2024 оны III улирлын байдлаар 972.90 тэрбум төгрөгийн арилжаа явагджээ

Sarangerel
2024-12-05 11:51:15
Ангилал:

Хөрөнгийн зах зээлд энэ онд “Эм Жи Эл Акуа” ХХК цэвэр усны компани IPO гарган, 15 тэрбум төгрөг татан төвлөрүүлжээ. Энэ компани цэвэр усны үйлдвэрлэлийн салбарт хүрээгээ тэлж, шинэ бүтээгдэхүүн гаргах, ногоон үйл ажиллагаа явуулах зорилготой. Мөн  “Ард кредит” банк бус санхүүгийн байгууллага нэмж үнэт цаас гарган, 8.9 тэрбум төгрөгийг анхдагч зах зээлийн арилжаанаас амжилттай татан төвлөрүүлсэн. Мөн 35 тэрбум төгрөгийн үнэлгээтэй “Бэрс-3” ба “Бичил -3” гэх нэртэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цааснууд шинээр арилжигдлаа. Бондын тухайд, “Ашид капитал ББСБ” 24 тэрбум төгрөг, Нийслэл 500 тэрбум төгрөгийг тус тус манай биржээр дамжуулан дотоодын зах зээл дээрээс босгов. Нийт дүнгээр нь харахад 2024 оны III улирлын байдлаар 972.90 тэрбум төгрөгийн арилжаа явагджээ.

Түүнчлэн өнгөрсөн жил хөрөнгийн бирж дээр нийт 725 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжаалагдсан бол энэ оны 2024 оны III улиралд нийт 187 удаагийн үнэт цаасны арилжаа явагдаж, хувьцааны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаагаар 141 ХК-ийн 242.50 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 895.38 сая ширхэг хувьцааг, хөрөнгөөр баталгаажсан баталгаат үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаагаар 110.38 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 1.22 сая ширхэг хөрөнгөөр баталгаажсан баталгаат үнэт цаасыг, хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4.40 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 7.49 сая ширхэг нэгж эрхийг, өрийн хэрэгслийн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаагаар 615.60 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 6.17 сая ширхэг өрийн хэрэгслийг тус тус арилжиж, нийт 972.90 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 910.28 сая ширхэг үнэт цаас арилжигдсан байна.

Нийт арилжааны үнийн дүнгийн 24.93 хувь буюу 242.50 тэрбум төгрөгийг хувьцааны арилжаа, 11.35 хувь буюу 110.38 тэрбум төгрөгийг хөрөнгөөр баталгаажсан баталгаат үнэт цаасны арилжаа, 0.45 хувь буюу 4.40 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрхийн арилжаа, 63.28 хувь буюу 615.60 тэрбум төгрөгийг өрийн хэрэгслийн арилжаа тус тус эзэлж байна.