2019 онд ЕБС-уудыг хоёр ээлжид бүрэн шилжүүлнэ


Нийслэлийн боловсрол, эрүүл мэнд, спорт, соёл урлагийн салбарыг хариуцаж байгаагийн хувьд бодит судалгаанд тулгуурлан, асуудлыг эрэмбэлж, шат дараалалтай шийдвэрлэх шаардлагатай болсон. Нийгмийн салбарыг хөгжүүлэхийн тулд юуны түрүүнд гарааны судалгаа чухал байсан юм. Иймээс 2016-2017 онд судалгааны ажлыг зохион байгуулж, тус судалгаануудад үндэслэн нийслэлийн хэмжээнд анх удаа нийгмийн салбар тус бүрт бодлогын баримт бичигтэй болсон билээ.

Өнөөдөр нийслэлийн хэмжээнд боловсрол болон эрүүл мэндийн салбарын хүртээмж, чанарын асуудал эн тэргүүний шийдвэрлэх ёстой тулгамдсан асуудал болоод байна.

Боловсролын чанарын асуудлыг ярихын урьд хүртээмжийг сайжруулах ёстой. Сургууль, цэцэрлэгийн тоог нэмж, хүчин чадлыг нэмэгдүүлэх нь эн тэргүүний асуудал юм. Тиймээс ЕБС-ийн хүртээмжийг сайжруулахаар арга хэмжээ авсны үр дүнд 2016 онд гурван ээлжээр хичээллэдэг сургууль 34 байсныг өнөөдөр 17 болгож, хоёр дахин багасгалаа. Цаашид нийслэлийн бүх төрийн өмчийн ЕБС-ийг хоёр ээлжид шилжүүлэхээр ажиллаж байна. Учир нь гурван ээлжээр хичээллэх нь хүүхдийн сурлагын чанарт төдийгүй, аюулгүй байдалд нь сөргөөр нөлөөлж байна. Гуравдугаар ээлжийн буюу 19:00-20:00 цагт тардаг хүүхдүүд ихэвчлэн 4-5 дугаар ангийнхан байна. Дөнгөж 11-12 настай хүүхдүүдийг гараас гарт буюу багшаас эцэг, эх нь хүлээн авч байгаа нь нийт хүүхдийн ердөө 50 хувьд хүрэхгүй байна. Өөрөөр хэлбэл хүүхдүүд хичээл тараад аюул осол, гэмт хэргийн золиос болохгүй байх баталгаа алга. Саяхан Нийслэлийн Цагдаагийн газрын судалгаагаар "Хичээлээ тараад харих замд ямар аюул тулгардаг вэ?" гэсэн асуулга явуулахад "Харанхуй гудамжаар явахаасаа айдаг" гэж хариулсан бөгөөд асуулгад оролцсон нийт хүүхдийн 10 хувь нь "Согтуу хүнтэй таардаг" гэж хариулжээ. Мөн хүүхдийн зам тээврийн осолд өртөх магадлалыг нэмэгдүүлж байгаа юм. Гурван ээлжээр хичээллэж буй үлдсэн 17 сургуулийг энэ жилдээ багтаан шийдэх боломжгүй нь харамсалтай боловч 2019 онд энэхүү асуудлыг бүрэн шийдвэрлэхээр бид ажиллаж байна.

2016-2017 оны хичээлийн жилд төрийн өмчийн 10 сургууль ашиглалтад орж, шинээр байгуулагдаж буй хувийн сургуулиудыг бодлогоор дэмжин ажилласнаар өмнөх хичээлийн жилтэй харьцуулахад суудлын тоо 7480-аар нэмэгджээ.

Нийслэлийн боловсролын сал­барын хүрээнд зөвхөн хүр­тээмжийг нэмэгдүүлэх үйл ажиллагаа хэрэг­жүүлж байгаагаас гадна нийслэл анх удаа боловсролын салбарын бодлогын баримт бичигтэй болсоноор энэ салбарт үгүйлэгдэж байсан том орон зай нөхөгдлөө.

“Нийслэлийн боловсрол 2020” хөтөлбөрийг боловсруулахад бидний хийсэн судалгаа чухал мэдээллүүдийг агуулж чадсан бөгөөд энэхүү судалгаа нь нийслэлийн боловсролын салбарын бүх асуудлыг тодорхойлсон гэж үзэж болох юм.

2020 он гэхэд цэцэрлэгийн хүртээмжийг олон улсын стандартын нийцсэн 85 хувьд хүргэнэ

Өнөөдөр цэцэрлэггүй 24 хороо байна. Эдгээр хорооны хүүхдүүд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй, эсвэл өөр хорооны цэцэрлэгт хамрагдаж өдөр бүр 4-5 км замыг туулж байна. Энэ нь замын хөдөлгөөний ачаалал үүсгэхээс эхлээд олон сөрөг үр дагавартай. Хоёр жилийн өмнө биднийг ажил хүлээн авахад цэцэрлэгт хамрагдалт 66% байсныг өнөөдөр 77.6%-д хүргээд байна. Бид 2020 гэхэд цэцэрлэгийн хүртээмжийг олон улсын стандартын дагуу 85%-д хүргэхээр ажиллаж байна.

2016-2017 оны хичээлийн жилд төрийн өмчийн 13 цэцэрлэг шинээр ашиглалтад орж, 40 гаруй хувийн цэцэрлэг байгуулагдсан. Түүнээс гадна байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг дэмжиж, шинэ туршлага нэвтрүүллээ. Албан байгууллагын барилга байгууламжийн сул орон зайг ашиглан стандартад нийцсэн цэцэрлэгүүд байгуулсан. Өнөөдөр 10 байгууллага дэргэдээ цэцэрлэгтэй болж, нийт 1100 хүүхэд хамруулжээ. Энэ нь байгууллагын ажилчдын цаг ашиглалт, хөдөлмөрийн бүтээмжид эерэгээр нөлөөлөх сайн талтай.

Мөн хувийн цэцэрлэгүүд төлбөртэй учраас тэр бүр ор дүүрдэггүй. Тиймээс төрийн бус өмчийн цэцэрлэгийн сул орын ашиглан, цэцэрлэгийн гадна үлдсэн 3087 хүүхдийг нэмэлт зардал төлбөргүйгээр хамруулсан.

Сургуулийн өмнөх боловсролд хамруулах үйл ажиллагааг цахим хэлбэрт оруулан бүртгэлжүүлэх ажлыг анх удаа санаачлан хэрэгжүүллээ. Цэцэрлэгийн хүртээмжгүй нөхцөл байдлаас шалтгаалан цэцэрлэгт элсэх үйл ажиллагааг очер дараалал, үүсгэн зохион байгуулдаг байсныг үндсээр нь өөрчилж цахим хэлбэрт оруулсан юм. Ингэснээр эцэг эхчүүдийн дунд яригдах “ашиг сонирхлын зөрчил” хэмээх хардлагыг үндсэндээ үгүй болголоо.

Энэ онд бид 34 сургууль, 50 цэцэрлэгийн барилгыг шинээр барих буюу өргөтгөнө. Мөн АХБ-ны санхүүжилтээр 22 цэцэрлэг есөн сургууль, Жайкагийн санхүүжилтээр дөрвөн сургууль, Хятадын Засгийн газрын санхүүжилтээр 21 сургууль, нэг цэцэрлэгийн барилга барина. Улсын төсвийн санхүүжилтээр 72 байршилд бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор баригдахаас 30-ийнх нь ажил эхлээд 5-50 хувьтай явж байна. 2018 онд нийслэлийн боловсролын салбарт сүүлийн хэдэн жил хийгдээгүй ихээхэн хөрөнгө оруулалт хийгдэнэ.

2018 оныг Өрхийн эмнэлгийг дэмжих жил болголоо

2017 онд нийслэлийн эрүүл мэндийн салбар нь анх удаа цаашид явуулах үйл ажиллагааны бодлогын баримт бичигтэй болсон юм. “Нийслэлийн эрүүл мэнд” дэд хөтөлбөрт тусгагдсан нэгдүгээр шатлалын эмнэлгүүдийн тусламж үйлчилгээг сайжруулан, хоёрдугаар шатлалын эмнэлгүүдийн ачааллыг бууруулах зорилтын дагуу 2018 оныг "Өрхийн эмнэлгийг дэмжих жил" болгож зарласан бөгөөд энэ жилдээ багтаан 142 эмнэлэгт тус бүрт таван сая төгрөгийн тоног төхөөрөмж шинээр авахаар төлөвлөсөн. Мөн өрхийн эмнэлгийн чадавхыг сайжруулснаар томуу, томуу төст өвчин, халдварт өвчний дэгдэлтийг хязгаарлах давуу талтай юм.

Иймээс гадаадын зээл, тусламжийг өрхийн эмнэлэгт төвлөрүүлж байгаа бөгөөд АХБ-ны санхүүжилтээр 10 жишиг өрхийн эмнэлэг, БНТУ-ын Станбул хотын буцалтгүй тусламжаар 10 өрхийн эмнэлэг, нэг геомодиалезын төв баригдах юм. Нийслэлийн хэмжээнд олон улсын жишигт нийцсэн өрхийн эмнэлгүүдтэй болсноор үйлчилгээ чанар, хүртээмж бодитоор нэмэгдэнэ гэж үзэж байна.

Мөн АХБ-ны санхүүжилтээр Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийг жишиг нэгдсэн эмнэлэг болгон шинээр барих ажлыг эхлүүлсэн. Орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж, 1970-1980 онд байгуулагдсан эмнэлгийн тоног төхөөрөмж, болон барилгын хооронд өдөр шөнө шиг ялгаа бий. Сайхан мэдээ дуулгахад Хан-Уул ,Чингэлтэй дүүрэгт ч мөн жишиг эмнэлэг барихаар АХБ-ны зүгээс шийдвэрлэсэн билээ. Цаашлаад дүүргүүд бүгд жишиг эмнэлэгтэй болсноор эрүүл мэндийн салбарын хүртээмж, чанар, албан хаагчдын хандлага, үйлчилгээнд ихээхэн ахиц гарна гэдэгт итгэж байна.

Эрүүл мэндийн салбарт хийгдэж буй бүтээн байгуулалтыг ногоон хөгжилтэй холбох бодлого баримталж байна. Шинээр баригдаж буй барилга, байгууламжууд нь нүүрсний эрчим хүчийг бага ашиглаж аль болох нарны эрчим хүчийг ашиглах болно. Зөвхөн эмнэлгийн барилгаар зогсохгүй цэцэрлэг, сургуулийн барилгыг ч эко болгох төлөвлөгөөтэй ажиллаж байна.



Ш.Анхмаа

Нийслэлийн иргэдийн хурлийн төлөөлөгч,
Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч