Ядуурлыг бууруулcан туршлагаас суралцахад дэлхий шимтэнэ

Mongolian Economy
2020-09-16 15:20:48
Ангилал: Дэлхий дахинд

Хятад гэж бөөн оньсого. “Соёлын хувьсгал”-ын 10 жилийн там дотор бүрэн сүйрч байсан улс орныг дампуурлын ирмэг дээрээс нь суга татаж гаргаж ирээд хөгжүүлчихсэн түүх ердөө 40 жилийн настай. Хятадaд өөрчлөлт шинэчлэл, нээлттэй бодлогоо зарлаж хэрэгжүүлээд 40 жилийг туулж байна, бид “Ардчилал” гэх малгай өмсгөөд яг тийм бодлого хэрэгжүүлээд 30 дахь жил рүүгээ орж байна. Зөрүү нь ердөө 12 жил. Тэнд 740 сая хүн ардыг гуйранчлалаас салгачихаж, бид гуравхан саяулаа, гуравны нэг нь байнга ядуу, тэмцээд тэмцээд бардаггүй, ямар үйлийн үр вэ гэх цөхрөл нийгмийг хучлаа.

Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүү

Ингэхэд Хятад нь реформынхоо 40 жилд чухам юуг зөв шийдсэн болоод хүн төрөлхтний түүхэн дэх гайхамшгийг бүтээсэн болоод явчив аа? 1978 онд реформ хэрэгжүүлж эхэлснээс хойших 40 жилийн хугацаанд Хятад хүн төрөлхтний түүхэнд ядуурлыг бууруулах хамгийн гайхалтай үйл хэрэг өрнүүлж, хүн амынхаа 70 гаруй хувийг ядуурлаас ангижрууллаа. Энэ бол дэлхийн нийт хүн амын аравны нэгтэй тэнцэх тоо юм.

Энэ 40 жилд Хятадын эдийн засгийн нийт хэмжээ 1978 онд дэлхийд 1.8 хувь эзэлдэг байсан бол 2017 онд 15.5 хувь эзэлж, дэлхийн хоёр дахь том эдийн засаг, дэлхийн “Хамгийн том аж үйлдвэр”, “Хамгийн том бараа нийлүүлэгч”, “Гадаад валютын хамгийн том нөөцтэй” улс болж чаджээ. ДНБ-ий нэг хүнд ногдох дундаж хэмжээ 40 жилийн өмнө 155 ам.доллар байсан бол одоо 8800 ам.доллар болж өсчээ.

2013 оноос хойш жил тутамд 10 сая иргэнээ ядуурлаас ангижруулж байна. Ингээд Хятадын ядуурлаас ангижруулах туршлага нь дэлхий нийтэд яалт ч үгүй хүлээн зөвшөөрөгджээ.

Дэлхийн банкны захирал Жим Ён Ким хэлэхдээ “Ядуурлыг бууруулах Хятадын энэ туршлагаас дэлхий нийтээрээ суралцууштай. Хятадад өнгөрсөн 40 жилд ядуурлыг бууруулсан гайхамшиг бол хүн төрөлхтний түүхэнд ховор тохиох үзэгдэл юм. Хятад улс ойрын хугацаанд ядуурлыг бүрмөсөн арилгах зорилтоо биелүүлнэ. Хятадын амжилтаас бидэнд сурах юм их бий. Хятад хэрхэн энэ амжилтад хүрснийг бид мэдэхийг хүсэж байна. Энэ нь Хятадын цаашдын өөрчлөлтөд тус болох төдийгүй Хятадын туршлага дэлхийн бусад орны хөгжилд үр шимээ өгөх болно” гэжээ.

Дэлхийн банкны захирлын хэлсэнтэй би лав бүрэн санаа нэгтэй байна. Хятадын энэхүү гавьяаг дэлхий дахинд хамаатуулах хэрэгтэй гэж үзэж байна. Хятадын өөрчлөлт шинэчлэлийн 40 жилийн ойг зөвхөн Хятадад бус дэлхий дахинаараа тэмдэглэх ёстой ой хэмээн томруулж авч үзэхэд буруутахгүй. Яагаад гэвэл

  1. Xятадууд ийнхүү 40 жил гайхамшигтай хөдөлмөрлснөөрөө дэлхийн хөгжлийг ахиулж, XXI зууны хүн төрөлхтний хувь заяаны ирээдүйд том хувь нэмрээ оруулжээ.
  2. Энэ 40 жилд БНХАУ нь олон зуун сая иргэнийг ядуурлаас гаргаж, ажил амьдралтай нь золгуулаад зогсохгүй өөдлөн дэвжих замыг нь зааж өгсөн аугаа их үйлс бүтээснээрээ хүн төрөлхтөний үүрэх ачаанаас илт хөнгөвчилжээ
  3. Дэлхийн хүн ардын 10 хүн тутмын нэгийг ядуурлаас гаргана гэдэг бол ерөнхий утгаараа эх дэлхийдээ асар их тус хүргэжээ гэсэн үг юм. Энэ их үйлсийн нөлөө, туршлага, сургамж бидний хойч үеийнхэнд ач холбогдолоо хэзээ ч алдахгүй хэмээн үзэж байна.

Дахин тэмдэглэх нэгэн өчил байна. Монголчууд бид Хятадыг таних, үнэлэх дээрээ (“Хятадыг таньж мэдэхүй”) алдсан хэвээрээ байгаа. Намайг ингэж бичсэний төлөө элдвээр хардах, хараахыг тэвчиж болно. Гэхдээ Хятадын хөгжлийн туршлагаас суралцаж, хий хардлагаа багасгаж, бага ч болов хүндэтгэлтэй хандах нь чухал юм.

Хятад хэн бэ гэдэгтээ дахин дүгнэлт хийх хэрэгтэй болоод байна. Олон асуулт монголчуудыг ээрдэг. Жишээ нь, “Хятад ирээдүйд хаашаа явах вэ?”, “Хятад түнш үү эсвэл сөргөлдөгч үү?”, “Хятад Монголд халтай юу, аюултай юу?”, “Хятад ингэхэд боломж уу, сорилт уу?” гэхчлэн. Ерөнхийд нь дэлхий дахины тархийг эргүүлж буй Хятадын талаарх 2-3 асуулт байнга тавигдаад байх шиг. Үүнд “Хятад ингэхэд ямар улс юм бэ?”, “Тэд хаанаас хаана очих гэж байгаа улс вэ?” гэсэн асуултууд багтана.

“Хятад улсыг таньж мэдэхүй” хэмээх олон улсын хурал 2013, 2015, 2018 онд тус тус Хятадад зохиогдож өнгөрчээ. Хятадын тухай дэлхий нийтийн ойлголтыг гүнзгийрүүлэх, гэхдээ эерэгээр мэдээлэх, соёлын хамтын ажиллагааг ахиулах зорилгоор Хятадын Засгийн газраас хэрэгжүүлсэн “Зөөлөн хүчний бодлого” нь гэж үзэхээр юм. Дээрх хурлуудаар ярьсан үндсэн санаануудыг монголчууддаа зориулаад түүвэрлэн авч сийрүүлэхийг хичээв.

Дэлхийд нээлттэй болчихоод буй Хятадыг бүрэн таниулах, зорилгыг нь уудлан гаргах, тэгснээрээ дэлхийн хөгжил ба Хятадын хөгжлийг холбох талаар ихээхэн мэдээлэл эл хурлуудаас хуримтлагджээ.

Хятадыг дэлхийд нээх гэж чухам юуг хэлээд байна вэ? Ерөөсөө Хятадын хөгжлийн шинэ үзэл баримтлал дэлхий рүүгээ хандсан гэдгээс эхэлнэ. Яагаад гэвэл энэ улс өөрчлөлт реформыг бүх талаар гүнзгийрүүлж, эдийн засгаа чанарын өндөр түвшинд гаргаж байна. Энэ бүхэн нь дэлхий дахинд хамтын ажиллагааны улам их боломж нээж байна. Хятад өөрөө дэлхийн хөгжлийн шинэ хөдөлгөгч хүч болсон, тэр хэрээрээ дэлхийн хамтын ажиллагааны шинэ боломжийг нээж өгч байна гэдгээр авч үзэх хэрэгтэй. Дэлхийн бэлэн өгөгдөл, дэлхийн хэрэгцээ хоёр талаасаа угталцлаа хэмээн Хятадын эрх баригчид нотлон ярьдаг нь санаандгүй биш бололтой.

ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаадтай харилцах ажлын зөвлөлийн дарга Ян Жэчи “Хятад нь энх тайван хөгжлийн замаар ямагт замнаж ирсэн. Хамтран ажиллаж, хамт ашиг хүртэхийг дэмжиж байна. Шударга ёсыг мөрдөж, аюулгүй байдлыг түгээмэлжүүлнэ. Эвсэг зохицонгуй, гэхдээ онцлог ялгаатай байхыг хүснэ” гэжээ.

Хятад хаанаас хаана хүрэх вэ гэвэгт Хятадын Инноваци, хөгжлийн стратегийн судалгааны газрын дарга Жэн Бижянь ““Хоёр талт чанар” хэмээх үгээр орчин үеийн Хятад улсын хөгжил дэвшил, сул талыг дүгнэе. Реформ хийж, нээлттэй бодлого хэрэгжүүлж буй Хятад улс хаана хүрэх вэ гэсэн асуултын хариулт бол ХКН-ын XIX хурлаас заасан үндэсний нийгэм, эдийн засгийн хөгжлийн зорилт мөн. Тухайлбал, 2020 онд бүх талын чинээлэг нийгмийг байгуулна, 2035 онд социалист орчин үеийн улс болно, энэ зууны дунд үе гэхэд хүчирхэг, ардчилсан, иргэншсэн, эвсэг зохицонгуй, үзэсгэлэнт сайхан, социалист, орчин үеийн хүчирхэг гүрэн байгуулах явдал мөн” гэсэн хариулт өгчээ.

2020 онд бүх талын чинээлэг нийгмийг байгуулна гэснээс нь өлгөн авч үндсэн сэдэвтээ эргэж оръё. Хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулах нь зөвхөн онолын түвшинд яригдаад зогсохгүй практикаар илүү хурдан батлагдана хэмээн хятадууд үздэг, түүнийгээ ядуурлыг арилгасан туршлагаараа нотолдог.

Практик гэж яриад байдаг нь тун энгийн ойлголт. Ядуу өрх, ядуу иргэн ажил хийж, ажилласан нь мөнгө олж, тэр хэрээрээ амьдрал ахуйгаа өөд татаж буй үзэгдэл. Энд макро, микро эдийн засгийн онол, санхүү зээлийн бодлого, ОУВС-гийн зөвлөлгөө нэг их хамаатай биш.

Хөдөлмөрлөсөн нь баялаг болоод ирсэн Хятадын тариаланчдын туршлагыг орчин үежүүлээд болгочихдог тухай юм. Нэгэнт л улс ядууралгүй болчихвол бүс нутгийн хөгжлийн стратеги, технологийн инноваци, үйлдвэрлэлийн хөгжил, орчин үеийн банк санхүүгийн систем аяндаа бүрдчихдэг нь Хятадын хөгжлийн шинэ ололтын туршлага юмсанж.

Гэхдээ ихээхэн зориг зүрх, тэвчээр шаардсан ажил. Эдийн засгийн тогтолцооны хувьд шинийг бүтээж, зоригтой алхам хийж, тасралтгүй өөрийгөө засаж, шургуу хичээл зүтгэл гаргаж, оюун ухаанаа дайчилж ажиллахаас өөр гарц байгаагүй. Нэгэнт зөв зам дээрээ гараад авбал хэлбэрэлтгүй урагшлах итгэл зориг, эрч хүч ундарчихна.

Өнгөрөгч 2018 он бол тус улсын хувьд ядууралтай туйлбартай тэмцэх гурван жилийн төлөвлөгөөний эхний жил байсан бөгөөд нийгмийн бүх салбарт ядуурлыг бууруулах ажил өрнүүлсэн жил байлаа. Хятад 2019 онд шийдвэрлэх дайралтаа хийгээд 2020 он гэхэд нэг ч ядуу хүнгүй болох зорилтдоо хүрэх цаг хаяанд иржээ. Энэ хоёр жилд Хятадад хэрэгжүүлэх ажил манайд хур туршлага болж хэрэгжээсэй хэмээн ерөөе.

Ямар ажил вэ? Үүнд юуны өмнө нүүлгэн шилжүүлэлт орно. Ядууралд гүн шигдчихсэн оршин суугчдын оршин суух нутгийг өөрчилнө. Зам тавигдаагүй, усны шугам байхгүй, мэдээлэл холбооны сүлжээгүй, хятадуудын ярьдагаар “уулын хавцал”-д суурьшсан байдлыг нь хуу өөрчилнө. “Нүүлгэн шилжүүлэх аргаар ядуурлыг бууруулах бодлого” хэмээн нэрлэдэг бодлогоос нь бид шууд хуулбарламаар байна.

