2021 оны ТОП 100 аж ахуйн нэгж тодорлоо
Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим хамтран нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулж буй “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийг эрэмбэлж, өргөмжлөх үйл ажиллагааг 21 дэх жилдээ зохион байгууллаа.
ТОП-100 ААН-ийг эрэмбэлэхдээ Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны албан ёсны мэдээ, тайлан, тоон үзүүлэлтэд тулгуурлан ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн таван үзүүлэлтэд тулгуурладаг бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 20 дахь удаагаа нэгдүгээрт эрэмбэлэгдлээ. Мөн Оюутолгой ХХК, Эрдэнэс Тавантолгой ХК, Хаан банк, Голомт банк , Монгол Зөвлөлтийн ХНН УБТЗ ХХК, Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, НИК ХХК, Энержи Ресурс ХХК эхний 10-т орсон байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эдийн засаг -5.3 хувь хүртэл агшиж, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний эргэлт 10 дахин удааширч, инфляци 15 хувьд хүрсэн нэн амаргүй түүхэн сорилтыг хамтын хүчээр даван туулж байна. Энэ амаргүй цаг үед Засгийн газарт дэм болж ажлын байраа хадгалж, татвараа цаг хугацаанд нь төлж, шилдэг аж ахуйн нэгжийнхээ үүргийг нэр төртэйгөөр биелүүлсэн ТОП-100 аж ахуйн нэгжүүд Та бүхэндээ Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд нийт иргэдийнхээ өмнөөс гүн талархал илэрхийлье.
“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх үндсэн зарчим нь иргэн, аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоонд тулгуурласан эдийн засгийн шинэ бүтэц бий болгох юм.
Төр засуулын үүрэг гүйцэтгэж, иргэн, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид дэлхийн дэвжээнд барилдахад бүх талын дэмжлэг үзүүлэх болно” гэж хэлээд амжилт хүслээ.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “2021 оны ТОП 100 ААН-ийн борлуулалтын орлогын хэмжээ өмнөх оноос 2.8 их наядаар өсч, 35.4 их наяд хүрсэн нь ДНБ-ий 82 хувьтай дүйцэж, ажиллагсдын тоо нь 8.3 мянгаар нэмэгдэж 99 мянгад хүрсэн нь нийт ажлын байрны 8.8 хувьтай тэнцэж байна. Эдийн засаг, бизнесээ сэргээхэд амаргүй жил байсан хэдий ч ТОП 100 ААН-ийн нийт төлсөн татварын хэмжээ өмнөх жилээс 26 хувиар өсч, 5.3 их наяд төгрөгт хүрсэн” гэдгийг онцлов.
Монгол Улсын 2021 оны ТОП-100 ААН-ийг үйл ажиллагааны салбараар нь авч үзвэл худалдаа үйлчилгээний 29, уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн салбарын 22, хүнсний үйлдвэрлэл 9, харилцаа холбооны 8, газрын тосны хангамж 8, банк санхүүгийн 6, хүнд үйлдвэр 6, барилга, замын салбарын 5, цахилгаан, дулааны үйлдвэрлэл, усан хангамжийн 3, тээвэр ложистикийн салбарын 3, хөнгөн үйлдвэрийн 1 компани эрэмбэлэгджээ.
Энэ удаа 18 компани ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтад шинээр орж ирсэн байна.Худалдаа үйлчилгээ, хүнсний үйлдвэрлэл, уул уурхай, олборлох үйлдвэрлэлийн салбар зардлын менежмент хамгийн сайн ба дунджаар хамгийн их цэвэр ахиуц ашигтай ажиллажээ.
2021 онд ТОП 100 ААН-д ажиллаж байгаа нэг ажилтны дунджаар бий болгосон татварын хэмжээ 53 сая төгрөг байна.