Ядуурал гэх тэсрэх бөмбөг дээр амарлингуй суух гутамшиг

Mongolian Economy
2020-07-06 10:21:30
Ангилал:

Монгол Улсын ядуурлын нөхцөл байдлын талаар албан ёсоор танилцуулахад насанд хүрсэн монголчуудын тал хувь нь ядуу байв. Энэ тухай судлаач-профессор Д.Баярхүүтэй ярилцлаа.

-Монголчуудын дийлэнх, тэр дундаа насан хүрсэн хүмүүсийн тал хувь нь хөдөлмөр эрхлэхгүй байна гэх судалгаа гарсан нь нийгэм “эрүүл” байж чадахгүй байгааг харуулж байна. Энэ тал дээр та ямар бодолдтой байна вэ?
-Улс орны ч, ард түмний ч нэр сүрэнд тун муухай үзэгдэл. Монгол хүний нэрэнд бүр ч муухай. Ядууралтайгаа зууралдаад байх аваас нийгмийн тогтвортой байдал дотроосоо өмхийрч, үндэсний аюулгүй байдал шууд хэврэгшинэ. Эрүүл, саруул нийгэм гэх ойлголт алсрана.

-Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банк хамтран хийсэн “Монгол Улсын хүн амын ядуурлын түвшин 2018” судалгааны үр дүнгийн улмаас энэ асуудлыг хөндөж байна. Уг судалгааны анхаарал хамгийн ихээр татаж буй хэсгээс нэрлэнэ үү?
-Манай улс 30 жилийн турш ядууралд нэрвэгдэж буйг улс төржүүлэлгүй, эдийн засгийн аргачлалаар, тоон үзүүлэлтээр гаргажээ гэж ойлгосон. Хэвлэлд гарсан мэдээг нь би ярьж байна. Монголд 904 мянган иргэн “Ядуу” гэх ангилалд байгаа юм билээ. 2016 онд нийт хүн амын 29.6 хувь буюу 907.5 мянган хүн ядуу амьдарч байсан бол 2018 онд 28.4 хувь буюу 904 мянган хүн болж, тоо нь тун ялимгүй буусан гэж байна. Миний онцлох эшлэл бол энэ хэсэг. Хоёр жилд нэг хувиар буурдаг ядуурал гэхээр ерөөсөө ажил хийж өгдөггүй, хийх хүсэлгүйгээсээ ажилгүйдэж ядуураад байна гэх ойлголт төрөхөөр. Ийм олуулаа ажилд бэлтгэгдээгүй байгаа гэхийг дэлхий ойлгохгүй. Насанд хүрсэн л бол амьдралын хариуцлага гээч юм гадаад ертөнцөд байдаг бол манайд амьдралын төлөөх хариуцлага байдаггүйг энэ ганц хувь хэлээд өгчихлөө гэж бодож байна.

-Баялаг бүтээгчдээ үзэн ядах сэтгэлгээ нэгэнт гаарчээ. Гэтэл энэ сэтгэлгээ харин ч эсрэгээрээ байх ёстой гэдэг шүү дээ. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?
-Энэ асуудлыг би “Атаархлаа шударга ёс гээд ойлгочихсон 10 хувь” гээд хөндөж байсан даа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс хийсэн 2017 oны нэгэн судалгааг эшлэсэн. 2019 онд нэг их дээрдсэн гэж бодохгүй байна. Юу гэхээр, монголчуудын 78 хувь нь бухимдалтай явдаг гэж болох гэнэ. Энэ бол бага биш тоо. Хүн амын дийлэнх. Гурван сая хүн амдаа хуваагаад үзвэл лав хоёр саяас элбэг давсан үзүүлэлт гэсэн үг. Тэдний 60 хувь нь тайван замаар тэмцэж, төр засагтаа үгээ хэлж бухимдлынхаа шалтгааныг засуулна гэсэн итгэлтэй бол 10 хувь нь маш ноцтой, бүр түгшмээр хариулт өгч байжээ. “Галдан шатаана, баячуудын хаусуудыг үнсэн товрого болгоно” гэсэн байх юм. Тэр 10 хувийг нөгөө 78 хувьдаа тооцоод үзвэл лав 200 мянгаас давсан хэт даврагчид цагийг анан хорслоо тайлах тэмцэлд босоход бэлэн явдаг хэмээн би бичиж байсныг миний вэбээс эргээд нэг уншаарай. Баячуудын бүтээсэн босгосныг шүтэж, үлгэр дууриал авч, хөдөлмөрийн хүмүүжилдээ хэрэглэнэ хэмээн сэрүүн зүүдлээд яахав. Бүтээсэн, цуглуулсныг нь шударга ёс нэрийн дор улс төржүүлж байгаад дээрэмдэж хурааж аваад ядууст тараан өгөх популизм явж байгаа цагт баячууд үлгэр дууриалал болох нь бүү хэл амь нас, эд хөрөнгөөрөө хохирдог гашуун жишээг Венесуэль илтгэн харуулсан бус уу? Монголд тийм цаг үе ирэхгүй гэх баталгаа алга.

