28 сая ам.долларын төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол оронд харамгүй гараа сунгадаг тэр дундаа хамгийн том нь гэж цохон тэмдэглэх ёстой байгууллага бол НҮБ билээ. Гадаад хэргийн яаман дээр өнөөдөр Монгол Улсад 2012-2016 онд хэрэгжих НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрүүд батлагдлаа.

Улс орныг дэмжих хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагааны хоёр төлөвлөгөөнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч Сезийн Синаноглу болон НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Аржентина Матавел нар гарын үсэг зурлаа.

Хүний хөгжлийн хөтөлбөрийн зүгээс Ардчилсан засаглал, Ядуурлыг бууруулах ба мянганы хөгжлийн зорилтуудад хүрэх мөн Хүрээлэн буй орчин ба тогтвортой хөгжил зэрэг гурван гол зорилтын хүрээнд нийт 28 сая ам.долларын төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна. Харин Хүн амын сан нь Хүн ам ба хөгжил, Бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, Жендерийн тэгш байдал ба эмэгтэйчүүдийн эрх мэдлийг дээшлүүлэх зэрэг гурван асуудалд илүү анхаарч ажиллахаар болсон байна. Сүүлчийн төсөл хөтөлбөрийн санхүүжилт 14 сая ам.доллар байхаар тооцсон байна.Энэхүү шинэ хөтөлбөрийн тэргүүлэх чиглэл нь эмэгтэйчүүд, залуус болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэх мэт эмзэг бүлгийн хүн ам байх ажээ.