15.3 тэрбум ам.доллар БНСУ-ыг өндийлгэх үү

БНСУ нь Азидаа эдийн засгийн үзүүлэлтээрээ дөрөвт жагсдаг бөгөөд 15.3 тэрбум ам.долларын өртөг бүхий эдийн засгийг дэмжих цогц арга хэмжээ авахаар зэхжээ.

Уг санхүүжилт нь жижиг, дунд экспортлогч компаниудыг дэмжих, шинээр ажлын байр бий болгох, зогсонги байдалд орсон үл хөдлөх хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлэх, татварын орлогод үүссэн гэнэтийн алдагдалыг нөхөх зорилготой аж.

Тус улсын хувьд экспортын хэмжээ буурч, дотоодын хэрэгцээ төдийлэн сайнгүй байгаагаас эдийн засгийн өсөлт муу байгаа ажээ. Дээрх арга хэмжээг авснаар энэ онд эдийн засгийн өсөлт дунджаар 0.3 хувиар нэмэгдэж, 40 мянган ажлын байр шинээр бий болгох хүлээлттэй байна.

2013 оны эдийн засгийн өсөлт гурван хувь байхаар тооцоолж байсан ч 2.3 хувь болгон бууруулсан билээ. Өсөлтийг хязгаарлаж буй гол хүчин зүйл нь экспортын хэмжээ буурч байгаатай холбоотой гэж шинжээчид үзэж байна. Учир нь тус улсын эдийн засгийн бүтээгдэхүүний тэн хагасыг экспорт бүрдүүлдэг ажээ.

Өнгөрсөн тавдугаар сараас хойш воны ханш ам.долларын эсрэг арван хувиар чангарсан бөгөөд экспортын бүтээгдэхүүн гаднын худалдан авагчдын хувьд илүү үнэтэй болсон аж.

Воны ханш чангарч байгаа нь экспортлогчдын гадаадаас олох ашгийн хэмжээг бууруулах гол шалтгаан болж буйг шинжээчид хэлж байна.