2013 оны төсөв хөгжлийн зорилтоос ухарлаа

Монгол Улсын 2013 оны төсөв хөгжлийн зорилтоос ухарлаа. Ингэснээр эдийн засгийн өсөлтийг хойш нь чангаж, төлөвлөж байсан бүтээн байгуулалтын ажил /улиралаас үл хамаарч/ зогслоо. Эдийн засаг дахь нийт мөнгөний 40 хувийг эзэлдэг төсөв бол улс орны амьжиргааны эх үүсвэр төдийгүй хөгжлийн “түлш”. Иймээс тухай жилийн төсвийн хөрөнгө оруулалтын зардал хөгжлийн өнгийг тодорхойлж байдаг гэхэд дэгсдэхгүй болов уу. Тэгвэл энэ онд Чингис бонд /1.5 тэрбум ам.доллар/-ыг эс тооцвол төсвийн санхүүжилтээр улс орны хөгжлийг өөд татах, ажлын байр шинээр нэмэгдүүлсэн бодитой үйлдвэрлэл, бүтээн байгуулалт /Шинэ сум төслийг оруулахгүйгээр/ өрнөсөнгүй. Зөвхөн урсгал зардлаа нөхөж явсаар ирэх оны төсөвтэй чадан ядан золгож байна.

Уг нь энэ оны төсвийн зураглалаар бол эдийн засаг 18.5 хувиар тэлж, ДНБ-ий хэмжээ 17.6 их наяд төгрөгт хүрэх байсан. Цаашилбал, “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт орж, төсөвт 445 тэрбум төгрөгийн орлого төвлөрөх байлаа. Үүнээс гадна нүүрсний экспорт 34 сая тоннд хүрч, тонн тутамдаа 100 ам.доллараар экспортолж 466 тэрбум төгрөгийг төсөвт суулгана гэж тооцоолсон нь “зүүд” мэт. Бодит байдал дээр энэ онд тонн нүүрсний үнэ 50 ам.доллараас дээшилсэнгүй. Мөн 19.7 сая тонн алт экспортолж 121 тэрбумыг, 945 сая тонн зэсийн баяжмал экспортолж 456 тэрбум төгрөгийг тус тус төсөвт оруулахаар “мөрөөдсөн”. Нөгөө талаасаа гадаад зах зээл ороо бусгаа, өмнөд хөрш нүүрсээр ханасан тул төлөвлөгөө ийн нурлаа.

Энэ онд төсвийн орлого хамгийн багадаа нэг их наяд төгрөгөөр тасрах эрсдэл байгааг Нээлттэй нийгэм форум болон Монголбанкнаас урьд өмнө анхааруулсан. Түүнчлэн төсвийн орлогыг хэт өөдрөг тооцож байгаа нь эрсдэл болохыг зарим эдийн засагч хэлж буй. Тиймээс Сангийн яам болон Засгийн газар ирэх оны төсөвт сургамж авсан гэдэгт найдах үлдлээ. Ерөнхий сайдын хэлснээр “Авлигажсан төсөв”-т цэг хатгасан гарааны жил 2014 он байгаасай.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн хүрээнд төсвийн төслөө боловсруулахыг Дэлхийн банкнаас ээлж дараалан сануулж ирсэн. Гэвч сануулгатай ирэх оны төсвийн төсөл шаардлага хангахгүй байгаагийн сацуу төсвийн тухай хуулиа зөрчиж байгаад УИХ-дахь МАН-ын гишүүд шүүмжлэлтэй хандаж буй /тэдний зөв ч байж мэднэ/.

Тэнцвэржүүлсэн орлогыг долоон их наяд, зарлагыг 7.4 их наядаар баталсан энэ оны төсөв 800 тэрбум төгрөгөөр тануулж, “шарх” авсан. Ингэснээр энэ оны төсвийн хөрөнгөөр санхүүжих 270 гаруй барилга обьект /сургууль, цэцэрлэг, эмнэлэг/-ыг ирэх он болон түүний дараагийн жилд шилжүүлэхээр болов. Өөрөөр хэлбэл, бид амжиж суухаар зүтгэж буй хөгжлийн галт тэрэгнээсээ 1-2 жилээр хоцорлоо. Хэрэв дээрх байдал засал авахгүй үргэлжлэх аваас хоёр жил байтугай 20 жил болохыг ч үгүйсгэх аргагүй юм.

Өнөөдрийн байдлаар төсвийн алдагдал ДНБ-ий зургаан хувьтай тэнцэж байна. Хуулиа мөрдсөн бол хоёр хувьд барих боломж байсан уу гэвэл байсан. Харамсалтай төсвийн орлогыг хэт өндөр тогтоосон нь хэт өндрөөс унахад хүргэсэн тал бий. Нөгөөтэйгүүр гаднын хөрөнгө оруулалт 47 хувиар буюу 1.6 тэрбум ам.доллараар, нүүрсний үнэ оны эхнээс 32 хувиар тус тус буурсан нь төсөвт эрсдэл үүрүүлсэн /бид буруугүй/.

Гэхдээ эдгээр хүчин зүйлс гэнэтийн биш ээ. Эртнээс хуралдаж байсныг бид мэдэх. Гол нь “отолт” байгааг мэдсээр байж алдаж байгаа нь тэнэглэл бус уу. Эцэст нь өгүүлэхэд төсвөө танаж чадаж байгаа нь дэвшил. Харин хөрөнгө оруулалтын зардлаа дараа онд шилжүүлэх нь хөгжлөөс татгалзаж байгаа хэлбэр юм.