1195 тусгай зөвшөөрөл эзэмшигч ил тодын тайлан гаргаагүй байна
Монголын Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилга (ОҮИТБС)-ын цахим тайлагналын системд 2006 оноос хойш 2,884 аж ахуйн нэгжийн 12,542 тайлан бий. Эл нээлттэй мэдээллийн сангаас тусгай зөвшөөрөл, хөрөнгө оруулалт, олборлолт, бүх төрлийн татвар хураамж, эцсийн өмчлөгч, хандив дэмжлэг, ажилчдын мэдээлэл, орон нутгийн газар, ус ашиглалтын болон бусад мэдээллийг компани нэг бүрээр авах боломжтой юм.
Гэвч ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, газрын тосны гэрээлэгчдээс 2016-2020 онд ОҮИТБС тайлангаа гаргаагүй, олон нийтэд ил тод болгоогүй 1195 аж ахуйн нэгж байгаа бөгөөд тэдний эзэмшилд 1,636 тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна. Бараг 40 орчим хувь нь гурав ба түүнээс дээш жил дараалан ОҮИТБС-ын тайлан огт гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл, эдгээр аж ахуйн нэгжүүд Ашигт малтмалын тухай хууль болон бусад холбогдох хуульд тусгагдсан ил тод байх заалтыг дагаж мөрдөхгүй байгаа юм.
Хэдийгээр ОҮИТБС-ын олон улсын стандарт нь Монгол Улсад 2006 оноос хойш хэрэгжиж байгаа ч сүүлийн жилүүдэд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн дунджаар 25-30 хувь нь тухайн оныхоо ОҮИТБС-ын тайланг огт гаргадаггүй хандлага тогтоод байна. Тухайлбал, тайлан гаргаагүй тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тоо 2016 онд 535 байсан бол 2020 онд 690 болж нэмэгджээ.
Монгол орны хаа нэгтээ ашигт малтмал эрж хайх, олборлох үйл ажиллагаа явуулж байгаа л бол холбогдох хууль тогтоомж, ОҮИТБС-ын олон улсын стандартын дагуу аж ахуйн нэгжүүд ил тод байдлын тайлангаа гаргах ёстой. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тэдгээр аж ахуйн нэгжид АМГТГ-аас олгосон тусгай зөвшөөрлүүдийн байршил, зориулалт, ашигт малтмалын төрлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг доорх дүрслэлд харууллаа.
ОҮИТБС-ын тайланг 2016-2020 онд гаргаагүй аж ахуйн нэгжүүдийн эзэмшилд байгаа тусгай зөвшөөрлийн 51.4 хувь нь ашиглалтынх, 47 хувь нь хайгуулынх байгаа бол 1.6 хувь нь газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээ байна. Үүнээс ашиглалтын тусгай зөвшөөрлийн гуравны нэг орчмыг нь түгээмэл тархацтай ашигт малтмалынх эзэлж байгаа юм.
Тус тайланг гаргахгүй байгаа компаниудын тусгай зөвшөөрлийг байршлаар нь авч үзвэл Төв, Сэлэнгэ, Хэнтий, Дорноговь аймаг, нийслэлд хамгийн олон байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг компаниудын олонх нь түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч бол аймгуудад алт, жонш, нүүрсний олборлогчид зонхилж байгаа юм. Хайгуулын тусгай зөвшөөрлийн хувьд ч ялгаагүй дээрх аймгуудын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд байна.
Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах зохицуулалт Ашигт малтмалын тухай хуулийн 48.10, Цөмийн энергийн тухай хуулийн 28, Газрын тосны тухай хуулийн 36, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлд байдаг бөгөөд холбогдох тайлан мэдээллүүдийг гаргахаар үүрэгжүүлсэн байдаг. Хэрэв энэхүү үүргээ биелүүлээгүй бол тусгай зөвшөөрлийн төрлөөс хамаарч 500 мянгаас 10 сая хүртэлх төгрөгийн торгууль ногдуулдаг.
Олон улсын ОҮИТБС-д нэгдэн орсон улс орнууд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн заавал ил тод болгох ёстой мэдээллийн стандартыг дагаж мөрддөг. Олборлох үйлдвэрлэлийн компаниуд энэхүү стандартыг дагаж мөрдсөнөөр хариуцлагатай, ил тод байдлаараа салбарын хөгжлийг түүчээлэгч компаниудын нэг болж, бизнесийн үнэ цэн нь өсч, улмаар орон нутгийн удирдлага, иргэдийн итгэлийг олж, нийгэмд хүлээн зөвшөөрөгдөх хөшүүрэг болдог. Түүнчлэн хөрөнгө оруулагчдын хувьд тухайн компанийн зээлжих зэрэглэлийг хэмжих чухал үзүүлэлт болдог давуу талтай.