Б.Найдалаа: Эрчим хүчний шинэчлэлийн суурийг одоо л тавих цаг ирсэн
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний үндэсний хорооны гишүүн
Эрчим хүчний реформыг өргөн хүрээнд харж байгаа. Зөвхөн үнэ тарифийн өөрчлөлт гэж хүмүүс буруу харах гээд байна. Энэ бол 20-30 жил шинэчлэл хийж чадахгүй явсаар цахилгаангүй болох хэмжээнд хүндэрсэн асуудал. Тиймээс эрчим хүчний шинэчлэлийг манлайлах үндэсний хороог байгуулсан. Үндэсний хороо олон багц асуудлыг шийднэ. Хамгийн чухал нь засаглал. Ямар ч тохиолдолд эрчим хүчний компаниуд цахилгаан станцаасаа авахуулаад түгээх, дамжуулах байгууллагуудын засаглал нь сайн байх ёстой. Үр ашигтай ажилладаг, зардал хэмнэдэг, ажилчид нь өндөр цалинтай байх ёстой. Энэ бол нэн тэргүүнд хийх ёстой ажил юм. Үүний дараа зардлаа нөхөхүйц шударга үнэ тариф мөрдөх ёстой. Ингэсний дараа засаглал нь үр ашиг сайтай, хөрөнгө оруулагчдаа татах боломжтой болж, дулааны цахилгаан станцууд, усны, нарны эх үүсвэрүүдэд хөрөнгө оруулалт орж ирнэ.
Засаглал нь үр ашиг сайтай, хөрөнгө оруулагчдаа татах боломжтой болвол дулааны цахилгаан станцууд, усны, нарны эх үүсвэрүүдэд хөрөнгө оруулалт орж ирнэ
2001 онд батлагдсан Эрчим хүчний тухай хууль өнөөг хүртэл шинэчлэгдээгүй. Хуульд байхгүй шинэ үзэгдэл энэ салбарт гараад ирсэн. Тиймээс эрх зүйн шинэчлэлийг иж бүрнээр нь хийх ёстой. Энэ өөрчлөлтүүд нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд дарамт ачаалал багатай хийгдэх ёстой. Эрчим хүчийг хэрэглэж байгаа иргэд, байгууллага бүрт өөр өөр тариф тогтоох хэрэгтэй. Үүнийг нь оновчтой шударга тогтоох нь шинэчлэлийн нэг хэсэг байгаа юм. Эрчим хүчний салбарын 10-20 жилийн дараах хурдацтай хөгжлийн суурийг бид өнөөдөр тавих ёстой. Асуудлыг хойш нь тавьсаар байгаад энэ асуудлыг хүндрүүлчихээд байна. Тиймээс бид реформын суурийг нь цаг алдалгүй тавих нь чухал байна.