Гүний уурхайн олборлолтыг нэгдүгээр улиралд эхлүүлэхээр байна

B Shurenchimeg
2023-01-27 14:14:30

“Оюу толгой” компани 2022 оны дөрөвдүгээр улирлын үйл ажиллагааны голлох үзүүлэлт, гүний уурхайн төслийн явцын талаар өнөөдөр танилцууллаа.

2022 оны дөрөвдүгээр улиралд 32.343 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэв. Ингэснээр 2022 онд нийт 129,468 тонн баяжмал дахь зэс үйлдвэрлэлээ. Харин 34.222 унц баяжмал дахь алт үйлдвэрлэснээр 2022 онд нийт 183,787 унц үйлдвэрлэжээ.

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулж буй шилдэг, онцлох аж ахуйн нэгж, байгууллага, бизнес эрхлэгчдийг шалгаруулдаг “Энтрепренер-2022” ёслолын ажиллагаанаас “Оюу толгой” компани “Оны шилдэг аж ахуйн нэгж”-ээр шалгарч, Гран при шагналыг анх удаа гардан авлаа. “Оюу толгой” компанийн 2010-2022 оны хооронд дотоодод зарцуулсан мөнгөн хөрөнгө 15 тэрбум ам.доллар буюу 34 их наяд төгрөгийг давсан бөгөөд үүний 75 хувийг дотоодын худалдан авалтад зарцуулжээ.

Уурхайн ашиглалтын төлөвлөгөөний дагуу бага агуулгатай хүдэр олборлолт, металл авалтаас хамааран ил уурхайгаас олборлосон баяжмал дахь зэсийн хэмжээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17 хувиар бага байлаа. Уурхайн төлөвлөлтөөс улбаалан баяжмал дахь алтны олборлолт мөн өнгөрсөн жилийн дөрөвдүгээр улиралтай харьцуулахад нэлээд буурсан. 

Дөрөвдүгээр улирлын эцсийн байдлаар нийт 19 хүдэр буулгуурыг тэсэлсэн. Оюу толгойн баг хамт олны хэрэгжүүлсэн сайжруулалтын санаачилгын үр дүнд хүдэр буулгуурын тэсэлгээний ажил ихээхэн ахиж, Панель 0-ийн тогтвортой үйлдвэрлэл буюу олборлолтыг 2023 оны эхний улиралд эхлүүлэхээр байна.

Өнгөрөгч оны 12 дугаар сарын эцсийн байдлаар агааржуулалтын урд, хойд амын нэвтрэлтийн ажил газрын гүнд 378 болон 507 метрт хүрлээ. Босоо нэвтрэлтийн явцад аюулгүй ажиллагааны шаардлагаас үүдсэн түр зогсолтуудаас хамаарч дөрөвдүгээр улирлын ажлын гүйцэтгэл 2022 оны урьдчилсан төлөвлөгөөнд туссанаас хоцрогдолтой гарлаа. Агааржуулалтын урд, хойд амын нэвтрэлтийн ажил 1,148 болон 1,149 метрт хүрснээр дуусах юм. Хүдрийн биетийг газрын гадарга уруу тээвэрлэх туузан дамжуулагчийн барилга угсралтын ажил дөрөвдүгээр улирлын турш үргэлжилсэн ба тус хугацаанд барилгын ажил дуусаж, бүтээн байгуулалтад ажиллах бусад гүйцэтгэгчдийг уурхайн талбарт хүлээн авлаа.

Панель 1 болон 2-ын судалгааны ажлыг (уг хоёр панелиас олборлож эхэлснээр өдөрт 95,000 тонн хүдэр олборлох боломжтой болно) 2023 оны эхний хагаст дуусгах төлөвлөгөөгөө биелүүлэхээр ажиллаж байна. Өмнөх тайлангуудад дурдсанчлан 2022 онд үүссэн КОВИД-19-ийн хязгаарлалт, ажиллах хүчний шилжилт хөдөлгөөнийг эрэмбэлэх шаардлага үүсэж байсантай холбоотойгоор агааржуулалтын урд, хойд амын ажил саатсантай холбоотой үүсэх аливаа агааржуулалттай холбоотой асуудлыг судалгааны ажилд хамруулан тооцохоор байна.

Улирлын туршид Рио Тинто болон Монгол Улсын Засгийн Газар Оюу толгойн гүний уурхайн тогтвортой үйлдвэрлэл буюу олборлолтыг эхлэх түүхэн чухал алхамд хүрэхэд дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ гүний уурхайн үйл ажиллагааг 2022 оны 1 дүгээр сард нээж, талууд харилцаагаа сэргээн шинэчлэх боломжийг бүрдүүлсэн Монгол Улсын Их Хурлын 103 дугаар тогтоолд туссан бусад арга хэмжээг авахаар ажиллаж байна.

Аюулгүй ажиллагааг нэн тэргүүнд тавьж гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 200,000 хүн/цаг тутамд 0.19 байлаа. Оюу толгой нь усны үр ашигтай хэрэглээгээрээ ижил төстэй зэсийн уурхайнуудаа тэргүүлэн ажилладаг бөгөөд нэг тонн хүдэр боловсруулахад 0.4 метр куб ус нөхөн сэлбэлтээр хэрэглэж байна. Уурхай, баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг усны алдагдалгүй байхаар загварчлан, усны дахин ашиглалт хамгийн дээд түвшинд байхаар тооцсоны дагуу үйлдвэрлэлийн усны 85-аас дээш хувийг дахин ашиглаж байна. Үйл ажиллагаандаа ашиглаж буй усны хэрэглээг сайжруулах чиглэлээр орон нутаг, үндэсний хэмжээнд бүхий л талуудтай хамтран ажиллаж стратегиа боловсруулах ба усны асуудлаар оролцогч талуудтай түншлэн, тогтвортой шийдэл гарган ажиллана. 

Татвар, төлбөр, хураамж хэлбэрээр 314 сая ам.доллар буюу 980 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газарт төлсөн. Нийлбэр дүнгээрээ 2010 оноос хойш нийт 4 тэрбум ам.доллар буюу 8.8 их наяд төгрөгийг дээрх хэлбэрээр төлжээ. Үүнд Монголын ханган нийлүүлэгчдэд төлсөн НӨАТ багтана. Дөрөвдүгээр улирлын байдлаар 863 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 567 нь үндэсний ханган нийлүүлэгч байв. Үйл ажиллагааны худалдан авалтынхаа 75 хувийг эдгээр үндэсний ханган нийлүүлэгчдэдээ зарцуулжээ.

 

 

 

 

 

 

B Shurenchimeg