Ө.Ганзориг: “Мандал санхүүгийн нэгдэл” салбартаа жишиг болж ажиллахыг хичээсээр ирлээ
“Мандал санхүүгийн нэгдэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ө.Ганзоригтой ярилцлаа.
-Та бүхэн 13 жилийн турш “Эрсдэлийн форум”-ыг зохион байгуулж ирсэн. Энэ жил Засгийн газартай хамтраад “Эрсдэл ба Стандарт” үндэсний чуулганыг 14 дэх жилдээ зохион байгууллаа. Монгол Улсын эрсдэлийн асуудалд санаа зовж ирсэн хүний хувьд ямар нэгэн эерэг үр дүн гарсан уу? Мөн цаашид анхаарах ямар асуудал байна вэ?
-2010 онд “Эрсдэлийн форум”-ыг бид анх санаачлан зохион байгуулж байлаа. Тухайн үед эрсдэлийн удирдлага гэсэн ойлголтыг иргэд, бизнес, төр засгийн түвшинд ойлгуулах шаардлагатайг бид олж харсан юм. Энэ хугацаанд олон компани, төрийн байгууллага форумд маань оролцож, байгууллагадаа эрсдэлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн байна.
Мөн иргэдэд эрсдэлийн тухай боловсрол олгох нь форумын гол зорилгуудын нэг. Энэ удаад Монгол Улсын Засгийн газар эрсдэлийн удирдлагыг онцгойлон анхаарах шийдвэр гаргаж, биднийг дэмжин 14 дэх удаагийн “Эрсдэлийн үндэсний форум”-ыг хамтран зохион байгууллаа. Эндээс бидний ажлын эерэг үр дүн эхнээсээ илэрч байна гэж дүгнэж болох юм. Одоо бидний өмнө “Эрсдэлийн форум”-аараа дамжуулан монгол хүн бүр эрсдэлийн удирдлагыг далд ухамсрын түвшинд ойлгуулах, эрсдэлээс өөрийгээ хамгаалах үйлдэл хийх чадвартай болгох ажлыг үргэлжлүүлэх зорилго тулгарч байна.
-Та энэ удаагийн чуулганд “Эрсдэлийн менежмент” сэдвээр илтгэл тавьсан. Тус илтгэлдээ “Эрсдэлийн менежмент бол хамтын зүтгэл. ОБЕГ, ЦЕГ, эсвэл Монголбанк хариуцдаг асуудал биш. Хувь хүн, даатгал, компани, төрийн байгууллага бүгдээрээ нийлж тэмцэх асуудал. Яагаад гэвэл бүгд эрсдэлд өртдөг” гэж байсан. Үүнийг дэлгэрүүлж ярина уу?
-Үүнийг энгийн жишээн дээр тайлбарлах нь зүйтэй байх. Дэлгүүрт талхны үнэ нэмэгдэхэд ард нь маш олон шалтгаан байдаг. Талхны үйлдвэрийн ажилчдын цалингийн зардал нэмэгдэх, импортын түүхий эдийн үнэ нэмэгдсэнээр талхны үнэ нэмэгдэж болно. Түүнчлэн дэлгүүрийн талбайн түрээсийн үнээс хамаарч талхны үнэ нэмэгдэж болно. Гэтэл бид талхны үнэ өсөхөд, хэрэглээний барааны үнийн өсөлтөд зөвхөн Монголбанк буруутай гэсэн хандлага гаргадаг. Талхны жишээнээс талхны үнийн өсөлтөд талхны үйлдвэрийн төлөвлөлт, импортолж буй улсын үнийн бодлого, дэлгүүрийн талбай түрээслэгчийн санхүүгийн асуудал гээд маш олон зүйл нөлөөлсөн байгааг харж болж байна. Үүгээрээ үнийн өсөлтийн эрсдэлийг Монголбанкны хэрэгжүүлж буй бодлогоос гадна хүн бүр, бизнес бүр, төрийн засгийн нэгж бүр хамтран оролцож байж хязгаарлах боломжтой юм.
Яг үүнтэй адилаар аливаа эрсдэлийн ард маш олон шалтаг, шалтгаан байдаг. Тэр бүгдийг хэн нэгэн дангаараа шийдвэрлэх боломжгүй. Эрсдэлтэй заавал хамтын хүчээр тэмцдэг.
-Монгол Улсад 6589 стандарт байдаг. Гэвч мөрдөгдөж байгаа нь цөөхөн. Стандарт мөрдөгдөхгүй байгаагийн гол шалтгаан юу вэ?
