Яагаад квант компьютерийг үл тоож болохгүй вэ

Mongolian Economy
2023-03-31 11:31:33
Ангилал: Дэлхий 2023 онд

Квант компьютерийн үүсгэх аюулгүй байдлын эрсдэлийг анхаарах цаг ирлээ гэж SandboxAQ-ийн Гүйцэтгэх захирал Жак Хидари анхааруулав

Квант технологи нь анагаах ухаан, материалын шинжлэх ухаан, банк, цэвэр эрчим хүч гээд нийгмийн бүхий л талбарт гүн нөлөөлж байна. Харилцаа холбоо, компьютерчлэл, квант мэдрэгч, симуляц зэрэг технологи олон давуу талыг бий болгоно. Мөн олон улсын кибер аюулгүй байдлын бүтцийг ихэд өөрчлөх бөгөөд эл процесс 2023 онд эхэлнэ. 

Квант компьютерийг бүтээх явц үргэлжилж байна. Гэвч ийм компьютер улам хүчирхэг, найдвартай болох тусам банкны гүйлгээ, Засгийн газрын нууц мэдээлэл, оюуны өмч зэрэг нууц мэдээллийг дамжуулж, хадгалахад аюултай болно. Учир нь квант компьютер нь мэдээллийн холбоо, хадгалалтын аюулгүй байдлыг хангаж, дэлхийн эдийн засгийн суурь болдог шифрлэлтийн системийг эвдэх чадвартайгаараа одоогийн компьютерээс ялгаатай.

Нэг л өдөр ингэх боломжтой болно гэдгийг гэмт хэрэгтэн, хорон санаатнууд мэдэж байгаа төдийгүй нууц мэдээлэл олж авахын тулд гар хумхин суухгүй байна. Тэд “одоо хадгалж, дараа тайлах” (SNDL) дайралтыг хийж, хожим квант компьютерээр нууцыг нь тайлах зорилгоор мэдээлэл хулгайлж буй. Ийм мэдээллийг тайлж унших боломж 2030 он гэхэд нээгдэх аж. Хэрэв тийм зүйл болвол хорон санаатнуудын өдгөө хулгайлсан мэдээлэл найман жилийн нууцлалын хугацаатай болох юм. 

Олон жилийн дараа нууц кодыг нь тайлах үед үнэ цэнээ хадгалсаар байх оюуны өмч болон бусад мэдээллийг гэмт хэргийн бүлэглэлүүд онилж байна. Тиймээс квант компьютерууд сайжрах тусам усан доороос шумбагч онгоц гарч ирдэг шиг гэнэт ил болох их өгөгдөлд “шумбагч завины шифрлэлт” хийх магадлал бий. 

Энэ бол маргаашийн бэрхшээл биш бөгөөд өдгөө ч SNDL дайралт явагдсаар байна. Нэгэнт хулгайлагдсан бол шифрлэсэн мэдээллийг хамгаалах аргагүй. Жишээлбэл, сансрын хөлгийн загвар хулгайлагдсан бол компани ирээдүйн орлогоосоо олон тэрбумыг алдана. Мөн төлөвлөгөө нь дайсны гарт орвол тухайн улсын цэрэг, тагнуулын үйл ажиллагаа эрсдэлд орно (нэн чухал систем, өгөгдлийг хамгаалах зорилгоор улсууд квант компьютерийн хардвэр бий болгохоор ажиллаж байна).

Үүний хариу болгож квант эсэргүүцэгч шифрлэлтийн систем буюу ирээдүйн квант компьютер ч дийлэхгүй нууцлалын шинэ төрлийг бүтээхээр судлаачид ажиллаж эхэлсэн. Эдгээрийг нийтэд нь “пост-квант” шифрлэлт (PQC) гэдэг. 

PQC-ийн шинэ стандарт бий болгохоор зургаан жил үргэлжилсэн олон улсын хамтын ажиллагааны үр дүнг Америкийн Технологи, Стандартын үндэсний институт (NIST) 2022 онд зарласан. Эдгээр алгоритмыг хөгжүүлж, баталгаажуулахын тулд 25 орны шинжээч ажиллажээ. PQC шилжүүлэх стратеги болон ирээдүйн хардвэр, софтвэрийн моделийг гаргахаар дэлхийн тэргүүлэх 12 компаниас бүрдсэн National Cybersecurity Centre of Excellence-ийг NIST байгуулав.

Үүний үр дүнд Засгийн газар, корпорац, технологи нийлүүлэгчид нь PQC рүү хийх шилжилтийг эхлүүлэхэд хэрэгтэй орчныг бий болгоно. Эл процессийг Засгийн газар, корпорациуд эхлүүлэх учир ирэх хоёр жил нэн чухал юм. 

Шинэчлэх ёстой бүх төхөөрөмж, системийг тодорхойлж, олон NIST алгоритмын алийг нь тухайн үйлдэлд тохируулан системийг “криптод нийцтэй” болгох (ирээдүйд хялбар шинэчлэх боломжтой гэсэн үг) вэ гэдэг нь хэдэн жил зарцуулах хүнд даалгавар юм. Бүх гар утас, лаптоп, десктоп, сервер, вэбсайт, мобайл апп болон машин, усан онгоц, нисэх онгоц, дэд бүтцэд суулгасан нэмэлт системүүд гээд дэлхий даяар 20 тэрбум төхөөрөмжид PQC программын шинэчлэл хийх ёстой. 

Энэ шалтгаанаар 2023 он бол кибер аюулгүй байдал, квант технологийн эко системийн хувьд шийдвэрлэх үе болно. Одоогийн болон ирээдүйн аюул заналаас хамгаалахын тулд энэ жил төрийн болон хувийн байгууллагууд шилжих процессоо эхлүүлнэ. 

Кибер аюулгүй байдлын эрсдэлд давуу тал бий: энэ нь бусад салбарт квант технологийг нэвтрүүлэх ойлголт, хүслийг төрүүлнэ. Санхүүгийн үйлчилгээ, эрүүл мэнд, эм, харилцаа холбоо, тээвэр, батлан хамгаалах зэрэг салбарын алсаа харсан компаниуд судалгаа, хөгжүүлэлтээ ахиулах, зах зээлд санал болгох бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулж, инновац гаргахын тулд 2023 оноос эхэлж квант компьютерийн нөөц боломжийг судална.

 

Эх сурвалж: Дэлхий 2023 онд дугаар, “Шинжлэх ухаан, технологи” булан

The Economist сэтгүүлийн онцгой зөвшөөрлийн хүрээнд Mongolian Economy хүргэж байна.

 

 

 

 

 

Mongolian Economy