5.2 их наяд төгрөгийн өртөгтэй “ТЭЦ-3”-ын өргөтгөлийг ОХУ-аар хийлгэх үү
Дулааны III цахилгаан станцын хүчин чадлыг 300 МВт-аар (эхний ээлжид 50 МВт, дараа нь 250 МВт) үе шаттайгаар өргөтгөж, шинэчлэх асуудлыг олон жил ярьж байна. Энэ ажлыг ОХУ-аар хийлгэхээр болсон ч үнэ, өртөг дээрээ тохирч чадахгүйгээс болж өнөөдөр гацсан байдалтай байгаа юм. Энэ талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Дулааны III цахилгаан станцын өргөтгөлийн төсөлд оросууд хоёр дахин өндөр үнэ өгөөд байгаа тул яриа хэлэлцээр явц муутай байгаа. Оросуудад үнээ хямдруулах шаардлага тавьж байгаа” хэмээн ярьсан.
Дулааны III цахилгаан станцыг өргөтгөх асуудал хэзээнээс яригдаж эхэлсэн талаар түүх сөхвөл, 2019 онд Монгол Улсын Ерөнхий сайд /Ерөнхийлөгч У.Хүрэлсүх/ ОХУ-д айлчлах үеэрээ ТЭЦ-III цахилгаан станцыг өргөтгөн шинэчлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн байдаг. Тэр цагаас хойш эл асуудал яригдаж, тодорхой зөвшилцөлд хүрснээр 2022 оны есдүгээр сард ОХУ-ын “Интер РОА Экспорт” компани өөрийн санхүүжилтээр урьдчилсан ТЭЗҮ боловсруулж, Монголын талд хүлээлгэн өгсөн юм. Харин 2024 онд УИХ-аар Дулааны III цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл боловсруулах ажлыг ОХУ-ын “Интер РОА Экспорт” компани гүйцэтгэх хэлэлцээрийг соёрхон баталсан. Зураг төсөл боловсруулах ажил хоёр жил үргэлжилж, 2027 онд эцэслэнэ гэдэг хүлээлттэй байгаа юм.
ОХУ-аар зураг төсөл боловсруулах тухай хэлэлцээрийг соёрхон батлах үеэр УИХ-ын гишүүд “Станцыг өргөтгөх ажилд ОХУ-аас хэт өндөр дүнтэй зээл авч байгаа юм биш үү. Нэгэн өндөр дүнтэй зээл авч байгаа бол манай талд ашигтай байхаар Эгийн голын УЦС-ын төсөл зэргээ хавчуулж болоогүй юу. ОХУ манай улсын дээрэлхэж байгаа юм шиг цаанаас нь компанийг нь сонголтгүйгээр тулгаад өндөр дүнтэй төсөл оруулж ирж байна” зэрэг асуулт асууж байв. Харин хариуд нь Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “ОХУ-аас заавал энийг хэрэгжүүлнэ гэж тулгасан зүйл байхгүй. Бидний байгаа царай энэ. Төсөв дээр хуримтлалтай байсан бол хүнээс мөнгө гуйлгүй өөрсдийн мөнгөөр барих байсан. ОХУ-аас өндөр дүн санал болгосон ч бид тус дүнгээр станц өргөтгөж чадахгүй гээд татгалзсан байдалтай байгаа. Үнэ ханш дээрээ тохирч чадахгүй бол төсөл цааш явахгүй” гэх хариултыг өгч байлаа.
Дулааны III цахилгаан станцын өргөтгөлийг ОХУ 1.3 тэрбум еврогоор хийх санал тавьсан бол Монгол Улс 814 сая доллароор бариулах саналтай байгаа аж. Нэг ёсондоо тус станцыг монгол мөнгөөр 5.2 их наяд төгрөгийн өртөгтэй барих тооцоо гарчээ. Тиймээс ямар ч шийдэлд хүрч чадахгүй тус төсөл гацав.
Дулааны III цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэл хийх ажил урагш муутайхан байхад нөгөө талд насжилт, ослоос үүдэлтэй яаралтай засварын ажлыг хийх шаардлага үүссэн. Монгол Улсын цахилгаан дулааныг тасралтгүй 60 гаруй жил хангаж ирсэн тус станцын тав болон долдугаар турбины ашиглалтын хугацаа дууссан. Түүнээс гадна нам даралтын 12 МВт-ын дөрвөн турбины ашиглалтын хугацаа дууссанаар барахгүй томоохон хэмжээний осол гарсаар байгаа. Тодруулбал, 2025 оны зургаадугаар сарын 2-3-нд шилжих шөнө станцын өндөр даралтын хэсэгт ноцтой осол дэлбэрэлт, гал түймэр гарч, нэг инженер амь эрсэдсэн харамсалтай явдал тохиолдсон. Ослын хохирол 210 гаруй тэрбум төгрөгт хүрсэн гэж тооцоолсон бөгөөд ОХУ-ын “Уралын турбины үйлдвэр” компаниас сэлбэг хэрэгсэл, техникийн туслалцаа авч яаралтай засварлах ажил хийгдсэн гэх. Гэсэн хэдий ч станцын насжилт дээд хязгаартаа хүрсэн тул системийн доголдол гарах эрсдэл өндөр хэвээр байгааг мэргэжилтнүүд анхааруулсаар байна. ОХУ-тай байгуулсан өргөтгөлийн төсөл нь Улаанбаатар хотын эрчим хүчний аюулгүй байдалд шийдвэрлэх үүрэгтэй ч үнэ дээрээ тохирч чадахгүй өдийг хүрлээ. Цаг хугацаа явсаар…
