Б.Энх-Амгалан: Эдийн засгийн өндөр ач холбогдолтой бүтээн байгуулалтын олон ажил хэрэгжүүлж байна

Mongolian Economy
2020-06-18 17:52:13
Ангилал: Ярилцлага

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан сүүлийн дөрвөн жилд тус яамнаас хийж хэрэгжүүлсэн бодлогын болон бүтээн байгуулалтын томоохон ажлуудын талаар “Монголиан экономи” сэтгүүлд дэлгэрэнгүй ярилцлага өгсөн юм.

-Зам, тээврийн хөгжлийн яамнаас өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн томоохон ажлуудыг хэрхэн дүгнэж байна вэ? Та өнгөрсөн хугацаанд ямар бодлого баримталж ажилласан талаараа манай уншигчдад танилцуулна уу?

-Зам, тээврийн хөгжлийн яам эрх зүйн болон бүтээн байгуулалтын чиглэлээр олон чухал ажил эхлүүлснээс үр дүн нь эхнээсээ гарч байна.

Авто замын салбарт өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийт 1917.5 км хатуу хучилттай авто зам, 2427 урт метр гүүр барьж ашиглалтад оруулсны үр дүнд нийт 17 аймгийн төв, 95 сум, хилийн таван боомт хатуу хучилттай авто замаар нийслэлтэй холбогдлоо. Улсын чанартай авто замын сүлжээний нийт 7227.5 км буюу 48.4 хувь нь хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдоод байгааг хэлэхэд таатай байна.

Мөн зогсонги байдалтай байсан гэж хэлж болох төмөр замын бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлж, Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Тавантолгойн нүүрсний орд газраас УБТЗ ХНН-ийн Зүүнбаян өртөө хүртэл нийт 414.6 км төмөр замыг монголчууд өөрсдийн нөөц бололцоогоор барьж эхлүүлээд даруй жилийн хугацаа өнгөрчээ. Тодруулбал, захиалагчаар МТЗ ТӨХК, доод бүтцийг ЗХЖШ, дээд бүтцийг манай олон жилийн туршлагатай УБТЗ ХНН-ийнхэн барьж байгуулж байна. Энэ төмөр зам ашиглалтад орсноор 30 км-ийн радиус доторх Цагаан суварга, Хармагтай, Манлай зэрэг стратегийн томоохон ордууд эдийн засгийн эргэлтэд орж, уул уурхайн болон аж үйлдвэрийн бүтээгдэхүүний тээвэрлэлт, экспорт нэмэгдэж, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжих асар их ач холбогдолтой бүтээн байгуулалт юм.

Цаашлаад газрын тос боловсруулах үйлдвэрийн хүчин чадалд бүрэн нийцсэн төмөр замын тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангах, боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүнийг хэрэгцээт цэг рүү тээвэрлэх тээврийг зохион байгуулах, төмөр замын салбарын бусад дэд бүтцийн болон нийгмийн салбарын хөгжлийг бий болгох зорилгоор нефть боловсруулах үйлдвэрийн 27 км төмөр замын барилгын ажлыг дуусгаж, ашиглалтад хүлээн авлаа.

Агаарын тээврийн салбарт Япон Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Төв аймгийн Хөшигийн хөндийд гурван сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай олон улсын стандарт шаардлагад нийцсэн нийт 30 гаруй барилга байгууламжаас бүрдсэн иж бүрэн цогцолбор бүхий олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг барьж дуусгалаа. Энэ мэтчилэн эдийн засгийн хувьд өндөр ач холбогдолтой бүтээн байгуулалтын олон ажил хэрэгжүүлсэн байна.

-Салбарын голлох хуулиуд өнгөрсөн хугацаанд батлагдаж чадсан уу? Тэдгээр хуулийн хэрэгжилт, үр дүнг та хэрхэн дүгнэх вэ? Ирээдүйд зам тээврийн салбарын хөгжилд хууль, эрх зүйн ямар орчин шаардлагатай байна вэ?

-Зам, тээврийн салбарт өнгөрсөн хугацаанд эрх зүйн шинэчлэлт хийхээр олон ажил төлөвлөж ажилласан. Энэ хүрээнд Авто замын тухай хуулийг шинэчлэн батлуулаад байна.
Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулга Монгол Улсын Их Хурлаар 2017 оны тавдугаар сарын 11-ний өдөр батлагдаж мөн оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Тус хуулийн шинэчилсэн найруулга болон холбогдох журмуудыг баталж мөрдсөнөөр авто замын салбарт гарч буй зарим үр дүнгээс дурдья. Зам барилгын ажлын чанарыг сайжруулах, хариуцлагыг нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн зам барилгын ажлын баталгаат засварын хугацааг гүйцэтгэгч байгууллага болон тухайн зам барилгын ажилд хяналт тавих зөвлөх компанид тус бүр гурван жил байхаар хуульчилсан. Хууль хүчин төгөлдөр мөрдөгдсөнөөс хойш нийт 109 зам барилгын ажлын гэрээнд авто замын баталгаат засварын хугацааг гурван жил байхаар тусгасан. Энэ хүрээнд авто замын гүйцэтгэгч болон зөвлөх компаниудын авто замын барилгын ажлыг үр дүнтэй, чанартай гүйцэтгэх ёс зүй, хариуцлагад тодорхой ахиц дэвшил гарч байна.

Мөн “Авто замын санд хөрөнгө төвлөрүүлэх, захирах зарцуулах журам” мөрдөгдөж эхэлснээр авто замын сүлжээний бэлэн байдлыг хангах хөрөнгө оруулалтын тогтвортой эх үүсвэрийг бий болгож, сангийн үйл ажиллагаа 2020 оны төсвийн жилээс хэрэгжиж эхэлсэн. Тус журмаар Авто замын санд импортоор оруулж ирж байгаа автомашины онцгой албан татварын 20 хувь, авто зам ашигласны төлбөр, замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил гаргасан, авто замын тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд ногдуулсан торгууль, дамжин өнгөрөх тээврийн хэрэгслийн хураамж, авто замын зурвас газарт үйлчилгээ эрхэлсний хураамж, автобензин, дизель түлшний албан татварын орлогын тодорхой хувийг төвлөрүүлэхээр тусгасан. Үүний үр дүнд авто замын урсгал засвар, арчлалтын ажлыг нормативт хугацаанд нь техникийн шаардлагын дагуу чанартай гүйцэтгэх боломж бүрдэж байгаа юм. Түүнчлэн авто замын санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх, авто зам хэрэглэгчдийг шуурхай үйлчилгээгээр хангах хүрээнд зам ашигласны төлбөр авах цэгийн тоог үйлчилгээний чанарт нийцүүлэн нэмэгдүүлэх, үйл ажиллагааг цахимжуулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Цаашид зам, тээврийн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах ажлын хүрээнд “Автотээврийн тухай хууль”, “Далайн тээврийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн бариад байна. Мөн “Иргэний нисэхийн тухай”, “Төмөр замын тээврийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг ойрын хугацаанд батлуулахаар ажиллаж байна.

-Одоогийн байдлаар зам, тээврийн салбарт тулгарч буй гол бэрхшээл юу байна вэ? Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Аль ч салбарт хөрөнгө оруулалтын асуудал нэн чухалд тооцогддог. Ялангуяа манай салбарт томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгддэг учир хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд ихээхэн анхаарч, гадаадын санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр ажиллаж байна.

Коронавирусийн дэгдэлттэй холбоотой Монгол Улсын бүх төрлийн ачаа, зорчигч тээвэрлэлт зогсонги байдалд орж, салбарын байгууллагуудад эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Энэ хүндрэлээс хэрхэн гаргах талаар холбогдох байгууллагуудтай санал солилцож, Засгийн газраар холбогдох шийдвэрүүдийг гаргуулж ажиллаж байна.

Газрын тос боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн нээлт. Дорноговь аймгийн Алтанширээ сум. 2019.10.08

-Бусад салбарыг бодвол зам тээврийн салбар харьцангуй санхүүжилт их шаарддаг салбар. Улсын төсвөөс хангалттай хэмжээний санхүүжилтийг уг салбарт зориулж байна уу? Хөрөнгө, мөнгөний асуудлыг бусад эх үүсвэрээс хэрхэн бүрдүүлдэг вэ? Цаашид хэрэгтэй санхүүжилтийг хэрхэн шийднэ гэж бодож байна вэ?

