17 тэрбум төгрөгийн торгуулийг хэвээр үлдээхийг шаардлаа

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Ганбаатар өнөөдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагвыг нефть импортлогчдод ногдуулсан 17 тэрбум төгрөгийн торгуулийн арга хэмжээг цуцалсан шийдвэрээ өөрчлөхгүй бол албан тушаалаас тань огцруулах хүртэл арга хэмжээ авахыг Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдоос шаардах болно гэдгээ сэтгүүлчдэд мэдэгдэв.

Мөн тус холбооноос нийгэмд шударга ёс тогтоох үүднээс Б.Лхагвыг гаргасан шийдвэрээ өөрчилж, нефть импортлогч компаниудад хууль ёсоор ногдуулсан торгуулийн арга хэмжээг хэвээр үлдээж, энэ тухай 2012 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр олон нийтэд мэдээлэхийг хүссэн нээлттэй захидал илгээлээ.

Нефть импортлогч компаниуд шатахууны үнийг 2012 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр 210-260 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Үүнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид шалгалт хийж, импортлогчид үгсэн хуйвалдаж, шатахууны үнийг нэмсэнийг тогтоон 17 тэрбум төгрөгийн торгууль оногдуулсан юм.

Гэвч Б.Лхагва тус газрын даргын албан тушаалыг авсан даруйдаа II дахь тогтоол гаргаж, улсын байцаагчийн дээрх шийдвэр бүхий 17 тэрбум төгрөгийн торгуулийг хүчингүй болгосон байна. Үүнийг МҮЭ-ийн холбоо болон ард иргэд эсэргүүцэж байгааг хэвлэлийн хурлын үеэр С.Ганбаатар онцолж байв.