1995 оноос хойш 336 сая тонн нүүрс экспортолжээ

Дэнсмаа
2022-12-27 16:22:47
Ангилал: Эдийн засаг

Монгол Улс 1995 оноос хойш нийтдээ 336 сая тонн нүүрс экспортолсноос 298.4 сая тонн буюу 80 хувийг 2011 оноос өнөөг (2022 оны арваннэгдүгээр сар) хүртэлх хугацаанд экспортолсон байна. Нийт нүүрсний 90 хувийг “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи Ресурс”, “Монголын алт МАК”, “Тавантолгой”, “Саусгоби”, “Моэнко”, “Чинхуа МАК Нарийн сухайт”, “Хангад эксплорэйшн” зэрэг найман компани гаргажээ.

Нийт 336 сая тонн нүүрснээс 45.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсон бөгөөд борлуулалтын нийт орлогоос 10 их наяд төгрөгийн татвар авсан байна. Үүний 8.9 их наяд төгрөгийг татвар болгон төлсөн бол 1.7 их наяд төгрөгийг татварын өр болгон төлжээ. Нүүрсний ордын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 77 компани, нүүрс экспортолдог, дамжуулдаг 372 компани санхүүгийн тайлан өгдөг байна.

2011-2022 онд нүүрсний 177 компанид 239 удаагийн татварын шалгалт хийж, 1.6 их наяд төгрөгийн зөрчил илрүүлж, 295 тэрбум төгрөгийн акт тавьсан байна.

Нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн хувьд татвартай холбоотойгоор 2018-2022 оны хооронд нийт 267 аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж, 1.1 их наяд төгрөгийн зөрчил илрүүлэн 80 тэрбум төгрөгийн акт тавьсан бол одоо 18 аж ахуйн нэгжид шалгалт хийж байгаа аж.

 

 

 

 

Дэнсмаа