Оюу толгойн уурхайд цахилгаан өөрөө буулгагч туршина
Оюу толгойн уурхайд батарейг нь сольдог цахилгаан өөрөө буулгагч машины технологийг Рио Тинто болон Хятад улсын эрчим хүчний хөрөнгө оруулалтын корпораци хамтран туршина.
“Рио Тинто” групп нь Хятад улсын эрчим хүчний хөрөнгө оруулалтын корпорацитай хамтран Оюу толгойн уурхайд батарейг нь сольдог цахилгаан өөрөө буулгагч машиныг туршилтаар хэрэглэхээр боллоо.
Батарей солих технологи нь батарейт цахилгаан тээврийн хэрэгслийг суурин цэнэглэх шаардлагагүйгээр богино хугацаанд бүрэн цэнэгтэй батарейгаар солих шийдэл юм.
Хятад улсад энэхүү технологи нь уул уурхайн хүнд даацын өөрөө буулгагч машинуудад амжилттай хэрэглэгдэж байгаа бөгөөд энэхүү хамтын ажиллагааны хүрээнд “Рио Тинто” групп нь Оюу толгойн уурхайд энэхүү технологийг турших юм.
Хоёр жилийн хугацаанд хэрэгжих энэхүү төсөлд 91 тонн даацтай найман өөрөө буулгагч машин, 800 кВт.цаг хүчин чадал бүхий 13 батарей, автоматажсан батарей солих-цэнэглэх станц ашиглагдана. Эдгээрийг Оюу толгойн уурхайд нөхөн сэргээлт, өнгөн хөрс тээвэрлэх зэрэг үйлдвэрлэлийн бус зорилгоор ашиглах юм.
“Рио Тинто” групп нь дэлхий даяар нийт 700 орчим өөрөө буулгагч машинтай бөгөөд тэдгээрийн 100 орчим нь жижиг болон дунд ангиллын буюу 100 – 200 тоннын даацтай.
“Рио Тинто” группийн Хүлэмжийн хийг бууруулах асуудал хариуцсан захирал Жонатан Маккарти, “Бид Хятад улсын эрчим хүчний хөрөнгө оруулалтын корпорацитай хамтарснаар Хятад улсад хэрэглэж буй хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, илүү хурдан, зардал багатайгаар хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломжтой болж байна. Уг туршилтаар бид үйлдвэрлэлийн гарцыг нэмэгдүүлэх, одоогийн хэрэглэж байгаа суурин цэнэглэгч станцуудаас илүү уян хатан, сул зогсолт багатай батарейн технологийг судлах, өргөн хүрээнд нэвтрүүлэх боломжийг нээн илрүүлэх юм. Пилбарад хэрэглэхээр төлөвлөж буй хүнд оврын өөрөө буулгагч машинууддаа ч энэхүү туршилтыг нэвтрүүлэх болно. Дэлхий нийтийн хүлэмжийн хийг бууруулах хөдөлгөөнд хувь нэмрээ оруулж, Хятадын инноваци, технологийг олон улсын уул уурхайн салбарт нэвтрүүлэх боломжийг цаашид ч эрэлхийлэх болно” хэмээн онцолсон юм.
Хятад улсын эрчим хүчний хөрөнгө оруулалтын корпорацийн дарга Хан Живэй, “Рио Тинто” групптэй хамтарч ажилласнаар бидэнд Хятадын үйлдвэрүүдийн ногоон технологи, инновацийн салбарт бий болгож байгаа дэвшилтэт технологийг дэлхийн зах зээлд гаргах боломж бүрдэж байна. Бидний энэхүү технологи Рио Тинтод хүлэмжийн хийг бууруулах зорилтдоо хүрэхэд нь хувь нэмрээ оруулна гэж найдаж байна. Ногоон эрчим хүчний шилжилтийг дэмжин цаашид хамтран ажиллана гэдэгтээ гүнээ итгэлтэй байна” хэмээлээ.
“Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Дэйрдрэ Лингенфелдэр хэлсэн үгэндээ, “Рио Тинто группийг энэхүү инновацлаг технологийг нэвтрүүлэхэд “Оюу толгой” компанийн хамт олон голлох үүрэг гүйцэтгэж байгаад бахархалтай байна. Энэхүү төсөл нь “Оюу толгой” компанийн тогтвортой хөгжлийг дэмжих стратегийн үүрэг амлалттай бүрэн нийцэж, хүлэмжийн хийг бууруулах зорилтын төлөөх нэгэн чухал алхам болж байна. Гүний уурхайд батарейт цахилгаан төхөөрөмжийн хэрэглээг нэмэгдүүлэхийн сацуу хүлэмжийн хийг бууруулах бусад төсөл санаачилгыг хэрэгжүүлэн, бид үйл ажиллагааныхаа хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх зорилгынхоо төлөө тууштай ажиллаж байна” хэмээн тодотголоо.
“Рио Тинто” групп болон “Оюу толгой” компанийн техникийн мэргэжилтнүүд “Рио Тинто” группийн баримталдаг цахилгаан болон ачааны машины аюулгүй ажиллагааны шаардлагад нийцүүлэн, уг технологийн загварыг гарган, тохируулахад Хятад улсын эрчим хүчний хөрөнгө оруулалтын корпораци болон “Тонли” өөрөө буулгагч машин үйлдвэрлэгчтэй нягт хамтран ажилласан юм.
Эдгээр өөрөө буулгагч машиныг хаягдал хадгалах байгууламжийн нөхөн сэргээлт болон өнгөн хөрс тээвэрлэлтэд ашиглах бөгөөд Оюу толгойн мэргэжилтнүүд ажиллуулж, засвар үйлчилгээг нь хариуцна.
Нэгж батарейн ашиглалтын хугацаа нь дунджаар 8 цаг бол батарей солих үйл явцад ердөө 7 минут зарцуулах тул бүтээмж өндөртэй. Эхний өөрөө буулгагч машиныг энэ жилдээ Оюу толгойн уурхайд ашиглаж эхлэх бол үлдсэн долоон машин нь дагалдах батарей, цэнэглэгч станцын хамт 2025 оны дундуур туршилтад нэвтрэх төлөвтэй байна.
“Рио Тинто” групп нь 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг тэглэх ажлын 1, 2 дугаар хамрах хүрээг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд Хятад улсын нэвтрүүлсэн шинэ технологи, инноваци нь энэхүү зорилтод хүрэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна.