140 мянган ажлын байр уу, 21 мянган төгрөг үү?

Должин гуай гурван настай зээ хүүгийнхээ гараас хөтлөн банкны урт дараалалд зогсохдоо “Ишш, энэ хүүхдийн эх хурдхан л сургуулиа төгсөж, ажилд ороосой билээ” хэмээн санаа алдав. Тэрбээр гарын уртай юм болохоороо нэг оёдлын цех байгуулж, хувцас хийж борлуулах сонирхолтой. Гэхдээ оёдлын цахилгаан машин, бага сага бөс бараа авахад бараг хоёр сая төгрөг хэрэг болно. Ажилгүй юм болохоор зээл ч олдохгүй. Олдлоо гэхэд арилжааны банкны зээл өндөр хүүтэйгээс гадна барьцаа хөрөнгөнөөс эхлээд дааж давшгүй шалгууртай. “За тэр ч яах вэ, Хүний хөгжил сангийнхаа мөнгөөр хэдэн кг мах, гурил аваад харья даа байз. Нээрээ махны үнэ дахиад нэмэгдчихээгүй байгаа?”...

Уг нь Должин гуай нэгэн оёдлын үйлдвэрт ажилладаг байжээ. Охин нь дөнгөж нэгдүгээр курст байхдаа хөл хүндтэй болсон учир ээж нь ажлаасаа гарч хүүхэд асрахаас өөр зам байсангүй. Их сургуулиа орхин Мэргэжлийн үйлдвэрлэлийн сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/-д орсон Сараа охин нь овоо хэдэн төгрөгийн “цалин” авчихдаг болохоор энэ гурав хоёр идэхгүй, хоосон хонохгүй болгоод л явна. Мөн Хүний хөгжил сангаас сар бүр нийт 63 мянган төгрөг авч эхэлсэн болохоор өнөө маргаашаа аргацааж болж л байна. Гэхдээ Должин гуайн хувьд сардаа 21 мянган төгрөг зүгээр аваад суух биш, 210 мянган төгрөгийн цалинтай ажил олж хийх нь дээр шүү дээ, мэдээж.

Засгийн газар 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан нь жаахан ч гэсэн найдвар төрүүлж буй мэт. Улсын хэмжээнд ажил хөдөлмөр эрхлээгүй хүний тоо 103.1 мянгад хүрч, ажилгүйдлийн түвшин 8.6 хувьтай байна гэсэн мэдээллийг салбарын яамнаас өгчээ. Тэднээс ажил идэвхтэй эрж хайж буй нь 38-40 мянга орчим байдаг бол бусад нь ажил хайгаад ч олохгүй цөхөрсөн хүн байдаг аж. Должин гуай шиг 45 нас шүргэж яваа хүний хувьд одоо цагт ажил олдох нь хэцүү. Тэрбээр өнгөрсөн намар зээгээ цэцэрлэгт өгчихөөд ажил хайж хөлөө цуцтал явсан гэнэ. Аливаа байгууллагын үүдний хүлээн авахад хүртэл өндөр, туранхай, царайлаг, англи хэлтэй бүсгүйчүүдийг суулгахыг чухалчилдаг болсон цаг хойно.
Энэ жилээс эхлэн улсын хэмжээнд 60 мянгаас багагүй тооны ажлын байр бий болгох бодлогыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам боловсруулаад буй. Цаасан дээр бичигдээд, амьдрал дээр хэрэгжилгүй үлдчихгүй бол ч аятайхан л дуулдана.

Манай орон зах зээлийн эдийн засагт шилжих үед л хүн амын 30 гаруй хувь нь ядуу байлаа. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд эдийн засаг өслөө, буурлаа, сэргэлээ. Уул уурхайн томоохон төслүүд хэрэгжиж эхэллээ, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдлээ. Ялгаагүй, гурван монгол хүний нэг нь “ядуу” гэсэн ангилалд багтсан хэвээр. Өнгөрсөн хугацаанд Засгийн газраас Үйлдвэрлэлийг дэмжих жил, Бизнесийн шинэтгэлийн жил гээд зарласан. Үр дүн юу байсан бэ? Тэгсэн ингэсэн гээд хэлчих дорвитой зүйл үнэхээр байхгүй нь харамсалтай. Өөрөөр хэлбэл, Должин гуайн аж амьдрал сайжирсангүй. Харин 2011 он бол “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”. Энэ сайхан уриан дор өөрийгөө биш юм аа гэхэд Сараа охиноо ажилд оруулчихвал ч болоод явчихна даа гэж Должин гуай санааширна.

