17 элемент буюу Монголд ховор биш ховор металл

Бээжин “шогтож” байна. Газрын ховор металлын экспортоо хумих бодлого барьж байгаа нь энэ гээд 20 жилийн турш хамтарсан худалдан авагчдаасаа нүүр буруулав. Өндөр технологи үйлдвэрлэгчид хэцүүдэж, хятадуудыг аргадаж нэг үзэв, сүрдүүлж нэг үзэв. Нэмэргүй. Сүүлийн үед дэлхийн анхаарлын төвд ороод буй энэ дүр зураг манай оронд аятай боломж нээж өгч байж ч магад. Дэлхийн банк Монгол Улсыг 10 тэрбум долларын газрын ховор элементийн нөөцтэй хэмээн дүгнэсэн удаатай. АНУ-ын Геологийн судалгааны газар (USGS) 2009 онд Монголыг газрын ховор металлын нөөцөөрөө Хятадын дараа буюу дэлхийд хоёрдугаарт орно хэмээн зарласан. Нэг үе Монголын нутагт нүд алдаж байснаа алга болсон Японы сонирхол сэргэж, судалгааны багаа ч ирүүлжээ. Аманд орсон шар тосыг хэлээрээ түлхээд гаргачихгүйн тулд бид газрын ховор баялгаа богино хугацаанд эдийн засгийн эргэлтэд оруулж, ард иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэхэд ашиглах нь хамгийн зөв сонголт болох биз. Гэхдээ мэдээж байгаль орчинд ээлтэй зөв бодлого явуулж шүү дээ.

“Өндөр технологийн аминдэм”

1794 онд Финландын химич Юхан Гадолин түүхэнд анх удаа газрын ховор элементийг илрүүлжээ. Хожим нь Германы эрдэмтэн Мартин Клапрот эдгээр металлыг церийн бүлэг /хөнгөн/, иттрийн бүлэг /хүнд/ хэмээн хоёр хуваасан байна. Тэр үеэс химийн нэгдсэн хүснэгтийн 114 элементийн 17 нь газрын ховор металл гэсэн бүлэгт хамаарах болжээ. Эрдэмтэд анх эдгээр металлыг илрүүлэхдээ “Нэн ховор юм оллоо” гэж ярьснаас ингэж нэршсэн болохоос биш мөн чанарын хувьд ховор юм огтхон ч биш аж. Дэлхий дээрх тогтоогдсон нөөцөөр нь авч үзвэл газрын ховор элемент нь хар тугалгаас 10, молибденээс 50, гянт болдоос бүр 165 дахин их байдаг байна.

Дэлбэлэх тэслэх бодис, радиоэлектроник, машины тоног төхөөрөмж, гэр ахуйн барааны үйлдвэрлэл, химийн үйлдвэрлэл, металлург гээд олон салбарт газрын ховор элементийг хэрэглэдэг. Таны хөлөглөж буй унаа, барьж буй гар утас, үзэж буй зурагт зэрэгт дээрх 17 элементээс байж л байгаа гэсэн үг. Түүнчлэн манайх газрын тосоо дотооддоо боловсруулж эхлэх үед цери, лантан гэх хоёр элемент гарцаагүй шаардлагатай болох гэнэ.

Сүүлийн үед өндөр технологи хөгжиж байгаагаас газрын ховор элементийн эрэлт, хэрэгцээ улам бүр нэмэгдсээр. Ухаалаг гар утас, гибрид автомашин, LCD дэлгэцтэй зурагт гээд хүн төрөлхтөн бидний амьдралд хүч түрэн орж ирж буй тогтмол хэрэглээнүүд дээрх элементүүдийг шаардсаар. Энэ утгаараа газрын ховор элементийг “өндөр технологийн аминдэм” гэж нэрлэх нь бий. Тэгээд ч уг “аминдэм”-ийн гол худалдан авагчид нь өндөр технологи үйлдвэрлэгчид буюу хөгжингүй орнууд.