-Зам, тээврийн салбарт 2016-2019 онд нийт 2.3 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтыг улсын төсөв, Хөгжлийн банк, гадаадын зээл тусламжийн хүрээнд хийсэн байна. Үүнээс Улсын төсвийн хөрөнгө оруулалт 459,2 тэрбум төгрөг, гадаадын зээл, тусламжийн хөрөнгө оруулалт 1,7 их наяд төгрөг, Хөгжлийн банкны 106,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. Улсын төсвөөс боломжит хэмжээгээр хөрөнгө оруулж байгаа ч энэ нь хангалтгүй байсаар байна.

Тус салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүд их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддаг тул ихэнхийг гадаад зээл тусламж, төр хувийн хэвшлийн санхүүжилтээр шийдвэрлэж ирсэн. Цаашид ч Монгол Улсын төсвийн байдалтай холбогдуулан төр хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг энэ салбарт татах бодлогыг түлхүү баримталж ажиллана.

-Автозамын томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхлээд байна. Гэхдээ зарим төслийн хэрэгжилт товлосон хугацаандаа явагдаж чаддаггүй. Тэгвэл энэ онд авто замын салбарын төслүүд бүрэн хэрэгжиж, дуусгавар болох уу?

-Авто зам, замын байгууламжийн чанарын асуудлыг эхлээд ярих хэрэгтэй байх. Өнөөдрийг хүртэл бага зардлаар аль болох урт зам барихыг зорьж ирсэн. Харин одоо бид чанарт анхаарч, ашиглалтын хугацааг уртасгах олон улсын жишигт нийцсэн хийц, бүтэцтэйгээр авто замыг төлөвлөх, барьж байгуулах зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Энэ хүрээнд Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудлыг Улаанбаатар хоттой холбосон 32.2 км урт, хоёр урсгал, зургаан эгнээтэй олон улсын стандарт хангасан Монгол Улсын анхны хурдны авто замыг ашиглалтад орууллаа. Нийслэл Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, түгжрэлийг бууруулах зорилгоор хотын гол гудамж зам, төмөр зам дээгүүр гүүрэн гарц, олон түвшний огтлолцол бүхий Замын цагдаагийн гүүрэн гарц, Яармагийн 250.2 урт метр шинэ гүүр болон хуучин гүүрийн их засвар, шинэчлэлтийн ажил, Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321 урт метр болон Сонсголонгийн 289.4 урт метр төмөрбетон гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг богино хугацаанд чанартай хийж гүйцэтгэн 2019 онд ашиглалтад оруулаад байна.

Мөн Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийн хамгийн их ачаалалтай хэсэг, ашиглалтын хугацаа нь 30-60 жил болсноос бүтцийн эвдрэлд орж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар эрс муудсан Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км, Улаанбаатар-Налайхын 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил, баруун аймгийн төвүүдийг нийслэл хоттой холбох Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км, Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км авто замын барилгын ажлыг 2019 онд эхлүүлж, эдгээр бүтээн байгуулалтын ажлыг 2020 онд багтаан дуусгахаар ажиллаж байна.

Дээрх зам барилгын ажлын ихэнх нь хөрөнгө оруулагч байгууллагуудтай байгуулсан Зээлийн гэрээ болон тухайн байгууллагуудын дүрэм, журмын хүрээнд хэрэгжиж байгаа.
Гэвч 2020 он гараад коронавирусийн тархалтын улмаас улс орон бүр урьдчилан сэргийлэх зорилгоор хилээр зорчих, нэвтрэх хөдөлгөөнд хязгаарлалт тавьж, гадаад ажиллах хүчийг нэвтрүүлэхгүй болсонтой холбоотойгоор дээрх бүтээн байгуулалтын томоохон ажлууд батлагдсан графикийн дагуу төлөвлөсөн хугацаандаа эхэлж амжихгүй нөхцөл байдал үүссэн. Авто замын салбарт хэрэгжиж байгаа томоохон төсөл, хөтөлбөрийг 2020 онд бүрэн дуусгах чиглэлээр салбарын хамт олон хүчээ бүрэн дайчлан ажиллаж байна.

-Автозамын салбарт хэрэгжүүлж буй төслүүд ямар явцтай үргэлжилж байна вэ? 21 аймгийг холбох авто замын төсөл хэдэн хувийн биелэлттэй явж байгаа талаар мэдээлэл өгнө үү?

