2020 оны сонгуулийн талбар – Instagram
Instagram дахь хуурамч мэдээллийн аюул дэлхийг сэрээнэ
Америкийн ерөнхийлөгчийн сонгууль 2016 онд болохоос ч өмнө Facebook сохроор дагах, гажигтай нийтлэл, хуйвалдааны онолын голомт байлаа. Нийгмийн сүлжээ нь “харилцаа”-г оновчтой болгоход чиглэхээс гадна хүчтэй хариу үйлдэл эхлүүлдэг агуулгыг түгээх замаар хүмүүсийг гүйлгэж харах, клик дарах, сэтгэгдэл бичихэд хүргэдэг. Гэвч Оросын хүчирхэг суртал нэвтрүүлгийн кампанит ажил илчлэгдсэнээс хойш сэтгүүлч, фэйсбүүк хэрэглэгчид үүний агуулж буй эрсдлийг анзаарч эхэлсэн юм. Үүнтэй төстэй зүйл 2020 оны сонгуулийн үеэр, гэхдээ энэ удаад Instagram-д (Facebook эзэмшдэг) ажиглагдах болно.
Instagram 2016 оноос маш түгээмэл болж эхэлсэн. Үүнд нөлөөлсөн нэг шалтгаан бол эмх замбараагүй интерфэйс, нууцлалын төвөгтэй хяналтууд юм. Instagram харин хөөрхөн зургаар дүүрэн, хэрэглэхэд ч хялбар. Түүний өсөлтийг супер нэмэгдүүлсэн нэг зүйл бол 2016 оны сүүлчээр танилцуулагдсан, нэг өдрийн дараа алга болдог зураг, бичлэгийн хамтатгасан мэдээлэл болох “Stories” юм. Instagram-ын уламжлалт профайл болох “grid” дээр амьдралынхаа хамгийн сайхан мөчийг харуулахын тулд хэрэглэгч тун няхуур “ажиллах” ёстой болдог бол Stories харин удахгүй алга болох постыг ашиглаж хөгжилдөх эрхийг тэдэнд олгосон юм.
Нэн ялангуяа ахмад хүмүүсийн хэрэглээ огцом өсөв. Instagram 2016 оны зургадугаар сард 500 сая хэрэглэгчтэй байсан. Харин 2018 оны зургадугаар сард 1 тэрбум болж өссөн агаад Америкийн конгрессийн гишүүдийн тал, сенатчдын дөрөвний гурав нь бүртгүүлжээ. Эдүгээ эдгээр тоо улам өссөн гэж үзэхэд алдахгүй. Түүнээс гадна харилцааны түвшин (engagement level) асар өндөрт хүрчээ. Instagram-ын арав дахь том аккаунт Facebook-ийн хамгийн том аккаунтаас гурав дахин их интеракшин үүсгэдэг талаар улс төрийн Axios сайт мэдээлжээ.
Инстаграмыг Stories өөрчилсөн юм. Визуаль хэрэгсэл байсан Instagram-д бичвэр нэмэгдсэн нь энэ. Түүнчлэн бусдын постыг илүү хялбараар хуваалцах боломж олгожээ. Бичвэр болон хуваалцах үйлдлийг нэмсэн нь хэрэглэгчийн маш өргөн бааз суурьтай нь нэгдээд Instagram-ыг Facebook шиг хэрнээ суртал нэвтрүүлэгчдийн хувьд татгалзахын аргагүй зүйл болгож хувиргав. Хамгийн гол нь нар жаргах мөч, кофены аяга, уруул өнгөлөгч борлуулдаг хөөрхөн залуу “нөлөөлөгчдийн” цугладаг газар гэж тооцогддог учраас Instagram-ын хэрэглэгчид хамгаалалтаа сулруулдаг байна.
Гэвч улс төр Instagram-д халдварлаад уджээ. Америкийн ерөнхийлөгчийн 2016 оны сонгуульд инстаграмын гүйцэтгэсэн үүргийг дутуу үнэлсэн гэж Сенатын тагнуулын хорооны бэлтгэсэн тайланд дурдсан. Facebook, Twitter-ийн талаар хэвлэлээр хангалттай мэдээлсний дараа Оросын суртал ухуулагчид 2017 онд анхаарлаа Instagram руу шилжүүлсэн гэж тайланд нэмж өгүүлжээ. Нью-Йоркийн их сургуулийн тайланд Instagram нь “меме суурьтай буруу мэдээллийг тараах хүсэлтэй хүмүүсийн гол сонголт байх болно” гэж дурдаад “Оросын оролцооноос гадна дотоодоос тараасан хууран мэхлэлт, хуйвалдааны онол нь Instagram-д улам газар авч байна” гэжээ.
Улс төрийн меме, вакцинжуулалт зэрэг зөрчилтэй асуудал түгээгч аккаунт өссөөр байна. Дараа нь дагагч нарт төстэй аккаунт, алгоритмаар хүч нэмсэн үзэл суртлыг харуулдаг нь үзэх тусам туйлширсан, ноцтой түүх рүү хөтөлдөг Facebook-ийн мэдээний урсгалтай адил боллоо. Хэрэглэгчид grid-ийг улс төрийн зорилгоор ашиглах арга олж эхлэв. Тухайлбал, профайл зургаа Кашмирийг дэмжиж улаан, Суданыг дэмжиж хөх болгодог.
Facebook 2016 оноос мэдээлэл шалгадаг агентлагтай холбоо тогтоож, олон мянган контент шалгагч хөлсөлж, бусдыг турхирсан материалын тархалтыг хумихыг хичээж ирэв. Харин түүнтэй харьцуулахад жижиг, хурдтай өсөж буй нийгмийн сүлжээнд ийм хамгаалалт цөөн. Instagram-ын хувьд анхааруулсан бүх тэмдэг анивчиж байна.
Лео Мирани, The Economist-ийн Британи хариуцсан ахлах сэтгүүлч