​Яагаад бид цөөн өдөр ажиллах ёстой вэ

Mongolian Economy
2020-01-19 12:39:36
Ангилал: Дэлхий дахинд

Хэрэв дэлхийн бүх иргэн Европ иргэдтэй адил хэмжээний түлш, хүнс, хувцас, барилгын материал хэрэглэх эхэлвэл бидэнд 2.8 дэлхий хэрэгтэй болно. Харин бүх хүн америк хэв маягаар аж төрж эхэлвэл таван дэлхий шаардлагатай. Энэ жилийн долдугаар сарын 29 түүхэн дэх хамгийн эрт Earth overshoot day болов. Дэлхийн нэг жилд бий болгох экологийн эх үүсвэрийг хүн төрөлхтний эрэлт давж гарах өдрийг ийн нэрлэдэг бөгөөд олон улсын судалгааны Global footprint network байгууллага үүнийг тогтоодог юм. Хамгийн сүүлд 1972 онд энэ өдөр арванхоёрдугаар сард тохиосон бөгөөд түүнээс хойш тогтмол наашилсаар ирэв.

Тэгвэл үүнийг өөрчлөх шинэ санаачилга бий болоод байна. Энэ бол хүн төрөлхтөн бага ажиллаж, үүний үр дүнд дэлхийн эдийн засгийн өсөлтийг сулруулан, улам их зүйл эдэлж хэрэглэх гэсэн хүмүүсийн дуусашгүй шунал, хүслийг багасгах юм. Гэхдээ эл санаачилга дэлхийг аварч чадах болов уу?

Хязгааргүй зүйл гэж үгүй
Олон улсын хэмжээнд хүмүүсийн ажиллах хэв маягийг өөрчлөх нь тунчиг амаргүй зорилго юм. Америкчууд долоо хоногт дунджаар 44 цаг ажиллаж, жилд 10 өдөр амардаг бол Хятадад 72 цаг, ажлын зургаан өдөр нь хэвийн зүйл болжээ. Харин япончууд маш олон цаг ажилладагаараа алдартай бөгөөд “хэт их ажиласнаас нас барах” гэсэн утгатай кароши гэсэн үг хүртэл бий.

Тэгвэл Амхерст дэх Массачусетсийн их сургуулийн нэгэн судалгаанд “бага ажиллах нь хүрээлэн буй орчинд ээлтэй” гэж дурджээ. Хэрэв бид ажлын цагаа 10 хувиар бууруулвал хүн төрөлхтний бий болгож буй нүүрстөрөгчийн хэмжээ 14.6 хувиар багасах бөгөөд энэ нь хоолны цагаараа хэрэглэдэг өндөр илчлэгтэй хоол, хүнсний хэмжээ багассанаас шалтгаалах аж. Харин долоо хоногт нэг бүтэн өдөр амарвал нүүрстөрөгч ялгаруулалт 30 хувиар багасна.
Уур амьсгалын өөрчлөлтийг бид аж үйлдвэр, том бизнесүүдтэй холбож буруутгах дуртай. Гэвч бидний амьдарч, ажиллаж, хэрэглэж буй арга зам нь уур амьсгалын өөрчлөлтийн гол эх үүсвэр юм. Бидний худалдаж авч буй эд зүйл дэлхийн хүлэмжийн хийн эх үүсвэрийн 60 хувь, дэлхийн усны хэрэглээний 80 хүртэлх хувийг эзэлдэг болохыг Норвегийн шинжлэх ухаан, технологийн их сургуулийн судалгаа харуулжээ. Гэвч тэрхүү хэрэглээг улам их өсгөх нь эдийн засгийн үндэс суурь билээ. Сюррэйгийн их сургуулийн профессор Тим Жэксоны Prosperity without growth номд дэлхийн эдийн засаг 1950 оноос хойш жил бүр дунджаар 3.65 хувиар өсч ирсэн гэж дурджээ. Хэрэв энэ маягаар цааш үргэлжилвэл дэлхийн эдийн засаг 2100 онд 1950 онтой харьцуулвал 200 дахин, харин хөгжиж буй улсууд хөгжлийн энэ эрчээ хадгалвал 326 дахин томрох гэнэ. “Эдийн засгийг тогтмол өсгөж, хөгжүүлэх нь экологичдийн хувьд гамшиг юм. Хязгаарлагдмал системийн нэг ч дэд систем нь хязгааргүй өсөх боломжгүй” гэж Т.Жэксон эл бүтээлдээ онцолсон билээ.


Бага ажиллах замаар эх дэлхийгээ аврах санаачилга нь дотроо хоёр зөрчилдөөнт үзэл баримтлагчдаас бүрддэг. “Green growthers” бол ажлын цагийг бага хэмжээгээр бууруулж, технологи, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх замаар цалингйн хэмжээг хэвээр үлдээхийн зэрэгцээ эдийн засгийг үргэлжүүлэн өсгөх боломжтой гэж үздэг. Харин “de-growther”-үүд цалин, ажлын өдөр, эдийн засгийн өсөлтийг бууруулснаар 2050 онд нүүрстөрөгч ялгарлыг тэг хэмжээнд хүргэх зорилтод хүрнэ гэж баталдаг.

Green growthers
Долоо хоногт цөөн өдөр ажиллах болон ногоон өсөлтийн талаарх санаа сүүлийн жилүүдэд хүчээ авч байна. Өнгөрсөн жил Германы төмөрлөгийн салбарын ажилчид долоо хоногт 28 цаг (өмнө нь 35 цаг байсан) ажиллах эрхтэй болсон бол Их Британийн Хөдөлмөрийн нам үндэсний хэмжээнд долоо хоногт дөрвөн өдөр ажиллах санаа цухалзуулж байлаа. Түүнчлэн Их Британийн шуудангийн ажилчид ажлын цагаа 39-өөс 35 цаг болгож бууруулсан ч цалингаа хэвээр хадгалж үлдсэн тохиолдол бий. Хүмүүсийн ажиллах хугацааг 20 хувиар бууруулснаар ажил гэрийн хооронд явах нь багасч, гадуур бус гэртээ хооллох нь нэмэгдэж, гэр бүлдээ эсвэл сайн дурын ажилд зориулах цаг ихсэх зэргээр хүрээлэн буй орчинд ээлтэй нөлөө нь ихэсдэг гэж New economic foundation-ий Алис Мартин өгүүлжээ.

Гэвч түүний хэлснээс эсрэг зүйл ч болох магадлалтай. Дөрвөн өдөр ажиллаж, таван өдрийн цалин авах боломжтой болсноор хүмүүс амралтын өдрөөрөө харин ч гэртээ амрах бус дэлгүүр хэсэх, гадуур хооллох, аялах зэргээр хэрэглээгээ улам нэмэгдүүлэх боломжтой.

De-growthers
Хүмүүсийн хэрэглээг багасгах цорын ганц арга бол тэдний орлогыг бууруулах гэж de-growthers үздэг. Тэд ажлын дөрвөн өдрийг бүрэн дэмждэг ч хүмүүсийг дөрвөн өдрийн цалин авах ёстой гэсэн хатуу байр суурь баримталдаг. Degrowth бол эрс, бүр тэрслүү гэж болохоор эдийн засгийн үзэл баримтлал юм.
Дотоодын нийт бүтээгдэхүүн нь 1930-аад оноос хойш эдийн засгийн амжилтыг хэмжих гол хэмжүүр байсаар ирсэн. Гэвч хязгаарлагдмал эх үүсвэртэй дэлхий гараг дээр дуусашгүй өсөлт нь хэзээ нэгэн цагт зогсох аюултай. Тийм ч учраас Club of Rome футурист байгууллагын 1972 онд гаргасан Limits to Growth номд “байгалийн нөөц бололцоо 2072 онд эцэстээ хүрэх бөгөөд үүний улмаас хүн ам, аж үйлдвэрийн хүчин чадал гэнэт, хянахын аргагүйгээр буурна” гэж дурдсан биз ээ.


Энэ чиглэлийн тэргүүлэх эдийн засагч Серж Латуш хэлэхдээ “Degrowth бол доройтох эсвэл зовохын нэр биш. Харин degrowth-ийг сайн дураар эрүүл хооллохтой зүйрлэж болно. Үүний ачаар өөрийгөө хангах боломжтой, материаллаг эд зүйлсийн хувьд хариуцлагатай нийгэм бий болно” гэжээ.

