Яап ван Хиердэн: Хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлснээр экосистемд ирэх дарамт буурна
Байгальд ээлтэй тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Яап ван Хиердэнтэй ярилцлаа.
-Энэ өдрүүдэд Нэгдсэн Үндэсний Байгууллага 80 жилийн түүхэн ойгоо тэмдэглэж байна. Тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилт, цаашдын үйл ажиллагааны чиглэлээр НҮБ-ын Ерөнхий ассемблэйгээс гаргасан шийдвэрүүдийн талаар та манай уншигчдад товч мэдээлэл өгнө үү? Тогтвортой хөгжлийн зорилт, ногоон хөгжлийн асуудлууд бол төрийн ажил гэсэн түлхүү ойлголт манайханд байдаг. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
–НҮБ-ын 80 жилийн ой бол Монгол Улс болон НҮБ-ын хоорондох хамтын хөгжил дэвшил болон бат бөх хамтын ажиллагааг дүгнэх түүхэн мөч юм. Энэхүү хамтын ажиллагаа маань олон арван жилийн хугацаанд институцүүдийг бэхжүүлж, хүний хөгжлийг урагшлуулж, хүн төрөлхтөн болон дэлхий гарагийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулжээ. 2030 он ойртож буй энэ үед Тогтвортой хөгжлийн зорилгуудыг (ТХЗ) улам шуурхай хэрэгжүүлэх хүсэл эрмэлзлээ НҮБ-ын Ерөнхий ассемблей саяхан дахин нотолсон.
Үүнтэй холбоотой нэн чухал шийдвэрүүдийн тоонд хөгжлийн санхүүжилт, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагааг сайжруулах, салбар болон улс хоорондын хүртээмжтэй хамтралыг нэмэгдүүлэх багтаж байна. Гол нь ТХЗ-ыг хэрэгжүүлэх нь зөвхөн засгийн газрын үүрэг хариуцлага биш юм. Үүнд бүхий л талуудын хүчин чармайлт хэрэгтэй бөгөөд иргэд, иргэний байгууллага, боловсролын байгууллага, хувийн хэвшил ихээхэн үүрэг гүйцэтгэнэ. Бизнесийн байгууллагууд нь инновац, хөрөнгө оруулалт, ажил эрхлэлтийг дэмждэг. Тэд бол ногоон технологи нэвтрүүлэх, хүртээмжтэй өсөлтийг дэмжих, хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэх зэргээр тогтвортой хөгжлийн зорилгуудтай нийцсэн өөрчлөлтийг авчрах хүчирхэг үндэс суурь юм. ТХЗ бол зөвхөн хяналтын хуудас бөглөх үйл хэрэг биш. Энэ бол илүү сайхан ирээдүйг бүтээх гарын авлага мөн. Гэхдээ тэрхүү ирээдүйд хүрэх эсэх нь хамтын үүрэг хариуцлага, үйлдлээс шалтгаална.
–Монгол Улсын Засгийн газраас уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгийг төрөлжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх хүрээнд аялал жуулчлалыг тэргүүлэх салбар гэж үзэж, бодлого хөтөлбөрөө чиглүүлж байгаа. Та үүнтэй санал нэгдэх үү?
-Тийм ээ, санал нийлж байна. ДНБ-ий 30 орчим хувь, экспортын 94 хувь, улсын төсвийн 33 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 79 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбараас Монголын эдийн засаг ихээхэн хамаардаг. Тиймээс урт хугацаанд тогтвортой хөгжихийн тулд эдийн засгаа төрөлжүүлэх нь нэн чухал юм. Үйлчилгээний салбар, нэн ялангуяа аялал жуулчлал ихээхэн ирээдүйтэй харагдаж байна.
Монголын өвөрмөц байгаль, нүүдэлчин өв уламжлал, биологийн баялаг төрөл зүйл нь эко аялал жуулчлал, соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх нэн таатай суурь болж чадна.
