Үндэсний баялаг
Миний өссөн Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд суурьшил бий болоход тулгамдсан ганц асуудал нь ус байв. Далайн түвшнээс дээш 1000-1500 метрт өргөгдсөн, хуурай хээрийн бүсэд оршдог Бор-Өндөрийн усыг Хэнтий аймгийн Дархан сумын нутагт байрлах гүний худгаас 45 км шугам хоолой татаж шийдсэн. Улмаар Бор-Өндөрийн жонш боловсруулах үйлдвэрийг түшиглэсэн сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төв, дэлгүүр хоршоо гээд байхгүй юмгүй суурин сүндэрлэн боссон юм. Өдгөө 15 мянгуулаа болсон тус сумынхан уг хоолойгоор дамжуулан гүний усаа хэрэглэсээр буй.
Зуны халуунд уурхайчдын хүүхдүүд мод услах нэрээр цонхоороо “шланк” гаргаж нэг нэгэн рүүгээ ус шүршиж тоглоно. Тагтан дээрээс гялгар ууттай ус хүмүүсийн толгой дээр шидэж сахилгагүйтнэ. Ус хэмнэх тухай ойлголт тун бага байсан үе. Зарим хүүхдийн сахилгагүйтэл хэтэрч, уурхайн овоолго шороон дундах гүнзгий тогтоол усанд арьсаа сайртаж, хужирттал сэлж, тоглоно.
Гол горхигүй говийн хүүхдүүдэд суурингаас гурван километр орчим зайд байх тэр тогтоол ус халуун сайран дундах баянбүрд шиг л санагддаг байж. Бидний өнөөх баянбүрд маань чухамдаа жонш баяжуулах, боловсруулах технологид хэрэглэсэн саарал усаа тунгааж дахин ашиглахын тулд үүсгэсэн цөөрөм байсан юм.
Тухайн үедээ шинэлэг, байгаль орчинд ээлтэй технологид тооцогдож байсан цөөрөм үүсгэх арга нь ус зөөвөрлөн шороон ордод ашиглах, цас борооны ус тогтоох гэхчлэн төгөлдөржсөн.
Хэрэв олон улсын жишигт хүрсэн нарийвчилсан судалгаа хийж, техник-эдийн засгийн үндэслэлийг нарийвчлан боловсруулбал гадаргын усыг уул уурхайд зөв, зохистой ашиглах бүрэн боломж, бас туршлага бий.
Хэрлэн гол дээр олон жилийн урсацын тохируулга хийж, Өмнийн говь руу ус дамжуулан ашиглах төсөл олон жил яригдаж байгаа боловч хэрэгжээгүй. Зөвхөн цаасан дээр үлдсэн гадаргын усыг дахин ашиглах тухай энэ мэт төсөл хөтөлбөр олон бий.
Дорноговийн малчин айлд буугаад мордох зуур л усны тухай яриа өрнөнө. Дорноговьд бичил уурхай эрхлэгчид буюу гар аргаар жонш олборлогчид олширсноор бэлчээрийн чанарыг доройтуулж, усны хомсдол үүсгэж байсан асуудал одоо уурхайчид, малчдын дундах усны төлөөх тэмцэл болон үргэлжилсээр байна. Ус чандмань эрдэнэ мөн юм бол, хүн төрөлхтний хамгийн үнэт эрдэнэ ус юм бол, түүний төлөө төрийн бодлого яагаад хангалттай чиглэхгүй байна вэ?
Мал маллаж, газар тариалан эрхэлж, уул уурхай хөгжүүлж ашиг шимийг нь хүртэхийн тулд бидэнд гагцхүү ус хэрэгтэй.
Амьд байгалийн оршин тогтнох үндсэн нөхцөлийн нэг болох хамгийн үнэ цэнтэй ашигт малтмал, нийгэм, эдийн засгийн бүхий л салбарын үйл ажиллагаанд ямар нэг хэмжээгээр оролцож, үр ашгаа хүртээж байдаг стратегийн чухал баялаг бол ус гэдгийг өнөөдөр ч бид гүйцэд ухаараагүй хэвээр байгаа нь харамсалтай.
Харин Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар аймгийн 23 сумын ундны усыг хамгаалах чиглэлээр ажилладаг Галба-Өөш, Долоодын сав газрын захиргааны дарга Д.Мөнхбат “Дээрх аймагт Монголын эдийн засагт шууд нөлөөлөх ашигт малтмалын томоохон ордууд бий. Түүний дотор “Оюутолгой”, “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс”, “Ухаа худаг”, “Сэнж сант”, “Түмэнцог”, “Доншен”, “Монцемент”, “Чандмань элч” зэрэг компани усаа дахин ашиглаж эхэлсэн. Цаашид гадаргын усны урсацыг нэмэгдүүлэх, сан байгуулах төслүүдэд дээрх аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллана” гэв.
“Оюу Толгой” ХХК усыг хамгийн хэмнэлттэй ашиглах бодлогыг тууштай барьж, дэлхийн бусад ижил үйл ажиллагаатай уурхайнуудын усны хэрэглээний гуравны нэгтэй тэнцэх хэмжээний ус ашиглаж байна. Ус дахин ашиглалтын түвшин 86.5 байгаа нь дэлхийн хэмжээнд өндөр үзүүлэлт юм.
Усны газар Оюу толгой орчимд дөрвөн хяналтын цооног байгуулан багажаа суурилуулснаар усны түвшин болон зарим физик үзүүлэлтийг минут тутам хэмжиж мэдээлдэг юм байна. Энэ мэдээлэл нь сонирхогч бүх талд нээлттэй.
Товчхондоо байгальд ээлтэй үйлдвэрлэл, уурхай, бүтээн байгуулалт хийж буй компаниуд ус хэмнэлтийн чиглэлээр түүчээлж эхэлсэн.
Монгол Улс зэс, алтаар зогсохгүй бусад нэн ховор ашигт малтмалын нөөцөө ашиглах нь цаг хугацааны асуудал. Харин үнэлж баршгүй үндэсний баялаг болох усаа хэрхэн хайрлан хамгаалах, зүй зохистой ашиглах вэ гэдгээ маш нарийн тодорхойлох шаардлага байсаар байна.