Дулаан түгээгч “дулаан гартан”

Sarangerel
2024-04-18 11:50:49

…Хаврын хүйтэн салхи хацар жиндүүлсэн гуравдугаар сар. Тэнгэр бөртийх ч үүлгүй, нар элч гэрлээ харамгүй хайрлах ч хаа нэгтээгээс жихүүн салхи үлээнэ. Хавар айлчилж, цаг наашилсан гэж эндүүрэх хэн нэгнийг энэ салхи бүр хашраах шинжтэй. Ийм нэгэн өдөр “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Шуурхай ажиллагааны жижүүрийн слесарь Т.Мөнхболдтой уулзав. Нүдэнд дулаахан харцтай, үе үе гэрэвшсэн зөөлөн хоолойтой басхүү амьдралын бүхий л зовлон, жаргалыг магнайдаа шингээсэн түүнтэй уулзахад таатай байлаа. Тэр бол энэ нийгмийн нэгээхэн төлөөлөл. Манай нийтлэлийн гол баатар. Жирийн ажилтан хүн. “Energy Mongolia” сэтгүүл эрчим хүчний салбарын “алтан гартай” ажилтнуудын төлөөллийг урьж, тэдний өдөр тутмын ажил, амьдралыг сурвалжлан хүргэдэг билээ. Бидний мэдэхээр газар доорх “траншей”, тэдний хэлдгээр “худаг”-ийн амьдралтай танилцахаар манай сурвалжилгын баг түүнийг газарчаа болгосон нь энэ. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын дулааны шугам сүлжээ газар дор ямархуу байдалтай байдаг, халуун цэг дээр нь ажиллаж байгаа ажилчдын зовлон, жаргалыг хүргэх нь бидний зорилго байлаа.

Өнөөдөр Монгол Улс эрчим хүчнээс гадна дулааны асар их дутагдалтай байна. Дулааны эрчим хүч үйлдвэрлэдэг “Амгалан дулааны станц”, “Дулааны II цахилгаан станц”, “Дулааны III цахилгаан станц”, “Дулааны IV цахилгаан станц” бүх нөөцөө шавхан ажилласан ч бид өвлийг эрчим хүчний дутагдалтай давсан. Тэр бүү хэл, ирэх өвөл энэ янзаараа байвал тал өдөр нь эрчим хүчээ таслуулах хэмжээнд хүрнэ гэдгийг эрчим хүчний салбарынхан анхааруулсаар байгаа. Хамгийн аймшигтай нь дулааны дутагдал үүсвэл хотоороо хөлдөх аюул энүүхэнд байна. Дулааны станцууд нь хэрэглээгээ хангаж дийлэхгүй байгаагийн дээр дулааны шугамуудын насжилт өндөр, жилийн жилд засвар хийж амь зогоосоор ирсэн нь үнэн. Тодруулбал, хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн дулаан дамжуулах гол шугамуудын 30 гаруй хувь нь 30-аас дээш жилийн насжилттай, жилд дунджаар 150-230 Гкал.цаг-ийн хэрэглээ нэмэгдэж байна. 

Манай талаас дулаан алдагдлыг нь багасгахын тулд хөөсөн дулаалга хийж, арга хэмжээ авдаг 

Нийслэл хотын төвлөрсөн дулаан хангамжийн системийн суурилагдсан хүчин чадал өнөөдрийн байдлаар 2318 Гкал/ц байгаа боловч холбогдсон хэрэглэгчдийн ачаалал 3403.3 Гкал/ц-т хүрч суурилагдсан хүчин чадлаас 50 гаруй хувиар хэтэрсэн үзүүлэлттэй байна. Үүнээс шалтгаалж Улаанбаатар хотын дулааны эх үүсвэрүүд чадлын дутагдалд орж болзошгүй. Тиймээс цаашид өвлийн улиралд хэт хүйтэрсэн тохиолдолд чадлын дутагдал ихсэх, дулаан хангамж доголдох эрсдэлтэй байгааг эрчим хүчний салбарынхан анхааруулсаар байгаа билээ. Ямартай ч Улаанбаатар хотын дулааны нөхцөл байдал ийм байна.

