24 шинжээчийн эдийн засгийн таамаг
Банкуудын эдийн засагчид, их дээд сургуулиудын багш нар, судалгааны болон үнэт цаасны компаниудын нийт 24 шинжээчийн дунд 2026 оны хоёрдугаар сарын 16-28-ны хооронд Монголын макро эдийн засгийн төсөөллийн судалгаа явуулжээ. Монголын эдийн засаг энэ онд 24 шинжээчийн төсөөллөөр өсөлтөө хадгалах ч инфляц болон зээлийн хүү өндөр хэвээр байна.
Инфляц 2026 онд буурахгүй, харин 8 хувьд ойр түвшинд хадгалагдах хүлээлт давамгай байна. Энэ нь төсвийн тэлэлт болон гадаад хүчин зүйл тэр дундаа, геополитикийн нөхцөл байдал, гэнэтийн өөрчлөлтүүд нь тодорхой бус байдлыг нэмэгдүүлж, инфляц эрчимжих эрсдэлийг дагуулж, импортын үнийн нөлөө үргэлжилж байгаатай холбоотой гэж үзэж буй.

Харин эдийн засгийн өсөлт 2025 онд 6.8 хувьтай гарсан нь шинжээчдийн өмнөх төсөөллөөс 1.2 хувь өндөр гарсан. Харин 2026 онд 24 шинжээчийн таамаглаж байгаагаар эдийн засгийн өсөлт 5.5-5.8 хувь болж саарах хүлээлт давамгай байна. Ойрх Дорнодын бүс нутагт өрнөж буй дайн нь цаашдын дэлхийн эдийн засгийн төлөв муудах, түүхий эдийн үнэ өсөх эрсдэлийг нэмэгдүүлжээ.

Түүнчлэн шинжээчид төв банкны бодлогын хүүг 2026 оны I улиралд дунджаар 12 хувь гэсэн хүлээлттэй. Цаашид бодлогын хүү өнөөгийн түвшнээс бага зэрэг буурч 2026 оны эцэст 11.3 хувь байхаар таамаглажээ.