Хятадуудын “гэнэтийн бэлэг”

Урд хөрш маань газрын ховор элементийн зах зээлийн 90 гаруй хувийг “атгаж” байна. Гэтэл дэлхийн нийт нөөцийн гуравны хоёр нь Хятадаас бусад оронд байдгийг “Great Western Minerals Group” компанийн гүйцэтгэх захирал Гэри Билингсли сануулжээ. Тэгвэл хятадууд хэрхэн ийм эрх дархтай болж чадав аа?

1980 оны сүүлч хүртэл газрын ховор элементийн зах зээлд АНУ тэргүүлж байгаад байгалийн нөөц нь шавхагдсаны улмаас байр сууриа алдсан байна. Энэ завшааныг хятадууд ашиглан монополь эрхээ бататгасан бөгөөд бусад өрсөлдөгчөө хямд үнийн бодлогоор “цааш харуулжээ”. Нэгэнт л БНХАУ энэ төрлийн ашигт малтмалыг асар хямд үнээр хөгжингүй орнуудад нийлүүлж байсан тул бусад орон газрын ховор металлын өндөр өртөгтэй төслүүдэд хөрөнгө мөнгө зарцуулах нь ашиггүй болж. 2008 онд дэлхийд 124 мянган тонн газрын ховор элемент олборлосны 120 мянган тонныг урд хөрш дангаараа үйлдвэрлэсэн байх жишээтэй.

Өнгөрсөн зун манай урд хөрш хөгжингүй орнуудад “гэнэтийн бэлэг” барив. БНХАУ-ын эрх баригчид газрын ховор элементийн экспортоо 2010 оны сүүлийн хагас жилд 72 хувиар бууруулсан бол энэ онд ч дээрх хэмжээгээ 11.4 хувиар багасгахаа мэдэгдэхийн зэрэгцээ газрын ховор металлын экспортын татвараа нэмэх шийдвэр гаргажээ. Одоогийн түвшнээр олборловол 15-20 жилийн дараа Хятадын нөөц шавхран, эргээд гадаадаас импортлоход хүрнэ хэмээн тус улсын эрдэмтэд дүгнэснээс бүх зүйл эхэлснийг “Синьхуа” агентлаг мэдээлж байсан юм.

АНУ-ын Конгрессын дэргэдэх судалгааны газрын хийсэн тооцооноос үзэхэд дэлхий даяар жилд 124 мянган тонн газрын ховор элемент хэрэглэдэг бөгөөд 2012 он гэхэд энэ үзүүлэлт 180 мянган тоннд хүрч, 2014 онд хэрэгцээ бүр 200 мянган тонноос давах нь. Тэгэхээр хятадууд газрын ховор элементийн экспортоо багасгаж буй явдал өндөр технологи үйлдвэрлэгчдийг түгшээж байна. Тийм ч учраас АНУ-ын Конгресс газрын ховор элементийн хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулах компаниуддаа төрийн дэмжлэг үзүүлэх тухай шийдвэр гаргасан.

Харин германчууд Хятадыг аргадаж зөөлрүүлэх нь хамгийн зөв арга хэмээн үзэж буйг “Bloomberg” мэдээллээ. ХБНГУ-ын Таваарын агентлагын тэргүүн Уолкер Штайнбах “Бодит байдлыг хар л даа. Монгол, Африк, Грийнланд зэрэг орны шинэ эх үүсвэрийг хүлээхэд дор хаяж 5-10 жил шаардагдана. Эдгээр орны дэд бүтцийн асуудлыг л шийдвэрлэхэд нэлээд хэдэн жил зарцуулна” гэж тайлбарлажээ. Үнэндээ ХБНГУ ч АНУ, Японы нэгэн адил газрын ховор элементийн нийлүүлэлтээ төрөлжүүлэхийн тулд Энэтхэг, Вьетнам зэрэг оронтой хамтран ажиллаж эхэлсэн. Өнгөрсөн арваннэгдүгээр сард манай Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Германы техникийн хамтын ажиллагааны нийгэмлэг хамтран “Монгол улсад ховор металлд түшиглэсэн аж үйлдвэрийг хөгжүүлэх боломж” сэдэвт бага хурал зохион байгуулах үеэр Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн төслийн удирдагч Стефан Ханселман “Монголчууд газрын ховор элементийн хайгуул хийж,олборлолтын ажлыг эхлүүлэхэд манай улс шаардлагатай бүх дэмжлэгийг үзүүлнэ” гэж ярьсан. Үүнээс үзэхэд германчууд Монгол орныг ч мөн “онилж” амжсан бололтой.