Яагаад ядуурчихсан, хэн ядууруулчихсан, хэн дээрэмдчихсэн гээд тодорхой асуулт тавиад үзээрэй. Үнэн, зөв хариултыг монгол хүний амнаас олж сонсохгүй дээ. Монголчуудын олонх нь хорвоогийн тоосыг дэмий шахуу хөдөлгөж яваагаас болоод улс маань сэхдэггүй, өөдөлдөггүй, дэлхийн өрсөлдөөнд бүү хэл гадаад ямар ч улсад, бүс нутагт эдийн засгийн нэр хүндтэй байр эзэлж чадахгүй будилж яваа нь худал биш. Ядуу доройг хүн ойлгоно, хайрлана, хүндлэнэ гэсэн тэнэг гэнэн ойлголтоосоо бид хэзээ салдаг юм бүү мэд. Бид үргэлж зарц, гуйлгачин шиг явж яавч болохгүй. Бид дэндүү цөөхүүлээ.

Хэрсүү, ажилсаг, хөдөлмөрч ард түмэн болж төлөвшихгүй бол оройтлоо. Монгол хүн өөрөө чанга нягт бай гэж би амаа цангатал ярьдаг, үзгээ мохтол бичдэг.

-Нийгмийн халамж хавтгайрсан, энэ нь ядуурал ажилгүйдлийг бий болгож байна гэдэгтэй та санал нийлэх үү?
-Зуун хувь санал нийлнэ. Монгол Улс нийгмийн халамжийн бодлогоороо Азидаа эхний зургаадугаарт бичигдсэн хэт зүүний халамжийн бүгд найрамдах улс шүү дээ. Асрамжийн улс гэсэн ч болно. Гадаад орнуудад бол бүтээгээгүй, хөдөлмөрлөөгүй байхад нь төрөөс халамж, acpaмжийн бодлого зориудаар хэрэгжүүлэхгүй, халамжийн бодлогыг онцгой тусгай шаардлагаар, эрүүл мэндийн аргагүй байдал эсвэл гавьяаны амралт зэрэгт нь жинтэйхэн хүртээдэг бол Монголд халамжийн бодлогыг ажилласан, бүтээсэн, бүтээгээгүй, хөдөлмөрлөсөн, хөдөлмөрлөөгүй ялгаагүй бүгд хүртэх давуу талтай. Гэм нь бэлэнчлэх сэтгэлгээ нийгэмд гүн суусан. Монголын иргэдийн олонх нь төр засаг биднийг тэжээх ёстой гэсэн сэтгэлгээтэй. Халамжийн бодлого тийм сэтгэхүйг нь хөөргөдөж өгдөг. Одоо манай улсад 72 төрлийн халамж хэрэгждэг. Түүнд жилдээ 700 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг гээд албан ёсны нэг эх сурвалжид дурдсан байсан. Гуравхан сая хүнд ийм их халамж үзүүлдэг нь нэг бол хэт энэрэнгүйнх, нэг бол мөнгөө барж ядсан асар их баялагтай улс, нэг бол цагаандаа гарсан популизм, нэг бол ард түмэн нь туйлын арчаагүй, өөрийгөө яваад явах чадваргүй, өөрөөр хэлбэл туйлын сул үндэстэн.

-Сэтгэхүйн ямар хувьсал хийж байж ядуурлаас гарах вэ?
-Сэтгэхүйн хувьсгал гэдэгтэй санал нэг байна. Магтаал сайшаал, халамжаас нь салгадаг бол одоо л салгадаг цаг санж. Энэ их халамжийн бодлогоо эргэн харах шаардлагатай хэмээн ОУВС, олон улсын санхүүгийн, хандивлагч институци, түнш улс орнууд хэлдэг. Монголын төр иргэдээ элдэв төрлийн халамжаар “угжсаар” ажил хийх сонирхолгүй, хувиа хичээсэн, архинд толгойгоо мэдүүлсэн, бүтээмжгүй бүхэл бүтэн анги давхаргыг бэлтгэчихсэн. Бүр үр удмаар нь төлөвшүүлчихсэн. Ажилгүй иргэдийн ихэнх нь ид тэгширч яваа хөдөлмөрийн насны залуус байгаа нь маш том гамшиг. Манай улсын өрсөлдөх чадварыг сулруулдаг хүчин зүйлийг яриад байна л даа. Энэ эрчээрээ яваад байвал манай улс дэлхийн эдийн засгуудын адагт орж сүүл мушгигчдын тоонд байсаар байх болно. Ийм учраас ядуурал ба ядуурлыг тэтгэгч нийгмийн халамж, улс төрийн бодлогоос шууд татгалзах хэрэгтэй.

