амжилттай үргэлжлүүлэн ажиллуулсан. Ээжийн нас 70 гарч, мөн элэгний хавдартай болчихсон тул бид хоёр ярилцаж байгаад ээжийн нутгийн эмчид эмнэлгийн эрхээ өгсөн. Ээж маань өнгөрсөн жил бурхан болсон доо.
-Монгол Улс элэгний өвчлөл, хавдраар дэлхийд тэргүүлдэг. Харин Германд байдал ямар байна вэ?
-Германд элэгний өвчлөл маш бага. Харин нойр булчирхайн хавдар багагүй тархсан. Манай улсад ч нойр булчирхайн өвчлөл их байна. Манай улсад элэгний вирусийн эмчилгээ сайжирч, элэгний вирусийн талаарх иргэдийн ойлголт мэдлэг нэмэгдсэн. Энэ маш чухал. С вирусийг устгадаг эмийг анх АНУ 2013 онд, 2016 онд Европт хүлээн зөвшөөрч, манай улсын зах зээлд 2014, 2015 оноос орж ирсэн байх.
Монголын төр засгаас үүнийг дэмжиж, үнэ тарифт нь анхаарснаар иргэдийн дунд С вирусийн халдвар, өвчлөл ихэд буурсан. 1990- ээд онтой харьцуулахад, манай улсын элэгний өвчлөлийн илрүүлэлт, эмчилгээ, оношилгоо маш их сайжирсан шүү. Харин одоо нэг асуудалд маш их анхаарах хэрэгтэй. Нийслэлийн томоохон эмнэлгүүд, хувийн болон шүдний эмнэлгүүд, мэс ажилбар, инвазив ажилбар эрхэлдэг бүхий л салбарт халдвар, ариутгалд онцгой анхаармаар байна.
Зөвхөн төр, ЭМЯ бус эмнэлэг, эмч, иргэд дор бүрнээ сайтар анхаарах шаардлагатай. Нэг удаагийн хэрэглээтэй байгаа ч гоо сайхан, шивээс, хумсны салон зэргээр дамжин вирус халдварласаар байна.
Дараагийн анхаарах зүйл бол В вирусийн вакциныг хангалттай оруулж ирж иргэддээ тарих, урьдчилан сэргийлэх шаардлагатай. Манай улс 1991 оноос хойш төрсөн иргэдийг вакцинд маш сайн хамруулсан.
Харин 1991 оноос өмнө төрсөн иргэддээ вакцин хиймээр байна. Тухайн үед шприцээ буцалгаад хэрэглэдэг байхад монголчууд элэгний вирус маш их авсан. Харин орчин үед шүд, гоо сайхан, эмэгтэйчүүдийн зарим эмнэлгээс элэгний вирус авч байна. Иргэд үүнийг мэдэхгүй байна. Үүнд л төрөөс ихэд анхаарах хэрэгтэй гэж хэлмээр байна.
-Берлин дэх эмнэлэг нь хэр амжилттай ажиллаж байна вэ? Голдуу ямар хүмүүс үйлчлүүлдэг вэ?
-Сайн байршилд байгаа учраас амжилттай ажиллаж байна. Ойр тойрны сайхан сэтгэлтэй хүмүүс намайг их дэмжсэн. Манай эмнэлгээр герман, америк, вьетнам, хятад гээд олон үндэстний хүмүүс олноороо үйлчлүүлдэг. Монгол Улсдаа хөрөнгө оруулж байна гэж бодоод би монголчууддаа хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг. Монгол хүн орж ирэхээр маш их баярлаж, сайхан үйлчлээд гаргахыг хичээдэг. Монгол чихрээрээ дайлна.
Нэгдүгээр эмнэлэгтээ ажиллаж байгаа юм шиг санагдах үе ч бий. Би зөвхөн эмчлэхээс гадна үйлчлүүлэгчдэдээ эрүүл мэндийн зөвлөгөө өгдөг. Хятадын анагаах ухааны онолоор хүний биед дөрвөн үндсээр нь үзлэг хийж, онош тавьдаг. Тухайлбал, харна, тэмтэрнэ, мэдэрнэ, ажиглана.
Биеийн үзлэгийг ээжийнхээ зааж өгснөөр тэмтэрч, барьж үзнэ. Задлаад, шинжлээд эцэст нь нэгтгээд ерөнхий оношийг гаргадаг даа. Өдгөө хүмүүс энгийн, химийн бус эмчилгээнд маш их дуртай болсон. Ер нь хүн өөрийгөө мэдэрч байх хэрэгтэй. Хүний бие эзэндээ дохио өгдөг юм шүү дээ. Тэрийг л мэдрээд дор нь эмчид үзүүлж, эмнэлэгт шинжилгээ өгөх хэрэгтэй.
-Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг алсаас харахад, танд юу бодогддог вэ?
-Манай эрүүл мэндийн салбар сайжирч байна. Аав, ээж маань өөдрөг бодолтой хүмүүс, би ч аль болох өөдрөг, сайхан бодолтой явахыг хичээдэг. Болохгүй юм харагддаг, ажиглагддаг ч сайхан ирээдүй биднийг хүлээж байна. Залуу эмч нар маань хэл устай, мэдлэгтэй болж, технологийн эрин үетэй хөл нийлүүлэн алхаж байна. Элэг цөс, хавдрын эмч залуус мундаг байна. Олон сайн эмнэлэг байгуулагдаж байна. Гадаад явж эмчлүүлдэг монголчуудын урсгал маш их багасч байна.