Ийм үед бид “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн Шуурхай ажиллагааны багтай хамт Халдвартын эмнэлэгийн хашаанд байдаг “худаг”-ийг зорин очлоо. Тус баг таван хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд бидэнтэй Шуурхай ажиллагааны жижүүрийн техникч Э.Шинэбаяр, ээлжийн жолооч Д.Цэрэнчимэд, Шуурхай ажиллагааны жижүүрийн слесарь Т.Мөнхболд явав. Тэд бидэнд ажил мэргэжлийнхээ сайхныг, хамт олноо, байгууллагаа магтаж, сэтгэл өөдрөг ажлаа хийж байсныг онцолж хэлмээр байна. Ер нь эрчим хүчний салбарынхан аливаа ажлыг хэцүү гэж шантардаггүй, гомдоллодоггүй, бүхий л чадлаараа болгох гэж хичээдэг нь мэдрэгддэг. Тэднээс ч мөн адил энэ чанар ханхалж байлаа.

Бид Халдвартын эмнэлэгийн хашаанд байдаг хамгийн асуудалгүй, энгийн “худаг” дээр очсон юм. Тус худаг руу Шуурхай ажиллагааны жижүүрийн слесарь Т.Мөнхболдыг дагаж зориглон орсон ч бага зэргийн айдас төрснийг нуух юун. Хамгийн асуудалгүй, гэмтэл гараагүй тайван үед бид очжээ. “Худаг” руу орж дулааны шугамын нөхцөл байдлыг шалгана гэдэг тийм амар ажил биш бололтой. Өвөл, зуныг ялгалгүй ажиллаж, бэртэж гэмтэхээс эхлээд болгоомж алдвал аминд ч хүрэх аюултай аж. Т.Мөнхболд энэ ажлыг 17 дахь жилдээ хийж байна. Тэрбээр дулааны шугамын нөхцөл байдлыг шалгаж диспетчер Г.Амарсүрэнд мэдэгдлээ. Диспетчерээс хариу иртэл багагүй хугацаа өнгөрөв. Энэ хооронд бид хэсэгхэн хөөрөлдөж амжив. Хаврын сэнгэнэсэн салхитай өдөр байсан тул нэлээн даарав. Харин нийтлэлийн баатар маань даарсан шинжгүй хэд, хэдэн тамхи угсруулан баагиулж бидний асуултад хариулсан юм.

Т.Мөнхболд: Шантрах үедээ хоёр охиноо бодоод хүч ордог

-Та сая юу шалгасан бэ? Диспетчерээс хариу иртэл хүлээх ёстой юу?

-Тохируулга хийж байгаа юм. Аль газарт илүү их халуун ус шаардлагатай байна, тийш нь усыг шилжүүлж, урсгалаар нь диспетчерийнхээ заавраар тохируулна гэсэн үг. Диспетчер бүх үүрэг шийдвэрээ өгнө. Техникч тэрийг нь дамжуулж мэдээллээр хангана. Харин би диспетчерээс өгсөн зааврыг гараараа худаг дотор хийж гүйцэтгэнэ. Тиймээс заавал диспетчерийн зааврыг хүлээх ёстой. Хэрэв ус алдсан бол хаанаас гарсан шалтгааныг нь олж эхний арга хэмжээг авдаг. Станцад нөлөөлөх зүйл гарвал яаралтай арга хэмжээ авч, засварын бригадуудтай холбогдоно.

-Сая дотор ороход хоёр том шугам байсан. Ямар үүрэгтэй вэ?

-Нэг нь дулааны цахилгаан станцаас хэрэглэгчид рүү ирж байгаа шугам /өгөх шугам/. Нөгөөх нь хэрэглэгчдэд очоод буцаад станц руугаа явж байгаа шугам /буцах шугам/.   Тодруулбал, энэ хоёр бол төв магистраль шугам юм. Энэ шугамаас салаалсан салаа шугамуудтай худгууд бас бий. Манай шугамууд ерөнхийдөө өндөр насжилттай болчихсон. Шугамуудаа сольж байгаа ч бүрэн гүйцэт сольж амжаагүй. Манай талаас өөрсдөө дулаан алдагдлыг нь багасгахын тулд хөөсөн дулаалга хийж, арга хэмжээ авдаг. Халаалтын улирал дуусахаар насос станцууд зогсчихдог.

Таны ажлын юу нь хэцүү вэ? Бас сайхан нь юу вэ?

-Хүнд хэцүү гээд хойш суувал ажил явахгүй шүү дээ. Хийх л ёстой ажил. Сэтгэл зүрхээ зориулан ажлаа хийх нь бидний үүрэг. Хамгийн хэцүү санагддаг зүйл гэвэл дулаан үйлдвэрлэж байгаа станцуудад халаалтын үед эвдрэл гэмтэл гарвал хэцүү. Хамгийн их айлгадаг зүйл гэвэл энэ. Станцууд өнгөрсөн өвөл бүрэн нөөцөөрөө ажилласан. Ямар нэгэн гэмтэл, аваар осол гарвал дараа нь маш том эрсдэл гарч, хот хөлдөнө шүү дээ. Үүнийг бид яаж ч чадахгүй. Шугам дээр гэмтэл гарлаа гэхэд манай засварын бригад яаж ийгээд л засварлачихдаг.

Ээлжээ авахдаа “тайван байг ээ” гээд л залбираад хонодог. Тэгээд хоноход сайхан даа

Манай “Улаанбаатар дулааны шугам сүлжээ” буянтай байгууллага. Хамгийн гол нь хамт олон минь сайхан учраас ажиллах энерги хүчээ олж авдаг гэх үү дээ. Энэ байгууллагадаа ажилласнаар ач тусыг нь хүртэж, хямдралтай орон сууцанд орсон. Дараа нь орон сууцаа томруулсан, машин тэрэгтэй болсон гээд амьдрал сайхан л болж байна. Шагнал урамшуулал авч байлаа. 2019 онд байгууллагын ажил мэргэжлийн аварга болсон. Хүндэт самбарт хоёр ч удаа гарсан. Эрчим хүчний тэргүүний шагналаа авсан. Хамгийн гол нь сайхан хамт олонтойгоо ажиллаж байна гэдэг хамгийн том шагнал урамшуулал. Би одоо 45 настай, жаахан ахмад үедээ орж байгаа шүү дээ. Сүүлийн үед манай байгууллага залуужиж байгаа. Анх ажилд орж байгаа залуучуудад удаан жил энэ тэр нь бага санагддаг байх. Бид шат дараатай явсан болохоор цалин боломжийн байгаа.

-Танд шантарч байсан үе бий юу?

-Бид чинь өдөр шөнийг ялгахгүй, халуун хүйтнийг ажрахгүй шүү дээ. Анхандаа шантарч л байсан. Шантарсан үедээ хоёр охиноо бодохоор хүч ордог. Би чинь шантрах эрхгүй эцэг хүн шүү дээ.

-Бэртэж, гэмтэх тохиолдол хэр гардаг вэ?

-Аюулгүй ажиллагааны дүрмээ баримталж, хамгаалах хэрэгслээ бүрэн өмсөж өөрийгөө эрсдэлд оруулахгүй байх талаас анхаарна. Нэгдүгээрт, өөрийгөө тэргүүнд тавьж ажиллах ёстой гэдэг дүрэм бий. Бид дөрвөн ээлжээр ажилладаг. Халаалалт зогсохоор цахилгаанчин нь буучихдаг. Ээлжийн хүмүүс чинь шөнөжин л явна. Засварт зогсоод эргээд залгагдаж байгаа шугамаа усаар дүүргэнэ. Тэгээд бэлэн болгож байгаад хэрэглэгчдэдээ өгнө. Зун нь засвараа дагаад ажил ихтэй болчихдог юм. Өвөл нэг жигдрээд авбал харьцангуй гайгүй болчихдог. Шугамаа шалгах гээд ажил мундахгүй л дээ.

-Траншейны хүмүүс гэж нэрлэгддэг хүмүүс ер нь үзэгдэхээ байсан харагдаж байна. Одоо байдаг уу?

