Бүтэнсайн өдрийн өглөө Корпорэйт Конвеншн Центрт танхим дүүрэн хүмүүс цуглажээ. Мянга гаруй хүнийг ийн цуглуулсан үйл ажиллагаа бол тав дахь удаагаа зохион байгуулагдаж буй “Хөрөнгө оруулагч үндэстэн 2020” чуулга уулзалт юм. 2016 онд анх хөрөнгийн зах зээлийг идэвхжүүлэх хөдөлгөөн хэлбэрээр гарч ирсэн нь жил ирэх бүр өргөжсөөр өдгөө манай хөрөнгийн зах зээл, санхүүгийн салбарын нэгэн чухал арга хэмжээ болжээ. Тус форумд салбарын төлөөлөгчид болон иргэд цаг үеийн тулгамдсан асуудлыг хэлэлцэж, шийдлийг тодорхойлохоос гадна шинээр гарч ирж буй технологи, санаачлагуудыг сонирхохоор ирдэг билээ.

Ард Санхүүгийн Нэгдэл ХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Чуулганаар хэлэлцэх сэдвүүд өнөөгийн нийгэм, эдийн засгийн амьдралд хамгийн тулгамдсан, хүн бүрийн сэтгэлийг зовниулсан, тухай бүрдээ оновчтой шийдэл, хариулт нэхсэн асуудлууд гэж бид үзсэн. Салбар бүрийн манлайлагч, оролцогч, идэвхтнүүдийн үзэл бодол, санаа оноог нийтээрээ хэлэлцэж, хамгийн зөв шийдлийг шийдвэр гаргагчдад хүргэхэд энэ чуулганы эрхэм зорилго оршиж байна” гэв.  Чуулганы нээлтийн үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Өнөөдрийн Монгол Улс миний багадаа мөрөөддөг байсан гадаад улс шиг болжээ. Бид хэр хөгжиж байгаагаа анзаарахгүй байна. 2005 онд манай улсын гадаад валютын нөөц дөрвөн тэрбум байсан бөгөөд энэ бол гуч орчим жилийн турш бүрэлдүүлсэн нөөц. Гэтэл сүүлийн гурван жилийн хугацаанд бид 1.2 тэрбум болоод байсан нөөцийг дөрвөн тэрбумд хүргэлээ. Үүнээс харахад гучин жилийн ажлаа бид гурван жилд хийдэг болжээ” хэмээв. Харин Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн адил эсвэл 6 мөнгө болон хөрөнгийн зах зээлийн тэнцвэртэй үйл ажиллагаа чухал байдаг бол 60:40 харьцаатай байх ёстой мөнгө болон хөрөнгийн зах зээл манайд 85:15 харьцаатай банкны салбар давамгайлж буйг дурдаад хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, шинэчлэл хийх шаардлагатайг онцоллоо. “Ирээдүйдээ эзэн байя” уриан дор зохион байгуулсан тус чуулганаар төр, хувийн хэвшлийн төлөөлөгчид өнгөрч буй оноо дүгнэн, ирэх оныг зураглаж, тэтгэвэрийн тогтолцооны шинэчлэл, саарал жагсаалт, комплайенс, бизнесийн орчин зэрэг сэдвүүдээр хэлэлцүүлгүүд өрнүүллээ.

Тэтгэвэрийн тогтолцооны шинэчлэл- Бид оройтсон уу?

Ирэх онд нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлэх гэж байгаатай холбогдуулан өнөөгийн тэтгэвэрийн тогтолцоог шинэчлэх асуудал хурцаар тавигдаж эхэлсэн. Энэ үед “Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулган ч тус сэдвээр гол хэлэлцүүлгээ өрнүүллэв. ХНХЯ, Монголын хөрөнгийн бирж (МХБ), Дэлхийн банк, Ард Лайф ХХК болон Хөдөлмөрийн үндэсний намын төлөөлөгчид тус хэлэлцүүлэгт оролцож өөрсдийн байр сууриа илэрхийллээ. Хуваарилалтын тогтолцооноос хуримтлалын тогтолцоо руу шилжих шаардлага буйд оролцогчид санал нэгдсэн ч шат дараалалтайгаар аажим шилжих хэрэгтэй бөгөөд энэ тухай олон нийтэд мэдээллийг ил тод байлгах шаардлагатайг онцоллоо. Хувийн тэтгэвэрийн тогтолцоог нэвтрүүлж хөрөнгө оруулалтын сан бий болсноор дотоодын нөөцөө ашиглах, шимтгэл төлөгчид хувьцаа эзэмшиж, баялгийнхаа эзэн болох боломжтой бөгөөд тэтгэвэрийн мөнгө өвлөгдөж, өсөх боломж бүрдэнэ. Гэвч нөгөө талаас дэлхийн 30 орчим улс энэ шилжилтийг хийгээд хүлээж байсан үр дүндээ хүрээгүй тул 18 орон буцаж хуваарилалтын тогтолцоондоо орсон туршлагыг санах хэрэгтэйг Дэлхийн банкны Нийгмийн хамгааллын ахлах мэргэжилтэн Ч.Тунгалаг анхаарууллаа. Тэтгэврийн тогтолцоог шинэчлэхдээ төрийн болон хувийн тэтгэвэрийн санг хослуулах хэрэгтэй бөгөөд аль хэдийн 10-20 жилээр хоцорч буй бидэнд алдаа гаргах эрх байхгүйг панелистүүд хэлж байв. 