-Өргөн уудам нутаг дэвсгэртэй манай орны хувьд нийт ачаа тээвэрлэлтийн 57.8 хувийг, зорчигч тээвэрлэлтийн 65 хувийг авто замын тээврээр гүйцэтгэж байна. Хаалганаас хаалганд хүрч үйлчлэх чадвартай авто замын тээврийн хэрэгцээ, шаардлага улам бүр нэмэгдэж байгаа энэ үед сайн чанарын авто замын дэд бүтцээр хангах асуудал улс орны эдийн засгийн хөгжилд тулгамдсан асуудлын нэг болж байна.

Монгол Улсын 110 гаруй мянган километр авто замын сүлжээний 15 мянга орчим километр нь олон улс, улсын чанартай авто замын сүлжээнд хамаарч, тус сүлжээний 50 орчим хувь нь хатуу хучилттай зам байна. Монголчууд ердийн хөсгөө орчин үеийн техникээр сольж, авто зам, гүүр барьж эхэлснээс хойших 90 жилийн хугацаанд Монгол Улсын 21 аймгийн төвийн ихэнхийг нийслэл Улаанбаатар хоттой, аймгийн төвүүдийг өөр хооронд нь болон ойролцоох хилийн боомттой холбосон авто замын сүлжээтэй, орчин үеийн техник, тоног төхөөрөмж, үндэсний чадварлаг мэргэшсэн боловсон хүчин бүхий улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг томоохон салбар болон хөгжжээ. Энэ бол Монголын авто замчдын нөр их хөдөлмөрийн үр дүн гэдгийг онцлон дурдах нь зүйтэй.

Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто замын нээлт. 2019.11.04

Монгол Улсын Засгийн газар 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө олон улс, хот хоорондын болон орон нутгийн чанартай авто замын сүлжээн дэх хатуу хучилттай авто замын сүлжээг өргөтгөж, бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбож дуусгах, Мянганы замын хэвтээ тэнхлэгийн хэсгийг үргэлжлүүлэх зорилт дэвшүүлэн томоохон бүтээн байгуулалтын ажлыг хэрэгжүүлж байна.

Мөн 2020 онд авто замын салбарт 123 төсөл, арга хэмжээний 1902.79 км хатуу хучилттай авто зам, 27 байршилд 1373.62 урт метр төмөрбетон гүүрийн барилга, их засвар, шинэчлэлтийн ажлыг Улсын төсөв, гадаадын зээл, тусламж, мөн төр хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Үүнээс энэ онд 520.5 км хатуу хучилттай авто зам, 762.9 урт метр төмөр бетон гүүрийг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн.

-Иргэний агаарын тээврийг либералчлах бодлого эхлүүлсэн хүмүүсийн нэг бол та. Одоо уг бодлого ямар түвшинд хэрэгжиж байна вэ? Онгоцны билетийн үнэ 10-20 хувь буурсныг үүний үр дүн гэж харж болох уу?

-Монгол Улс 40 гаруй улстай Агаарын харилцааны тухай хоёр талын хэлэлцээр, Европын Холбоотой Агаарын харилцааны тодорхой асуудлын тухай хэлэлцээрийг тус тус байгуулсан. Энэ нь Улаанбаатар хотоос эдгээр улс орны нэр зааж тохирсон 95 хот, нэмээд сонголтоор нийт 100 гаруй хот руу нислэг гүйцэтгэх зохицуулалт бүрдсэн гэсэн үг. Ер нь бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх зургаан хотоос нийтдээ 200 орчим чиглэлд хуваарьт нислэг гүйцэтгэх агаарын харилцааны эрх зүйн зохицуулалт тодорхой хэмжээгээр бүрдсэн.

Мөн Монголын агаарын тээвэрлэгч шууд нислэг гүйцэтгэхгүй ч аяллын дугаар хуваан ашиглах зарчмаар гадаадын агаарын тээвэрлэгчийн нислэгийн сүлжээгээр зорчигчоо очих цэгт нь тээвэрлэх боломжийг 15 улстай тохирсон. Үүний дагуу “МИАТ” ТӨХК гадаадын гурван агаарын тээвэрлэгчийн нислэгийн сүлжээгээр дамжуулан өөрийн нислэг гүйцэтгэж буй таван чиглэлээс нийт 52 чиглэлд аяллын дугаар хуваан ашиглах нислэг гүйцэтгэх, нислэгийн сүлжээгээ өргөжүүлэхээр бэлтгэл ажлаа хангасан. Одоогоор Улаанбаатар, Чойбалсан нисэх буудлыг олон улсын нислэгт ашиглаж байна. Хэрэв Чойбалсан хотын нисэх буудлыг Боинг 737 агаарын хөлгөөр нислэг гүйцэтгэх хүчин чадалтай болговол мөн 100 орчим чиглэлд нислэг гүйцэтгэх боломжтой болох юм. Тус нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр аэродромын зураг төслийг бэлэн болгосон, гадаадын хөрөнгө оруулалтаар хийх санхүүгийн эх үүсвэр эрэлхийлж байна.