Амьдрал ахуй нь дээшлэхгүй, ажил олдохгүй бол заавал тэр нутагтаа буг оргиод байхгүй шинэ хот, суурин, тосгон руу нүүлгэнэ. Нүүлгэн шилжүүлэх, шилжиж очсон газар нь ядуурлыг үйлдвэрлэлээр сааруулахыг орон нутгийн засаг захиргаа гол үүргээ гэж үзнэ. Ядуурлыг бүсчлэн шийдвэрлэх кампанит ажил өрнүүлж байгааг нь хэлж байна.

Эдүгээ Хятадад 30 сая иргэн ядуу байна. Үүнд голдуу хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настан, өвчин зовлонтой хүмүүс, мөн боловсролын түвшин доогуур, хөдөлмөрлөх чадваргүй гэсэн тооцоо судалгаа тус улсаас гаргажээ. Эрүүл саруул биетэй, хөдөлмөрлөх чадвартай ядуусыг олон талаас нь хавчиж, дэмжиж түлхсээр ядуурлаас нь нэгэнт гаргасан.

2018 онд БНХАУ-ын Засгийн газраас “2018- 2020 оны ядуурлаас ангижруулах үйл ажиллагааны хөтөлбөр”-өө зарласан бөгөөд хөтөлбөрт шилжүүлэн нүүлгэх, үйлдвэрлэлээ хөгжүүлэх, экологийн нөхөн олговор өгөх, боловсрол хөгжүүлэх, нийгмийн доод баталгаа зэрэг арга хэлбэрээр ядуу иргэдээ ядуугаас ангижруулахаар төлөвлөжээ. Ядуурлыг бууруулах ажлын араас үр дүнг нь баталгаажуулах олон аргыг Хятад сэджээ. Үүнд хяналт шалгалтын хатуу чанга үнэлгээний дүрэм хэрэгжүүлж байна. Ядуурлыг бууруулсан гэх тоон ба хуурамч мэдээллээс сэргийлж, бодит үр дүнд хүргэхийн тулд захиргааны чанга гар оролцуулж байгаа хэрэг юмсанж.

Өөрөөр хэлбэл, Хятадад ядуурлыг “Нийгмийн том дайсан” гэж авч үзэж байна.

Хятадад “ядуу гацаа”, “ядуу тосгон” гэсэн нарийвчилсан ангилал хийж, ядуурлаас нь гаргах албадлага-урамшууллын хосолсон ажил одоо ид эрчимтэй хийж байна.

Монгол руугаа татаж авчран харьцуулбал манайд ядуурал нь ил нүднээ байж байдаг, түүнийг хэн ч оролдож гоочилдоггүй. Нийслэлд ядуурал маш их байна. Бараг нийт ядуусын 90 хувь нь нийслэлд байх шиг. Хөдөө сумын төв нэртэй балгасан сууринд ажилгүй ноорхой иргэд их байна. Иймд Улаанбаатартаа “ядуу дүүрэг”, “ядуу хороо”, аймгуудад “ядуу сум” гэсэн ангилал нэн даруй хийх хэрэгтэй.

Ядуу иргэдтэй тулж ажиллах, ядуу иргэдийг амьдрал сайтай нутаг руу шилжүүлэх, Улаанбаатарт ядуураад салахгүй байгааг нь уугуул аймаг руу нь албадан буцаах, аймаг суманд нь ажлаар хангах тусгай тогтолцоо буй болгох цаг тулжээ.

Ядууралтай тэмцэх нь Хятадын орон нутгийн бүх шатны дарга нарын үндсэн гол үүрэг, ажлаа дүгнүүлэх шалгуур болдогийг манайд шууд хуулбарлая. Монголд ажилгүйдлийг хэн хэрхэн арилгав, хэдэн хүнд ажлын байр гаргаж, аж амьдрал нь хэрхэн сайжрав гэдэг тусгай шалгуур (хууль) нэн даруй УИХ-аасаа батлан, Засгийн газраараа албажуулж мөрдөе.

Mongolian Economy сэтгүүлийн №148 дугаараас нийтлэв.

Mongolian Economy