Ард Лайф ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга: Жил бүр тухайн онд санхүү, эдийн засгийн салбарт гарсан өөрчлөлтүүдийг хэлэлцэн, олон нийтэд мэдээллийг тал бүрийн мэргэжилтнүүдийн байр сууриар дамжуулан тэнцвэртэй хүргэх зорилготой чуулган бол “Хөрөнгө оруулагч үндэстэн” форум юм. Нийгэмд утааны дараа орж буй халуун сэдвийн нэг тэтгэврийн тогтолцоог энэ жил онцоллоо. Хамгийн удаан хугацааны, тогтвортой хөрөнгө оруулалтын сан бол тэтгэврийн сан байдаг. Иймд үндэстэн өөрөө хөрөнгө оруулагч болох суурь нь болох боломжтой гэж бид харж байгаа. Шинэчлэлийг хийхэд нэн түрүүнд тэтгэврийн хуримтлалын сангийн хуулийг баталж, эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй байна. Одоо тэтгэврийн санд төлж буй 19 хувийг шат дараалалтайгаар хувийн сан руугаа шилжүүлж, энэ хугацаанд хөрөнгийн бирж болоод хуримтлалын сангуудынхаа үйл ажиллагааг бэлдээд явах нь зөв гэдэгт панелистууд санал нийллээ. 

Тэтгэвэрийн тогтолцооны шинэчлэлээс гадна санхүүгийн салбарын хууль эрх зүйн орчны өөрчлөлт ба түүний нөлөөлөл, Финтек ба санхүүгийн салбарын түйвээлт, Блокчэйн технологи ба түүний бодит хэрэглээ, Улаанбаатар бизнесийн орчин, Бизнесийн орчинд төрийн болон мэргэжлийн холбоодын үүрэг оролцоо зэрэг сэдвээр хэлэлцүүлгүүд өрнөж салбарын мэргэжилтнүүд нээлттэйгээр санал бодлоо солилцлоо. 

МХАҮТ-ын Ерөнхийлөгч Н.Амартүвшин: Мэргэжлийн холбоод болон ТББ-ууд хэрхэн нэгдэх талаар хэлэлцүүлгээр ярилцлаа. Миний хувьд ажлаа хүлээн авснаас хойш хийж буй ажлын гол чиглэл үүнтэй холбоотой. Хувийн хэвшлийнхэн нэг дээвэр дор нэгдэхгүй бол бизнесийн орчноо сайжруулж чадахгүй. Өнөөдөр иргэний оролцоо чухал байна. Харин оролцоотой байх гэдэгт санаачлагатай байх, асуудлаа дэвшүүлж, түүнийгээ шийдэж чаддаг байх зэрэг багтана. Төр 2-4 жилийн мөчлөгтэй солигдож байхад бизнес эрхлэгчид ажилласан хэвээр үлдэнэ. Асуудлаа бид маш сайн мэдэж байгаа. Гол нь үүнийгээ нэгдэж нэг сувгаар хүргэх хэрэгтэй байна. Энэ хүрээнд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах санал, санаачлагаа гаргаад бүгдийг нь нэгтгэж гол намуудад хүргэж, мөрийн хөтөлбөрт нь оруулна. Нэгдсэнээр бид улсынхаа эдийн засаг, иргэдийн орлогыг сайжруулах эхийг тавьж байна. Улаанбаатарын худалдааны танхим, Бизнес зөвлөл. CEO клуб, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөл хамтран ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурснаар тус байгууллагууд МХАҮТ-ын дэд ерөнхийлөгчөөр ажиллах юм. Бизнесийн орчныг сайжруулах ажлыг төр эсвэл хувийн хэвшил дангаараа хийхгүй, хамтарч хийх ёстой гэдэг зөв ойлголтыг бий болгохыг зорьж байна. Хэрэв орчин сайжирвал бидний төлөх татвар нэмэгдээд бие биенээ харилцан нөхцөлдүүлэх боломж бүрдэнэ. Хэлэлцүүлгээр төр өөрөө бизнес эрхлээд, эдийн засгийн 70 орчим хувийг эзэлж буй нь аюултай дохио гэдгийг онцоллоо. Энэ тоо цаашид нэмэгдвэл бид буцаад социалист нийгэм рүү ороход ойрхон байна. Иймд төрийн өмчит гол компаниудаа хувьчилж байж эдийн засаг тэлэх боломж бүрдэнэ. 

Утаснаасаа арилжаанд оролцох боломж

Форумын үеэр Ард Апп-ын шинэ хувилбарыг танилцуулсан бөгөөд урьд нь зөвхөн монгол дугаараар бүртгүүлдэг байсныг өөрчилж гадаадад оршин сууж буй монголчууд тухайн улсынхаа дугаараар бүртгүүлэх боломжтой болсноор хөрөнгө оруулалт хийх бололцоотой болж буй. Тус апп-аар дамжуулан үнэт цаасны арилжаанд бодит цагийн горимоор оролцох боломжтой болгож шинэчилжээ. Үүнээс гадна бусад банкны апп-аас дансаа цэнэглэх болон зээлээ төлөх, код ашиглан картгүйгээр АТМ ашиглах, хуримтлал үүсгэх болон Ард шоп зэрэг функц шинээр нэмэгдэж утаснаасаа санхүүгээ удирдаж, хөрөнгө оруулалт хийх боломж нээгдэж байна. 

Meet the CEO

Энэ удаагийн “Хөрөнгө оруулагч үндэстэн” форумын бас нэгэн онцлох зүйл нь “Meet the CEO” буюу захирлуудтай уулзах цаг байв. Тус уулзалтад Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамц, ОУСК-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Руфат Алимарданов, Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан болон продюсер Б.Дашдондог нар оролцож нээлттэй ярилцлаа. Тэд өөрсдийн туршлагаасаа хуваалцаж, оролцогчдын асуултад хариулсан юм. 

CEO клубын Ерөнхийлөгч B.Ганзориг: Олон хурал, форум, чуулган зохион байгуулж, мөнгө дэмий үрлээ гэсэн шүүмжлэл их гардаг. Миний бодлоор хурал чуулга харин ч багадаж байна. Гэхдээ хурлын өгөөж, зохион байгуулалтын чанарын асуудал бол тусдаа яригдах зүйл. Ийм эрэлт хэрэгцээ байгааг өнөөдөр цугласан хүмүүсийн тооноос харж болно. Энэ үйл ажиллагааны тасалбар хямд биш бөгөөд тусгай нь бүр ч үнэтэй байхад өглөө танхим дүүрчихсэн, надад суух суудал олдсонгүй. Чуулганд оролцогчдын ихэнх нь залуучууд байгаад, амралтын өдрөө зориулан энд ирснийг харах таатай байна. Энэ жилийн хувьд оны сүүлд зохион байгуулснаараа энэ оноо дүгнэж, 2020 онд эдийн засаг, бизнесийн орчин ямар байх, бид юунд бэлэн байх шаардлагатай зэргийг хэлэлцүүлгүүдээрээ ярилцлаа. Бизнесийн орчны хувьд энэ жил тийм ч сайн байсангүй, дунд гэж үнэлэгдэхээр байлаа. Ирэх жил сонгууль болох гэж буйтай холбогдуулан бизнесийн байгууллага, холбоод нэгдээд нийтлэг эрх ашгаа хамгаалах зорилгоор оролцоогоо нэмэгдүүлж, шийдвэр гаргагчдад нөлөөлөх хэрэгтэй болсныг харж байна. Бизнес гэхээр бид хязгаарлагдмал хүрээнд боддог. Гэтэл Б.Дашдондог продюсер урлагийн энтерпренёр хүн ямар байх ёстой, дэлхийд нэрд гарсан хамтлагийг хэрхэн бий болгосон түүхээсээ хуваалцаж сонирхолтой яриа өрнүүллээ. Ер нь “Meet the CEO” хэсгийг тэр бүр олны өмнө гараад байдаггүй, өөрсдийн салбартаа хувь нэмрээ оруулаад явж буй хүмүүсийг урьж залуучуудад урам зориг өгөх зорилгоор зохион байгуулсан. Хэлэлцүүлгүүдийн хувьд тэтгэвэрийн тогтолцооны шинэчлэлийн сэдэв хамгийн ач холбогдолтой байлаа. Шинэчлэл хийх цаг нь болсон, үүнийг хийх хүмүүс нь хэн нэгэн биш бид өөрсдөө. Залуу үеийнхэн үүнийг хийхгүй бол тэтгэвэрт гарах үедээ ямар ч оролцоогүй байсныхаа горыг амсах болно. 

