“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн Дуудлагын төв 70047004
-“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн дуудлагын төв 70047004 сонсож байна
-Байна уу, би сая төлбөрөө хийчихлээ, тогоо залгуулъя
-Та хэрэглэгчийн кодоо хэлнэ үү?
-1234567, хэзээ залгагдах бол?
-За таны дуудлагыг хүлээж авлаа, ажлын захиалга нь үйлчилгээнд мөрдөгддөг стандартын дагуу ирсэн дарааллаараа 12 цагийн дотор хийгдэнэ.
-Заавал хүн ирдэг юм уу, наанаасаа шууд залгачихаж болохгүй юу?
-Харьяа Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн ажилтан очиж таны хэрэглээг сэргээнээ
-За за, хурдлахыг бодоорой.
Иймэрхүү дуудлага “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн 70047004 дуудлагын төвд өдөрт дунджаар долоон мянга орчим ирдэгээс 3600-4000, ачаалал ихтэй үед арван мянга орчим хандалт ирсний 5600-6000 дуудлагыг тус тус хүлээн авч, хариулжээ. Нийт дуудлагын ихэнх хувийг цахилгааны тасралт, төлбөрийн дүн, үлдэгдэл лавласан, өгсөн ажлын захиалгаа шаардсан дуудлагууд эзэлж байна.
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн мэдээлэл лавлагааны 70047004 утас нь нийт 43 мэргэжилтэнтэй, хоёр ээлжийн зохион байгууллалттай, нэг ээлжиндээ 20-22 мэргэжилтэн долоо хоногийн бүх өдрүүдэд хэрэглэгчдийн дуудлагыг хүлээн авч, ажилладаг. Цагийн хуваарийн хувьд ажлын өдрүүдэд 08-22 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10-18 цаг хүртэл ажилладаг. Харин бусад цагуудад компанийн диспетчерийн албаны ээлжийн инженерүүдэд дуудлага шилждэг.
Хэрэглэгчдэд хандан хэлэхэд хэрвээ цахилгаан нь нийтээрээ тасарсан бол 70047004 утас руу залгалгүй, хэрэглээгээ түр зохицуулахыг мэргэжлийн байгууллага зөвлөж байна. Ажлын өдрийн 20 цагаас өмнө өгсөн сэргээх дуудлагыг тухайн өдөртөө, үүнээс хойш цагт өгсөн дуудлагыг дараагийн өдөрт барагдуулдаг. Хэрэв төлбөрөө сар бүр гэрээнд заасан арван өдөртөө багтаагаад төлчихвөл хэрэглээгээ салгуулах, дуудлага өгөх, сэргээх үйлчилгээний төлбөр төлөх гэх зэрэг асуудалтай нүүр тулахгүй байх боломжтой. Нэгэнт энэ асуудалтай тулсан бол 70047004 утас руу залгаад ярих боломжгүй ачаалагдсан тохиолдолд УБЦТС ТӨХК-ийн “Цахилгаан хэрэглэгч” аппликэшн, my.tog.mn хаяг бүхий цахим үйлчилгээг мөн УБЦТС UBEDN гэсэн фэйсбүүк хуудасны чат бот мессэнжэрээр холбогдож дуудлага өгөх боломжууд бий.
Мэдээлэл лавлагааны 70047004 төвийн өвлийн нийт дуудлагын тоо 2022-2023 оны өвөлтэй харьцуулахад 9.4 хувиар өсчээ. Эрчим хүчний салбар чадлын дутагдалтай байгаагаас системийн хэмжээнд цахилгааны хязгаарлалт хийгдэж буй. Энэ өвөл дуудлагын мэргэжилтнүүдийн ажлын цагийг сунгаж, ажлын өдрүүдэд 08-00 цаг, амралтын өдрүүдэд 10-20 цаг хүртэл ажиллуулж байгаа аж. Улаанбаатар хот болон Төв аймгийн нийслэлийг тойрсон байршилтай 16 суманд үйлчилгээ үзүүлдэг тус компанийн хувьд “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-аас оргил ачааллын цагуудад хязгаарлах шаардлагатай гэж үзсэн шугамуудын ачааллыг хөнгөлөх ажлыг 1-2 цагийн хугацаанд гүйцэтгэж байна.
“Цахилгаан хэрэглэгч” аппликейшныг хэрхэн ашиглах вэ
“Цахилгаан хэрэглэгч” аппликейшн ашиглаад онлайнаар мэдээлэл авах боломжийг хүмүүс сайн мэдэхгүйгээс бас 70047004 утасны ачаалал нэмэгддэг байна. Цахилгаан хэрэглэгч аппликэшнийг өнгөрсөн оны эцэс гэхэд нийт хэрэглэгчдийн 87 хувь нь ашиглаж буй статистик мэдээлэл гарчээ. Цахилгааны төлбөрөө “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д төлдөг хэрнээ цахим үйлчилгээг мэдэхгүй уншигч байвал ашиглаад үзээрэй гэж уриалъя. Хэрэглэгчийн кодоо ашиглан нэвтэрээд дуудлага өгөхөөс аваад дуудлагаа хаана ямар шатанд явааг хянах, төлбөрөө шалгах, тоолуурын заалтаа хянах, тулгах, төлбөрөө хэзээ төлөх, төлбөрийн дэлгэрэнгүй баримт, сар бүрийн төлбөрийн мэдээлэл болон засвар, хязгаарлалт хийгдэх тухай мэдээллүүдээ шуурхай авч байх утасны дугаараа өөрчлөх гээд бүх л үйлчилгээг цахимаар авах боломжтой.
Цахим үйлчилгээг ашиглах боломжгүй иргэд 70047004 утас руу холбогдохгүйгээр цахилгааны төлбөрөө хэд гарсныг мэдэхийн тулд хамгийн шуурхай авах боломж нь мессэжээр авах юм. УБЦТС компанийн хэрэглэгч бол гэрээнд тэмдэглүүлсэн утасны дугаарт сар бүр төлбөрийн мэдээлэл илгээгддэг. Гэхдээ утсаа сольсон, магадгүй тухайн өрхийн гэрээнд утас нь бүртгэгдээгүй өөр гишүүн цахилгааны төлбөрийн мэдээллээ авч чадахгүй байгаа бол 137004 дугаарт хэрэглэгчийн код гээд долоон оронтой тоогоо бичээд мессэжээр илгээгээд төлбөрийн дүн, төлбөр хийх банк, дансны дугааруудын мэдээллээ шуурхай авах боломжтой. Мессежний төлбөр нь тухай иргэний ашиглаж байгаа утасны дугаарын үүрэн холбооны оператор компаниас мөрддөг энгийн мессежний тарифаар тооцогддог.
Түүнчлэн цахилгааны төлбөрөө төлөх өргөн боломжууд бий. Мобайл, интернэт банк, банкны биллинг, и-биллинг, Qpay үйлчилгээнүүдээс гадна цахилгаан хэрэглэгч болон Toki аппликэйшнууд, АТМ, ТҮЦ машинууд, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн фэйсбүүк хуудасны Чатботыг ашиглаж болно.