Үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргалаа
“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн үр дүн, явцтай танилцах, үзэсгэлэнгийн арга хэмжээ Туушин зочид буудалд боллоо. Хүнсний хувьсгалын үр дүнд 53 үйлдвэр ашиглалтад оруулж, Монгол Улс 937 үйлдвэртэй болсон төдийгүй 1000 орчим нэр, төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд шинээр нийлүүлжээ. Мөн мал аж ахуй, газар тариалан, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр 44 мянга гаруй ажлын байр бий болсныг ХХААХҮ-ийн сайд С.Бадамсүрэн арга хэмжээний эхэнд танилцуулсан. Үүний дараа өнөөдрийн арга хэмжээнд оролцож буй дотоодын үйлдвэрлэгч 53 аж ахуйн нэгжийн төлөөллийн бүтээгдэхүүний дээжээс амтлан, үйлдвэрлэлийн явц, нөхцөл байдлын талаар санал солилцсон юм. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хувьсгал”-д нэгдэн, иргэдээ эрүүл, аюулгүй хүнсээр хангах, улмаар хүнс экспортлогч орон болох зорилтын төлөө хүчин зүтгэж, олон арван ажлын байр бий болгож байгаа аж ахуйн нэгжүүд, баялаг бүтээгчдэд талархал илэрхийлсэн. Мөн Ерөнхийлөгч “Монгол Улс нэгдүгээрт, эрчим хүчээ өөрсдөө үйлдвэрлэж дотоодоо 100 хувийн хангаж цаашлаад экспортлох боломж бидэнд бүрэн бий. Хоёрдугаарт, шатахуунаа дотооддоо үйлдвэрлэж, импортын хараат байдлаас гарах ёстой. Гуравдугаарт, Хүнсээ дотоодоосоо хангадаг байх ёстой. Үүний төлөө Монголын төр засаг хувийн хэвшилтэй хамтран хичээн ажиллах болно. Энэ гурван том асуудлыг шийдэж чадвал Монгол Улс хөгжилд хүрнэ” гэдгийг онцолсон. Харин Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Монгол хүний эрүүл мэнд, тусгаар тогтнол, аюулгүй байдал нь хүнсний хангамжтай шууд хамааралтай” гэв.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар 2022 онд эхэлсэн бөгөөд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилготой. Хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих, хүнсний хангамжийг сайжруулахад чиглэгдсэн. “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн гурван жилийн хугацаанд 1.26 их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 2525 иргэн, аж ахуйн нэгжид олгосон. Уг үндэсний хөдөлгөөн эхэлж байх үед манай улс нэг тэрбум ам.долларын хүнсний бүтээгдэхүүн импортоор авдаг байсан. Харин хүнсний хувьсгал хийсэн 3.5 жилийн хугацаанд импортын хамаарал жил бүр 100 гаруй сая ам.доллароор багасаж, энэ оны 11 сарын байдлаар 379 сая ам.доллароор буурчээ. Тухайлбал, манай улс өндөгний хэрэглээнийхээ 45 хувийг л дотооддоо хангадаг байсан бол хүнсний хувьсгалын үр дүнд 80 хувь болж нэмэгджээ. Түүнчлэн 17 улс руу 400 гаруй сая төгрөгийн 77 мянган тонн мах, махан бүтээгдэхүүн экспортод гаргаад байна.