Наран улстай түншлэх нь...

Япончуудын хувьд газрын ховор элементийн тал дээр Хятадаас 90 хувь хамааралтай. Японы Засгийн газар АНУ, Канад, Австрали болон Монголд хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж, газрын ховор металлын хангамжаа баталгаажуулахад зориулсан 150 сая ам.долларын сан бүрдүүлсэн.

“Toyota” компани хоёр жилийн өмнө Вьетнамд газрын ховор элементийн хамтарсан компани байгуулсан. Мөн Энэтхэгт ч ижил төрлийн төсөл хэрэгжүүлж байгаа нь энэ оноос үйлдвэрлэлээ явуулах аж. Түүнчлэн “Sumitomo” болон “Toshiba” компани өнгөрсөн оноос Казахстанд газрын ховор элементийн төсөл хэрэгжүүлж байгаа гэсэн мэдээлэл бий. “Sumitomo” корпораци АНУ-ын “Molycorp” компанитай байгуулсан гэрээнийхээ дагуу АНУ-аас ихээхэн хэмжээний газрын ховор элементийг Япон руу тээвэрлэхээр болж байна. Тус корпораци “Molycorp” компанийн үйл ажиллагааг өргөтгөхөд 130 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийхийн хажуугаар шинээр гаргасан хувьцааг нь 100 сая ам.доллараар худалдан авч, 30 сая ам.долларын зээл олгохоор төлөвлөжээ.

Харин манай улсын хувьд бол газрын ховор элементийн хайгуулын чиглэлээр Монгол, Японы хамтын ажил хэр урагштай байна вэ гэдэг нь хамгийн сонин. Ерөнхий сайд С.Батболд япон түнштэйгээ энэ тал дээр сайтар тохиролцож чадсанаар Японы судалгааны баг Монголд ирсэн билээ. Мөн ховор металлын болон ураны хүдрийн шинэ орд газар хайх ажиллагааг түргэтгэхэд туслах зорилгоор Япон улс ажиглалтын хиймэл дагуулыг Монгол Улсад худалдахаар шийдсэн тухай мэдээлэл ч цацагдаж байсан.

Таван томоохон орд, 246 илэрц бий

АНУ-ын Геологийн судалгааны газрын мэргэжилтнүүдийн тооцоолсноор манайд 31 сая тонн газрын ховор элемент буюу дэлхийн нийт нөөцийн 16.77 хувь нь байх магадлалтай ажээ. Монгол Улсад газрын ховор элементийн томоохон таван орд, 246 орчим илэрц байх магадлалтайг шинжээчид тэмдэглэсэн. Гэвч манай оронд нарийвчилсан судалгаа хийсэн газар байхгүйтэй адил, баттай тогтоосон нөөц ч алга байгааг дотоодын геологчид ярьдаг. Тэгвэл Лондоны металлын бирж дэх зэсийн үнэ тодорхой байдаг шиг газрын ховор элементийг яв цав үнэлэх боломжгүй учраас 10 тэрбум доллар гэдэг Дэлхийн банкнаас гаргасан тойм тооцоо ч багагүй хэлбэлзэх биз ээ.

1990 оноос өмнө ЗХУ-ын эрдэм-тэд шинжлэх ухааны зорилгоор Монголд газрын ховор элементийн судалгаа явуулж байсан аж. Тэр үед Ховд, Увс, Хэнтий, Сүхбаатар, Хөвсгөл аймгийн зарим хэсэгт газрын ховор элемент бий гэдгийг тогтоосон. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухаан болоод геологийн ерөнхий судалгаагаар газрын ховор элементийн нийт тархац Монгол Улсад нэлээд арвин гэдэг нь тодорхой болсон байна.

