Дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн Оюу толгой гүний уурхай Монгол Улсад бий. 2023 оны эхний улиралд тус гүний уурхай бүрэн ашиглалтад орж, тогтвортой олборлолтын түвшинд хүрснээр жил бүр хагас сая орчим тонн зэс олборлох урьдчилсан тооцоо байдаг. Уурхайн тогтвортой үйл ажиллагааны амин сүнс нь ус. Оюу толгой уурхайн үйлдвэрлэлийн усан хангамжийн үндсэн эх үүсвэр нь газрын доорх усны орд газар юм. Манай сурвалжлах баг уурхайн үйл ажиллагаа, гүний усны нөөц, усан хангамж, хяналт шинжилгээ, ашиглалттай танилцахаар Өмнийн говийг зорилоо. 

Бидний аяллын эхний өртөө Оюу толгой уурхайн “Байгалийн ургамлын үржүүлгийн газар” байв. Энэхүү үржүүлгийн газар говь нутагт хаа нэг тааралдах баянбүрд шиг л санагдаж байлаа.  

Байгалийн ургамлын үржүүлгийн газар

Хариуцлагатай уул уурхайн жишгээр “Оюу толгой” компани цөл, цөлөрхөг бүс нутагт ургадаг байгалийн ургамлыг тарималжуулах, хамгаалах, үржүүлэх, уул уурхайн нөхөн сэргээлтэд ашиглах зорилгоор уг газрыг Өмнөговь аймгийн Ханбогд суманд байгуулжээ. Тус үржүүлгийн газарт говийн 42 зүйлийн унаган мод, ургамал тарьж ургуулж, суулгацыг бэлтгэдэг болоод 10 гаруй жил болж байгаа аж. Биднийг очиход тус үржүүлгийн газрын ээлжийн ахлах Д.Цэрэнханд угтан авч үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгсөн юм. Өнгөрсөн онд тэд нөхөн сэргээлтэд 12 зүйлийн 42 мянга гаруй ургамал, модны суулгац гаргажээ. Говийн бүсэд дасан зохицсон нутгийн ургамлыг нөхөн сэргээлтэд ашиглахын тулд Ханбогд сумын нутагт байгаль орчны суурь судалгаа хийж, ургамлын бүлгэмдэл, тэдгээрийн онцлогийг нарийвчлан судалсан байна. Ханбогд сумын нутаг дэвсгэрт ургадаг онцлох ургамлын тоонд хайлаас, хотир, улаан, бор, шинэсэрхүү бударгана, хармаг, чихэр өвс, хайлаас, шар хуайс багтдаг аж.

Эдгээр ургамал нь цөлжилтийн эсрэг, эмийн чанартай гээд биологийн олон талын ач холбогдолтой гэнэ. 

Оюу толгойн нөхөн сэргээлтийн бодлогод газар хөндөхийг, газар ашиглалтыг аль болох бага байлгахыг зорьдог байна. Газар хөндөх, ашиглах шаардлага үүсвэл заавал тухайн хөрсийг судалж хэчнээн төрлийн, ургамал ногоо, бут сөөг ургаж байгааг мөн хөрсний зузаан, шимт хөрс нь хэдэн см байна зэргээр маш нарийн бүртгэлжүүлж аваад дараа нь тухайн газарт нөхөн сэргээлт хийхдээ урьд өмнө нь ямар байсан яг тэр хэвээр нь шимт хөрсийг эргүүлэн тавьж, хэчнээн төрлийн ямар ургамал ногоо ургадаг байсан түүгээр нь нөхөн сэргээлт хийдэг гэнэ. Үүндээ “Байгалийн ургамлын үржүүлгийн газар”-т үржүүлж, тарьсан ургамлуудыг ашигладаг аж. Мөн  төв суурин газрын тохижилт, ногоон байгууламжад ашигладаг байна. Хариуцлагатай уул уурхай гэдэг ийм л нарийн стандарттай, түүнийгээ ягштал мөрддөг, аливаад сэтгэлээсээ хандаж, жинхэнэ хариуцлага гээчийг бусаддаа ийн үлгэрлэдэг байхдаа гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байлаа. 