-Та Монгол эмэгтэйчүүдийн талаар ямар бодолтой байдаг вэ?
-Монгол эмэгтэйчүүд маш ухаантай, хүчтэй, цусандаа галтай. Тэр генээр нь харагддаг юм. Азийн бүх улсын эмэгтэйчүүдээс маш их өөр, онцлогтой. Манай эмэгтэйчүүд ямар ч зовлон, бэрхшээлийг даван туулж, ямар ч амьдралыг босгох хүчтэй юм шүү.
-Та манай ажил, бизнес, амьдралынхаа төлөө явж буй завгүй бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгнө үү?
-Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн форумд зориулсан энэхүү дугаарт Монголын бизнес эрхлэгч хүчирхэг эмэгтэйчүүдтэй хамт орох завшаан тохиож буйд баяртай байна. Монгол бүсгүйчүүддээ захих зүйл бол та бүгд ямар ч салбарт, ямар ч түвшинд ажиллаж байсан хийж буй ажилдаа битгий зовж шаналаарай гэж хэлье.
Өөртөө цаг гаргаарай. Өглөөний нартай уралдан босоод өдөржин ажиллаад орой л гэртээ харьж байгаа та хэдэн настай байхаас үл хамаарч өдрийн нэгээхэн хормыг өөртөө зориулаарай. Фитнест ор, найзуудтайгаа зугаал гэж хэлэхгүй. Өглөө нөхөр, хүүхдүүдээ ажил сургуульд нь явуулчихаад, эсвэл оройн цагаар тэднийгээ унтуулчихаад гэрийнхээ аль нэг хэсэгт, дуртай газраа суугаад дуртай жимсээ хажуудаа тавиад утсаараа дуртай дуугаа сонсож ч болно шүү дээ. Учир нь ертөнцийн бүх юм сайнтай, муутай. Дандаа шулуун замаар явахгүй.
Олон өнгөтэй амьдралын нэгэн өдөр янз бүрийн энергитэй хүмүүстэй таарч болно. Тэд чамайг магтаж, бас муулна. Энэ бүхнийг “Энэ байдаг л зүйл” гэж хүлээж авч байгаарай. Ингэж чадвал бүсгүй та маш хүчтэй болно. Дотоод хүчээ чангал. Биеэ биш сэтгэлээ чангалж юмсыг тайван хүлээж ав. Цээжээ урагшаа түрээд нуруу цэх сууж, гүнзгий амьсгал авч гаргаарай. Маш гоё ихэмсэг бай, эмэгтэйчүүд минь.
-Та эмнэлгийн үйлчлүүлэгчдэдээ хандан юуг голлон зөвлөдөг вэ?
-Үйлчлүүлэгчид мөн хүмүүст миний байнга хэлдэг нэг зүйл бий. Хүн болж төрсөн заяандаа маш их баярлаж таларх. Эзэмшсэн мэргэжил, монгол заяандаа талархаж ажлаа хий. Өдөр бүр хөмсөгөө зангидаж битгий амьдар. Үүнийг би залууст ч хэлмээр санагддаг. Өнөөдрийн энэ цаг мөчдөө таларх. Хоёулаа ярилцаад сууж байгаадаа таларх. Өнөөдрийн төлөө гээд хундага тулга. Би үүнийг залууст хэлэх дуртай. Уушгинд чинь агаар байна, чи өвдөөгүй байна, чи хавдаргүй байна. Энэ бол маш том аз. Өглөө сэрээд амьдралд таларх. Хийж буй зүйлээ аз жаргалтайгаар хий. Өнөөдрөөрөө амьдарч, өнөөдрийн бүх зүйлд баярла.
Өнгөрснийг бодож бүү гунигла. Сэтгэлдээ харамсал гуниг бүү тээж яваарай. Тийм зүйл байвал уучил, хүлээн зөвшөөр.
Хүн ерөөсөө амны билгээр байдаг. Таны амнаас сайхан үг гарвал та буцаад сайхан зүйл сонсоно. Ирээдүйд болоогүй зүйлд битгий санаа зовж, нойроо хас. Амьдрал сайхан. Эх орон маань хөгжинө, мөнх хөх тэнгэр дор Монгол Улс үүрд мандан бадарна.
Монгол бүсгүйчүүддээ зөвлөе
Эмэгэтэйчүүддээ өдрийн нэгээхэн хормыг өөртөө зориулж сураарай гэж хэлье. Фитнест ор, найзуудтайгаа зугаал гэж хэлэхгүй. Тархиа амраа. Гүнзгий амьсгаа авч, таашаал мэдэр. Ямар гоё юм бэ гэж тэр агшныг зүрх сэтгэлээрээ мэдэр. Өөрийгөө тайвшруулж, дотор хүнтэйгээ ярь. Өөрийгөө магтаж, өөрийгөө хайрлаарай. Энэхэн цаг минутыг өөрийнхөө ертөнц болгон хувирга. Битгий юмнд адгуу юм шиг гүй. Үүнийг л амжуулчихвал, тэрийг л хийчихвэл гэж адгаж бүү яваарай. Учир нь ертөнцийн бүх юм сайнтай, муутай. Цээжээ урагшаа түрээд нуруу цэх сууж, гүнзгий амьсгал авч гаргаарай. Маш гоё ихэмсэг бай, эмэгтэйчүүд минь.
