Иллэг, бариа хийлгэж алжаалаа тайлахыг урих тайланд, камбожуудтай зэрэгцэн хонконгууд өвөрмөц коктейл ба далайн бүтээгдэхүүнтэй зуушаараа ходоод гижигдэх бол имж, үхрийн махан зоогоороо австралиуд цатгаж, ирландууд алдарт шар айргаараа “даруулаад” өгнө.
Ходоод баясгаад зогсохгүй Чаки Чан, Жет Лигийн тоглосон киноноос л үзсэн зэвсгийн эрдмийг хятадууд бодитоор үзүүлж, малайзууд уугуул иргэдтэйгээ уулзуулж, энэтхэгүүд байгалийн шороон будгаар угалзруулан гарын гоо сайханг тодотгох ажээ. “Пөөх тэр юу вэ” хэмээн нэгээс нөгөө рүү үсчихдээ, ард хоцорч буй газрын дурсгаж буй бэлгийг авахаа үл мартана. Өнгө будаг, дуу хуур, идээ будаа, бэлэг сэлтээр элбэг энэхүү дүр зургийг Арбатын гудамжтэй зүйрлэж болох ч бүх улсын соёлыг нэг дор цогцлоосноос нь харахад бөмбөрцгийг 1 өдөрт товчлон тойрох боломж гэлтэй.
Бөхчүүдээ барилдуулан сүр хүчийг үзүүлж, уртын дуу, морин хуураараа олныг цуглуулж, зөрсөн бүхний нүдийг тогтоон барих монгол гэр ахуйтайгаа Язгуурын Монголчууд (Nomadic by Nature) дэлхийг тойрох аяллыг тосон “зогслоо”. Жил бүр холыг ойртуулж, хоёрыг уулзуулдаг аялал жуулчлалын салбарынхны хамгийн том цугларалт International Tourism Boerse-Berlin /ITB/ үзэсгэлэн-чуулган гуравдугаар сарын 6-10ны хооронд Берлин хотноо болж өнгөрлөө. Герман бол аяллын мөнгөн зарцуулалтаараа дэлхийд гуравт орох иргэдтэй улс.
Уламжлал хэв маягаа хадгалсан өнгө аяс бүхий талбайн засалтайгаар улсаа сурталчлан оролцсон Монгол Улсаас БОАЖЯ-ы сайд Н.Цэрэнбат, МАЖХ-ны ерөнхийлөгч Д.Гантөмөр, Нийслэлийн засаг даргын орлогч Д.Энхтөр тэргүүтэй төр хувийн хэвшлийн 50 гаруй төлөөлөл оролцлоо. 181 орны 10 мянган салбарын компани дунд Монголын 10 компанийн төлөөлөл багтав. Тэд засаг солигдож, бодлого замхрах үед ч тус үзэсгэлэнд тасралтгүй улсаа сурталчлан оролцож, аялал жуулчлалын салбарынхаа “голыг” нугалсаар ирсэн. Салбарын оролцогч компаниудын хувьд энэ үеэр дэлхийн бусад орны төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай уулзаж, хамтын ажиллагаа шинээр хийх, хуучин гэрээгээ шинэчлэх, шинэ бүтээгдэхүүнүүдээ бие биедээ танилцуулах зэргээр харилцан ашигтай хэлцлүүдийг хийдэг. Анх удаа уг үзэсгэлэнд оролцож буй Монголын Нууц товчоо компанийн захирал Б. Оюун-Эрдэнэ “Тур операторууд Монголын талаар тодорхой мэдлэгтэй болчихсон байна. Тиймээс хамтарч аялал зохион байгуулах хүсэлтэй байна гээд зориод ирж буй үзэсгэлэнд оролцогчид олон байгаа нь бусад үзэсгэлэнгээс давуу санагдаж байна” хэмээн хэллээ.
Энэ удаад Монголын сурталчилгааны талбайн нээлтэнд Берлин хотын дарга Мехиель Мюллер ач холбогдол өгч оролцсон. Мөн Монголын талаас БОАЖЯ Монголыг бүрэн танилцуулсан интерактив www.mongolia.travel цахим хуудсыг олонд танилцуулж нээлээ. Энэ талаар ITB Berlin News мөн тэр үеэр онцлон сониндоо мэдээлсэн билээ. Accor группын Novotel брэнд зочид буудлынхаа шинэ салбарыг Монголд нээсэн талаар дээрх сонинд мөн нийтэлсэн байв.
Монгол Улс 1999 оноос хойш тус үзэсгэлэнд оролцож байгаа бөгөөд 2015 онд албан ёсны түнш орноор оролцож байлаа. “Монголоос хойш түнш орноор оролцсон дөрвөн улс сайн оролцсон ч Монгол шиг гайхшруулж чадаагүй. Энэ жилийн онцлох орон Малайз ч тэр адилхан” гэж хэлэхийг олонтаа сонслоо. Түнш орнуудыг жижиг гэлтгүй хүчин зүйлсээр нь харьцуулан илүү, дутуу хэмээн ярилцдагийг, Малайзийг гарын бэлгэндээ чипс өглөө хэмээн голж, Монгол ноолууран ороолт өгч байсандаа хэмээн шилэх салбарын архагууд харуулна. Гэхдээ тус үзэсгэлэнд улсаа сурталчилж гайхам сайн оролцохын зэрэгцээ “саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг шиг жуулчин хүлээж авах арын бэлтгэлээ базаасан эсэх л эцэстээ үр дүнг шийддэг. Малайз улс бол энэ талд харьцангуй төлөвшсөн туршлагатай орон. Тэд ч энэ удаагийн завшааныг “чулуу болгох” нь дамжиггүй. Харин бид 2015 оны түнш орноор оролцсон тэр гайхам амжилтаа бататгаж, хүссэн үр дүндээ хүрч чадаагүй нь гэрийн даалгавраа тааруу хийсний “гор”. Ялангуяа, тээврийн даацаа олигтой нэмж чадаагүйтэй мэргэжилтнүүд шууд холбодог. “Бидэнд одоо гэрийн даалгавраа хийх л үлдлээ” хэмээн 2015 онд түнш орноор оролцоход сурвалжлагаар яваад ирсэнийхээ дараа манай Mongolian Economy сэтгүүлийнхэн бичиж байлаа. Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрт тухайн үед тусгасанаар бол 2016 онд Монголд ирэх жуулчин нэг сая болчихсон, 2020 буюу ирэх онд хоёр сая болж байх ёстой байв.
Өнгөрсөн жилийн хувьд манай улс 529 мянган жуулчин хүлээж авсан нь өмнөх жилтэй нь харьцуулбал 11 хувийн өсөлт үзүүлсэнийг Хил хамгаалах ерөнхий газрын мэдээллээс харж болох. Мөнгөн дүнгээр, нийт 569 сая ам.доллар эргэлдсэн нь 30 шахам хувийн өсөлт юм. “Монголчууд үнэхээр ITB 2015-д өөрсдийгөө таниулж чадсан нь Монгол гэж хаана байдаг, ямар улс вэ гэж асуухаа больсоноос харагдаж байгаа” хэмээн тухайн үед онцлох орноор оролцох ажлыг зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн Үндэсний аялал жуулчлалын байгууллага ТББ-ын тэргүүн Б.Индраа хэлэв. Мөн түүний хэлж байгаагаар бол салбарын оролцогчдын хамтын ажиллагаа илүү сайжирсан бол төрийн зүгээс өмнөхөөсөө илүү ач холбогдол өгдөг болсон гэв. Монголын төр засаг тууштай энэ салбарыг дэмжих юм байна гэх ойлголттой болсон нь Ibis Styles Ulaanbaatar, Novotel, Holiday Inn гэх мэт шинэ тоглогчид орж ирж, салбарын даацыг нэмэхэд хүргэсэн хэмээн тэрбээр тайлбарлалаа.
