Ү.Төмөрхуяг: Эрчим хүчний үнийг зайлшгүй нэмэх шаардлагатай

T.Amarjargal T.Amarjargal
2022-02-11 17:13:24
Ангилал: Ярилцлага

“ДЦС-4” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Ү.Төмөрхуягтай ярилцлаа. 

-Эрчим хүчний ачаалал туйлдаа хүрсэн өдрүүд үргэлжилж байна. Одоогоор танай станц ямар хүчин чадлаар ажиллаж байна вэ?

-ДЦС-4 ирэх онд 40 жилийн ойтойгоо золгох гэж байна.1983 онд байгуулагдсан цагаасаа хойш эрчим хүчний салбарынхны бахархал байсаар ирсэн ДЦС-4 улс орны хөгжлийн тулгуур, чөдрийн ганц морь нь болж өдийг хүрлээ. Одоогоор манай станц Монгол Улсын эрчим хүчний хэрэглээний 60 гаруй хувийг дангаараа хангаж байна. Маш бахархам хэдий ч нөгөө талаар асар их эрсдэл үүрч явна. Ганц цахилгаан станцаас улс орноороо хараат учраас аюул, эрсдэл араас дагаж явааг хаа хаанаа үргэлж санах хэрэгтэй.  Станцын зөвхөн нэг үндсэн тоноглол зогсоход л тэрийг нөхөх хэмжээний чадал эрчим хүчний салбарт байхгүй. Энэ нь эргээд системийн тогтворгүй байдал үүсгэж байгаа юм. Өвлийн оргил ачааллын үед манай улс ОХУ-аас 240 МВт.цаг эрчим хүчийг авдаг. Ингэж авсан ч хэрэглээ тулдаг. Манай станцын хувьд 800 МВт-ын долоон турбинтай ч 750 МВт-аар тулж ажиллаж байгаа.

Хэрэв аль нэг зуух зогвол шууд 100 МВт хаяна.  100 МВт хэрэглээ гэдэг нь ойролцоогоор 10 аймгийн цахилгааныг шууд таслах хэмжээний эрсдэл. Энэ тохиолдолд өөр нөөц эх үүсвэр байхгүй.

Ийм байдалд ажиллана гэдэг маш өндөр хариуцлага. Бид баатарлаг үйл бүтээх гэсэндээ ингэж тулж ажиллаад байгаа юм биш шүү дээ. ОХУ-аас авч байгаа өндөр үнэтэй эрчим хүчний хэмжээг багасгах гэж л ингэж ажиллаж байна.  Эрчим хүчний салбарынхны хувьд, хамгийн хүнд үе нь 1994-2000 он байсан. Оросоос нийлүүлдэг эрчим хүчний нийлүүлэлт тогтворгүй, Японы шинэчлэлүүд эхлээгүй байсан цаг. Гэхдээ одоогийнхтой харьцуулахад эрчим хүчний хэрэглээ маш бага байсан. Тэр үед 4-5 зуух ажиллуулаад байхад улс орны эрчим хүчний хэрэгцээг хэвийн хангадаг байж. “Дөрвөн зуухаа галлачихад л сэтгэл амар, тайван суудаг байсан” гэж манай ахмадууд ярьдаг юм. Гэтэл хөл хорионд өнгөрүүлсэн 2020 оны өвөл манай станц онцгой ачаалалтай ажилласан. 40 хоног найман зуухаа тултал галласан. Харин манай ахмадууд хэрэглээ ингэж айхтар өссөн байхад юун найман зуухаар өвлийн ачааллыг давах гээд их гайхсан. Бас биднээр бахархсан. “Уг нь станцад ядаж нэг зуух нөөцөд байх хэрэгтэй. Эрсдэл үүслээ гэхэд бэлтгэлд байгаа зуухаа галлах ёстой юм шүү дээ” гэж тэд маань хэлж байсан. 

-Оросоос авч байгаа эрчим хүч дотооддоо үйлдвэрлэж буй эрчим хүчээс үнийн хувьд хэр зөрүүтэй байна вэ? 