Гадаадын жуулчдыг татсанаар Монгол Улс үйлчилгээний салбараа өргөжүүлэн тэлэхээс гадна хөдөө орон нутагт, тэр дундаа уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтөд өртсөн нутгуудад тогтвортой амьжиргааг бий болгох боломжтой юм.
–Энэ жилийн “ITM Mongolia 2025” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн “Тогтвортой аялал жуулчлал-Төв Ази” сэдвийн дор зохион байгуулж байгаа. Аялал жуулчлалын салбарын тогтвортой хөгжлийг хангах, бүс нутгийн эдийн засгийн интеграцийг нэмэгдүүлэх чиглэлээр Монголын аялал жуулчлалын холбоо санаачилга гаргаж энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байна. Хувийн хэвшлийн энэхүү санаачилгыг та бүхэн хэрхэн хүлээн авч байгаа вэ?
–“Тогтвортой аялал жуулчлал-Төв Ази” сэдвийн хүрээнд ITM Mongolia 2025 арга хэмжээг зохион байгуулж байгаа Монголын Аялал жуулчлалын холбоонд баяр хүргэе. Тогтвортой хөгжлийг бий болгоход хувийн хэвшил тэргүүлэгч үүрэг гүйцэтгэж буйн нэг тод жишээ нь энэхүү арга хэмжээ болж байна. НҮБ-ын Даян дэлхийн гэрээ, НҮБ-ын Бизнес ба Хүний Эрхийн Удирдах Зарчмууд зэрэг санаачилгаар дамжуулж НҮБ бизнесүүдтэй идэвхтэй хамтран ажилладаг юм. Жишээлбэл, байнгын ажлын байраар хангах, хүртээмжтэй бизнесийн арга барил хэрэгжүүлэх зэргээр ядуурлыг устгах ТХЗ 1-ийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшлийн үүрэг роль нэн чухал. Хариуцлагатай аялал жуулчлалыг бодлоготой хэрэгжүүлвэл экосистемд ирэх дарамт буурч, орон нутгийн эдийн засгийг дэмжиж, байгаль орчны хамгааллыг сайжруулах бүрэн боломжтой. Энэ нь хүн төрөлхтөн, байгалийн аль алинд ач тустай гэдэг нь гарцаагүй.

–Хөгжлийн стратеги, бодлогоо бид зөв төлөвлөж, удирдахгүй бол хог хаягдал, орчны бохирдол зэрэг сөрөг асуудал гардаг. Тиймээс байгальд ээлтэй тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэхэд гол анхаарах асуудлуудыг юу гэж үзэж байна вэ? Энэ чиглэлд НҮБ хэрхэн хамтран ажиллах боломжтой вэ?
–Хог хаягдал, бохирдол, экосистемийн доройтол зэрэг таагүй үр дагавараас зайлсхийхийн тулд тогтвортой аялал жуулчлалыг маш зөв төлөвлөж, хэрэгжүүлэх хэрэгтэй. Эдгээрээс хамгийн чухал нь:
Байгаль орчныг хамгаалах: бүсчлэл, хог хаягдлын менежмент, нөлөөлөл багатай дэд бүтэц зэргээр дамжуулж эмзэг байгаль орчин, биологийн олон янз байдлыг хамгаалах.
Иргэдийн оролцоо: аялал жуулчлалаас орон нутгийн иргэд эдийн засаг болон соёлын хувьд ашиг шим хүртдэг байх.
Мэдлэгжүүлэх: хариуцлагатай аялах зан үйл болон байгаль орчинд бага нөлөө үзүүлэх соёлыг дэмжин сурталчлах.
НҮБ техникийн тусламж, бодлогын зөвлөгөө, чадавхыг сайжруулах замаар Монгол Улсыг дэмжиж ажилладаг. Аялал жуулчлалын төлөвлөлтөд тогтвортой хөгжлийг багтаах, эко аялал жуулчлал, орон нутагт тулгуурласан аялал жуулчлал зэрэг загварыг хөгжүүлэхэд туслахын тулд бид үндэсний болон орон нутгийн хэмжээний оролцогч талуудтай нягт хамтран ажиллаж байна.
–Байгальд ээлтэй, ногоон технологийг нэвтрүүлэх нь аж ахуйн нэгжүүдэд өндөр өртөгтэй тусдаг. Нөгөө талдаа санхүүгийн зах зээл дээр ногоон санхүүжилтийн хэмжээ ихсэж байна. Тэгвэл санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ногоон хөрөнгө оруулалтыг дэмжих олон улсын сайн жишиг, оновчтой механизм юу байна вэ? Монголд нэвтрүүлэх боломж бий юу?
-Ногоон технологийг ашиглахад эхэндээ хөрөнгө оруулалт, зардал их шаарддаг ч олон улсын туршлагаас харахад санхүүгийн зорилтот механизмууд нь хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг нээж, санхүүгийн хүртээмжийн сайжруулж эхэлсэн. Энэ талын сайн жишээнүүдээс дурдвал:
–Ногоон ангиллын тогтолцоо: Санхүүжилт авах боломжтой төслийг тодорхойлоход нь санхүүгийн байгууллагуудад туслах зорилгоор өөрийн гэсэн ногоон ангиллын тогтолцоо зэрэг ангиллын тодорхой системийг бий болгох.
–Хосолмол санхүүгийн загварууд: Концесс, баталгаа зэргийг ашиглах, эрсдэлийг бууруулахын тулд төрийн болон хувийн хөрөнгийг хослуулан ашиглах.
–Ногоон бонд, тогтвортой хөгжилтэй холбоотой зээл: санхүүгийн шалгуурыг байгаль орчны гүйцэтгэлтэй холбохын зэрэгцээ хөрөнгө татан төвлөрүүлэх.
Монгол Улс эдгээр чиглэлд ихээхэн ахиц дэвшил гаргаж байна. Тогтвортой санхүүгийн үндэсний замын зураг, Ногоон ангиллын тогтолцоо болон Монголын тогтвортой санхүүжилтийн холбооны ажлууд нь тун сайн суурь болж эхэлсэн. Олон улсын тусламж дэмжлэг, дэлхийн стандартуудтай нийцүүлэх замаар Монгол Улс ногоон санхүүжилтээ улам нэмэгдүүлж, тогтвортой хөрөнгө оруулалтаас хүртэх боломжтой. Ялангуяа байгаль орчны болон эдийн засгийн үр ашиг бүхий хариуцлагатай аялал жуулчлалд энэ нь бүр их хамаатай.
–Тогтвортой хөгжлийн чиглэлд орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх гэж бий. Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой уламжлалт аж ахуйгаас гадна малчдын орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх шаардлага гарч байна. Аялал жуулчлал шийдэл нь байх боломжтой юу?
–Тийм ээ, боломжтой. Хэрэв зөв бодлоготой хэрэгжүүлэх юм бол аялал жуулчлал нь Монголын соёлын өв, гайхамшигт байгалийг улам үнэ цэнтэй болгох орлогын маш боломжийн эх үүсвэр болж чадна. Орон нутагт түшиглэсэн аялал жуулчлал нь уламжлал соёлоо сурталчлах, жуулчид хүлээж авах, газар нутгаа доройтуулалгүй орлого олох зэргээр малчид, орон нутгийн иргэдийг дэмжих маш зөв зүйтэй арга юм.
Газарчилж аялуулах, гэртээ жуулчин хүлээж авах, эко аялал жуулчлал зохион байгуулах зэргээр хариуцлагатай аялал жуулчлалыг дэмжих замаар Монгол Улс бэлчээрийн даац хэтрэлт, хөрсний доройтол зэргээс үүдэж буй ихээхэн дарамтыг бууруулж чадна.
Хөгжлийн хөтөлбөрүүд хэрэгжүүлэх, чадавхыг дэмжих, орон нутгийн иргэд, байгууллагыг тогтвортой жуулчлалын зах зээлтэй холбох зэргээр НҮБ эдгээр хүчин чармайлтыг дэмжин ажиллаж байна.