Ингэхэд Засгийн газар хөдөлмөр эрхлэлтийг яаж дэмжих гээд байна вэ? Логикоор бол ажлын байрыг хамгийн ихээр нэмэгдүүлдэг салбараа л эхлээд өөд нь татах ёстой. Энэ нь мэдээж жижиг үйлдвэрлэл. Яагаад гэдгийг хэдэн тоогоор өгүүлье.
2009 онд улсын төсвөөс анх удаа жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зориулалттайгаар 30 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл гаргасан билээ. Сарын нэг хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай зээлийг 2009 онд 1528 аж ахуйн нэгж, иргэнд олгосноор 469 үйлдвэр шинээр ашиглалтад орж, 950 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа өргөтгөж, нийт 6000 орчим ажлын байр бий болсон гэх тооцоо гарчээ. Эдүгээ дээрх зээлийн эргэн төлөлт 98.9 хувьтай явж байна гэхээр ямаршуу үр өгөөжтэй болсон нь харагдах биз.

Тэгвэл энэ онд Хүний хөгжил сангийн зарлага 805.2 тэрбум төгрөг байхаас иргэдэд бэлнээр тараах 21 мянган төгрөгт 702.5 тэрбум төгрөг зарцуулахаар байна. Бодоод үз дээ. 30 тэрбум төгрөгөөр 6000 ажлын байр бий болсон бол 702.5 тэрбумаар хэдэн хүн ажилтай болж, цалинтай золгох бол? 140 гаруй мянга гэвэл Та итгэх үү? Иргэдэд аманд ч үгүй, хамарт ч үгүй 21 мянган төгрөг тарааснаас бичил бизнесийг дэмжих нь хамаагүй дээр гэдгийг дээрх хэдэн тоо харуулах буюу.

Гэхдээ энд нэг анхаарах зүйл бий. 2010 онд Жижиг, дунд үйлдвэрийн газраас мөн л 30 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 1233 аж ахуйн нэгж авснаар 2830 гаруй ажлын байр шинээр бий болжээ. Өмнөх жил нь 6000 ажлын байр гарч ирсэн хэрнээ 2010 онд яагаад 3000 ч хүрсэнгүй вэ гэж та гайхаж магадгүй. Манай улсад үйл ажиллагаа явуулж буй 40.9 мянган аж ахуйн нэгжийн 85 гаруй хувийг 1-9 ажилтантай жижиг компаниуд эзэлж буй аж. Өөрөөр хэлбэл, жижиг аж ахуйн нэгжүүд л ажлын байрыг хамгийн ихээр бий болгодог гэсэн үг. Хөл дээрээ тогтсон томоохон компаниуд мэдээж орчин үеийн үнэтэй тоног төхөөрөмж оруулж ирээд, түүндээ тохирсон цөөн тооны чадварлаг ажиллах хүчинтэй байна шүү дээ. Гэтэл Жижиг, дунд үйлдвэрийн газраас 2010 онд олгосон 10 сая хүртэлх зээлийн хэмжээ өмнөх жилийнхээсээ 2.5 дахин буурсан байгааг хүснэгтээс харна уу. Тодруулбал, жижиг аж ахуйн нэгжүүдэд олгосон санхүүжилт 2010 онд буурснаас шинээр бий болсон ажлын байрны тоо ч мөн хумигджээ.

Тиймээс хөдөлмөр эрхлэлтийг дэмжихийн тулд юуны түрүүнд бичил бизнесийг дэмжих хэрэгтэй болж байна. Энэ нь ажлын байр олноор бий болгохоос гадна ядуурлыг бууруулахад ч нэмэртэй болов уу. Нэгэн сонирхолтой баримт дуулгая. Бангладешийн эрдэмтэн Мохаммад Юнус 1976 онд “Grameen bank”-ийг үүсгэн байгуулж, бичил зээлээр дагнажээ. Нийгмийн эмзэг бүлгийн хүмүүст барьцаагүй зээл олгож эхлэхэд банкирууд түүнийг “галзуурсан эрдэмтэн” гэж дүгнэж байсан аж. Ингээд тус банк дөрвөн сая гаруй хүнд нийт таван тэрбум долларын зээл олгосон байна. Гэтэл зээл авсан ядуусын 98.9 хувь нь мөнгөө эргэж төлсөн нь жинхэнэ шуугиан дэгдээсэн билээ. Мохаммад Юнус энэхүү ололтоороо 2006 онд Нобелийн шагнал хүртсэн юм. Нийгмийн эмзэг бүлгийнхэн хүртэл авсан мөнгөө эргүүлж төлөх чадвартай бөгөөд ядуурлыг бууруулах шилдэг арга нь бэлэн мөнгө тараах биш, хөнгөлөлттэй зээл өгөх гэдэг ганц үнэнийг энэ хүн баталж чаджээ. Эдүгээ “Grameen bank” дэлхийн 30 орчим оронд салбараа нээн ажиллаж байна.

