Э.Одбаяр: 2026 онд гадаад бодлого Зүүн өмнөд Ази, булангийн орнууд руу чиглэнэ
Сүүлийн жилүүдэд Төв Азийг чиглэсэн гадаад бодлого харьцангуй идэвхжсэн бол энэ оноос төрийн айлчлалын жолоог Индонез, Филиппин, Тайланд, Катар, Кувейт, Саудын Араб зэрэг улс руу чиглүүлэхээр төлөвлөж байна. Төрийн айлчлалын үр дүн, ач холбогдлын талаар Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяртай ярилцлаа.
-Монгол Улс гадаад харилцааны “хөлөг” дээр идэвхтэй бөгөөд сонирхолтой нүүдлүүд хийсээр байна. Эдгээр нүүдлийн онцлог, ач холбогдлыг та хэрхэн дүгнэх вэ?
-Сүүлийн жилүүдэд дотоод, гадаадыг чиглэсэн төрийн айлчлалууд идэвхтэй, өрнүүн байна. Үүнийг монгол хүн бүр мэдэрч байгаа болов уу. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 онд найман улсад айлчлал хийсэн бол гадаадаас таван төрийн тэргүүн манай улсыг зорин ирлээ. Өнгөрсөн оны эхнээс бид Европын орнууд буюу гуравдагч хөрш рүү хандсан гадаад харилцааг идэвхтэй өрнүүлсэн. Нэгдүгээр сард БНТУ руу төрийн айлчлал зохион байгуулж, үндэсний хөдөлгөөнүүдийн зорилго, үнэ цэнийг таниулах алхмуудыг хийсэн. Турк улстай бид хөнгөн үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар ярилцсан бол гуравдугаар сард Польш, Чех улсад айлчлахдаа мөн энэ чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлсэн. Айлчлал бүрээр тодорхой гэрээ хийсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт” зэрэг үндэсний хөдөлгөөнүүд дан ганц монголчуудын хүсэл зоригоор урагшлахгүй. Тиймээс гаднын хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдээр бид хүчээ зузаатгах ёстой.
Энэ утгаараа төрийн айлчлал, олон улсын хурал цуглаан, арга хэмжээнд Монгол Улсын, монголчуудын хүсэл зоригийг тодоор илэрхийлж, үндэсний хөдөлгөөний ач холбогдлыг сурталчлан таниулахад онцгойлон анхаарч байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 80 дугаар чуулган, 2025 он
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлал өмнөх төрийн тэргүүнүүдийн айлчлалаас олон талаараа ялгарч байгаа. Өмнөх төрийн айлчлалуудаар хөрөнгө оруулалтын орчноо танилцуулах уулзалт, форумыг чухалчилдаг байсан бол Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бизнесийн бүрэлдэхүүн, баялаг бүтээгчдийн саналын дагуу төрийн айлчлалын үр дүн, ач холбогдлыг илүү тодотгож, зарчмын өөрчлөлт хийсэн.
Тухайлбал, айлчлалын хүрээнд уулзалт, форум хийхээс гадна тусгай үйлдвэрүүд, аж үйлдвэрийн парк, кластеруудаар танилцах аялал хийдэг болсон. Ингэснээр бизнес эрхлэгчдийн холбоо харилцаа илүү бэхжиж, бодит үр дүнд хүрэх цаг хугацааг дөтөлж чадсан. Сүүлийн гурван жилд л гэхэд 1000 гаруй баялаг бүтээгчийг төрийн айлчлалын баг бүрэлдэхүүнд хамруулсан байна. Хамгийн чухал нь, бид эргэх холбоотой байж, айлчлалын үр дүн, цаашид анхаарах зүйл зэргийг бизнес эрхлэгчдээс асууж тодруулан, хариу арга хэмжээ авахыг ямагт чухалчилдаг. Энэ бол компаниудын зорилго, алсын харааг Монголын төр эрхэмлэж хүндэтгэж буйн тод илрэл юм.
-Төв Азийг чиглэсэн гадаад бодлого сүүлийн жилүүдэд эрс идэвхжлээ. Төв Азийн улсуудаас ямар хүлээлттэй байна вэ?
-Монгол Улс бие даасан, олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн гадаад бодлого хэрэгжүүлдэг. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Үндсэн хуулийн дагуу Монгол Улсын тэргүүн дипломатч байдаг. Энэ утгаараа гадаад харилцааны талбарт Ерөнхийлөгч өөрөө түүчээ болж явах учиртай. 2025 онд, Төв Ази руу чиглэсэн гадаад бодлого бүрэн бүтэн болсон. Үүнийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.
2022 онд Киргизийн Ерөнхийлөгч манай улсад айлчилсан. Киргизийн төрийн тэргүүнийг эх орондоо урьсан нь Төв Ази руу чиглэсэн гадаад бодлогын эхний нүүдэл байсан. Төв-Азийг чиглэсэн гадаад бодлого үндсэндээ 20-иод жилийн турш орхигдсон. Тиймээс Киргизээр цөн түрж, Төв Азийг чиглэсэн гадаад бодлогоо сэргээсэн. Улмаар 2025 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Киргиз рүү хариу айлчлал хийлээ.
Мөн Казахстан улсын Ерөнхийлөгч есдүгээр сард манай улсад айлчилж, хоёр орны харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэсэн. Энэ жил Монгол Улсын Ерөнхийлөгч Казахстан руу хариу айлчлал хийхээр бэлтгэл ажлаа базааж байна.
Түүнчлэн Туркменистан, Узбекистаны төрийн тэргүүнүүд манай улсад айлчилж, Тажикистан руу төрийн айлчлалын жолоог чиглүүлсэн. Эдгээр айлчлалд бизнесийн бүрэлдэхүүнээ ч идэвхтэй оролцуулсан.
Манай бизнес эрхлэгчдийн хувьд, Казахстаны бизнес эрхлэгчидтэй харьцангуй идэвхтэй хамтын ажиллагаатай байдаг. Харин Төв Азийг чиглэсэн гадаад бодлогыг идэвхжүүлж, бүрэн бүтэн болгосны үр дүнд Киргизстан, Тажикистан, Туркменистан, Узбекистан зэрэг улсуудаар хамтрал тэлж, харьцангуй шинэ зах зээлийн үүд хаалгыг нээж чадлаа.
Мөн бид гаднаас хөрөнгө оруулалт татахыг чухалчилдаг байсан бол манай баялаг бүтээгчид өөрсдөө Төв Азид хөрөнгө оруулж эхэллээ. 2025 онд л гэхэд, “Таван богд” компани Төв Азийн бүсэд 10-аад сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Төв Азийг чиглэсэн гадаад бодлого бүрэн бүтэн болсноор баялаг бүтээгчдэд, нэн ялангуа “хүнсний хувьсгал”-ын эзэд болсон аж ахуйн нэгжүүдэд ээлтэй ирээдүйг авчирна гэдэгт бид итгэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Туркменистан Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр, 2024 он
-Гадаад харилцааны ололт амжилт Төв Азиар хязгаарлагдахгүй болов уу. Италитай стратегийн түншлэл тогтоож, харилцааны түвшнийг хоёр шат ахиуллаа. Энэ түншлэлээс гарах үр дүн юу байх бол?
-Итали улсын тухайд, манай гуравдагч хөрш. Их Долоогийн бүлгийн гишүүн, дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч орон. Тус улстай харилцаагаа хоёр шат ахиулсан нь олон талын ач холбогдолтой. Стратегийн түншлэл тогтоосон тохиолдолд улс орнууд маш өөр түвшинд яриа хэлэлцээ өрнүүлдэг.
Бас нэг зүйлийг онцлоход, Итали бол хүнсний үйлдвэрлэлээр Европт тэргүүлдэг гурван орны нэг. Энэ утгаараа Ерөнхийлөгч “Хүнсний хувьсгал”-д хамтрахыг санал болгосон. Айлчлалын бизнес бүрэлдэхүүнд 60 гаруй компанийн төлөөлөл багтсан. Италид хүнсний салбарынхнаас гадна ноос ноолуурынхан ч том “амбиц” тээж очсон. Хүссэн зүйлээ ч олж чадсан.
Бид хөнгөн үйлдвэрлэлийн нарийн технологиудыг Италиас нутагшуулж, мэдлэг ур чадвараа хуваалцаж болохоор байна.
Тухайлбал, Италийн хамгийн том бяслагны үйлдвэртэй манай бизнес эрхлэгчид танилцсан. Мөн арьс шир, ноос ноолуур боловсруулах тал дээр Италитай хамтрахаар ярилцлаа. Өмнө нь ноос ноолуурын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн холбоодууд Италитай олон жилийн турш шууд харилцаатай ажиллаж ирсэн. Үүний ачаар италичуудын суурь ойлголт, хүлээлт харьцангуй тодорхой байсан.
Бас нэг сонирхолтой баримт дурдахад, манай улсын ноолуурын экспортын 80 хувь нь Италийг чиглэдэг. Италийн томоохон брэндүүд монгол ямааны ноолуурыг ашиглаж байна. Мөн италичууд манай улсад хамгийн хэрэгтэй байгаа ээрмэлийн үйлдвэрийг харилцан хөрөнгө оруулалт хийж, байгуулах талаар бодит яриа хэлэлцээ өрнүүлсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн хамт, 2025 он
-Гуравдагч хөршийн бодлогоос гадна мөнхийн хоёр хөрштэйгөө харилцах харилцааг ч орхигдуулаагүй. 2025 онд Бээжинд болсон гурван улсын төрийн тэргүүнүүдийн уулзалтаас та юуг онцлох вэ?