Одоогийн Н.Цэрэнбат сайдтай салбарын яамны зорьж буйгаар бол 2020 он гэхэд нэг сая жуулчин хүлээн авч, салбарын эдийн засаг дахь өгөөжийг нэг тэрбум ам.долларт хүргэх аж. Ингэхийн тулд БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга С.Баясгалангийн хэлж байгаагаар бол цахим талбарт суурилсан онилсон маркетингийг уламжлалт аргуудтай хослуулах, олон улсын тээврийн даацаа нэмэгдүүлэн зорчигч урсгалаа сайжруулах, Монгол руу визгүй зорчих орнуудын тоог олшруулах мөн цахимаар мэдүүлэх зэргээр визний нөхцлийг хөнгөвчлөх цаашлаад нэгэнт ирсэн жуулчдын сэтгэл ханамжийг өндөр байлгахад чиглэх гэнэ. Үүнээс гадна өнгөрсөн онд аялал жуулчлалын гол чиглэлүүдийг баталсан ба ийшээ аялаарай гэж зааж өгөхөөсөө илүүтэй дэд бүтцийн төлөвлөлтөө энэ чиглэл дагуу хийхэд зорилго нь оршиж буй аж. Холбогдох талууд оролцсон ажлын хэсэг төлөвлөгөө, төсвөө гаргаад явж байгаа бөгөөд голлох хариуцагчид нь Зам, тээврийн хөгжлийн яам ба Байгаль орчин аялал жуулчлалын яам.
Гиюүрэл ба бужигнаан
ITB үзэсгэлэнгийн 26 танхимыг дуустал нь нэг өдөрт үзнэ гэвэл хэчнээн товчлоод ч дор хаяж 7-8 км явган явах хэрэг гардаг. Гэхдээ ингэсний хүчинд аль тив, бүс танхимууд цаашлаад аль улсын талбай дээр олон хүн шавж байгаагаар ямар улс, ямар чиглэл тренд болж байна, аль нь анхаарлын төвөөс гарч байна гэдгийг хэлж болдог. Энэ удаад террорист халдлага олонтой мөн нутгийн иргэд хандлага сөрөг байдаг газруудын талбай хоосондуу, төлөөлөн ирсэн хүмүүс нь гиюүрсэн янзтай байлаа. Үүний зэрэгцээ масс аялал жуулчлал хөгжсөн орнуудын талбайгаас ч мөн үзэсгэлэнгийн хөл хөдөлгөөн холдсоныг мэргэжилтнүүд хэлж байв. Адал явдалт аялал жуулчлалын танхим болон Азийн улсууд нэг дор төвлөрсөн танхимд харин ёстой л түм түжигнэж, бум бужигналаа. Энэ жилийн хувьд тус үзэсгэлэнд оролцохоор сонирхлоо илэрхийлсэн эрүүл мэндийн аялал зохион байгуулагч компаниуд олширч, зай талбайгаа томруулснаас нь харахад эрүүл мэндийн аялал нэлээд газар авч байгаа аж. Аялалтай холбоотой технологийн эрэлт 20 хувиар өссөн нь ITB Berlin энэ жил холбогдох технологийнхонд тусгайлан талбай хуваарилж өгөхөд хүргэлээ. Энэтхэгийн зах зээл эрчтэй тэлж байгаатай холбогдуулан ITB India -г ирэх жилээс эхлэн Мумбай хотод зохион байгуулахаар болоод байна.
Улсын хэмжээнд нэгдсэн байдлаар оролцож буй газрууд онцлог давуу талаа харуулсан загвараар заслаа хийсний зэрэгцээ технологийн янз бүрийн шийдлүүдийг энэ жил түлхүү ашигласан байв. Энэ талаас нь харвал манай улсын хувьд энэ жил технологийн шийдлийг тодорхой хэмжээнд талбайдаа тусгах хэрэгтэй байсан эсэхт олон янзын байр суурь оролцогчдоос гарч байсан. ITB Berlin-2019 үзэсгэлэнгийн дараа оролцогчдыг БОАЖЯ-ны зүгээс цуглуулан үр дүнгээ ярилцаж цаашид анхаарах асуудлуудаа ярилцсан юм. Энэ үеэр хувийн хэвшлийнхэн, хамтрахаар сонирхож буй болон хуучин хамтрагчид нь зориод ирэхэд суугаад ярилцах талбай, сандал ширээ хомс байсныг уламжилсан.
Олон хүн шавсан газрууд, хогондоо баригдаж буй далай, цаг уурын өөрчлөлт, биологийн төрөл зүйлийн усталт, унаган төрхөө алдаж буй соёлын өвүүд зэрэг тогтвортой хөгжлийн урд хөндөлдсөн салбарын нийтлэг сорилтуудаа ITB хурлын танхимуудад ярьдагаараа ярьлаа. Үүн дээр нэмээд энэ жил анхаарал татан орж ирсэн сэдвүүд бол аялал жуулчлалын салбар дахь технологийн давалгааг хэрхэн зөв удирдах нөгөө талаас үүнээс үүдэн хувиараа аялах хандлага газар авч, тур операторуудын үүрэг роль буурч буй талаар байв. Мөн жолоочгүй унаа, цахилгаан машин, галт тэрэг болон хувийн унааг хуваалцах зэргээр тээврийн салбар эргэлтийн үе дээрээ ирсэн учир тус үзэсгэлэнгийн хэлэлцэх сэдвүүдээс энэ асуудал гадуур үлдсэнгүй. Өөр нэг сонирхолтой зах зээлийн шилжилтийг онцолж байсан нь тансаг сегментэд гарч буй эрэлтийн өөрчлөлт байв. Тодруулбал, тансаг гэх ойлголтод материаллаг байдлаас илүүтэй тухайн хүнд зориулсан амар амгалан, байгаль дэлхийтэй ойр орчныг бүрдүүлэх тухай болж буйг онцоллоо.
Үзэсгэлэнгийн үеэр яригдсан олон асуудал, сэдвүүдийн чиг хандлагаас харахад хэдэн нөхцөл Монголд таатай нөлөөлж болохоор байна. Нэгт, дэлхий даяар ид аялал хийж буй миллениалс буюу 1981-1996 оны хооронд төрсөн хүмүүс өдгөө аяллын зах зээлд хүнд жин дарах боллоо. Тэд аялах газруудын жагсаалттай бөгөөд энэ дунд азийн орнууд цаашлаад олны хөлд дарагдаагүй газрууд томоохон байр суурь эзэлж байна. Гол нь аялах замыг нь хялбаршуулан таниулах шаардлагатай. Хоёрт, адал явдалт аялал жуулчлал гэдгийг хүмүүс түлхүү улсуудын онцгой соёлыг үзэх мэдрэх гэж ойлгох нь түгээмэлжиж байна. Үүнд Монголын байгалиараа нүүдэлчин соёл соронз болох нь дамжиггүй. Гуравт, террорист халдлагын гаралт зүүн өмнөд Азийн орнууд мөн Европ тив, Америкт нэмэгдэж буй учир харьцангуй тайван, айдас багатай улсууд жуулчдыг илүү татах магадлалтай байна. Мөн Европын орнууд тэр дундаа Итали жишээлбэл, жуулчдын урсгалаа тараан байршуулах “Slow Travel Campaign” ажил явуулж, хүн ихтэй Венец руу ороход хураамж авдаг болж буй. Энэ мэт янз бүрийн арга хэмжээг жуулчдын бөөгнөрөл ихтэй газрууд ээлж дараалан авах шинж бий. Мөн бид хөршүүдээ хэзээ ч үл огоорч болохгүй. Ялангуяа, хятад. Нэгэн цагт америкчууд хамгийн их аялдаг, мөнгө үрдэг нь байсан бол 2017 онд энэ байр суурь хятадуудад шилжжээ. The Economist-ийн тооцоогоор бол хятадууд өнгөрсөн онд нийт 258 тэрбум ам.доллар зарцуулсан нь америкчуудаас 2 дахин өндөр байж. ITB-ийн дараа Оросын хамгийн том аялал жуулчлалын MITT үзэсгэлэнд тав дахь жилдээ оролцоод ирсэн Нью жуулчин турс компанийн ерөнхий менежер Д.Наранцэцэг “Оросууд Монголыг илүүтэй сонирхож байв. Тиймээс хойд хөршийнхөө зах зээлд илүү анхаарах цаг болсон. Мөн МИАТ компани Оросын нислэгээ долоо хоногт хоёр болгосноор Москва гэлтгүй өөр хотуудын тур операторууд олноороо зорьж ирэн уулзахад түлхэц боллоо. Чинээлэг орос иргэд дэлхийг тойрчихсон учраас шинэ сонин Монгол шиг орнуудыг их сонирхож байна” гэсэн юм.
