ЖДҮГ авлигал, ашиг сонирхлоос ангид болсон гэв

Sarangerel
2024-12-05 12:17:37
Ангилал:

Жижиг, дунд үйлдвэрийн газар аж ахуйн нэгжүүдэд эртнээс зээл олгож эхэлсэн. Гэвч энэ байгууллагын нэр хүнд улстөрчид, авлигачидтай холбогдож унасан. Харин сүүлийн жилүүдэд бодлого, үйл ажиллагаа нь шударга, ил тод болсон. Хууль тогтоомжууд нь зөв журмын дагуу гарч, хэрэгжилтийг нь маш сайн хангаж ажиллаж байгаа юм байна. Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллагуудад ил тод байдлын үнэлгээг жил бүр хийдэг. Тус үнэлгээгээр  Жижиг, дунд үйлдвэрийн газар 2021 онд хоёрдугаарт байрт орж байсан бол, 2022 онд нэгдүгээр байрт оржээ. 

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан “Авлигал, ашиг сонирхлоос ангид газар болсон гэж бардам хэлнэ. Зээл авах ёстой хүмүүс нь авсан. Бид зээл олгоод зогсохгүй, зээл авсан аж ахуйн нэгжүүдээ сургаж дадлагажуулах ажил хийж байна. Жишээ нь, USAID-ын хөтөлбөртэй хамтраад жил болгоны шалгарсан аж ахуйн нэгжүүдээс CEO буюу захиралуудын клуб байгуулаад бизнес, татвар санхүүгээ хэрхэн удирдах уу, эрсдэлээс яаж сэргийлэх зэрэг бүх сургалтуудыг хийж, сертификат олгодог. Жижиг, дунд үйлдвэрийн зээл аваад зөв удирдах, хоорондоо найзалж нөхөрлөх, түнш болох, кластарлах зэрэг ажлуудыг сайн дурын үндсэн дээр аж ахуйн нэгжүүд маань сайн дураараа хийгээд явж байна. Дээрээс нь зээлд жил болгон хяналт тавьж байгаа. Өмнөх жилүүдэд зээл олгоод орхидог байсан бол сургаж байна. Хяналт тавьж байна. Борлуулалт дээр нь анхаарч, гадаад дотоодын үзэсгэлэнгүүдийг зохион байгуулж байна. Ингээд цогцоор нь дэмжихийг хичээж байна. Мэдээж төсөв санхүүтэй холбоотой санасан ажлаа дуустал нь дүүрэн хийх боломж хомс. 

Бид сүүлийн 4-5 жил улсын төсөв дээр “Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих санд мөнгө өгөөч ээ” гэдэг саналыг тавьдаг. Харамсалтай нь улсын төсөв батлагдахад нэг ч төгрөг тавьдаггүй. Тэгээд зээлийнхээ эргэн төлөлтөөс жил бүр 30 орчим тэрбум төгрөгийг зээл олгоход зориулж байна. Хүсэлт өгсөн аж ахуйн нэгжүүдийн 100 тутмын 9-10 нь л зээл авч байна гэсэн үг. Үлдсэн 90 нь гомдолтой, юм хиймээр байдаг яаж ч чадахгүй байдал үүсээд байгаа юм. Үүнийг засаж залруулах ёстой. Энэ жил “50 тэрбум төгрөгийг улсын төсөв дээр тавьж өгөөч ээ” гэдэг санал хүргүүлсэн байгаа. Одоо  шинэ парламент байгуулагдсан арай өөр өнцгөөс харж тавьж өгөх болов уу гэдэг хүлээлттэй л байна” хэмээн ярьсан юм