-Одоо траншейнд хүн амьдрах нь бага болсон. Халамжийн төвүүд олон болсон болохоор ганц нэг л хүн харагддаг. Намайг 2007 онд ажилд орж байхад сүргээрээ байлаа шүү дээ. Цагаан сараар ээлж таараад худаг руу ороход хэдэн хүмүүс тойроод суучихсан “идээ амс, бууз ид“ гэнэ шүү дээ. Монгол хүмүүс л болсон хойно хүний ёсоор хоолноос нь амсаад явж л байлаа. 

Ус буулгагчийн хаалтыг санамсаргүй онгойлгоод түлэгдээд, зарим нь үхсэн тохиолдол байсан. Манайх траншейны тагнууддаа бэхэлгээ, цоож хийгээд гайгүй болж байгаа. Одоо нэг үеэ бодвол бас ч гэж дээрдэж байна. Яалт ч үгүй настай шугамууд байгаа. Зун халуун ус тасрахаар хүмүүс “яах гээд засварлаад байдаг юм бэ. Жил болгон засдаг” гээд хэл ам гаргаад байдаг. Засварт зогсоож байж л насжилттай шугамыг шалгаж засварлана. Ингэж байж өвлийг өнтэй давна шүү дээ. Тэрийг хүмүүс ойлгодоггүй. Харин шинэчлэгдсэн шугамуудыг зогсоохгүй байх талаас манай удирдлагууд ярьж л байгаа байх.

Муу ёр. Ээлжинд шугам цоорох тухай үг унагаж болдоггүй юм

Биднийг ийнхүү хөөрөлдөж байх үед утас дуугарч диспетчер залгалаа. Тэрбээр  диспетчертээ “Даралт хэвийн боллоо” гэж хариулав. Эндэх ажил дууссан тул бид машиндаа суугаад дараагийн объект руугаа явлаа. Ийнхүү замдаа гарахдаа анх ажлаас цуг хөдөлсөн Шуурхай ажиллагааны жижүүрийн техникч Э.Шинэбаяр, ээлжийн жолооч Д.Цэрэнчимэд нартай яриа өрнүүлэв. Тэд Амгалангийн дулааны станцад тавигдсан шинэ зуухтай танилцаад ирж байгаа юм. Шуурхай ажиллагааны жижүүрийн техникч Э.Шинэбаяр “Ачаалалтай үед гэмтэл гарсан нөхцөлд худаг руу хамаагүй орж болдоггүй. Зориулалтын хувцас өмсөж орно. Орчны температур 100 градус халуун байх үед түлэгдэх магадлал өндөр. Ийм хэцүү газар руу  Мөөгий ах шиг (Т.Мөнхболд) туршлагатай хүмүүс орохгүй бол болохгүй. Ээлжинд дөнгөж орж ирсэн хүмүүсийг авдаггүй юм. Хамгийн багадаа 2-4 жил ажилласан хүмүүсээс шалгаруулаад ээлжинд оруулдаг. Миний хувьд их сургуулиа төгсөж, байгууллагадаа ороод долоон жил ажиллаж байна. Шуурхай удирдлагын албанд зургаан жил болж байна. Бид чинь эхнэр хүүхдүүдээсээ илүү цагийг хамтдаа өнгөрөөдөг хүмүүс” хэмээлээ. 

Ингэж ярих зуур бид дараагийн объект дээр ирлээ. Энэ бол төв магистраль шугамууд хоорондоо холбогддог зангилаа цэг буюу “павильон 16” юм. Хажууд нь даралт өргөдөг “насос станц 9” байрлаж байв. Энэ газарт хаалтны байрлал шалгаад 25 дугаар эмийн сангийн зүг хөдөллөө. Ийн явах зуур тэднээс “Өнөөдөр энэ тэнд шугам цоорсон асуудал байхгүй байх шиг байна тийм үү?” гэж асуухад “Пүү муу ёр. Ээлжинд тийм юм ярьж болдоггүй юм шүү” хэмээн залбирч байв.  