Агаарын тээврийн салбарт дотоодын дөрвөн агаарын тээвэрлэгч олон улсын 17 чиглэлд, гадаадын зургаан агаарын тээвэрлэгч зургаан чиглэлд тус тус хуваарьт нислэг үйлдэж байна. Гадаадын агаарын тээвэрлэгчдийн нислэг гүйцэтгэж буй шугамаас Астана, Истанбул чиглэлд Монголын талаас нислэг гүйцэтгэдэггүй, Монголын талаас нислэг гүйцэтгэж буй Токио, Берлин, Франкфурт, Хонконг, Бангкок, Гуанжоу, Манжуур, Улаан-Үд, Эрээн, Бугат, Хайлаар чиглэлд гадаадын агаарын тээвэрлэгч нислэг гүйцэтгэхгүй байгаа. Агаарын тээврийн либералчлал гэдэг нь нислэгийн зах зээлийг өргөжүүлэх нээлттэй, чөлөөтэй зохицуулалт бүрдүүлэх гэсэн үг. Харин нэгэнт нислэг гүйцэтгэж буй цөөн тооны чиглэлд нэмж тээвэрлэгч оруулах, өрсөлдөөн бий болгох нь монопол байдлыг сааруулах, зохицуулалтыг зохистой хийснээр зах зээлийн зарчмаар үнэ тариф буурах сайн талтай. Сөүл, Хонконг, Бусаны чиглэлд өрсөлдөөний зарчмаар үнэ тариф 20-32 хувиар буурсан. Тухайн зах зээлд удаан хугацаанд үйл ажиллагаа явуулж, босгож, бий болонгуут өөр тээвэрлэгч оруулах нь бизнесийн хувьд зохисгүй, аль аль талд нь ашиггүй, хэсэг хугацаанд үнэ тариф буурах, нислэгийн давтамж нэмэгдэх ч эргээд зах зээлээ унагах, буцааж сэргээхэд хүндрэлтэй. Бусад салбарт ч ялгаагүй бизнесийн ийм л зарчим байдаг.

Бодлогын хувьд зорчигч олон чиглэлд хямд үнээр аялах боломжтой байх зохицуулалтыг бүрдүүлэх, олон улсын иргэний нисэхийн тухай конвенцийн “аюулгүй, үр ашигтай агаарын тээврийн тогтолцоог бүрдүүлэх” зорилгод нийцсэн байх нь чухал. Агаарын тээврийн салбар нь олон улсын стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулахад их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай, зах зээлд орох болон босгоход цаг хугацаа хөрөнгө хүч их шаарддаг онцлогтой. Тэгэхээр шинээр нислэгийн чиглэл нээхэд 2-3 жилд алдагдалтай ажиллаж байж үйл ажиллагаа нь тогтворжино. Засгийн газрын 2019 оны 283 дугаар тогтоолоор “Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөр”-ийг баталсан. Хөтөлбөрийн хүрээнд алслагдсан аймаг руу хийх хуваарьт нислэгийн үйлчилгээг үе шаттайгаар сэргээн тогтворжуулах, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй болон эрүүл мэндийн яаралтай тусламж, үйлчилгээ авах шаардлагатай иргэн, 18 хүртэлх насны хүүхэд зэрэг зорилтот бүлгийн иргэдийг орон нутгийн нислэгээр хөнгөлөлттэй үнээр зорчих тогтолцоог бүрдүүлэх юм. Орон нутагт хоёр агаарын тээвэрлэгч Ховд, Өлгий, Улаангом, Чойбалсан, Алтай, Улиастай, Баянхонгор, Мөрөн, Даланзадгад гэсэн есөн чиглэлд хуваарьт нислэг гүйцэтгэж байна.

Нислэгийн сүлжээг өргөжүүлэх, алслагдсан бүс нутагт агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээ үзүүлэх зорилгоор 2018 оноос хойш орон нутгийн зарим чиглэлийн нислэгт татаас олгож эхэлсэн. Энэ оны хувьд нэг тэрбум орчим төгрөг төсөвлөсөн. Орон нутгийн засаг захиргааны оролцоо, дэмжлэгтэйгээр зорилтот бүлгийн иргэдийг хөнгөлөлттэй тээвэрлэх зохицуулалтыг бүрдүүлнэ. Орон нутгийн нислэг үйлдэж буй хоёр агаарын тээвэрлэгч орчин үеийн агаарын хөлгүүдээр парк шинэчлэлт хийснээр, нислэгийн цаг багассан, зорчигчийн суудлын тоо нэмэгдсэн, нислэгийн шууд зардлыг бууруулсан гээд дэвшил гарч байгаа. Үүнтэй холбоотойгоор орон нутгийн нислэгийн тариф 20 гаруй хувиар, баруун аймгуудын тариф 30 орчим хувиар буурсан сайн үзүүлэлттэй байна.

-Иргэний агаарын тээврийн салбарыг либералчлах бодлогын цаашдын хөгжлийг та хэрхэн харж байна вэ? Үүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хууль, эрх зүйн орчныг хэрхэн бүрдүүлэх вэ?

-Миний бие агаарын тээвэрлэгчдийн нислэгийн сүлжээгээ өргөжүүлэх бодлогыг дэмжиж, олон улсын нислэгийн цөөн тооны шугаманд хоорондоо өрсөлдөх бус эрх зүйн зохицуулалт нээлттэй байгаа нислэгийн чиглэл шинээр нээхийг чухалчилж ирсэн. Агаарын тээвэрлэгчдээс гаргасан хүсэлтийн дагуу шинээр Макао, Екатеринбург, Прага, Алма-Ата, Бишкек, Фүкүока, Чэндү чиглэлд нислэг гүйцэтгэх, агаарын ачаа тээврийн 10 чиглэлд нислэг гүйцэтгэх зохицуулалт бүрдүүлж, томилгоо олгосон. Энэ томилгоог агаарын тээвэрлэгчид хэрэгжүүлснээр зорчигч тээврийн долоон чиглэлийн нислэг нээгдэх юм. Харамсалтай нь Ковид-19-ийн тархалттай холбоотой олон улсын нислэгүүд зогсож орлогогүй болсон, зорчигчдын тийзийн буцаан олголт хийж эргэлтийн хөрөнгийн хомсдолд орсон. Гэтэл агаарын хөлгийн түрээсийн зардлаас эхлээд тогтмол гардаг зардлууд нь хэвээрээ зэргээс шалтгаалж, агаарын тээврийн салбар санхүүгийн хүндрэлд орсон. Дэлхий даяар бий болсон нөхцөл байдлаас харахад энэ оны хувьд шинээр нислэгийн чиглэл нээхэд хүндрэлтэй байгаа.

Монгол Улс анх удаа ачаа тээврийн онгоцтой боллоо. 2019 оны долдугаар сар

Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд агаарын тээврийн салбарын оролцоо чухал. Аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд бусад улс орон агаарын тээвэрт татаас олгодог. Жишээлбэл, ОХУ 2019 онд агаарын тээврийн 152 нислэгийн чиглэлд 3.8 тэрбум рублийн татаас, аялал жуулчлалын 15 бүс нутагт гурван жилийн хугацаанд 15 тэрбум рублийн татаас олгохоор шийдвэрлэсэн. БНХАУ гадаад, дотоодын агаарын тээвэрлэгчдэд шинээр нислэг гүйцэтгэхэд нь зориулж 2-3 жилийн хугацаанд тодорхой хэмжээний татаас орон нутгийн төсвөөс олгодог жишээ бий. Агаарын тээврийн компаниудад жуулчны тээврийн нислэгт нь татаас олгож байж аялал жуулчлалын зах зээлээ хөгжүүлж байгаа. Сүүлийн жилүүдэд энэ хоёр салбар харилцан уялдаатай хөгжих ёстойг, салбар хоорондын уялдаа, орон нутгийн оролцоо чухал гэдгийг ойлголцон ажиллаж байгаа нь сайшаалтай юм.

