900 хүн цусаа хандивлалаа

“Цусаа бэлэглэгч Донор бүр баатар мөн” уриатай Дэлхийн донорын өдрийг манай улс өнөөдөр тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдрийг сая сая хүний амь насыг аврах, эрүүл мэндийг сайжруулахад цус сэлбэх эмчилгээ амин чухал үүрэгтэй болохыг олон нийтэд сурталчлах, сайн дурын цусны донорын тоог нэмэгдүүлэх, улмаар цусны нөөц бүрдүүлэх зорилгоор найм дахь жилдээ тэмдэглэж байна.

Манай улс 1994 оноос донорын төлбөртэй тогтолцооноос сайн дурын авлагагүй тогтолцоонд шилжиж, өнөөдрийн байдлаар 80000 орчим хүн донорын бүртгэлтэй байна. Гэсэн ч энэ тоо төдийлэн хангалттай бус аж. ДЭМБ-ын судалгаагаар тухайн улсын хүн амын гурван хувь нь тогтмол цусаа бэлэглэж байж улс үндэстнийхээ цусны хэрэгцээг хангана гэж тооцжээ. Харин манай улсад уг үзүүлэлт дөнгөж 0.75 хувьтай байгаа аж. Нэг хүн 350-400 мл цус өгөх боломжтой төдийгүй нэг удаагийн энэ цусыг боловсруулан гурван хүний эмчилгээнд зориулсан цусны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж.

Донорын өдрийн хүрээнд МУЗН-ийн Цусны донорын хөтөлбөр, ЭМЯ-ны харъяа Цус сэлбэлт, судлалын төв, “Оюутолгой” ХХК, “JCI Монгол” байгуулага, Сүхбаатар дүүргийн Улаан загалмайн хороо хамтран донорууддаа хүндэтгэл үзүүлж, алдаршууллаа. Мөн энэ өдөр нийслэлийн хэмжээнд 900 гаруй хүн сайн дураараа цусаа хандивлалаа.