Ийнхүү Оюу толгойн “баянбүрд”-тэй танилцаж дуусаад бид цааш явж, “Оюу толгой” ХК-ийн хөрөнгө оруулалтаар барьсан Ханбогд сумын цэвэр усан хангамжийн нэгдсэн системийн байгууламжтай танилцав. Говийн ус байгалиасаа эрдэсжилт өндөртэй, Ханбогд сумынхан бага гүний, хатуулаг, эрдэс ихтэй ус хэрэглэдэг байжээ. Харин одоо ханбогдчууд цэвэршүүлсэн ундны усыг өдөр тутамдаа хэрэглэдэг болсон. 

Ханбогд сум цэвэр ус хангамжийн байгууламж

Энэхүү байгууламж нь гүний хоёр худаг, түүхий усны сан, ус цэвэршүүлэх гурван танк, цэвэрлэгдсэн усан сан, чанарын лаборатори, цэвэр ус дамжуулах шугамууд, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд өртөөний барилга зэрэг иж бүрэн цогцолбор юм. Сумандаа төдийгүй Монгол Улсдаа анхны гэдгээрээ онцгой ач холбогдолтой томоохон бүтээн байгуулалт. Одоогоор 13 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай, цаашид 35 мянган хүн амд хүрэлцэхээр болгож өргөжүүлэх боломжтой гэнэ.

Эл байгууламж нь 100 метрийн гүнээс усаа татаж, түүхий усны сандаа хуримтлуулаад үүнийгээ цэвэршүүлэх гурван танк руу шилжүүлэн цэвэршүүлж, цэвэр усны сан руу шахаж цааш түгээх цогц системтэй гэдгийг Байгаль орчны хэлтсийн усны харилцаа болон хяналт шинжилгээний зөвлөх Б.Ууганхүү тайлбарлаж өглөө. Бидний аялал цааш үргэлжилсээр нэг бүр нь 200 мянган шоо.метр багтаамжтай ус хуримтлуулах хоёр цөөрөмтэй танилцсаны дараа Оюу толгой төслийн талбай дээр очсон юм.  

Ус хуримтлуулах цөөрөм

Оюутолгой төслийн талбайд нэвтрэхээс эхлээд аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг бүх ажилтан нь төвөгшөөлгүйгээр ягштал мөрддөг нь гайхалтай. Төслийн талбай руу нэвтрэхийн тулд эхлээд архи, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгаж хүн бүрд нэвтрэх карт өгөв. Энэ нь нэг ёсондоо төслийн талбайд хууль ёсны дагуу нэвтэрснийг батлах батламж. Ийнхүү бид хамгаалалтын малгай, гутал, цацруулагчтай хантааз, бээлий өмсөж, хамгаалалтын нүдний шил зүүн дотогшоо нэвтэрсэн юм. Бидний энэхүү аялалд “Оюу толгой” компанийн Байгаль орчны хэлтсийн усны харилцаа болон хяналт шинжилгээний зөвлөх Б.Ууганхүү, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн Э.Идэрбаатар нар хөтчөөр ажиллаж мэдээлэл өгч байлаа.

Төслийн талбайгаар бид автобусаар явсан бөгөөд бидэнд суудлын бүсээ бүслэхийг уйгагүй сануулж, залхахгүй хэлсээр, өөрсдөө ч бүсээ бүсэлсээр явлаа. Мөн “зогс” тэмдэгтэй уулзвар дээр өдөр, шөнийн алинд ч, хөдөлгөөн байхгүйд ч жолооч заавал түр зогсдог. 

Энэ мэтчилэн аюулгүй байдлыг хангах дүрэм, журмууд Оюу толгой төслийн талбайд мөрдөгдөнө. Үүнээс харахад аюулгүй ажиллагааны соёл аль хэдийн тогтож, ажилтан бүр ягштал биелүүлдэг нь үнэхээр гайхалтай сахилга баттай санагдаж байсан юм. Бас нэг гайхалтай зүйл нь Оюу толгойн жолооч нар “кист” шиг зүйл толгойдоо зүүсэн байх бөгөөд энэ нь жолоочийн тархи хэр ядарч байгааг хэмждэг ухаалаг төхөөрөмж аж. Хэт их ядарсан үед улаан гэрэл асаж жолооч болон удирдлагын төвд шууд мэдээлэл очдог. Жолооч хэт их ядарсан үедээ осол аваар гаргах эрсдэлтэй учраас ажлыг нь даруй зогсоох, эсвэл дараагийн ээлжийн жолоочид шилжүүлэх зэрэг арга хэмжээ авдаг байна. “Өдөр бүр хүн болгон ажлаасаа эрүүл, аюулгүй эргэн ирэхүйц осол авааргүй, өвчлөлгүй ажлын байрыг хамтдаа бий болгох” гэсэн аюулгүй ажиллагааны уриатай “Оюу Толгой” компанид аюулгүй байдлыг хангах нь хамгийн гол зорилго юм гэдгийг энэ аяллын үеэр бид алхам тутамдаа мэдэрч байлаа.  

Гүний усны байгууламжтай танилцав

Гүний усны байгууламжтай танилцав

Оюу толгойн уурхай анх төлөвлөлтийн үеэсээ л орон нутгийн байгаль орчин, нутгийн ард иргэдийн амьдралд сөрөг нөлөө үзүүлэхгүй байхыг эрмэлзэж, малчид, иргэдийн ашигладаг хөрсний болон бага гүний уст үетэй холбоогүй гүний усны эх үүсвэрийг нээж олох зорилго тавьж, үүндээ ч хүрч чаджээ. Ингээд 150 метрийн гүнд орших уст үеийг олж илрүүлсэн байна. Ийм усны эрдэсжилт нь Монгол Улсын ундны усны стандартад заасан хэмжээнээс гурав дахин өндөр, ундны усны зорилгоор шууд ашиглаж болохгүй учир зөвхөн үйлдвэрлэлдээ ашигладаг аж. 

“Оюу толгой” компани нэг тонн хүдэр боловсруулахдаа дунджаар 0.4 шоо метр (450 литр) ус ашигладаг нь дэлхийн ижил төстэй уурхайнуудаас даруй гурав дахин бага үзүүлэлт бөгөөд ашигласан усныхаа 89 хувийг дахин ашигладаг нь мөн л дэлхийд тэргүүлэх үзүүлэлт гэдгийг Б.Ууганхүү онцлов. Мөн тэрбээр “Бид усыг маш бага, дээд зэргийн хэмнэлттэй ашиглах зорилго тавин ажилладаг” гэдгийг аяллын явцад чихэнд хоногштол хэлж өгсөн юм. 

Оюу толгой уурхайн бүтээн байгуулалт, олборлолтод усыг ариг гамтай, өндөр үр ашигтай ашиглахын тулд сүүлийн үеийн техник, технологи болон менежментийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажилладгийг онцлох нь зүйтэй.

Ингэснээр усны эргүүлэн ашиглалтын түвшин 89 хувь болж газрын доорх усны нөөцөөс 50 хувь бага буюу 450 л/с ус хэрэглэж байна. Энэ нь Монгол Улсын Усны зөвлөлөөс тогтоож өгсөн 918 л/c ус хэрэглэх стандартаас бага ус хэрэглэж байна гэсэн үг. 