Азийн хөгжлийн банкнаас аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулах, аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгох, орон нутгийн хөгжлийг дэмжих, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх цогц арга хэмжээ авч байгаа. Манай улсын хувьд хоёр талын агаарын харилцааны эрх зүйн зохицуулалт бүрдсэн, аяллын дугаар хуваан ашиглах зохицуулалтыг бүрдүүлж нислэгийн сүлжээг өргөжүүлэх боломж бий болж байна. Төрийн бодлого бол агаарын тээврийн либералчлалыг үе шаттайгаар хийх. Шинэ нисэх буудал ашиглалтад орсноор нисэх буудал, аэродромын хүчин чадалтай холбоотой хязгаарлалт үгүй болж, гадаад, дотоодын агаарын тээвэрлэгчид нислэг гүйцэтгэх, нислэгийн сүлжээгээ өргөжүүлэх дэд бүтэц сайжирч байгаа. Далайд гарцгүй Монгол Улсын агаарын харилцааг өргөжүүлэх, үндэсний агаарын тээвэрлэгчдийн өрсөлдөх чадварыг сайжруулах, дэд бүтцийн хөгжлийг дэмжих гээд олон талын боломж, нөхцөлийг бүрдүүлсний үндсэн дээр либералчлалыг үе шаттай хэрэгжүүлэх нь чухал.

-Төмөр замын салбарын томоохон төслүүдээс 2020 онд аль нь хэрэгжих вэ? Уг салбарын цаашдын бодлогыг та хэрхэн тодорхойлох вэ?

-Төмөр замын салбарт түүхэн бүтээн байгуулалтууд өрнөж байна. Өнгөрсөн хугацаанд тус салбарт уул уурхайг түшиглэсэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийж дуусгах зорилт тавьж ажилласан. Төмөр замын салбар бол хөрөнгө оруулалт, цаг хугацаа их шаарддаг. Гэхдээ монголчууд дотоодын ажиллах хүч, нөөц бололцоогоо ашиглан нефть боловсруулах үйлдвэрийн 27 км төмөр замын барилгын ажлыг дуусгаж, ашиглалтад хүлээн авлаа. Мөн Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замын барилгын ажлыг эхлүүлээд маш амжилттай хэрэгжүүлж байна.

Цаашид стратегийн чухал ач холбогдолтой Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажлыг дуусгах, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа.


Ингэснээр говийн бүсийн уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлох, БНХАУ-ын газар нутгаар дамжин далайн чанад дахь гуравдагч зах зээлд хүргэх экспортын шинэ гарцууд бий болно. Улмаар Монгол Улс ашигт малтмалын нөөц, идэвхгүй байгаа ордуудаа ашиглах, олон улсын үнэ тарифаар худалдан авагчдад түгээх боломж бүрэн нээгдэх юм. Хилийн боомт хүрэх нүүрсний экспортын тээврийн зардал буурч, жилд экспортлох бүтээгдэхүүний хэмжээ огцом нэмэгдэнэ гэж үзэж байна.

Түүнчлэн УБТЗ ХНН-ийн дотоод хэрэгцээнд 1998-2015 онд импортолсон дизелийн түлшний онцгой албан татварт төлсөн 73.8 тэрбум төгрөгийг “Японы Олон улсын хамтын ажиллагааны банк”-аас авсан МОНП-1, МОНП-2 хөнгөлөлттэй зээлийн гэрээний дагуу тооцсон алданги, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөөс суутган тооцох тухай сүүлийн 20-иод жил яригдаж, шийдэгдэхгүй байсан асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэн, батлууллаа. Цаашлаад УБТЗ ХНН-ийн төмөр замын зурвас газар болон технологийн зориулалтын барилга байгууламжуудын газрын хэмжээ, хил зааг тогтоох, гэрчилгээжүүлэх ажлыг Нийслэлийн Засаг даргатай хамтран шийдвэрлэлээ.

-Өнгөрсөн хугацаанд хэрэгжсэн автотээврийн салбар дахь онцлох төслүүдээс дурдана уу? Уг салбарт хийгдсэн голлох ажлууд юу байв?

-Автотээврийн салбарт өнгөрсөн хугацаанд замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын бэлэн байдлыг хангах, улсын төсөв, төр хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилго тавьж ажиллалаа. Найман аймгийн төвд техникийн хяналт үзлэгийн төв, автобуудал, зам дагуух үйлчилгээний цогцолбор байгуулж ашиглалтад оруулсан.

