Х.Амаржаргал: Уул уурхайн салбарыг хөдөлгөгч хөдөлгүүр нь хөрөнгө оруулалт юм
Монгол Улсын эдийн засгийн гол хөшүүрэг, тэргүүлэх салбар болсон уул уурхай, эрдэс баялгийн салбарынхан түүхэн 100 жилийнхээ ой хүрээнд “Mongolian Mining week 2022” буюу “Монголын уул уурхайн долоо хоног” нэгдсэн арга хэмжээг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас “Оюу толгой” компанитай хамтран анх удаа “Шангри-ла”-д зохион байгуулж байна.
Энэ сарын 19-23-ны өдрүүдэд болох уг арга хэмжээгээр Монгол Улсын эдийн засгийн голлох, суурь орлогыг бүрдүүлдэг уул уурхайн салбарынхан өрсөлдөх чадвараа нээлттэй ярилцаж, хөгжлийн чөдөр тушаа болсон асуудлуудаа хэлэлцэж байна. Тэд мөн уул уурхайн салбарт олборлолтыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, урт хугацааны гаднын хөрөнгө оруулагчдыг татах, өрсөлдөх чадвараа хамгаалах, боомтуудаа бүрэн хүчин чадлаар нь ажиллуулах, ажиллах хүчний хүрэлцээ, эрх зүйн орчин, татварын орчин, ирэх 10 жилд БНХАУ-д эрдэс баялгийн ямар бүтээгдэхүүний эрэлт давамгайлах вэ, Монгол Улс уул уурхай, эрдэс баялгийн гол ханган нийлүүлэгч урд хөршийнхөө уул уурхай, эрдэс баялгийн ирээдүйн 5-10 жилийн хэрэгцээг хангахад бэлэн үү зэрэг асуудлыг хөндөн ярилцлаа.
Өнөөдрийн хуралдааны онцлох сэдэв болох уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтын өнөөгийн орчин нөхцөл байдал, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогыг Эдийн засгийн хөгжлийн яам танилцуулж, томоохон компаниуд илтгэл тавин, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Тус салбарт хэрэгжихээр зэхэж буй болон одоо хэрэгжиж байгаа мега төслүүдийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал танилцуулсан. Мөн салбарын яамнаас “Хайгуул, олборлолт, боловсруулалт, борлуулалт, хуваарилалт” гэсэн зарчимд тулгуурласан бодлогыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгааг дурдаад “Уул уурхайн үйлдвэрлэлийг дагаад олон жижиг, дунд үйлдвэр бий болно. Энэ бүхэн аж үйлдвэржсэн Монгол Улс болж хөгжих хөрс суурь юм” гэж дурдав.
Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Монгол Улсад орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалтын хоёр ам.доллар тутмын нэг нь Оюу толгой төсөлтэй холбоотойгоор орж ирсэн байдаг. Оюу толгой бол Монгол Улсын эдийн засгийн томоохон төслүүдийн нэг. Энэ хүрээнд уг арга хэмжээний үеэр “Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал Оюу толгой уурхайн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын талаар илтгэл тавьлаа. Тэрбээр уг илтгэлдээ “Хөрөнгө оруулалтын гүүр болохуйц дэлхийн хэмжээний Оюу толгой төслийн хөрөнгө оруулалт нь оролцогч талуудын эрх үүрэг, хариуцлагыг нарийн тодорхойлсон багц гэрээгээр зохицуулагдаж байдаг. Оюу толгойн төслийн үйл ажиллагаа өнөөдөр гүйцэтгэлээрээ дэлхий нийтийн анхаарлыг татаж, Монгол Улсыг сайнаар таниулахад томоохон үүрэг гүйцэтгэж байна” хэмээн онцолж байлаа.
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын гол чухал хэсэг болох эдийн засгаа эрчимжүүлэх, тэр дундаа гаднын хөрөнгө оруулагчдыг татах, дотоодын эрх зүйн орчныг тодорхой, ээлтэй болгох асуудал уул уурхайн салбарынхны хувьд хүлээлттэй байсан бодлогын нэг юм. Тэр ч үүднээс анх удаа уул уурхайн салбараар долоо хоног амьсгалах, олон чиглэл, салбарт үр өгөөж өгөх олон улсын арга хэмжээг ийнхүү зохион байгуулж байгаа гэдгээ “Mining week”-ийг санаачлагчид онцлон тэмдэглэв.
Уул уурхайн салбар цаашид ч Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн гол чухал багана байх учраас “Уул уурхайн долоо хоног” арга хэмжээг жил бүр зохион байгуулах аж. Ингэснээр уг салбар тогтвортой хөгжих, улс төр, хууль эрх зүйн орчин тогтвортой болох, иргэд олон нийтийн ойлголт мэдээлэл сайжрах, ул суурьтай хардаг болох гээд олон чухал үр дүн бий болох юм.
