Д.Энхтуяа: УИХ-ын гишүүд эрчим хүчний реформ хийхээр зориг гаргаад ажиллаж байна

Sarangerel
2024-10-29 16:19:39
Ангилал: Эрчим хүч

УИХ-ын гишүүн, Эрчим хүчний үндэсний хорооны гишүүн

Шинэ парламент бүрдсэний дараа хамгийн анх байгуулагдсан эрчим хүчний шинэчлэл хийх дэд хорооны гишүүнээр сонгогдоод ажиллаж байна. Парламентад зонхилох суудал бүхий гурван намын хамтран ажиллах гэрээнд үндэслэсэн “Тогтвортой хөгжлийн төлөөх зориг” гэсэн малгайн дор ажиллаж байгаа хамтарсан Засгийн газрын хийх чухал ажил бол эрчим хүчний реформ. Эрчим хүч бол манай улсын тэргүүлэх салбар байх ёстой. Том мега төслүүд хэрэгжүүлнэ гээд л яриад байдаг. Гэтэл эрчим хүчний асуудал нь шийдэгдээгүй байхад энэ нь ямар ч боломжгүй. Өнөөдөр эрчим хүчний салбар маань маш хүнд байдалд байна. Тиймээс УИХ-ын гишүүд эрчим хүчний реформыг яаралтай хийе гээд зориг гаргаад ажиллаж байна. Эрчим хүчний шинэчлэл бол зөвхөн үнэ тарифын асуудал биш. Үнэ тарифтай холбоотойгоор маш их улстөржилт явагддаг учраас энэ салбар улсын татаасаар явсаар өнөөдрийн хүнд байдалд орсон.

Монголчууд тусгаар тогтнолоо эрхэмлэдэг ард түмэн шүү дээ. Эрчим хүчээр найдвартай, хүртээмжтэй, иж бүрэн хангагдаж байх нь улс орны тусгаар тогтнолын нэг чухал баталгаа юм. Тиймээс бид хамтдаа бүх асуудал бэрхшээлээ ил тавьж байгаад шийдэх л хэрэгтэй

Зөвхөн үнэ тарифын асуудал ярихаас илүүтэйгээр эрчим хүчний салбарт цогц реформыг хийх хэрэгцээ, шаардлага бий. Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудад сайн засаглалыг бэхжүүлэх, салбарын байгууллага, нэгжүүдийн ажил үүргийн хуваарийг оновчтой, үр дүнтэй болгох зорилгоор бүтцийн шинэчлэл хийх, салбарын ажиллах хүчин, мэргэжилтэй боловсон хүчний талаар тусгайлан анхаарах, энэ салбарт өрсөлдөөнийг бий болгох, тенхик технологийн шинэчлэл хийх гэх мэтээр шийдэх асуудал бол их. Миний хувьд энэ салбарын хүн биш. Эрчим хүчний салбарт улстөржилт их явдаг. Тухайн үеийн эрх баригчид нь“өөрчилье, шинэчлэл хийе” гэхээр сөрөг хүчин, ард түмэнтэйгээ нийлээд эсэргүүцсээр мухардлын байдалд оруулчихсан. Тиймээс зонхилох гурван намын хамтарсан Засгийн газар байгуулагдсан энэ цаг үед энэ өөрчлөлтийг хийх боломжтой.

Хэвлэл мэдээллийн салбарт ажилласан туршлага, нийгмийн асуудлаар голчлон ажилладгийг маань харгалзаж, Үндэсний хороонд оруулсан гэж ойлгож байгаа. Тиймээс эрчим хүчний цогц өөрчлөлтийн талаар нийгэмд бодит зөв мэдээлэл хүргэж, зөв ойлголт бий болгохын төлөө чармайн ажиллаж байна. Монгол хүмүүс ухаантай, улс орондоо хайртай, тусгаар тогтнолоо эрхэмлэдэг ард түмэн шүү дээ. Улс орны тусгаар байдлын нэг чухал баталгаа бол эрчим хүчний систем, хангамжийн найдвартай, хүртээмжтэй, хангалттай, иж бүрэн байдал гэж боддог. Тиймээс бид хамтдаа бүх асуудал бэрхшээлээ ил тавьж байгаад шийдэх л хэрэгтэй. Ард нь гарна гэдэгт эргэлзэхгүй байгаа.