Ё.Жаргалсайхан: Өвлийн олимпын дараа тээвэрлэлт сайжирна гэсэн хүлээлт бий

T.Amarjargal T.Amarjargal
2022-01-07 19:25:06
Ангилал: Тодруулга

Замын-Үүд боомтод үүсээд буй нөхцөл байдал, гацсан чингэлгүүдийг хэрхэн хил нэвтрүүлэх талаар Зам тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайханаас тодрууллаа.  

-Эрээн-Замын-Үүдийн хил дээр 3000 орчим чингэлэг ачаа хүлээгдэж байгаа талаар танай яамнаас оны өмнөхөн мэдэгдсэн. Эдгээр чингэлгийг хил нэвтрүүлэх ажил өнөөдрийн байдлаар хэр нааштай байна вэ?

Бид эхний ээлжинд өдөрт 50 чингэлгээр тээвэрлэлтийг эхлүүлж, үе шаттайгаар нэмэгдүүлнэ гэж Хятадын талтай тохиролцсон. Гэхдээ хэзээнээс чингэлгүүдийг тээвэрлэж эхлэх талаар тодорхой хугацаа хэлэх боломжгүй байна. Манай тал хилийн боомтоор ачаа тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэх бэлтгэл ажлаа бүрэн хангасан. Одоогоор Хятадын талын шийдвэрийг хүлээж байна.

-Манай тал бэлтгэл бүрэн хангасан гэлээ. Өнгөрсөн хугацаанд энэ чиглэлээр ямар арга хэмжээ авч ажилласан бэ? 

-БНХАУ-ын Эрээн хотод коронавирусийн халдвар гарснаар өнгөрсөн оны аравдугаар сарын 13-ны өдрөөс эхлэн Хятадын талаас Эрээний авто замын боомтоор нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөнийг зогсоосон. Үүнтэй холбоотойгоор зөвхөн төмөр замаар импортын ачаа бараа, чингэлгүүд орж ирж байна. Хэвийн үед манай улс сард 30 гаруй галт тэргээр 2500 орчим чингэлэг татаж авдаг байсан. Гэвч арваннэгдүгээр сард Тяньжинд чингэлэг ихээр хуримтлагдсан учраас Хятадын талд тусгайлан хүсэлт тавьж, онцгой горимоор 63 галт тэрэг илгээн 4376 чингэлэг татаж, ачааллыг бууруулсан.

Хэдий бид бүхий л түвшинд яриа хэлцэл хийж, арга хэмжээ авч байгаа ч иргэд, аж ахуйн нэгжүүдийн бараа таталт улам нэмэгдэж байна. Өөрөөр хэлбэл, одоо ч чингэлгийн хуримтлал, бөөгнөрөл их хэвээр байгаа. Хилээр нэвтэрч буй чингэлгүүдийн дийлэнх нь Тяньжин боомтоос ирж байна. Арванхоёрдугаар сард 2800 орчим чингэлэг төмөр замаар орж ирсний 82 хувь нь Тяньжин боомтоос ирсэн. Мөн Тяньжинд байгаа чингэлгийн 70 шахам хувийг импортын автомашинууд эзэлж байна.

-Чингэлгүүдээс гадна Хятадын хил дээр хэчнээн машин, техник хэрэгсэл хүлээгдэж байгаа вэ? Тэдгээр машин техник, тээврийн хэрэгслийг хил нэвтрүүлж дууссан уу?

-Авто тээврийн хөдөлгөөн түр зогсоод байгаа ч Эрээн хотын халдварын тархалтыг хяналтдаа авсны дараагаар боомтын үйл ажиллагааг эргэн сэргээх, ачаа барааг автомашинаар тээвэрлэх бэлтгэл хийсээр байна. Энэ ажлын хүрээнд хилийн дундын бүсэд 6000м.кв хэмжээтэй чингэлэг солилцох талбайг байгууллаа. Тус талбайд ачаатай 50, хоосон 50 чингэлгийг хоёр талаасаа солилцох байдлаар ажиллана.

