5126 иргэн цахим системээр шалгалт өгчээ

НҮБ-ын “Монгол улсад шударга ёс, ил тод байдлыг бэхжүүлэхийг дэмжих” төслийн хүрээнд хэрэгжиж буй “Төрийн албан мэргэшлийн шалгалтын цахим систем”-ийг танилцуулах ажиллагаа өнөөдөр Корпорейт зочид буудалд боллоо.

Энэ үеэр Монгол улсын Төрийн албаны зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам “Төрийн албаны зөвлөл өөрийн чиг үүргийн хүрээнд удирдах болон төрийн гүйцэтгэх албан тушаалтныг сонгон шалгаруулах ёстой. Төрийн албан хаагчдын сул орон тоог хүний нөөцөөр нөхөх ажиллагаа өнөөгийн ардчилсан нийгэмд шударга, олон нийтэд нээлттэй байх ёстой. Энэ байдлыг хангах үүднээс бид энэхүү төслийг хэрэгжүүлж байна” гэв.

Энэ онд тус программыг амжилттай туршсан бөгөөд яам, агентлаг, нийслэл мөн орон нутгийн 10 аймгийн төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөхийг хүссэн иргэд тус программаар шалгалт өгөөд байгаа аж. Өнгөрсөн онд төрийн албаны тусгай комиссоос тус шалгалтыг нийт 22 удаа авч байсан бол энэ оны эхний хагас жилд 16 удаа авчээ. 2011 оны аравдугаар сарын 21-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 5126 иргэн цахим системээр шалгалт өгч, 2334 иргэн тэнцсэн байна.