–Хариуцлагатай аялал, аялагчийн талаар ярих нь зүйтэй байх. Зөв дадал, зуршлыг хэвшүүлэх, түгээх, сурталчлах зэргээр иргэдэд чиглэсэн ямар ажлуудыг, аль түвшинд хийвэл үр дүнтэй вэ?
–Хариуцлагатай аялал нь хариуцлагатай аялагчаас эхэлдэг. Олон нийтэд мэдлэг мэдээлэл олгох кампанит ажлууд, зан авирыг өөрчлөх санаачилга зэрэг нь байгаль, соёл, орон нутгийг хүндлэх сэтгэлийг суулгахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Дараах аргуудыг хэрэгжүүлбэл тун үр дүнтэй байдаг.
Үндэсний хэмжээний кампанит ажил: хэвлэл мэдээлэл, сургууль, олон нийтийг хамарсан арга хэмжээ зэргээр дамжуулан хариуцлагатай аялал жуулчлалыг сурталчлах.
Орон нутгийн оролцоо: хөтөч, хост айл, орон нутгийн удирдлагуудад тогтвортой аялал жуулчлалын практикийг бий болгох, хэрэгжүүлэх арга замуудыг таниулах.
Дижитал платформууд: байгальд ул мөр үлдээхгүй аялах талаарх зөвлөгөө, түүх, зааврыг нийгмийн сүлжээ болон апп ашиглах түгээх.
Олон улсын тэргүүн туршлагаар хангах, хамтын ажиллагааг дэмжих, ялгаатай оролцогч нарт зориулсан мессежийг бий болгох зэргээр НҮБ эдгээр санаачилгыг дэмжиж ажилладаг юм.
–ЮНЕСКО “Рио Тинто” Монгол компанийн дэмжлэгээр Өмнөговь аймагт Геопарк байгуулах төслийг эхлүүлсэн. Энэ төслийн ач холбогдлын талаар мэдээлэл өгнө үү?
–Рио Тинто компанитай хамтран хэрэгжүүлж буй “ЮНЕСКО-ийн соёлын болон геологийн өвд тулгуурлан Монгол Улсад тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нь” төсөл бол маш ач холбогдолтой санаачилга юм. Уг төсөл нь Монгол Улсын соёлын болон геологийн өвд тулгуурлан Ковид-19 цар тахлын дараа аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, дэмжихэд чиглэж байна. Монгол Улсад ЮНЕСКО-гийн Олон улсын геопаркт багтсан газар байхгүй. Харин уг төсөл нь ийм газрыг бий болгоход зориулж чадавхийг нэмэгдүүлэх, олон нийтэд мэдээлэл өгөх зорилготой юм. Геопаркууд нь тогтвортой хөгжлийг дэмжиж, геологийн өвийг хадгалж, орон нутгийн эдийн засгийг хөгжүүлдэг. Үүний зэрэгцээ боловсрол, уур амьсгалын дасан зохицох чадвар, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлж байдаг юм. Геопарк нь байгаль хамгаалал, орон нутгийн хөгжил, Монголын өвөрмөц ялгарлыг сурталчлахад аялал жуулчлал ямар үүрэг гүйцэтгэж болох вэ гэдгийг харуулсан бэлэн загвар болох юм.
-Хувийн хэвшлийн томоохон аж ахуйн нэгжүүдийн зүгээс энэхүү геопарк шиг байгаль хамгаалал, аялал жуулчлалын хөгжлийн чиглэлээр санал, санаачилга гаргавал НҮБ-аас дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах боломжтой юу?
–Тийм ээ, тогтвортой хөгжлийн зорилгуудтай нийцсэн хувийн хэвшлийн аливаа шинэлэг санаа саналыг НҮБ дуртайя дэмжинэ. Учир нь инновац бий болгох, технологийг хөгжүүлэх, дэлхийн хэмжээний сорилттой тэмцэх эх үүсвэрийг бий болгож ашиглахад бизнесүүд чухал үүрэг гүйцэтгэдэг гэж НҮБ үздэг юм. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг тухайн улсын хөгжлийн бодлогуудтай уялдуулахын тулд бид Засгийн газруудтай нягт хамтран ажиллахын зэрэгцээ тогтвортой хөгжлийг бизнесийн үндсэн үйл ажиллагаандаа шингээхэд нь компаниудад туслахыг зорьж байна. Үүний нэг тод жишээ бол НҮБ-ын Геопарк төсөл юм. Уг төсөл нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны нөлөөг тод томруун харуулж байгаа гэж бодож байна.
Байгаль орчны хамгаалал, тогтвортой аялал жуулчал, хүртээмжтэй өсөлтийг дэмжсэн аливаа хамтын ажиллагаанд бид үргэлж нээлттэй байдаг.

–Ирэх жил “COP17” олон улсын хурлыг Монгол Улс зохион байгуулах гэж байна. Дэлхийн 170 гаруй улсын төрийн тэргүүн, өндөр дээд хэмжээний албан тушаалтнууд, 10 гаруй мянган хүн оролцоно. Үүнээс гадна эдгээр хүмүүсийг дагаад олон улсын хэвлэл мэдээллийн агнетлагууд ирэх байх. “COP17”-г Монгол Улс зохион байгуулах нь ямар ач холбогдолтой вэ? Хурлын бэлтгэл ажлын үеэр бид юун дээр илүү анхаарах хэрэгттэй вэ?
– “COP17” олон улсын хурлыг зохион байгуулах нь Монгол Улсын хувьд түүхэн боломж юм. Уг арга хэмжээ Монгол Улсыг дэлхийн уур амьсгалын хэлэлцүүлгийн төвд авчирч, тогтвортой хөгжил, газрын доройтлыг нөхөн сэргээх чиглэлд манлайлж байгааг харуулах юм. Төрийн тэргүүн, өндөр дээд түвшний албаны хүмүүс, олон улсын хэвлэл мэдээлэл зэрэг нийт 7000 гаруй зочин хүрэлцэн ирнэ. Энэ бол хөрөнгө оруулалт татах, хамтын ажиллагааг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг тэсвэрлэх, газрын доройтлыг сэргээх чиглэлд Монгол Улсын дуу хоолойг хүргэх арга хэмжээ юм. Энэхүү арга хэмжээний бэлтгэлд дараах зүйлс багтаж байна.
Дэд бүтэц, логистик: арга хэмжээг саадгүй явуулах, хүртээмжийг хангах.
Бодлого, мэдээлэл: Монгол Улсын уур амьсгалын тэргүүлэх чиглэлүүд болон ололт амжилтыг тодорхой мэдээлэх.
Оролцогч талуудын оролцоо: иргэний нийгэм, залуучууд, хувийн хэвшлийг “COP17”-ийн бэлтгэл ажил болон үлдээх өвд багтаах.
Тогтвортой аялал жуулчлал нь уур амьсгалын зорилгуудыг дэмжиж, байгалийг хамгаалж, иргэдийг чадавхжуулахад чухал учраас хариуцлагатай аялал жуулчлал нь уг арга хэмжээний нэг гол сэдэв байх боломжтой. Дэлхийн өнцөг булан бүрээс олон мянган зочин төлөөлөгч ирэх учраас эко аялал жуулчлалын гол төв гэдгээ харуулах таатай боломж энэ удаад Монгол Улсад гарч ирж байна. Аялал жуулчлалын оновчтой зөв багцийг гаргаснаар гадаадын зочид танай улсын байгалийн болон соёлын баялаг өвийг өөрийн биеэр мэдрэх боломжтой болно. Үүнд бэлдэхийн тулд хуванцар хог хаягдлыг цэвэрлэх кампанит ажил, зам харгуйг засаж янзлах зэрэг ажлыг хийх ёстой болов уу. Мөн хогийн цэгийн зөв оновчтой менежмент нь салхиар хийсэж ирэх хог зэрэг бохирдлоос сэргийлэх, Монголын онгон дагшин байгалийг хамгаалахад тун чухал гэж бодож байна.