Должин гуайд ийм зээл авах боломж байсан сан бол оёдлын цех байгуулаад, амьжиргаагаа дээшлүүлэх нь мэдээж. Тэгээд бизнес нь урагшилбал 2-3 хүн нэмж ажиллуулаад, багахан хэмжээний үйлдвэр болгосон ч болно шүү дээ. Яагаад монголчууд дотуур өмдөө хүртэл Хятадаас авах ёстой гэж? Яагаад монгол хүн ядуу ч гэсэн бизнес эрхэлж, хөл дээрээ босч болохгүй гэж?

Одоо сар бүр таны гарт очиж буй 21 мянган төгрөг үр өгөөжтэй байж чадаж байна уу? Бэлэн мөнгө тараах тусам ядуурал нэмэгдээд байгааг мэдсэн ч мэдээгүй юм шиг суух уу? 2007 онд алт, зэсийн үнэ тэнгэрт хадаж, энэ хэрээр төсвийн ашиг нэмэгдэж, эрх баригчид мөнгө тарааж эхэлснийг бид мэднэ. Үр дүнд нь инфляц 34 хувьд хүрч, иргэдийн худалдан авах чадвар эрс суларсан. Дараахан нь зэсийн үнэ шалдаа буухад улсын төсөв алдагдалтай гарч, эдийн засаг уналтад орж, гадаад валютын нөөц огцом буурч, төгрөгийн ханш эрс суларсан. Тэгээд Монгол Улс эдийн засгийн хямралд хамгийн ихээр өртсөн орны ангилалд багтаад авсан.

Мөнгө тараалаа гээд сайн юм ер болдоггүйг өнгөрсөн хямрал харуулсан боловч төр, засгийн эрх баригчид хал үзэж, хашир суусангүй. УИХ-ын 76 гишүүний хувьд иргэдийнхээ халаасанд хэдэн төгрөг шургуулж, дараагийн сонгуулиар дахиад суудалдаа залрах нь л чухал ажээ. “Нүглийн нүдийг гурилаар хуурна” гэдэг л юм даа.

2009, 2010 онд Жижиг, дунд үйлдвэрийн газраас хөнгөлөлттэй зээл олгож эхэлснээр нийт 11.970 аж ахуйн нэгж, иргэн 913.8 тэрбум төгрөгийн зээл авах хүсэлт гаргажээ. Одоо олгож буй зээл нь дээрх эрэлтийн 5-6 хувийг л хангаж байна гэсэн үг. Гэтэл 2011 онд жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлд 24 тэрбум төгрөг төсөвлөжээ. Мөн өмнө нь олгосон зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрээс 28 тэрбум төгрөг нэмж гаргах тооцоо байгааг Жижиг, дунд үйлдвэрийн газрын мэргэжилтнүүд ярьж байна. Энэ нь дээр дурдсан 913.8 тэрбум төгрөгийн эрэлтийн дэргэд хэтэрхий “жулдах” тоо бус уу? Эрх баригчид сонгуулийн амлалтаа биелүүлэхдээ 805.2 тэрбум төгрөг төсөвлөчихдөг хэрнээ ядуурал, ажилгүйдлийг бууруулахад энэ хэмжээний мөнгө зарцуулж чадахгүй байгаа нь харамсалтай. Сайн яривал иргэдийн гарыг цайлгаж буй 21 мянган төгрөг Эрээнд хөрөнгө оруулалт болоод л дуусна. Харин монголчуудад хүсээд буй хөнгөлөлттэй зээлийг нь өгчихвөл эргээд тэр мөнгө нь хүүгийн хамт ирнэ шүү дээ. Үр дүнд нь хүмүүсийн амьдрал, амьжиргаа сайжирна. Аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа өргөжсөнөөр улсын төсөвт шингэх татварын орлого ч нэмэгдэх бус уу?

“Хүмүүсийн жинхэнэ баялаг бол хөдөлмөрлөх чадвар” гэсэн Эзопын үг санаанд буух аж. “Гар хөдөлбөл ам тосдоно” хэмээн монголчууд сургаж ирсэн. Бид яадгаа алдсан залхуу, мунхагууд биш шүү дээ. Монгол хүн бүрт ажиллах, амьдралаа дээшлүүлэх сонирхол байна. Монголчуудад 21 мянган төгрөг биш, хүү багатай зээл шаардлагатай, ажлын байр хэрэгтэй.