2015 онд хүлээж авах нэг сая жуулчин хаана байна вэ?

Засгийн газрын амны билгээр болдог бол хоёрхон жилийн дараа буюу 2015 он гэхэд Монголд ирэх жуулчдын тоо нэг саяд хүрэх ёстой. Гэвч тус өөдрөг төсөөлөл талаар болох бололтой.

Соёл, спорт, аялал жуулчлалын яам өнгөрсөн жил манай улсад зочилсон гаднын гийчдийн тоог өмнөх онтой харьцуулан гаргажээ. Манай улсад 2012 онд нийт 620 мянга гаруй гаднынхан морилсны 475 мянга нь жуулчин. Үүнээс аялал, зугаалгаар ирээд буцсан аялагчдын тоог өмнөх онтой нь харьцуулбал ердөө л 18403 хүнээр нэмэгдэж, аялал жуулчлалын салбар дөрвөн хувиар өсчээ. Манай улсад 2009 онд нийт 464 мянган жуулчин ирсэн тухай тоог сөхөн, харьцуулбал манай улсыг зоригсдын тоонд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд төдийлэн өөрчлөлт гараагүй нь харагдана. Харин ч бууралттай жилүүд байжээ. Гэвч дэлхийн эдийн засгийн байдал хүндэрсэн жилүүдийн нөлөөллийг энд дурдах нь зүйн хэрэг. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2010 онд нийт жуулчдын тоо 10 хувиар өсч байжээ. 2015 он хүртэл бидэнд энэ жилийг оролцуулаад гурван жил үлдэж. Гэвч өнгөрсөн арван жилд хагас сая жуулчны өсөлтийг хүртэж чадаагүй улс ирэх гурван жилд огцомдож нэг сая хүргэх эсэх нь эргэлзээтэйг өнгөрсөн жилийн өнгө гэрчилж буй.

Өнгөрсөн жил Монголд айлчилсан нийт жуулчныг бүс нутгаар нь ангилбал Ази Номхон далайн бүс нутгийн иргэд дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд 25.7 хувийн өсөлттэй байжээ. Тус өсөлтийг нэг талаар БНХАУ-аас түр хугацаагаар орж ирж, ажил хийж буй иргэдтэй холбох үндэслэл бий. Харин тус бүс нутгийн дараа Европ, Америк, Ойрхи Дорнодын орнуудын жуулчид эзэлж байна.