Харин хүч түрж буй буй дараагийн фронт бол энэтхэгүүд. ITB үзэсгэлэнгийн үеэр энэ жилийн онцлох орон Малайзийн Урлаг, Соёл ба Аялал жуулчлалын сайд Датук Мохаммадин Кетапи “Танай улс ижил хүйстэн болон еврей хүмүүст хэр зочломтгой ханддаг вэ гэх сэтгүүлчийн асуултад “Бидэнд тиймэрхүү юм байдаггүй” гэж хариулсан нь нэлээд шуугиан тарьж, нийгмийн цөөнхийн эрхийг хамгаалах байгууллагууд Берлиний гудамжинд эсэргүүцэн “хурган” жагсаал хийхэд хүртэл хүргэсэн. Манай улсын хувьд энэ тал дээр харьцангуй тайван ханддаг, хүлээн зөвшөөрдөг ч хятадуудыг чиглэсэн үндсэрхэг үзэл бидний имиджийг ихээхэн харлуулдагийг бодолцох нь зүйтэй.
Салбарын сайдын хувьд олон сэдвээр болж буй хурлуудаас Торгоны замын орнуудын бодлого тодорхойлогчдын уулзалтыг онцлон оролцлоо. ДАЖБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Талиб Рифай Торгоны зам дагуух орнууд дундаа Монголыг нүүдлийн соёлоороо тэргүүлэх байр суурьтай оролцоно гэж хэлж байсан. Харин одоогийн Ерөнхий нарийн бичгийн дарга Зураб Пололикашвили цахим аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нэлээд анхаарч байгаа. Тиймээс ч цахим аялал жуулчлалын хөгжилд Монгол Улс жишиг орон болоход дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. ITB2019-ын үеэрх Торгоны замын сайд нарын хурал дээр эдгээр орныг нэгдсэн цахим сүлжээтэй болгох тухай ДАЖБ-ын хүсэлтээр Chameleon Strategies компани илтгэл тавьж санал болголоо. Хөтөлбөрт нэгдсэн 33 улсаас Монгол Улс үүнд түүчээлэн ажлаа эхлүүлээд явж байгааг энэ үеэр зарласан юм.
Өмнөх хоёр он дарааллан ITB Berlin үзэсгэлэн өмнөх жилүүдээсээ илүү цөөн оролцогчидтойгоор дуусч байв. Дижиталчлал газар авч буй энэ үед дээрх хандлага үргэлжлэх хүлээлт байсан ч өөрийн биеэр ирдэг энэхүү үзэсгэлэнгийн оролцогчдын тоо энэ жил улам өссөн нь бүх харилцаа цахимд шилжихгүй гэдгийг харуулж буй нэг илрэл. Нүүр тулан уулзаж ярилцахад үүсдэг тэрхүү ойлголцол, итгэлцлийг цахим талбар нөхөх өдий байх шиг. Messe Berlin хэмээх том цогцолборын үүдээр орохдоо ITB Berlin News сонинтой золгож, тал бүрээс авчирсан шинэхэн үрээр чанасан кофены үнэр, амтаар өдрийг эхлүүлж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн авьяаслаг салбарынхантай хөөрөлдөж, танилын хүрээгээ өргөтгөх арга хэмжээнүүд дамжин, 26 танхимууд дунд эргэлдсэн энэ дөрвөн өдөр салбарынхны хувьд жилийн хамгийн өрсөлдөөнтэй атлаа бүтээлч цаг мөч ч байж мэднэ.