-Үнэнийг хэлэхэд миний хувьд тийм олон стандарт байдгийг форумын үеэр л мэдсэн. Энэ бол хамгийн гол шалтгаан гэж бодож байна. Бид хууль, журам боловсруулж батлаад түүнийгээ таниулахад хойрго хандах байдал түгээмэл үзэгддэг. Нөгөө талаас, иргэд маань шинээр гарсан хууль, журмыг уншиж, ойлгох оролдлого хангалттай гаргадаггүй. Энэ нөхцөл байдлыг Засгийн газрын зүгээс олж хараад “Эрсдэлийн форум”-ыг хамтран зохион байгуулж, стандартын ач холбогдлыг таниулсан нь маш зөв шийдвэр байлаа.
Иргэн, бизнес, төрийн уялдаа муу байгаа нь 2023 оны үерийн гамшгаас харагдсан
-Эрсдэлтэй Монгол Улс болоход юу нөлөөлж байна вэ?
-Монгол Улсын хүн амын бараг тэн хагас нь дөрвөн уулаар хашигдсан Улаанбаатар хот хэмээх газарт төвлөрөн амьдарч байгаа нь гол эрсдэл болж байна. Орон нутгаас ирж буй иргэдийг Улаанбаатарт суурьшуулахдаа дахин төлөвлөлт дутуу хийж, дагалдах стандартыг мөрдөж ажиллахгүй байгаа нь эрсдэлийг улам нэмэгдүүлсэн.
Иргэн, бизнес, төрийн харилцан ойлголцол, хамтын ажиллагааны уялдаа муу байгаа нь 2023 оны үерийн гамшгаас харагдсан. Энэ байдал эрсдэлийг онцгой түвшинд хүргэдэг. Ийм харилцан уялдаа муу байгаа нь хүн бүрийн эрсдэлийн боловсрол хангалтгүй, эрсдэлийг удирдах чадваргүй байгаатай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, иргэдийн эрсдэлийн боловсрол хангалтгүй байгаа нь эрсдэлийг бий болгож буй гол асуудал гэж ойлгож болно. НҮБ-ийн судалгаагаар цаг уурын өөрчлөлтөөс шалтгаалах байгалийн гамшгийн давтамж, хамрах цар хүрээ нэмэгдэж, хохирлын хэмжээ нь 2023 онд рекорд түвшинд хүрснийг сануулсан. Энэ нөхцөл байдал нь Монгол Улсын эрсдэлийг улам нэмэгдүүлж байна.
-Форумын үеэр НҮБ-ын төлөөлөгч “Уур амьсгалын өөрчлөлт, улс орнуудын зөрчилдөөн хямрал өмнөхөөсөө ихсэж байгаа учир үүнд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хувьсан өөрчлөгдөж байгаа энэ үед гамшгийн эрсдэлийг бууруулах хэрэгтэй. Үүний тулд стандарт, шаардлагыг хэрэгжүүлэх хэрэгтэй” гэж хэлсэн. Монгол Улс үүнд хэр бэлтгэлтэй байна вэ?
-Монгол Улс цаг уурын өөрчлөлтөөс үүсэх гамшгийн эрсдэлд хэр бэлтгэлтэй байгааг бид 2023 оны зуны үерийн нөхцөл байдлаас харсан, хангалтгүй гээд дүгнэчихэж болно. “Эрсдэлийн форум” дээр энэ талаар Монгол Улсын Шадар сайдын зүгээс дэлгэрэнгүй илтгэл танилцуулсан. Түүнчлэн ОБЕГ, Нийслэлийн тамгын газраас хийх шаардлагатай бодит ажлуудыг маш тодорхой танилцуулсан. Миний хувьд иргэдэд эрсдэлийн боловсрол олгоход чиглэсэн аяныг улсын хэмжээнд хэрэгжүүлэх санал дэвшүүллээ. Гамшгийн эрсдэл тохиолдоход хувь хүн өөрийн хэмжээнд удирдах чадвартай байх шаардлага дэлхийн хэмжээнд тавигдаж байна.
-Манай улсын даатгалын салбарын хөгжил аль түвшинд явж байна вэ? Технологитэй хөл нийлүүлэн алхаж чадаж байна уу?
-Бусад улстай харьцуулахад манай даатгалын тогтолцоо, даатгалын компаниудын бодлого, зарчим, үйл ажиллагаа ижил түвшинд байгаа. Гэхдээ харилцагч талаасаа буюу даатгалд хамрагдалтын түвшингээрээ олон улстай харьцуулахад маш доогуур байна. Илүү тодорхой хэлбэл сайн дурын даатгал хийлгэдэг иргэн, байгууллага цөөн байна. Жишээлбэл, хамгийн олон харилцагчтай тээврийн хэрэгслийн даатгалыг авч үзэхэд 10 машины нэг л сайн дурын даатгалтай.