Гашуунсухайт боомтын нүүрс тээвэрлэлтэд үүсээд байгаа хүндрэл бэрхшээлийг судалж, хилээр нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, байгаль орчинд үзүүлж байгаа сөрөг нөлөөлөл болон авто замын ачаалал, осол зөрчлийг бууруулах, тээвэрлэгч жолооч нарын ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Авто зогсоолын цогцолбор” төсөл хэрэгжүүлэхээр Засгийн газрын 2018 оны 101 дүгээр тогтоолоор шийдвэрлэсэн. Энэхүү тогтоолын дагуу авто замын дагуух үйлчилгээний барилга байгууламжийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэр Гашуунсухайт боомт болон Цогтцэций суманд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Мөн сүүлийн жилүүдэд манай улсын гадаад худалдааны эргэлт өсөн нэмэгдэж байгаатай холбоотой хөрш орнууд төдийгүй гуравдагч орнуудтай автотээврийн харилцааг өргөжүүлэх хэрэгцээ шаардлага тулгарч байгаа тул яамны зүгээс Польш, Чех, Унгар, Гүрж, Словак, Литва, Герман зэрэг улстай “Авто замаар олон улсын ачаа, зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулахаар ажиллаж байна. Үүний үр дүнд Монголын тээвэрчид Польш, Унгар, Герман, Словак, Унгар зэрэг улсад тээвэрлэлт гүйцэтгэх боломж бүрдэх юм.

Энэхүү хэлэлцээр нь Монгол, Орос, Хятад гурван улсыг дамжин Ази, Европыг холбосон хамгийн дөт замыг албан ёсоор нээж, бүс нутгийн хэмжээнд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

-Монгол улс далбаагаа ашиглуулан далайн тээврээс тодорхой хэмжээний ашиг хүртдэг. Далайд Монгол Улсын далбаатай, гаднын биш өөрсдийн эзэмшлийн усан онгоц явуулах нь таны зорилгын нэг. Энэ хүсэл тань хэзээ биелэх бол? Үүнийг биелүүлэхэд юу шаардлагатай байна вэ?

-Далай ашиглах тухай хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн бариад байна. Монгол Улсын иргэн өөрийн эзэмшлийн усан онгоцыг далайд гаргах боломж нээлттэй.

Харин бидэнд салбарын хүний нөөцийг бүрдүүлэх чиглэлээр түлхүү ажиллах шаардлага байна. Тиймээс далайн тээврийн салбар өндөр хөгжсөн улс орнуудын их, дээд сургуультай хамтран ажиллах, далайн салбарын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх нөхцөл боломжийг судалж, мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлэх, тэдний чадавхыг нэмэгдүүлэх чиглэлд идэвхтэй хамтран ажиллаж байна. Ингэснээр Монгол Улс үндэсний хөлөг онгоцтой болсон нөхцөлд түүн дээр ажиллах багийн бүрэлдэхүүн бэлэн болно. Улмаар хөрш орнуудын далайн боомтоор Монгол Улсын экспорт, импортын бараа бүтээгдэхүүнийг гуравдагч зах зээлд хүргэх, өндөр үнээр худалдан борлуулснаар эдийн засгийн үр ашиг нэмэгдэх боломж бүрдэх юм.

Монгол Улс хөлөг онгоцны бүртгэлээ Сингапурын боомтод эрхэлж байгааг ойрын жилүүдэд Улаанбаатарт төвлөрүүлэх, бүртгэгдсэн хөлөг онгоцны хяналтыг сайжруулах, үр дүнтэй тогтолцоо бүрдүүлэх, бүртгэлийг чанаржуулах, улмаар агентын сүлжээ үүсгэх замаар бүртгэлийн ажлыг өргөжүүлэхээр ажиллаж байна.

Далайн боомт ашиглалтын хүрээнд БНХАУ, ОХУ, БНАСАУ, БНСУ, БНИУ-ын худалдааны далайн боомтуудыг Монгол Улсын гадаад худалдаанд ашиглах нөхцөл бүрдүүлнэ. Тухайлбал, Итали Улсын Генуя боомтыг таатай нөхцөлөөр ашиглах талаар тохиролцож байна.

Mongolian Economy