-Эдийн засгийн ерөнхий дүр зураг тун баргар байгаас болоод ядуурал нөхцөлдөж байгаа бус уу?
-Үнэн. Эдийн засаг тун тааруухан. Хоёр, гуравхан түүхий эдийн ханш даган Монголын эдийн засаг бүхэлдээ савлаж байдаг, Хятадын ДНБ-ий өсөлт хэр байх хувь процентоор экспортын маань их, бага хэлбэлздэг. 2018 онд нийт экспортынхоо 92.8 хувийг Хятад руу гаргасан. Тэр нь тэр чигтээ уул уурхайн салбарын олборлосон түүхий эд. Нэгэнтээ ухаад, ачаад урд хил рүү зөөчихнө, цаанаас нь тосож аваад төлбөр хийчихнэ. Уг нь тун хялбар наймаа. Нэг зуун жилийн өмнө бол болоод байх л наймаа. XXI зуунд тэр наймаанаас ард түмэнд нялзах нь тун өчүүхэн. Нийгмийн халамжийн нөхвөр мөнгөнд ихэнх нь явчихна. Ийм хамаарал нь монголчуудад залхуурал болон бэлэнчлэлийг суулгачихсан. Урд хөршийн эдийн засгаас хамааралтай, түүндээ огтоос санаа зовдоггүй, улсынхаа эдийн засгийг өнөөг хүртэл төрөлжүүлэх, үйлдвэрлэл хөгжүүлэхэд мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргахгүй, тэр нь уриа, хурлын сэдэв болчихсон. Бас нэг дарамт нь гуравхан сая хүн амдаа ахдахаар дэндүү данхар Засгийн газрын болон засаг захиргааны бүтэцтэй. Хэрэглэдэг зардал нь хэт өндөр атлаа үр ашиггүй, бүгд гарлага. Монгол Улсын Засгийн газрын зардал, хөрөнгө оруулалт хоёр тогтмол өссөн ч хангалттай үр дүн үзүүлээгүй. Төрийн албан хаагчид 200 мянга хүрч яваа гэх мэтээр ярьвал барагдахгүй сэдэв байна даа.

Ядуурлыг бууруулах гол арга нь 904 мянган иргэнээ цалинтай, орлоготой болгох гэсгээд улс төрчид ба миний үзэл бодлын зам салдаг.

Төр засаг, улс төрч нь ажилгүй ядуу байгаагийн бурууг улс төр рүү тохдог бол би өөрсөд рүү тохдог.“Цалинтай орлоготой болгох” гэдгээ улс төрчид яаж, хэрхэн гэдгээр тайлбарлаж чаддаггүй. Ерөөл, магтаал, уриалга голлосон ятгалга нэмэргүй гэдгийг сүүлийн 30 жилийн гашуун түүх харуулсан. Шал өөр шийдэл хүлээж байна. Эхийн хэвлийд байхаасаа ажил хөдөлмөрт бэлтгэгдэх гээд тэнгэрийн юм яриад нэмэргүй. Хүн төрлөө, эцэг эх нь гардаж авлаа, өсгөлөө, ажлын байранд, амьдралын нугачаанд монгол хөвгүүд, охидыг бэлтгэх ажил зогссоноос дээрх 904 мянга буй болчихсон юм. Би энд дээд боловсролын тухай яриагүй байна. Сэхээтэн болохоосоо өмнө хүн болох ёстой. Мэрэгжилтэн болохоосоо өмнө хүн болж зөв төлөвших ёстой.

Монгол хүн уриалга, уран сайхнаар ажил хийхгүй гэдэг нь харагдлаа. Нам дагаж уярч хайлдаг цаг нь ч өнгөрсөн. Социализмын үед “Хүүхэдгүйн татвар” гэж нэгэн төрлийн татвар байсан шиг насанд хүрсэн, эрүүл саруул бүх иргэндээ татвар шимтгэлийн тусгай хатуу хууль үйлчлүүлэх хэрэгтэй. Татвараа төлөхийн тулд ажил хийхгүй бол болохгүй гэсэн гарцаагүй байдал руу иргэдээ шахаж оруулна. Ажил эрхэлсэн ч, эрхлээгүй ч төрдөө татвар төлж байг. Эсвэл ажил хийхгүй байгаагийн албан татвар гэж ногдуулж болно. Нэг үгээр бол мөнгө олох гэсэн хүмүүний шударга шунал, хуулийн дарангуйллыг хослуулах тухай юм. Хүн төрөлхтөний түүхийг ажваас хүнийг ажиллуулдаг хоёрхон хүчин зүйл байж иржээ. Нэг нь хүний шунал, нөгөөх нь айдас. Тэр хоёрыг холбох тухайд би ярьж байна шүү дээ. Ажил хийхгүй, бүр юу ч хийхгүйгээр амьдраад сурчихсан, амьдруулаад сургачихсан энэ монгол ахуй, нүүдлийн гэх иргэншлийн тогтолцоог хуулийн ба зөв шуналын хүчээр нэн даруй халах тухайд л ярьж байна. Эхлээд хуулиар шах. Шахалтад ороод ажил хийнэ, хийж эхэлбэл мөнгийг нь сайн өг гэсэн үг шүү дээ. “Ажил хийвэл ам тосдоно” гэдгийг л хуульчлах хэрэгтэй.

 

Дээрх ярилцлага Mongolian Еconomy сэтгүүлийн 2019 оны наймдугаар сарын дугаарт нийтлэгдсэн болно.

Mongolian Economy