Бид дижитал шилжилт хийж, харилцагчдадаа даатгалыг хялбар болгоход анхаарч байна
Мөн маш их буруу ойлголт байдаг. Жишээлбэл, даатгалын компаниуд хүлээж авсан 100 нөхөн төлбөрийн хүсэлтийнхээ 95-д нь нөхөн төлбөр олгож байна. Үлдсэн тав нь гэрээнд заагаагүй эрсдэлд нөхөн төлбөр авах оролдлого, эсвэл луйврын шинжтэй зүйлс байдаг. 100-гаас 95 гэдэг бол Америк зэрэг улстай харьцуулах, тун сайн үзүүлэлт юм. Гэтэл хүмүүс даатгалын компаниуд нөхөн төлбөрөө өгдөггүй гэх ташаа мэдээлэлд автаж, даатгал хийлгэхгүй яваад хохирох тохиолдол их байна. Технологийн хувьд манай даатгалын зах зээл дэлхийн түвшинтэй хөл нийлүүлэн алхаж байна. Тухайлбал, гар утсаар гадаад зорчигчийн даатгалын гэрээг байгуулдаг болоод олон жил өнгөрсөн.
-Дэлхийн даатгалын салбарын хөгжил хаашаа чиглэж байна вэ?
-Бизнесийн бүх салбар дижиталчлагдах үйл явц ид өрнөж байна. Даатгалын салбар дата майнинг ашиглаж бүтээгдэхүүн хөгжүүлэх, дижиталаар даатгалын гэрээ байгуулах, дижиталаар нөхөн төлбөр шийдвэрлэх зэрэг технологийн шийдэл бусад улсад хэдийн нэвтэрсэн. Бид ч дэлхийн хөгжлөөс хоцрохгүй дижитал шилжилт хийж, харилцагчдадаа даатгалыг хялбар болгоход анхаарч байна.
-Энэ салбарт тулгарч байгаа хүндрэл бэрхшээл юу вэ?
-Өнөөдөр зөвхөн даатгал гэлтгүй бизнесийн бүх салбар хүндрэл бэршээлтэй байна. Хүндрэл бэрхшээл нь нийтлэг гэж болно. Хамгийн гол бэрхшээл нь бизнесийн тогтвортой хөгжлийг дэмжсэн хууль эрхзүйн орчин бүрдээгүй байдал юм. Тухайлбал, 2022 оны байдлаар даатгалын салбарын цэвэр ашиг нийт санхүүгийн салбарын цэвэр ашгийн ердөө нэг хувийг бүрдүүлсэн. Энэ нь даатгалын салбар нийгмийн эрсдэлийг бууруулах зохих ёсны үүргээ биелүүлэхэд шаардлагатай хуримтлалыг бий болгож чадахгүй байгааг харуулж буй юм. Яг одоо даатгалын багц хуулийг шинэчлэх төсөл УИХ-аар хэлэлцэгдэх шатандаа явж байна. Даатгалын компаниуд саналуудаа илгээсэн, хуульд тусгагдана гэсэн эерэг хүлээлттэй байна.
-Даатгалын талаарх иргэдийн сэтгэхүйг хэрхэн өөрчлөх ёстой вэ?
-“Мандал санхүүгийн нэгдэл” ХХК иргэдийн санхүүгийн боловсролд зориулсан үйл ажиллагаа хэрэгжүүлэх шийдвэр гаргаад 20-оод жил болжээ. Энэ хугацаанд Дэлхийн санхүүгийн түүхийн музейг (World Financial History Muzeum) байгуулж, 10 мянга гаруй хүн үзсэн байна. Мандал Эрсдэлийн (Mandal Risk School) онлайн сургуулийг эхлүүлж, 30 мянган хүүхэд төгсгөсөн. Энэ бүхэн бол бидний хэрэгжүүлсэн олон арван ажлын хамгийн бодит үр дүнд хүрч, иргэдээс таашаал хүртсэн нь юм.
-“Мандал санхүүгийн нэгдэл” ХХК-ийн Монгол Улсад үзүүлж байгаа үүргийг та хэрхэн харж байгаа вэ?
-Бизнесийн байгууллага улс, эдийн засаг, нийгэмдээ хэд хэдэн үүргийг хүлээдэг гэж бодож байна. Харилцагч нартаа чанартай үйлчилгээ үзүүлж харилцагчийн амьдралын чанарыг сайжруулдаг. Чанартай үйлчилгээ гэдэг нь хурдан шуурхай, ойлгомжтой байхыг хэлдэг гэж ойлгож болно. Бизнесийн үйл ажиллагааг шударга, амжилттай явуулах нь эдийн засгийн тогтвортой өсөлтийг бий болгох гол хүчин зүйл юм. “Мандал санхүүгийн нэгдэл” ХХК харилцагч төвтэй байж, салбартаа жишиг болж ажиллахыг хичээсээр ирлээ.