-Оросоос нэг кВт.цаг эрчим хүчийг 260 төгрөгөөр авдаг. Гэтэл ДЦС-4 Төвийн эрчим хүчний нэгдсэн системд нэг кВт.цаг эрчим хүчээ 60 төгрөгөөр  нийлүүлж байна. Зөрүү нь ойлгомжтой. Дээр нь манай улс валютаар эрчим хүч авдаг. 

-ДЦС-4 алдагдалтай ажилладаг гэж байнга л адлуулдаг. Ер нь улсын төсөв, эдийн засагт танай станц ямар хувь нэмэр оруулж байна гэж та үзэж байна вэ?

-Та надаас эдийн засгийн том тоонууд нэхэж байх шиг байна. Анх захирлаар томилогдож ирээд сэтгэлээр унасан ганц зүйл бий. Тухайн үед “ГОК-ийн дараа орох том үйлдвэрийн захирлаар очлоо” гээд хүн бүр надад баяр хүргэж байсан. Гэтэл дотор нь ороод төсөв санхүүтэй танилцаад хартал маш эмзэглэмээр байдал угтсан. Эрдэнэт үйлдвэр, Оюутолгой, Тавантолгой ДНБ-ний хэдэн хувийн үйлдвэрлэдэг билээ. Манайх тэдэнтэй харьцуулашгүй бага хэмжээний орлоготой ажиллаж байна. Борлуулалтын орлогыг нь аваад үзвэл Мобиком корпорацийн хэмжээнд ч хүрэхгүй.

Манай станцын эдийн засгийн ач холбогдолыг улсад төлсөн татвар хураамжаар дүгнэвэл дэндүү өрөөсгөл.

ДЦС-4 Монгол Улсын топ аж ахуйн нэгжүүдийн жагсаалтад 28-34-т ордог. Нийгмийн даатгал, ХАОАТ 20 хувь гээд тооцвол жилдээ 50 гаруй тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлж байна. Тиймээс бидний төлсөн татварын хэмжээ чухал биш. Гэхдээ бид Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллага, айл өрхүүдийг гэрэлтэй, дулаантай байлгахын тулд бүх чадлаараа энэ олон жил хүчин зүтгэж ирлээ. Энэ л хамгийн чухал. Станцын 1500-аад ажилтан маань мэдлэг, ур чадвар, сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байна. 

-Манай улсын эрчим хүч бусад улс оронтой харьцуулахад хэр хямд үнээр хэрэглэгчдэд хүрч байна вэ?

-Хамаг л том төслүүдийн үндэс суурь, хөдөлгөгч хүч болсон манай станц маш их хөрөнгийн дутагдалтай. Баталж өгсөн жилийн нийт борлуулалтын орлого нь 276 тэрбум төгрөг. Энэ бол 100 сая хүрэхтэй үгүйтэй л ам.доллар. Монгол Улсын ДНБ 12 тэрбум ам.доллар. Гурван сая хүндээ хуваахад 4000 ам.доллар. Харин бид 100 сая ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна гэхээр ДНБ-ний ердөө 0.8 хувийг л бүрдүүлж байна. Гэхдээ энэ нь ДЦС-4 бага бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бага ажиллаж байна гэсэн үг огтоос биш. Улс орны аж үйлдвэр, эдийн засгийг бүхэлд нь үүрч, хөдөлгөж яваа гэдэг утгаараа мөнгөөр илэрхийлшгүй үнэ цэн бүтээж байгаа. Гэсэн хэрнээ эдийн засгийг бүхлээр нь үүрч яваа үйлдвэр нь ДНБ-ийхээ нэг хувийг ч бүрдүүлж чадахгүй байна гэхээр эдийн засагчид их гайхдаг. 

Олон улсын хэмжээнд хамгийн хямд эрчим хүч үйлдвэрлэдэг станцууд дунджаар 6.5 центээр эрчим хүчээ борлуулдаг. Гэтэл манайх Төвийн эрчим хүчний сүлжээнд хоёр цент хүрэхгүй үнээр л бүтээгдэхүүнээ нийлүүлж байна.