Авто тээвэр эхлэхийн өмнө Эрээн дэх гаалийн хашаа буюу Хуа Юу терминалд Монгол руу гарч чадаагүй байсан импортын автомашинуудыг чөлөөлж гаргах ажлыг хийсэн.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 3-наас эхлэн хилийн дундын бүсэд гацаад байсан 25, гаалийн хашаанд ачилт хийгдсэн импортын ачаатай 167 тээврийн хэрэгсэл, 170 орчим импортын шинэ автомашиныг Монгол руу нэвтрүүллээ. Үүний дүнд ачаа тээврийн бөөгнөрөл тодорхой хэмжээнд цэгцэрч байгаа гэж ойлгож болно.

-Машин техникүүд нэлээд удаан хугацаанд бөөгнөрч гацсан учраас шатахуун тос нь царцаж, маш хүндрэлтэй нөхцөл байдал үүсээд байгааг Хятадын талаас мэдээлсэн. Ер нь хил нэвтрүүлэхэд өөр ямар саад бэрхшээл тулгарч байна вэ? 

-Эрээн боомтоор нэвтрэх ачаа тээврийн хөдөлгөөн зогсохоос өмнө хилээр буцаж орж амжаагүй байсан 170 гаруй автомашиныг Хятадын талаас хилийн тэг цэгт оруулж ирснийг манай тал татан авсан. Эдгээр автомашинууд нь 2021 оны аравдугаар сарын эхээр Замын-Үүд-Эрээн боомтоор Хятадын тал руу гараад буцаж орж амжаагүй байсан юм. Өөрөөр хэлбэл, зуны дизель түлштэйгээ тэнд гацсан байсан. Зарим нь асахгүй байх хүндрэл гарсан ч Хятадын талтай хамтраад гацсан автомашинуудыг татан авсан.

-Хөрш зэргэлдээ улсуудын нөхцөл байдлыг судалж үзсэн үү? Тухайлбал, БНХАУ-аас ОХУ болон Казакстан руу нэвтрэх ачаа тээвэр мөн гацсан байдалтай байна уу?

-Тээвэр логистикийн саатал, хүндрэл бэрхшээл бүх улсад тохиолдож байна гэдгийг манай иргэд ойлгон хүлээцтэй хандах хэрэгтэй. Цар тахалтай холбоотойгоор БНХАУ-тай хиллэдэг авто замын бүх боомтод ачаа тээврийн хөдөлгөөн эрс буурсан. Тухайлбал, Орос, Хятадын Забайкальск-Манжуур боомтоор нэвтрэх автомашины буурсантай холбоотойгоор “нэг машин хоёр чиргүүл”, “сэлгэн тээвэрлэлт” зэрэг шинэ горимыг судалж, хэрэгжүүлсэн юм билээ. Гэвч өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас БНХАУ хил дээрх хяналт шалгалтаа улам чангатгасны улмаас Орос, Хятадын Суйфэньхэ боомтод 1000 гаруй автомашины бөөгнөрөл үүссэн.

Манжуур боомтод гэхэд ачаа бараа хоёр сар орчим хугацаанд хүлээгдэж байна.

Түүнчлэн Хятад, Казахстаны Альшаа-Хоргос хилийн боомтод төмөр зам, машин тээврийн хорио цээрийн дэглэмийг чангатгасантай холбоотойгоор 7500 гаруй ачааны машин хил дээр 40 гаруй хоног саатсан. Үүнтэй ижил төстэй үзэгдлүүд өөр бусад боомт дээр ч мөн ажиглагдсан. Нуржол-Хоргос боомт энгийн үед өдөрт 100-150 машин шалган нэвтрүүлдэг байсан бол Хятадын тал хорио цээрийн дэглэмээ чангатгасны улмаас тус боомтоор өдөрт 20-30 машин л нэвтэрч байна.

-Тээвэрлэлт хэзээнээс хэвийн үргэлжлэх бол гэсэн хүлээлт олон нийтийн дунд байна. Салбарын яам урд хөрштэй удаа дараа хэлэлцээ хийж байгаагийн хувьд энэ талаар ямар санал тавьж байна вэ? 

2022 оны Бээжингийн өвлийн олимп дууссаны дараа тээвэрлэлтийн нөхцөл байдал дээрдэнэ гэсэн хүлээлттэй байна. Гэхдээ бидний зүгээс хилийн боомтод мөрдөх халдвар хамгааллын дэглэмийг сайтар мөрдөж ажиллах шаардлагатай.

 

 

 

 

 

 

 

T.Amarjargal T.Amarjargal