“Оюу толгой” компани 100 сая мод тарьж байна
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Оюу толгой” компани 100 сая мод тарих амлалтаа биелүүлэхээр Өмнөговь аймгийн Цогт-Овоо болон Ханбогд суманд тус бүр иж бүрэн тоноглогдож механикжсан мод үржүүлгийн газар байгуулан, сумдын удирдлагад хүлээлгэн өгсөн байна. Цогт-Овоо сум дахь мод үржүүлгийн газар нь жилдээ 500,000 тарьц бэлтгэх хүчин чадалтай бол Ханбогд сумынх жилд 250,000 модны тарьц бэлтгэх хүчин чадалтай.
“Оюу толгой” компани мод тарьж уургуулахаас гадна ойжуулалтын ажлын бэлтгэл, боловсон хүчин, мод үржүүлэг, ойжуулалтын ажлын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд анхаарч, нөөц, бааз суурийг нь бэхжүүлэх ажлуудыг хэрэгжүүлсээр байна. Энэ хүрээндээ Өмнөговь аймгийн Даланзадгад хотод “Говь: Цөлжилтийн эсрэг ногоон ирээдүй” сургалтыг дөрвөн аймгийн 160 гаруй мэргэжилтнийг хамруулан амжилттай зохион байгуулж, говийн бүсийн ургамалжуулалт, ойжуулалтын талаар туршлага солилцжээ.