Манай улсад эрчим хүчний үнэ хэтэрхий бага байна. Үнийн гажуудал араасаа олон сөрөг үр дагавар дагуулж байна. Хэрэв чөдрийн ганц морио эдийн засгаар нь боомилсоор байвал станцын тогтвортой ажиллагаа алдагдана. Энэ байдал тоног төхөөрөмжийн шинэчлэлд чөдөр тушаа болж байна. Бид яах аргагүй төрийн өмчит аж ахуйн нэгж. Эрчим хүчний үнэ бол бүхий л цаг үеийн хамгийн халуун сэдэв. Хэрэв эрчим хүчний үнийг эрүүл түвшинд аваачихгүй бол чөдрийн ганц морь чинь нэг л өдөр сөхөрч унахад бэлэн байна.

-Чөдрийн ганц морио засаж сэлбээд л зүтгүүлээд байх шиг. Засвар өргөтгөлөө хийж чадаж байна уу? 

-Бид хамгийн сүүлд 93 сая ам.долларын зээл авч, турбинуудаа шинэчилсэн. Засвар шинэчлэлийн тухайд, Засгийн газрын шууд хөрөнгө оруулалтаар мөн олон ажил хэрэгжүүлсэн. Хамгийн хүнд хэцүү үед Японы Засгийн газрын буцалтгүй тусламж их дэм болсон. ОХУ-аас авсан 93 сая ам.долларын тухайд, валютаар жилийн зургаан хувийн хүүтэй авсан зээл. Мөн Хөгжлийн банкнаас авсан зээл бий. Зээл л юм болохоор бид энэ мөнгийг эргүүлээд төлнө. Гэхдээ маш хүнд байна. Нөгөө талд, Хөгжлийн банк олон улсаас авсан зээл, төлбөрөө дийлэхгүй дампуурлын ирмэгт тулж байна. Манай хувьд, эдийн засгийн сонгодог утгаараа зээл авах гэхээр эрчим хүчний үнэ тарифдаа баригдаад, эргэн төлөхөд үнэхээр хүнд байдал үүсдэг. Энэ л салбарын маань хамгийн тулгамдсан асуудал болж байна.  

-Эрчим хүчний салбарыг хөгжүүлэх гол хөшүүрэг нь үнэ. Үнийг чөлөөлөх боломж хэр байна вэ? Олон улсад үнэ чөлөөлсөн “төгс туршлага”-аас судалж үзсэн үү?  

-Монгол Улс үнэ чөлөөлөх хэмжээнд хүрээгүй байгаа. Үнийг зах зээлийн зарчмаар нь сул тавьдаггүй юм гэхэд ядаж хоёр хөршийнхөө түвшинд хүргэх хэрэгтэй байна. Америк, Европод үнэ чөлөөлж, эрчим хүчний нээлттэй зах зээл бий болгох гэж их хичээсэн. Гэхдээ 100 хувь нээлттэй зах зээлтэй гэж хэлэхэд бас хэцүү. Үнэ чөлөөлнө гэдэг бол эрчим хүчийг бирж дээр худалдаж, тэрийг нь цахилгаан түгээх сүлжээнүүд худалдаж авна гэсэн үг. 

ДЦС-4 өрсөлдөгчгүй. Ийм нөхцөлд үнэ чөлөөлөх боломж бараг байхгүй гэж болно. Монопол үнэ тогтоно.

Өөрөөр хэлбэл, эрчим хүчний олон эх үүсвэртэй, нөөц сайтай нөхцөлд л үнэ чөлөөлөх талаар ярьж болох юм. Мөн эрчим хүчний салбарт хувийн компаниуд хүч түрэн орж ирж, их хэмжээний эрчим хүчийг биржид  багцаар нь хямд үнээр нийлүүлдэг болсон цагт үнэ чөлөөлөгдөх боломжтой. Гол нь компаниуд түгээх сүлжээнд, сүлжээ хэрэглэгчдэд эрчим хүч нийлүүлэхэд дундаас нь бас ашгаа олж байх ёстой. Тэгэхээр их алс холын ойлголт байгаа биз. Дээр нь хямдхан юмны хойноос хөөцөлдөж байгаад найдваргүй эх үүсвэрээс эрчим хүч худалдаад авчихвал бас хэцүү.