Гэмтэл гарсан үед худагт нэг хэсэг амьсгаагаа түгжихгүй бол дотор нь 100 гаруй градусын халуун уур үлээж байдаг. Амьсгаа авбал эвгүйднэ

Тэд “Төв шугам арай гайгүй. Хэрэглэгчдэд хүрдэг шугамуудад асуудал их гардаг. Төв шугамууддаа байнгын засвар хийнэ. Тэгж байж насжилт өндөртэй болсон шугамууд тэсэж үлддэг. Өртөг өндөр учраас сольход хэцүү. Асар их хөрөнгө ордог. Манай шугамуудын ихэнх нь 30 дээш жилийн насжилттай. Цоороогүй ч гэсэн зундаа техник ашиглалтын дүрмээрээ даралттай усаар шахаж шалгана. Цоорсон тохиолдолд янз янзаар үзнэ. Эхлээд таслахгүйгээр гаднаас нь хомуут тавих гэж үзнэ. Үнэхээр болохгүй бол шугамаа зогсоож  байгаад хэсэг газар усыг нь буулгаад цоорсон хэсгээ тасдаж аваад оронд нь ижилхэн диаметртэй шугам голд нь тавьж байгаад гагнана. 14-15 том магистраль шугам байгаа. Шугамуудаа ээлж дараатай засварт зогсоодог. Тэрэнтэй холбоотой тохируулга сэлгэн залгалт зэрэг ажлууд хийгддэг. Манай ажлууд бүгд уялдаатай” хэмээн ярьсан юм.

Ээлжийн жолооч Д.Цэрэнчимэд манай нийтлэлийн баатраас илүү алиа хошин, яриасаг нэгэн байв. Тэд бие биенээ байнга л явуулж харагдав. Эд нар намайг явуулаад “Өвөө л гэнэ, буурай гуай л гэнэ. 45 насандаа хөгшиндөө ороод байна шүү дээ” хэмээн Т.Мөнхболд слесарь инээвхийлэн хэлэв. Харин Д.Цэрэнчимэд “Миний хувьд Мөөгий ахтай долоон жил ажиллаж байна. Энэ хүнийг хааяа гэмтэл гарсан худаг руу орохоор санаа зовоод л зогсдог. Байнга орилоод л асууж, чимээ чагнадаг. Ер нь халуун худаг руу ороод доошоо суух ёстой юм шиг байгаа юм. Оронгуутаа нэг хэсэг амьсгаагаа түгжихгүй бол дотор нь 100 гаруй градусын халуун уур үлээж байдаг. Амьсгаа авбал эвгүйднэ. Доошоо суухаар доогуур түвшинд арай гайгүй. Худаг руу орохоор сүлжээгүй болчихно. Тэгээд заримдаа мэдээлэл дамжуулдаг үүрэгтэй болчихдог” хэмээн ярилаа.

Харин Т.Мөнхболд “Бүр орж болохгүй газар руу орж болохгүй л дээ. Усыг нь соруулж  байж ордог. Хөрсний ус ихтэй худаг бий. Ээлжээ авахдаа “тайван байг ээ” гээд л залбираад хонодог. Тэгээд хоноход сайхан даа” хэмээв. Ийнхүү ярилцсаар бид гурав дахь объект болох 25 дугаар эмийн санд ирлээ. “Павильон 1” гэж нэрлэгдэх магисраль шугамуудаар дамжиж “Дулааны III цахилгаан станц”-аас дулаан ирдэг бөгөөд Төмөр зам, III, IV хорооллыг хангадаг байна. Цаашлаад 10 дугаар хороолол, I хороолол, Таван шар хүртэл дулаанаар хангадаг томоохон магистраль шугам ажээ.

Улаанбаатар хот дулаан хангамжийн дутагдалтай, шугам хоолой нь олон жилийн настай, жил болгон засаж сэлбэдэг гээд асуудал бишгүй бий. Гэхдээ хахир хүйтнийг дулаанаар номхруулдаг байгууллагын дулаахан сэтгэлтэй ажилтнуудын буянаар бид халуун гэртээ жаргаж сууна. Дулаан түгээгч та бүхэндээ Улаанбаатар хотын иргэдийн өмнөөс баярлалаа.