-Бээжинд Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн, ажиглагч орнуудын төрийн тэргүүнүүд цуглаж, өргөтгөсөн ээлжит хуралдаанаа зохион байгуулсан. Энэ хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ажиглагч улсын төрийн тэргүүний хувиар оролцож, үндэсний хөдөлгөөнүүдээ танилцуулсан. Мөн гишүүн орнуудад хандан бид харилцан ашигтай хамтран ажиллахад нээлттэй гэдгээ илэрхийлсэн. Энэ үеэр мөн Монгол, Орос, Хятад гурван улсын төрийн тэргүүнүүдийн долоо дахь удаагийн гурван талт уулзалт болж, уулзалтын хүрээнд маш чухал зүйлсийг тохирч чадсан. Үүний нэг нь манай улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх хийн хоолойн бүтээн байгуулалтыг эцэслэн шийдвэрлэж, тохиролцсон явдал байсан.

Монгол, Орос, Хятад гурван улсын төрийн тэргүүнүүдийн долоо дахь удаагийн гурван талт уулзалт, 2025 он
-2026 онд гадаад харилцааны гол нүүдэл хааш чиглэх вэ?
-Гадаад харилцаа Төв Ази, Европ руу чиглэснээс гадна Энэтхэг Номхон далай, Зүүн өмнөд Азийг чиглэсэн. Гурван жилийн өмнө манай улсын төрийн тэргүүн Лаос, Вьетнам улсад айлчилж, тус улсын төрийн тэргүүнүүд манай улсад хариу айлчилж байсныг эргэн сануулмаар байна. Цаашид Монгол Улс тэнцвэртэй, бие даасан, энхийг эрхэмлэсэн, олон тулгуурт гадаад бодлогоо үргэлжлүүлнэ. Цаг үе ч ийм зарчмаар урагшлахыг шаардаж байна. 2026 оны тухайд, гадаад бодлого Зүүн өмнөд Ази, булангийн орнууд руу чиглэнэ. Индонез, Филиппин, Тайланд, Катар, Кувейт, Саудын Араб руу төрийн айлчлалын жолоог эргүүлнэ.
-Геополитикийн тодорхойгүй байдал үргэлжилсээр байна. Хаашаа ч холбирч болох энэ нөхцөлд монголчууд бид гадаад ертөнцөд ямар мессеж өгөх ёстой вэ? Энэ асуултаар ярилцлагаа өндөрлөе.
-Геополитик, гео стратегийн тогтворгүй байдал үл итгэлцэл дагуулж, дайны гал дэлхийн өнцөг булан бүрд асаж байна. Ийм цаг үед бид энхийг эрхэмлэсэн гадаад бодлогоо бие даасан байдлаар хэрэгжүүлэх ёстой. Монгол бол ардчилсан улс. Тиймдээ ч өөр хоорондоо ямар ч байдлаар хэлэлцэж, маргалдаж байсан гадагшаа нэг цонхоор харах учиртай. Бид хилийн дээс алхаад л Монгол хүн гэж харагдана. Иймээс Монголын төр, үүх түүхийн эрхэмсэг оршихуйг сахин хамгаалах ёстой. Ингэж байж биднийг чиглэсэн харц хүндэтгэсэн, ойлголцлыг эрхэмлэсэн байх болно.
Дэлхий ертөнц “хэцүү” байна. Бид далайд гарцгүй. Хоёр том гүрний дунд байна. Иймээс ухаалаг, прагматик байж, язгуур эрх ашгаа хамгаалсан, үнэт зүйлээ эрхэмлэсэн, хүн хоорондын харилцааг чухалчилсан бодлого явуулах нь илүү ононо.
Гадаад харилцаа бол эцсийн дүндээ хүн хоорондын л харилцаа. Хэчнээн дипломат харилцаа ярьсан ч хүн хоорондын ойлголцол дутмагаас дайн дажин үүсдэг гашуун түүх, сургамж байна. Иймээс харилцан ойлголцлыг бэхжүүлж, Монголоо таниулах нь чухал. Монгол бол ардчилсан улс, дарангуйлал диктаторшип байхгүй, хөрөнгө оруулалт, бизнесийн орчин нь сайжирч байна. Энэ мессежийг л бид гадаад ертөнцөд түгээж байх ёстой.





