Өмнөговийн бонд “Тавантолгой”-н ногдол ашгийг “хазаарлах” уу

T.Amarjargal T.Amarjargal
2026-01-15 11:35:21
Ангилал: Эдийн засаг

“Тавантолгой” ХК-ийн энэ онд тараах ногдол ашгийн шийдвэр хараахан гараагүй ч өмнөх оноос бага зэрэг буурна гэж шинжээчид таамаглаж байна. Энэ нь компанийн 51 хувийг эзэмшдэг Өмнөговь аймгийн төсвийн төлөвлөлт болон орон нутгийн бондтой холбоотой байж болзошгүй аж.  

Тодруулбал, Даланзадгад хотод баригдах 50 мВт-ын цахилгаан станцын төслийг санхүүжүүлэхэд 500 тэрбум төгрөг шаардлагатай бөгөөд энэ эх үүсвэрийг орон нутаг бонд гаргах байдлаар шийдэж буй юм. Ингэхдээ бондыг гурван үе шаттайгаар зах зээлд санал болгож, энэ онд эхний ээлжийн 150 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Үүнтэй холбоотойгоор орон нутгийн төсвийн “саалийн үнээ” гэгдэх “Тавантолгой ХК”-ийн ногдол ашгийн хэмжээ буурч, компанийн ашгийг орон нутгийн бонд руу чиглүүлэх төлөвтэй байна. 

“Тавантолгой” ХК-ийн нэгж хувьцааны ханш 2022-2024 оны хооронд 320 орчим хувиар тэлж байв

“Тавантолгой” ХК-ийн хувьд, одоогоос гурван жилийн өмнө хувьцааны үнийн өсөлт, ногдол ашгийн мэдэгдлээрээ хөрөнгийн зах зээл сонирхогчдын овоо хараанд өртөж байсан.

Тус компани 2019-2022 онд нэгж хувьцаанд 257-853 төгрөгийн ногдол ашиг хуваарилж байсан бол 2023 онд 5530.8 төгрөг хуваарилж том үсрэлт хийж байсан. 

Мөн өнгөрсөн онд 366.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилсан нь цэвэр ашгийн “бялуу”-ныхаа 88 хувийг хувьцаа эзэмшигчдэдээ хуваан өгсөн хэрэг байсан юм. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 162 хувьцаат компаниас ХААН банкны дараа буюу хоёрдугаарт эрэмбэлэгдэж буй Таван толгой ХК-ийн зах зээлийн үнэлгээ нэгдүгээр сарын 14-ний байдлаар 1.68 их наяд төгрөгөөр хэмжигдэж байна. Энэ нь 2021 оноос хойш дөрөв дахин өссөн үзүүлэлт юм. 

 

T.Amarjargal T.Amarjargal