Орлогын зөрүүнд учир бий юу
Дундаж ажилтнууд бус өндөр орлоготой хүмүүс нүүрстөрөгч ялгарлын гол эх үүсвэр болдог. Oxfam олон улсын байгууллагын мэдээллээс үзвэл дэлхийн иргэдийн хамгийн баян 10 хувь нь нүүрстөрөгчийн ялгарлын тал хувийг эзэлдэг бол 50 хувийг эзэлдэг ядуу хүмүүсийн ялгаруулдаг нүүрстөрөгч нь ердөө 10 хувь ажээ. Тиймээс “баячуудаас ядууст” баялгийг ахин хуваарилах асуудлыг degrowth-той холбож авч үзэхээс өөр аргагүй гэж Лийдсийн их сургуулийн профессор Милена Бухс өгүүлсэн. Үүнийг хэрэгжүүлэх нэг арга бол Универсаль үндсэн орлого (UBI) юм.
UBI-г хэрэгжүүлэхийн тулд халамжийн адармаатай систем ажиллуулахын оронд тухайн улсын бүх иргэнд улсаас жил бүр тодорхой хэмжээний мөнгө (ойролцоогоор 12 мянган доллар) өгөх ёстой юм.
“Ажлын цагийг багасгахтай адилаар UBI нь degrowth-ийн чухал үзэл санааны нэг юм. Гол санаа нь хүн бүр бага ч болов орлогын эх үүсвэртэй болсноор амин чухал хэрэгцээгээ хангах боломжтой болно” гэж М.Бухс тодорхойлов. Түүний дэвшүүлж буй өөр нэг санал бол Универсаль үндсэн үйлчилгээ (UBS): хүмүүст сул мөнгө өгөхгүй, харин эрүүл мэнд, боловсролын бүх үйлчилгээг үнэ төлбөргүй санал болгоно.

Хүн төрөлхтний ирээдүй
Хэрэв бид долоо хоногт дөрвөн өдөр ажиллавал тэгш бус байдал буурч, наслалт, боловсролын түвшин бүгд нэмэгдэх боломжтой. Henley Business School-ийн судалгаагаар дөрвөн өдөр ажилладаг компанийн ажилчдын дөрөвний гурав нь (78 хувь) илүү аз жаргалтай, бага стресстэй (70), бага өвддөг (62) аж.

Энэ бүхэн хүрээлэн буй орчинд бодитой нөлөө үзүүлэхийн тулд хүмүүс бид бага орлого олж, бага хэрэглэж, арвич хямгач амьдрах шаардлагатай. Гэвч ийм амьдралыг хүмүүс сонгох эсэх талаар М.Бухсаас лавлахад “Бидэнд degrowth үнэхээр хэрэгтэй боловч улс төрийн үүднээс авч үзвэл ингэх боломжгүй. Чин үнэнийг хэлэхэд үүнд өгөх тохиромжтой хариулт надад алга” гэсэн юм.

Магадгүй бидэнд сонголт байхгүй биз. Зохиолч Эрик Ассадуриан The path to degrowth in overdeveloped countries номдоо “Дэлхийн хүн амын тоо тогтмол нэмэгдэж, тэд улам хэрэглээ ихтэй болж байгаа энэ цаг үед нийгмийн лидерүүд хүлээн зөвшөөрөх эсэхээс үл хамаарч дэлхий гарагийн байгалийн нөөцийн хязгаарлагдмал байдал нь эдийн засгийн байнгын өсөлтийн тухай үлгэр домгийг бут цохих болно. Тиймээс degrowth бол хүн төрөлхтний ирээдүй” гэж бичжээ.

Earth overshoot day 50 жилийн дотор арванхоёрдугаар сарын 29-өөс долдугаар сарын 29 болж таван сараар урагшлаад байна. Ирэх 50 жилд ийм хурдаар явбал тун харамсалтай үр дүнд хүргэх юм.

Эцэст өгүүлэхэд өмнө дурдсан Limits to growth номын зохиолчид шинэ мэдээлэл, судалгаа ашиглан таамаглалаа 2012 онд шинэчилсэн аж. Энэ удаад тэдний таамаг тун гутранги байлаа. 1972 онд тэд байгалийн нөөц 2072 онд дуусна гэж дүгнэсэн бол энэ удаад 2030 он гэж тооцоолсон юм.

 

ВВС-ийн сэтгүүлч Тим Смедлигийн нийтлэлийг товчлон орчуулав

Mongolian Economy