“Рео” ХХК 2005-2009 онд Лугийн гол ордод 3.6 сая доллар зарцуулсан тухай “Eurasia capital” компанийн шинжээчид судалгааны тайландаа дурджээ. Лугийн гол, Мушгиа худаг, Хотгор болон Халзанбүргэдэй ордод өмнө нь хайгуул хийж байсан бөгөөд нийт 6.6 орчим сая тонн газрын ховор элемент байх магадлалтай аж. Өмнөговь аймгийн Мандалговь суманд орших Мушгиа худаг ордыг 1974 онд Орос, Монголын геологичид судалж байжээ. Тухайн үед Мушгиа худаг ордыг 400 мянган тоннын нөөцтэй хэмээн үзэж байсан бол АНУ-ын Геологийн судалгааны газар энэ үзүүлэлтийг 5.9 сая тонн байх магадлалтай хэмээн онцолсон юм. 2005 оноос “Монгол газар” компани энэ орд газарт нарийвчилсан хайгуул хийж буй аж.

Шинжлэх ухааны үүднээс манай Химийн хүрээлэн, Геологийн төв лабораторид газрын ховор элементийг судалж үзээд, энэ төрлийн ашигт малтмалыг задлах боломжтой, эхний ээлжинд цэвэр металл биш юм аа гэхэд хүчилтөрөгчтэй исэл маягаар ялгаж болох юм байна гэсэн дүгнэлт ч хийсэн аж.

“Өндөр технологийн аминдэм” гэх эдгээр 17 металл зөвхөн манай орны хэвлийд их хэмжээгээр агуулагдаж байна гэвэл өрөөсгөл ойлголт болно. “Technology Metals Research” компанийн судалгаанаас үзэхэд дэлхий даяар Хятадаас өөр 24 оронд газрын ховор металлын 251 орчим төсөл хэрэгжихэд бэлэн байгаа аж. Газрын ховор элемент нь ийнхүү дэлхий даяар тархсан атлаа эдийн засгийн эргэлтэд орсон нь тун цөөхөн гэнэ. Учир нь эдгээр элементийг эрж хайх, олборлоход нарийн, үнэтэй технологи ашигладаг учир зардал их шаарддаг байна. Тиймдээ ч Монголд тодорхой хэмжээгээр судалгаа хийсэн боловч дорвитой ажил бололгүй өдий хүрчээ. Японы “Sumitomo” корпорацийнхан ч өмнө нь сонирхож байсан боловч хаяад буцсан гэх. Хятадууд мөн судалгаа хийх зорилготой манайд ирж, дээж аваад явсан тухай мэргэжилтнүүд ярьдаг. Түүнчлэн Монголд газрын ховор элементийн хайгуул, ашиглалт, борлуулалт зэрэгтэй холбоотой эрх зүйн орчин бүрдээгүй учраас эдийн засгийн эргэлтэд ороогүй өнөөг хүрсэн гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

“CPS International” компанийн захирал Б.Мөнхдөл энэ онд литийн хайгуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг монгол компани Австралийн хөрөнгийн биржид IPO хийх гэж байгааг дуулгахад баярласнаа нуух юун. Монголын компани маш таатай үеийг алдалгүй Австралийн хөрөнгийн зах зээлээс мөнгө босгоно гэдэг яах аргагүй сайн мэдээ.

Сүүлийн 20 жилийн турш 5-15 ам.долларын хооронд хэлбэлзсэн нэг кг газрын ховор металлын үнэ эдүгээ 60 ам.доллараас давлаа. Гэхдээ дэлхийн зах зээл дэх ашигт малтмалын үнэ өсдөг шигээ буурдаг гэдгийг бид сайн мэднэ. Япон, германчууд манайхыг ихэд сонирхож буй энэ үеэр тэдний “ноу хау”-г ашиглан газрын ховор элемент Монгол орны хаана, ямаршуу хэмжээтэй байгааг сайтар судлаад авах хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөж байна. Мөн дэлхий даяар энэ төрлийн ашигт малтмалын эрэлт хэрэгцээ нэмэгдэж, нийлүүлэлт хумигдаж, үнэ өсөж буй завшааныг алдалгүй газрын ховор металлуудаа эдийн засгийн эргэлтэд оруулах нь асар чухал гэдгийг ч тэмдэглэж байна.