“Рио Тинто” группийн Монгол дахь үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал
-Монголын уул уурхайн салбар нэгэн зууныг ардаа үдэж байна. Үүнтэй зэрэгцээд Оюу толгой гүний уурхай өнгөрсөн нэгдүгээр сард олборлолтоо эхлүүлэх анхны гараагаа маш амжилттай эхлүүлсэн. Оюу толгой бол дэлхийд гайхуулах зэсийн томоохон орд юм. Уул уурхай, дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалт, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны тод жишээ.
Түүнчлэн байгалийн байгалийн баялаг, технологийн дэвшлийн хослол юм. Мөн манай улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн томоохон хөдөлгөгч хүч болоод байгаа билээ. Рио Тинто группийн Монгол дахь түүх 10 гаруй жилийн өмнө Оюу толгойгоос эхэлсэн. Анх 2009 онд Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулалцаж байсан. Тэр үед Оюу толгой төслийг амжилттай хэрэгжүүлбэл Монгол улсын хөгжил дэвшилд эерэг өөрчлөлт авчрах болов уу гэсэн итгэл үнэмшилтэйгээр энэхүү төслийн ажлыг эхлүүлж байлаа.
Монголын түүхэн дэх хамгийн анхны мега төслийг бид хэрэгжүүлж чадсан. Томоохон төслийг хэрхэн хэрэгжүүлж бодит ажил хэрэг болгох тал дээр бид суралцсаар байна. Оюу толгойн гүний уурхайн анхны тэсэлгээг өнгөрсөн зургадугаар сард хийсэн бол ирэх оны эхний хагаст гүний уурхай тогтвортой үйлдвэрлэлээ эхлүүлнэ. Цаашид гүний уурхайн үйлдвэрлэлээ тогтвортой үргэлжлүүлэн Оюу толгойг дэлхийн томоохон зэсийн уурхай болгож хөгжүүлэх боломжтой.
Харин энэхүү хүчтэй хөдөлгүүрийг хөдөлгөгч шатахуун нь хөрөнгө оруулалт юм. Манай улсад хөрөнгө оруулалт татах хамгийн өндөр боломжтой салбар нь уул уурхай. Гэсэн ч байгалийн баялгийн нөөц өндөр бусад улстай харьцуулахад хангалтгүй, мөн тогтвортой өсөлтийг үзүүлж чадаагүй. Энэ нь манай улсын хөрөнгө оруулалтын өрсөлдөх чадвартай шууд холбоотой. Барууны бизнесийн соёл, бидний ажлын арга барилын хооронд зөрүү бий. Энэ зөрүүг арилгахын тулд бид багагүй хугацааг зарцуулж байна. Тиймээс бид ажлын арга барилаа өөрчлөн шинэчилж, даяарчлагдсан дэлхийтэй хөл нийлүүлэн алхах чухал мөчтэй бид тулж ирлээ. Гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд дотоодын боловсон хүчин, ажиллах хүчнээ чадавхжуулах, ажлын хандлагаа өөрчлөх хэрэгтэй байна.
Мөн гадаадын хөрөнгө оруулалт татахад хамгийн чухал нь ойлгомжтой эрхзүйн тогтолцоо, Засгийн газрын тууштай бодлого, улс төрийн тогтвортой байдал юм. 2009 оноос хойш манай улс хэдэн Засгийн газартай байв гэдгийг тоолох нь илүүц биз. Харин төрийн бодлого нь сумын засаг даргад хүртэл нэг ойлголтоор хүрдэг, тэр нь залгамж халаа болж явах нь хөрөнгө оруулагчдын хувьд олон асуудлыг хөнгөвчлөхөд дэмжлэг болдгийг ойлгох хэрэгтэй.
Энэ мэтчилэн хөрөнгө оруулалтын орчинд зайлшгүй хөндөх олон асуудал байгаа. Бүгдийг нь нэгэн зэрэг биш юм гэхэд цаашид бага багаар ахиулах боломж бий. Бүтээн байгуулалтын ажлын ард харилцан итгэлцэл гэсэн нүдэнд үл харагдах амжилтын гүүр байдаг гэдгийг бид Оюу толгой төсөл дээрээс ойлгосон.
Цаашдаа энэхүү төслийн ачаар дахин хөрөнгө оруулагч татах боломж бидэнд бий. Гэхдээ энэ боломжийг хариуцлагатайгаар тосож авах түүхэн үеийн өмнө бид ирээд байна.