2017 оны нийслэлийн хөгжлийн бодлогыг тодорхойлов

Өнөөдөр болсон нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар 2017 оны нийслэлийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиглэлийг тодорхойлов.

Нийслэлийн удирдлагын зүгээс Улаанбаатар хотыг “Аз жаргалтай хот” болгохоор төлөвлөөд байгаа. Ирэх жил нийслэлийн удирдлагаас авч хэрэгжүүлэх бодлого ч энэ зорилтод чиглэгдэх бололтой. Үүний тулд хэд хэдэн ажил хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа. Тухайлбал, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “аз жаргалын индекс” систем нэвтрүүлэх гэнэ. Харин энэхүү саналыг эсэргүүцэх хүн цөөнгүй байв. Учир нь энэхүү системийг нэвтрүүлэхэд багагүй хөрөнгө шаардагдах тул улсаас олгосон төсвийг илүү хэрэгтэй зүйлд зарцуулах нь зүйтэй гэсэн санал гарч байсан. Тэгвэл одоогийн байдлаар ирэх жил улсаас нийслэл хотод 605,7 тэрбум төгрөг төсөвлөөд байгаа аж.
Улаанбаатар хотод тулгаамдаад байгаа гол асуудлын нэг нь цэвэрлэх байгууламж юм. Одоо ашиглаж байгаа цэвэрлэх байгууламж чанарын шаардлага хангахгүй мөн өмхий үнэртэх, хөрс, ундны усанд сөргөөр нөлөөлөх зэрэг асуудал дагуулах болсоор удаж байна. Тэгвэл ирэх онд төв цэвэрлэх байгууламжийг сайжруулах мөн шинээр барих төслүүдийг эхлүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Ингэхдээ Буянт- Ухаа, Туул тосгон, Гачуурт зэрэг газруудад бага оврын цэвэрлэх байгууламж барьж ашиглалтанд оруулахаар төлөвлөөд байна.
Жил бүр яригддаг ч шийдвэрлэж чаддаггүй нэг асуудал бол Улаанбаатар хотын агаар, ус, хөрсний бохирдол юм. Энэ жил нийслэлээс утааг бууруулах ажлын хүрээнд сэргээгдэх эрчим хүчинд анхааран ажиллахаа мэдэгдэв. Хотод сэргээгдэх болон бусад эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болгох, газар зохион байгуулалтыг шинэчлэхээр төлөвлөөд байгаа. Харин хөрс, усны бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Сэлбэ, Дунд голын ай сав, Амгалангаас Толгойт өртөө хүртэлх бүсэд ойжуулалтын бүс байгуулах, мод суулгахад анхааран ажиллах тухайгаа мөн хэлсэн юм. Хог хаягдлыг дахин боловсруулах Эко-Паркийн дэд бүтэц байгуулах, аюултай хог хаягдлын устгалын менежментийг сайжруулах талаар анхаарч ажиллахаа мөн мэдэгдсэн.
Ирэх онд нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн хөгжлийн дунд хугацааны бодлогын баримт бичгийг шинэ үзэл баримтлалын дагуу батлуулж, гэр хорооллын суурьшлын бүсийг ухаалаг дэд бүтэцтэй болгох зэрэг ажил зохион байгуулахаар болжээ. Мөн төвийн инженерийн шугам сүлжээг барьж ашиглалтанд өгнө. Ингэхдээ Дэнжийн мянга, Дамбадаржаа зэрэг цэгүүдийн дэд бүтцийн бэлтгэл ажлыг хангана хэмээн мэдэгдсэн. 2017 онд нийслэлд хэд хэдэн байршилд объект барьж ашиглалтад өгөхөөр төлөвлөөд байгаа. Эдгээрийн нэг нь мал аж ахуйн үйл ажиллагааг зах зээлийн эрэлт хэрэгцээнд уялдуулан орчин үеийн чиг хандлагаар хөгжүүлэх чиглэлээр малын худалдааны цэгүүдийг байгуулахаар ажиллаж байна. Байрлалын хувьд нийслэлийн баруун болоод зүүн бүсэд барихаар тогтоод байна.
Харин НИТ-ийн хурлын АН-ын бүлгээс Нийслэлийн Засаг даргаас өргөн барьсан эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх дээрх бодлогын баримт бичигт тодорхойгүй зүйл олон байна хэмээн шүүмжлэв.
НИТХ-ын АН-ын бүлгийн ахлагч Ц.Баатархүү “2017 оны нийслэлийг хөгжүүлэх үндсэн чиглэл судалгаанд суурилсан, бодитой байх шаардлагатай” гэж мэдэгдсэн юм.
АН-ын бүлгийн зүгээс “Ахмадын орон сууц”, “Түрээсийн орон сууц” зэрэг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх мөн ЕБС-ийн багш, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын ажлын чанарыг индексээр үнэлэх, нийслэлийн 72 байршилд цэцэрлэг, бага сургууль барих зэрэг санал дэвшүүлээд байгаа юм.