-Хоёр хөршийнхөө эрчим хүчний үнэд дүйж очдоггүй юм аа гэхэд өртөгтөө дөхүүлэх ёстой байх. Танайх эрчим хүчээ хэдээр үйлдвэрлэж, хэдээр борлуулж байна вэ? 

-Мэргэжлийн түвшинд ярихад энэ их сонин. ДЦС-4 нэг кВт цахилгаан эрчим хүчийг 46-47 төгрөгөөр үйлдвэрлээд 60 төгрөгөөр нийлүүлдэг. Гэтэл дулаан нь алдагдалтай. Нэг ккал дулааныг 22 мянга орчим төгрөгөөр үйлдвэрлээд дунджаар 10 мянган төгрөгөөр зарж байна. Тэгээд алдагдлаа баланслахаар ашиггүй. Уг нь ямар ч үйлдвэр ашигтай ажиллаж байж хөгждөг. Үнэ тарифыг Эрчим хүчний зохицуулах хороо тогтоодог. Үнийг тогтоохдоо үйлдвэрийн балансыг чухалчилдаг. Зохицуулах хорооноос манайд 3.6 сая квт эрчим хүч үйлдвэрлэ гээд 276 тэрбум төгрөг хуваарилдаг. Энэ мөнгөнөөс цалингаа тавиад, зээл төлбөрөө төлөөд 26 тэрбум нь л  үлддэг. Гэтэл бид засвараа хийх ёстой, тоног төхөөрөмжөө шинэчлэх ёстой, хөдөлмөр хамгаалал, нийгмийн асуудлаа шийдэх ёстой. Үндсэндээ хаанаа ч хүрдэггүй.

Манай станцын баланс их энгийн. 50 тэрбум нь цалин, 50 тэрбум нь зээл, зээлийн хүү, 150 тэрбум нь Багануур, Шивээ овоогийн нүүрсэнд зарцуулагддаг. Тэгэхээр 250 тэрбум төгрөг.

276 тэрбумаас илүүг өгөх гэхээр хэрэглэгчдэд очиж байгаа эрчим хүчний үнэ тариф нэмэгдчих гээд байдаг.  Ингээд л бид алдагдалтай ажилладаг. Бүр бүдүүлгээр яривал эрчим хүч үйлдвэрлэх тусмаа алдагдалд орно гэсэн үг. Яахав, илүү үйлдвэрлэсэн цахилгаан дээр нүүрсний зардлын 50 хувийг олгодог шинэ тогтолцоо гараад ирсэн. Гэхдээ станц дан нүүрсээр ажиллахгүй шүү дээ. Илүү эрчим хүч үйлдвэрлэхэд хүмүүсийн ажилласан цаг, тоног төхөөрөмжийн эвдрэл нэмэгдэнэ. Энэ бүх зүйлийг л бодолцох хэрэгтэй байгаа юм. Тэгэхээр төрийн ба орон нутгийн өмчөөр худалдаж авах жишиг төсөв дээр компанийн 15 хувийн ашиг гэж өгдөг. Тэр 15 хувийн ашгийг эрчим хүчний үйлдвэрүүдэд нөхөөд өгчихөж байвал зүгээр. 

-Одоогийн тарифаар тэсэж үлдэх хугацаа тун багассан байх. Үнэ барьсны гор хэзээ гарах бол? 

Ер нь үнийг барих тусмаа огцом нэмэгдэх магадлал ихэсдэг. Сүүлийн тав, зургаан жил эрчим хүчний үнийг нэмсэнгүй. Гэтэл жилээс жилд валютын ханш унаж байна. Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ өсөж байна. Тиймээс хамгийн багадаа эрчим хүчний үнийг 25 хувиар нэмэх шаардлагатай. Ингэхгүй бол эрчим хүчний салбар эрсдэлд орно. Нефть, газрын тосны салбарынхан алдагдалтай ажиллаж байна гэхээр ойлгоод бензиний үнийг удаа дараа нэмлээ шүү дээ. Тэгэхээр эрчим хүчний үнэ тарифыг эрчим хүчний хуульд заасан хэмжээнд мөрдөөд явбал асуудалгүй. 

-Хуулинд заасныгаа мөрдөхгүй явж ирсэн гээд байна уу та? 

-Тийм. Ард түмний шүүмжлэлээс айгаад төлөвлөсөн ашиг, үйлдвэрээ хөгжүүлэх мөнгийг нь өгөхгүй явсаар байгаад хүндрүүлчихэж байна. Хөрөнгө мөнгөний дутагдлаас болоод шаардлагатай засваруудыг хийж чадахгүй, эвдрэл гэмтэл гараад л байна, бид торгоогоод л байна.

Энэ их хэмжээний алдагдлыг Засгийн газар улсын төсвөөс нөхөөд ойрын нэг, хоёр жилд мэдэгдүүлэхгүй явж болно.  Цааш тэсэхгүй.

Цар тахлын үед улсын төсвөөс эрчим хүчний үнийг бүхэлд нь дааж байна гэж ярьж байгаа. Гэтэл үнэндээ хэрэглэгчдийн төлбөрийг л дааж байгаа шүү дээ. Улсын төсвөөс эрчим хүчний орлогын 90 шахам хувийг санхүүжүүлж байгаа ч тариф нь алдагдалтай учраас алдагдал хүлээсээр байна.  

-Тэгвэл цаашид яах ёстой вэ? Салбарынхаа ирээдүйг та хэрхэн төсөөлж байна вэ?

-Ер нь нэг эх үүсвэрээс эрчим хүчний хэрэглээнийх 60 хувь хамаардаг байж болохгүй. Тиймээс манайхтай ойролцоо хүчин чадалтай цахилгаан станц яаралтай барих хэрэгтэй. 800 МВт-ын чадалтай станцыг ам.доллараа 3000 төгрөг гээд тооцоход бараг 2.4 тэрбум ам.доллараар барих боломжтой.

Шинэ станц барихгүй л бол эрчим хүчний тогтвортой байдлын талаар ярихад хэцүү.

Тиймээс болж өгвөл төвийн бүсэд хамгийн багадаа 300-400 МВт-ын станц барих шаардлагатай. Тавантолгойн цахилгаан станцыг 300 МВт-ын хүчин чадалтай гэж байна. Харин Багануурын цахилгаан станц тус бүр нь 200 МВт-ын хоёр блоктой гэж яригдаж байна. Энэ станцууд ашиглалтад орвол одоогийн нөхцөл байдал хамаагүй өөр болно.

-Эрчим хүчний салбар биелэлээ олоогүй бүдгэрсэн төсөл олон бий. Цаашид манай улс эрчим хүчний нөөцөө сайжруулахад аль чиглэлд түлхүү анхаарч, станц барих хэрэгтэй вэ?   

-Манай улсын эдийн засгийн хөгжил хангалтгүй түвшинд байна. Намайг дөнгөж мэргэжлээ сонгож байхад түлш, эрчим хүчний салбарыг түрүүлж хөгжүүлж байж Монгол Улсын үсрэнгүй хөгжлийн бодлогыг хангана гэж ярьдаг байсан. ДЦС-4 1983 онд баригдаж дууссан. Үүнээс тав, зургаан жилийн дараа 1200 МВт буюу гурав дахин их хүчин чадалтай Багануурын цахилгаан станцын ТЭЗҮ-ийг боловсруулаад, шавыг нь тавьсан байсан. Гэвч Зөвлөлт Улс задарч, энэ том төсөл зогссон. Тэрнээс хойш Малайз, Чехтэй хамтарч, Эгийн голын 300 МВт-ын усан цахилгаан станц барина гэж хэсэг ярьсан. Харин Тавдугаар цахилгаан станцын талаар 20 гаруй жил ярьж байна. Шивээ овоонд Хятадын хөрөнгө оруулалтаар станц барина гээд л бас ярьсан. Нэг нь ч хэрэгжээгүй.

Ганцхан цахилгаан станц эдийн засгийн өсөлтийг хангаад байна гэдэг нь манай улсын эдийн засаг хэр хэмжээнд байгааг харуулж байна. 

Мөн эрчим хүчний тариф бага байгаа цагт гадаадын хөрөнгө оруулагчид Монголд цахилгаан станц барихгүй. Ялангуяа хэзээ ч дулааны цахилгаан станц барихгүй. Гэтэл манай улсын эрчим хүчний бааз суурь, нөөц боломж нь цахилгаан станцад түшиглэдэг.  Одоогоор нарны цахилгаан станцын нэг кВт цахилгаан эрчим хүчний үнэ 460 төгрөг. Салхин цахилгаан станцынх 260 төгрөг. Импорттойгоо адилхан. Харин Дөрөвдүгээр цахилгаан станцынх 60 төгрөг. Түүнчлэн манай улс салхин цахилгаан станц барих дээд хүчин чадалдаа хүрчихсэн. Нарны станц болохоор оргил ачаалалд оролцдоггүй. Оргил ачаалал шөнө бий болдог. Мөн зун нар урт байхад эрчим хүчний үйлдвэрлэл өсдөг бол өвөл нарны станцын чадал буурна. Нарны станцын хүчин чадал бага, 50-60 МВт л байдаг. 

-Тэгэхээр усан цахилгаан станц л барих хэрэгтэй байгаа юм даа. Хүчин чадал нь өндөр шүү дээ. Хэрэв Монгол Улс усан цахилгаан станцтай байсан бол ачааллаас хэр үүрэлцэх байсан бол? 

-Өнгөрсөн боломжийн хойноос харамсаад яахав гэж би боддог. Усан цахилгаан станц бол нар, салхитай зүйрлэшгүй хүчин чадалтай. Бидний ачааллыг хуваалцах амин сүнс болсон станц. Гэтэл бид усан цахилгаан станц барьж чадахгүй бас л 30 жил боллоо.

Уг нь 2010 оноос өмнө Эгийн голын усан цахилгаан станцыг барих боломж байсан.

Тэр үед ОХУ-ын эдийн засаг ч сул байлаа. Хориг тавих чадлаар ч маруухан байсан. Хэрэв бид тэр үед амжиж барьсан бол хоёр хөршөөсөө хараат бус байх боломж байсан. Одоогийн байдлаар ОХУ 240 МВт-ын хэлбэлзлийг хааж байна. Хэрэв тэр үед 300 МВт-ын хүчин чадалтай Эгийн голын усан цахилгаан станц ашиглалтад орчихсон бол энэ хэлбэлзлийг бид өөрсдөө дааж чадах л байсан. 

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Японд айлчлах үеэрээ цахилгаан станц барих талаар хэлэлцээ хийсэн. Устөрөгчийн станцаар бид ачааллаа шийдэж чадах болов уу? 

-Супер технологийн цахилгаан станц барьж чадвал мөрөөдөл биеллээ гэсэн үг. Гэхдээ устөрөгчийн эрчим хүчид түшиглэсэн цахилгаан станцын тухайд, шинэ тутам ойлголт хэвээр байна. Дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлд тодорхой хувь эзэлж, жин даасан зүйл алга. Дэлхийн хэмжээнд хамгийн бага хүчин чадалтайд тооцогддог нар, салхины станц гэхэд л нийт хэрэглээний 10 гаруй хувийг хангаж байна. Устөрөгчийн станцын тухайд, мэдээж ирээдүйтэй эх үүсвэр гэж хэлнэ. Агаар бохирдуулахгүй. Устөрөгч, хүчилтөрөгч нэгдээд ус гарч ирнэ. Олон улсад энэ чиглэлээр туршилтын үйлдвэрүүд барьж, судалгаа хийж байна. Миний хувьд, туршилтын шатанд явж байгаа зүйлийг Монгол Улсад нэвтрүүлээд эрчим хүчний томоохон ачааллыг хуваалцаад явна гэдэгт эргэлзэж байна. Ер нь бид хэт супер зүйл хүсэж байна гэсэн үг. Яахав, атомын цахилгаан станцыг бодвол устөрөгчийн цахилгаан станц илүү аюулгүй.  

 

 

 

 

 

               

 

T.Amarjargal T.Amarjargal