Чуулганд оролцогчдын сэтгэгдэл

Ч.Ганбаатар, ахмад настан 

“Би энэ чуулга уулзалтад гурав дахь удаагаа оролцож байна. Анх хувьцаа авж, хөрөнгийн зах зээлийг сонирхох болсон. Төгрөгийн ханш унаж байгаа үед банкинд хадгалуулахын оронд эргэлтэд оруулах, мэдээ мэдээллээс хоцрохгүй байх зорилгоор энэ чуулганд оролцох болсон. Хэдий би тэтгэвэрт гарсан ч орлого алга, тэтгэвэр нэмэхгүй байна гэж гомдоллоод байлгүй боломжийнхоо хүрээнд хөрөнгийн зах зээлд оролцох санаатай явдаг. Чуулганаар явдэг хэлэлцүүлгүүдийн чанар улам сайжирч, боловсролтой залуучууд нэмэгдэж, гол нь ярьж байгаа зүйл нь бодитоор хэрэгжиж байгаа нь онцлууштай. Үүнээс гадна чуулгад төрийнхөн идэвхтэй оролцож байна. Хэлэлцүүлсэн сэдвүүдээс блокчэйн технологийг онцолмоор байна. Би нэг жижигхэн компанитай, авилга өгч байгаагүй, танил талгүй учир 20 жил ажиллахдаа нэг ч удаа төрийн тендер авч байгаагүй. Иймд блокчэйн технологи төрд нэвтэрвэл хувийнханд тустай болох болов уу гэж боддог. Бидэн шиг жижигхэн улсад энэ чиглэлээр том гүрнүүдийг угтаад хөгжих боломж буйг харж байна.” 

Ж.Ганзориг, IT инженер 

“Сүүлийн үед хөрөнгө оруулагч үндэстэн гэж сошиалаар их яригдах болж, хүмүүс ч үүнд нэгдэж буй нь ажиглагдсан. Үүнээс гадна хөрөнгийн зах зээлд идэвхтэй оролцох, цаг үеийн мэдээ мэдээллээс хоцрохгүй байх зорилгоор энэ форумд оролцож байна. Чуулганаар хэлэлцэж буй асуудлууд маш сонирхолтой, панелистуудын хувьд ч яг зөв хүмүүсийг цуглуулж чадсан байв. Ерөнхийдөө мэдээллээс хол байдаг хүний хувьд энэ чуулганаас маш их шинэ мэдээллийг олж авч чадлаа.”

Х.Нямбадраа, хуульч

 “Хөрөнгө оруулагч үндэстэн чуулганд анх зохион байгуулагдаж эхэлснээс нь хойш оролцож байна. Анх хөрөнгийн зах зээлийн талаар юу ч мэддэггүй байсан бол тодорхой хэмжээний ойлголттой болж, өөрт ашигтай боломжуудыг олж хардаг болсон. Цаашлаад бодитоор хэрэгжүүлж үр шимийг хүртэж эхэлсэн. Хөрөнгийн зах зээлийг судалж, идэвхтэй оролцож эхэлсний үр дүнд өөрийгөө эрсдэлээс хамгаалах тухай ч мэддэг болсон. Энэ хугацаанд ойлгосон хамгийн чухал зүйл бол урт хугацааны хөрөнгө оруулалт. Нэг хоёр сарын ашгийг харах бус дор хаяж нэг жил, цаашлаа 5-10 жилийн өсөлтийг харах хэрэгтэй. Тэгэхгүй өр тавьж байгаад ч хамаагүй өнөө маргаашийн ашгаа бодож авах нь төдийлөн тохиромжгүй.” 

 

B. Misheel