1960 онд 2017 оны ЗХУ-ыг ингэж зөгнөж байв


2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Оросын Октябрын хувьсгалын 100 жилийн ой тохиож байна. Энэ хувьсгалаас 43 жилийн дараа буюу 1960 онд Зөвлөлтийн уран зөгнөлийн зураач, зохиолчид уг хувьсгалын 100 жилийн ой болоход ЗХУ ямар байхыг зөгнөж багачуудад зориулсан “2017 онд” комикс хэвлэж байсныг уншигчиддаа сонирхуулъя.
Зохиогчдын таамагласанаар 2017 он гэхэд ЗХУ-д квантын /фотон/ хөдөлгүүртэй пуужин, роботууд, телевидефон, атомын галт тэрэг бүтээгдсэн байх ёстой байв. Харин технологи Алс дорнодын уур амьсгалыг сайжруулах, сансар болон дэлхийн гүнд олборлолт хийх хэмжээнд хөгжсөн байх ёстой байлаа.
Үүний зэрэгцээ ЗХУ хориотой зэвсэг туршсан барууны хөрөнгөтнүүдтэй хийх тэмцлээ үргэлжлүүлнэ гэж зөгнөжээ.


Ирээдүй ямар байх бол? Дараагийн зуунд манай улс хэрхэн амьдрах бол? Шинжлэх ухааны уран зөгнөлийн ном, инженерийн зоримог төслүүд дээр үндэслээд ирээдүйн дүр зургийг гаргаж болно.
Ингээд бүгдээрээ 50-60 жилийн дараах амьдралыг харах гээд оролдоё. Магадгүй Агуу их октябрын хувьсгалын 100 жилийн ой болоход тэр үеийн сурагчид газар зүйн хичээл дээрээ өөрийн орны өнгөрсөн, одоо буюу зөвлөлтийн ард түмэн энх тайван, аз жаргалыг цогцлоохын тулд байгалийг хэрхэн өөрчилж буйг харуулсан киног томоо гэгчийн ханан дэлгэцнээс үзэж байх ч юм билүү.
Эд бол 2017 оны сурагчид. Тэд сургалтын кино танхимд сууж байна. “Цаг хугацааны линз”-ийн аргаар бүтээсэн кино эх орны маань дүр төрх яаж өөрчлөгдсөнийг тод харуулна.
Диктор ярьж байна: “Энэ бол Берингийн хоолойн далан. Дээгүүр нь атомын галт тэрэг явж байгааг харж байна уу? Энэ далан Хойд мөсөн далайгаас ирэх хүйтэн урсгалыг хааснаар Алс дорнодын уур амьсгал сайжирсан юм ...
- ... Дараа нь газар дэлхий байхгүй боллоо. Огторгуйн орон зайд квантын пуужингууд, од хоорондын хөлгүүд бидэнд хамгийн ойр орших “Центаврын альфа” нэртэй гаригийн систем рүү гэрлийн хурдаар ниснэ”.
Кино дуусахад газар зүйн багш Николай Борисович маргааш ангиараа Хойд туйлд газар доорх байрладаг Углеград /Нүүрсийн хот. мон/ хэмээх хот руу явна гэж хэллээ.
Маргааш өглөө нь Игорь хамарт нь зөөлхөн хүрэхийг мэдрээд сэрэв. Эцгийнх нь тоглоом шоглоом болгон бүтээсэн ханын цаг түүнийг сэрээж буй нь энэ аж. Игорийн аав Цаг агаар удирдах төв институтын диспетчерүүдийн нэг юм.
Ээж нь гал тогоонд байсангүй. Тэрээр хоол бэлдэх ухаалаг машинд даалгавар үлдээжээ. “Миний дуртай өглөөний хоол” хэмээн хүү баярлав.
Харин энэ үед ээж нь телевидефоны дэлгэцнээс харж байлаа. Тэр усан онгоцны тавцан дээр зогсоно. Энд Игорийн дүү нарын явдаг цэцэрлэг нь байрладаг аж. – “Хоолоо хийж чадав уу?” гэж ээж нь инээмсэглэн асуув ...
.... Газар доорх хотын захад аварга том ган комбайнууд газар ухаж байв. Углеград хотын ерөнхий инженер Владислав Иванович сурагчдад олон сонирхолтой зүйл ярьж өглөө.
- Энд газар дор хавраас өөр улирал байхгүй гэж тэр бахдалтай хэллээ. – Харин газар дээр үе үе тэнгэр муухайрч тээвэрлэлтэд саад болоод байдаг юм гэлээ.
... - Нисдэг станцийг одоохондоо түр хугацаанд ашиглаж байна гэж Владислав Иванович ярив. – Ачаа тээвэрлэлтийг тасралтгүй явуулахын тулд Арктикийг дамнасан хот хоорондын метро барих болно гэлээ.
- Цаг агаарыг удирдах тал дээр нисдэг станцид том ирээдүй бий. Станцийн бүхээгэнд сууж буй хүн радио удирдлага дээрх товчлуур дарахад станци нисч очоод хар салхи, далайн шуургыг номхруулна ...
... Ерөнхий цаг уурч орж ирээд сүүлчийн импералистууд холын арал дээр хориотой зэвсэг туршсан тухай дөнгөж саяхан мэдээлснийг хэлэв. Туршилтын үед асар том дэлбэрэлт болсноор тэр арал сүйдэж, дэлхийн агаар мандалд гэнэтийн өөрчлөлт гарчээ.
Евгений Сергеевичийн толгойд аймшигтай бодол төрөв. Хөлөг онгоц .... Хүүхдийн хөвөгч цэцэрлэг ... Эхнэр маань, Нина, Витя маань гэж бодлоо. Хүчтэй шуурга улам ойртсоор байв. Гэтэл станцийг радио удирдлагаар тоноглож амжаагүй байдаг. Яадаг билээ.
Номхон далайн өмнөд биед болсон дэлбэрэлт Хар тэнгисийн эргийн хүн ардад аюул учруулж, Зөвлөлтийн нийслэлд нөлөөлж эхлэв. Саарал өнгийн утаан хөшиг тэнгэрийг халхалжээ.
Энэ үед нийслэлийн хүн ард баярт бэлдэж байлаа. Хотын гудамжаар хүмүүс дүүрэн байв. Москвагийн оршин суугчид Зөвлөлтийн эрдэмтэд цаг агаар удирдан залах нээлт хийсэн тухай өгүүлсэн сонины шинэхэн дугаарыг дамжуулан уншина ...
... Хотын дээгүүр цаг агаар удирдагч станци алгуурхан ниснэ. Нийслэл тэр чигээрээ Октябрын хувьсгалын 100 жилийн ойд бэлдэж байв. Ойн баяр шинжлэх ухаан байгалийг ялан дийлсэн түүхэн үйл явдалтай давхцав.

... Евгений Сергеевич телевидефон асааж “Кахетия” хөлөгтэй холбогдов. Дэлгэцэн дээр эхнэр нь инээмсэглэсээр гарч ирэв. Харин нь Нина дэргэд нь зогсоод - “Аав, энд өнөөдөр их дулаахан байсан, зөөлөн бороо орсон” гэж хашгирлаа.