Түүнчлэн 351 гаруй цэгт автомат, хагас автомат, гар аргын тоног төхөөрөмжийг ашиглан хяналт шинжилгээний хөтөлбөрүүдийг Оюу толгойн байгаль орчин, усны шинжилгээний баг хэрэгжүүлдэг байна. Усны мэргэжилтэн Б.Ууганхүү “Оюу толгойн уурхай усаа 100 хувь эргүүлэн ашигладаг хэдий ч хаягдлын сангаас ууршилт үүсдэг. Үүнээс өөрөөр байгальд ямар нэгэн байдлаар усаа асгадаггүй. Бохир ус цэвэршүүлэх байгууламжаас цэвэрлэгдэж гарсан усыг зам талбайн усалгаа болон хаягдлын санд шугам хоолойгоор нийлүүлж, усыг 100 хувь эргүүлэн ашигладаг” хэмээн ярилаа.

Өмнийн говийн ундны усны эх ундарга болсон Ундай гол Оюу толгой уурхайг дайран өнгөрч байсантай холбоотойгоор голын голдирлыг өөрчилсөн гэдэг. Бид тэрхүү Ундай гол дээр очлоо. Уг гол Оюу толгойн ил уурхайн баруун талбайтай огтлолцсон учраас 2013 онд голын голдиролд хэсэгчилсэн тохируулга хийж, ойролцоогоор найман км-ыг газар доогуур шугам хоолойгоор зөөвөрлөж Ундай голд нийлүүлжээ. Энэ хэсэг газарт хүний гараар бүтсэн булаг үүссэнийг “Бор овоо” хэмээн нэрлэсэн байна. Ийнхүү Ундай голын голдирлыг өөрчлөн ил уурхай руу ус нэвчих эрсдэлийг бууруулжээ.  Нэмж тодотгоход Ундай голын усны бүтэц, найрлага, чанар стандартыг өөрчлөөгүй, байгалийн эко системийг огтхон ч алдагдуулалгүйгээр маш амжилттай хийсэн төсөл болсон юм. 

Харин байгалийн хагарал, ан цаваар ил уурхай руу маш бага хэмжээтэй шүүрэл, нэвчилт үүсдэг. Үүнд баталгаажсан тоолуур тавьж усны болон холбогдох төлбөрийг Оюу толгой компани орон нутгийн санд төлдөг гэнэ. Мөн байнгын судалгаа, хяналт, хэмжилт хийсээр байгаа гэдгийг усны мэргэжилтэн, хөтөч Б.Ууганхүү хэллээ. 

Оюу толгойн ил уурхай

Ундай голын голдирлыг өөрчилсөн хэсэгт байнгын хяналт шинжилгээ хийдэг. Ингэхдээ дан ганц Оюу толгой компаниас гадна Ханбогд сумын Байгаль орчны мэргэжилтэн, малчид гэсэн гурван талын оролцоотой хяналт, шинжилгээ хийсээр иржээ. Энэ хүрээнд малчдын 86 гар худгийн усны түвшнийг ч хэмждэг. Өөрөөр хэлбэл, уурхайн ойролцоох малчдын гар худгуудыг Оюу толгой компани болон малчид хэмжиж үзээд Ундай голын найрлагатай ойролцоо байна уу, зөрүүтэй  байна уу гэдгээ графикийн дагуу харьцуулж ажиглалт, дүгнэлт хийдэг. Ингэснээр малчид, компанийн хооронд итгэлцэл бий болдог байна. Ундай голын голдирол хэдийгээр өөрчлөгдсөн ч  “байгалийн урсацаа алдагдаагүйг өдөр бүрийн хэмжилт баталдаг” гэж Б.Ууганхүү итгэлтэй хэлж байлаа.

Оюу толгой төслийн талбайн ойр орчимд хар сүүлт, хулан, цагаан зээр зэрэг ховордсон ан амьтад нутагладаг бөгөөд Ундай голоос ундаалдаг гэнэ. Ийнхүү говийн сонин тогтоцтой голыг харж, Оюу толгойн байгаль хамгааллын ажилтай танилцсан аялал маань говийн наран хэвийж байхад өндөрлөсөн юм. 

Нар жаргах агшин /Оюу толгой төслийн талбайгаас /

 

 

 

 

 

 

 

B Shurenchimeg