16 мянган тонн мах нөөцлөнө

Жил бүр улсын төсвөөс мөнгө гарган нөөцийн мах бэлтгэдэг. Энэ жилийн хувьд 16 мянган тонн мах нөөцөлж, ирэх хавар борлуулахаар 16 тэрбум төгрөгийг төсөвт тусгахаар боллоо. Үүний 12 мянган тонныг нь нийслэл хотод, Дархан, Эрдэнэтэд тус бүр 1000 тонн, аймгуудад тус бүр 100 тонн мах хуваарилах аж. Түүнчлэн олон шат дамжлага дамжиж үнэ нь нэмэгддэг, чанар муутай гэсэн хэл ам байнга дагуулдаг нөөцийн махны үнийг зохицуулах талаар Засгийн газар дахин тусгайлан хэлэлцэх аж. Цаашдаа мах нөөцлөх, махны үнийг тогтвортой байлгаж, бууруулах нь энэ Засгийн газрын анхаарлын төвд байна гэдгийг онцолж байсан. Энэ талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Энх- Амгалан хэлэхдээ “Засгийн газрын хуралдаанд зөвхөн нөөцийн мах гэлтгүй махны асуудлыг тусгайлан авч хэлэлцэх шаардлагатай. Ингэснээр махны талаар баримтлах улсын дунд хугацааны төлөвлөлтийг гаргах хэрэгтэй юм” гэв.